“НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтыг 2018 оны эхний улиралд багтаж иргэдийн дансанд шилжүүлнэ”

НӨАТ-ын зарим эргэлзээтэй асуудлаар нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

– Иргэдийн бүртгүүлсэн баримтыг цаад талаас “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ийм нөхцөлд иргэн хаана хандах ёстой вэ?

– Энэ талаар өмнө нь мөн мэдээлэл өгч байсан. Хуулиндаа аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй, илгээгээгүй гэж гарсан тохиолдолд баримтаа устгаад дахин оруулсанаар автоматаар баталгааждаг. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулна. Ихэнх тохиолдолд иргэн буруу шивсэнээс үүссэн байдаг. Иргэдийн зүгээс баримтын дугаарыг шалгаж оруулах, шивсэн баримт тань үнийн дүн зөрүүтэй, ААН илгээгээгүй төлөвтэй байвал тухайн баримтын ДДТД-аар шивэх боломжтой. Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал болон сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй. Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24:00 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сугаглаанд орох боломжтой.

– Иргэдийн гомдлыг хэр хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?

– Манай 1800-1288 утсанд ирсэн гомдлыг хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлж, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнтэй хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800-1288 дугаарын утсанд 2,500 гаруй санал гомдол ирсэн байна. Ирсэн гомдлын 87 хувь нь төлбөрийн баримт олгоогүй, үүнээс кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан, хямдарсан бараанд НӨАТ олгохгүй, мэйл хаягаар илгээнэ гээд илгээгүй тохиолдлууд ихэнх хувийг эзэлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд ирсэн гомдлын ихэнх хувийг худалдаа үйлчилгээний том төвүүдтэй Баянгол, Баянзүрх дүүргээс төлбөрийн баримт олгохгүй байна гэсэн гомдол эзэлдэг.

– Зарим худалдааны төв дугаар нь сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгч байна. Тавигдах шаардлага байдаг уу?

– Стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Кассын машины стандартанд төлбөрийн баримт хэвлэх цаас, хор ямар байхыг тодорхой заасан байдаг, үүнийг биелүүлэх үүрэгтэй.

– Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой уу?

– НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй татвар төлөгч бүр төлбөрийн баримт хэвлэх үүрэгтэй. Төлбөрийг баримтыг POS буюу кассын машин, и-баримтаар хэвлэх боломжтой. Тиймээс иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт шаардан авах эрхтэй.  Төлбөрийн баримт олгосноор үйлчлүүлэгч болон худалдан авагчдаа хүндэтгэж, сугалаанд оролцох болон НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломж олгож байгаа юм.

– НӨАТ-ын баримт хэвлэх машиныг авч чадахгүй байгаа байгууллагууд ч бий. Эдгээр байгууллагуудад хандсан ямар ажил хийж байна вэ?

– Нийслэлийн татварын газар Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн холбоотой хамтран энэ тал дээр ажиллаж байна. Тус холбооны гишүүн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тохирсон боломжийн үнийн саналтай хэрэглэгч хүсвэл тайлан гаргах хэмжээний програм суулгасан хэвлэх машин санал болгож, мэдээлэл өгч, суурилуулан ажилладаг.

– Нэг хэсэг баримт хэвлэх төхөөрөмжийн үнэ нэлээд асуудал дагуулж байсан. 1.5 сая төгрөгөөр, түүнээс ч өндөр өртгөөр баримт хэвлэдэг төхөөрөмж авах ёстой гэх мэдээллүүд байсан. Яг энэ төхөөрөмжийн нэг бүрийн үнэ зах зээл дээр ямар ханштай байгаа вэ?

– Кассын машины талаар их зөв ойлголттой болох  хэрэгтэй. Татвар төлөгч өөрийн үйл ажиллагаандаа тохирсон кассын машин хэрэглэх нь зохистой. Төхөөрөмжийн хүчин чадлаас хамаараад үнэ харилцан адилгүй байдаг. Зах зээл дээр 30,000 төгрөгөөс эхлэн зарагддаг.

– Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?

– Иргэд байр худалдан авсан төлбөрийн баримтаа өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Орон сууц анх удаа худалдан авч буй хүнд НӨАТ-ын тухай хуулинд зааснаар сугалаанд оролцох, НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Тиймээс иргэн та төлбөрийн баримтаа заавал авах хэрэгтэй.

– Иргэдийн нэг хэсэг нь сугалаанд найдахаас  илүү хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Энэ талаар?

– НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар сугалаанд болон НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт авах, суутган төлөгч биш татвар төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар  зөвхөн сугалаанд оролцох эрхтэй.

Сугалаанд оролцох татвар төлөгчийн тоо нь буцаан олголт авахаас их байдаг.

Жишээ нь, танд НӨАТ суутган төлөгч мөн болон биш татвар төлөгчөөс авсан 2 баримт байлаа гэж бодъя. Та 2 төлбөрийн баримтаар сугалаанд оролцоно. НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын төлсөн НӨАТ-ын дүнгийнх нь 2 хувийг буцаан авна. Хуулинд зааснаар 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлнэ . Удахгүй иргэд урамшууллаа хэрхэн авах талаар мэдээллийг хүргэх болно.

ЗГ: Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай хэлэлцэнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ удаагийн хуралдаанаар сайд нар 11 асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.

 

      Хэлэлцэх асуудал
1. Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай   Г.ЗАНДАНШАТАР
2. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл   Ч.ХҮРЭЛБААТАР
3. Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багц хүрээнд хэрэгжих “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн тухай   Ч.ХҮРЭЛБААТАР
4. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл  Ч.ХҮРЭЛБААТАР
5. Төлөвлөгөө батлах тухай   Ц.НЯМДОРЖ
6. Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай   С.ЧИНЗОРИГ
7. Олон улсын спортын тэмцээн зохион байгуулах тухай    Ц.ЦОГЗОЛМАА
8. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай    Б.БАТЗОРИГ
9. Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай    Б.БАТЗОРИГ
10. Жагсаалт батлах тухай    Б.БАТЗОРИГ
11. Бусад асуудал*    У.ХҮРЭЛСҮХ
                                        Танилцуулах асуудал
12. Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Г.ЗАНДАНШАТАР
13. Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА СУРАГЧИД, БАГШ АЖИЛТНУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал нэмэгдэх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муу тул хүүхдүүд оройн цагаар айдастай харьдаг, нийтийн тээврийн хэрэгсэлээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс буруу буудалд буух улмаар төөрөх гэх мэт эрсдэлүүд байгааг хэлж байна.

БАГА АНГИЙН СУРАГЧ: ОРОЙТОЖ ТАРАХААР ГЭРТЭЭ ХАРИХДАА АЙГААД БАЙДАГ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 65-р сургуулийн бага ангийн зарим сурагчидтай яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр хүүхдүүд хичээл тараад харих замдаа айдаг, мөн гэртээ оройтож очдог болохоор хичээлээ давтаж чадалгүй ядраад унтаад өгдөг тухай хэлж байлаа.

СХД-ийн 65-р сургууль дээр ажиллах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургуулийн ойр орчимд аюулгүй байдлыг хангаж нэмэлт хүч тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид үүрэг болголоо. Мөн 154 багш, 140 ажилтан илүү цагаар ажиллаж байгаа боловч илүү цагийн нэмэгдэл урамшуулалд хамрагдаж чадахгүй байдалтай байна. Энэ асуудлыг төсвийн хуулийн хүрээнд зохицуулж багш, ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох асуудлыг судалж хэрэгжүүлэхийг БСШУС-ын сайд Д.Цогзолмаад даалгалаа.

МОНГОЛ УЛСАД 2018 ОНД 55 ШИНЭ СУРГУУЛЬ, 38 СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ, НИЙТ 93 СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛНЭ.

Ирэх онд улсын төсөв болон гадны байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 93  сургуулийн барилга баригдаж эхлэнэ гэдгийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Барилгын дуусах хугацаа 2019 оны сүүлийн улирал гэж тооцохоор тэр хүртэл 3 ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилахгүй. Гэхдээ бид сургууль баригдаж дуусахыг хүлээгээд зүгээр хараад сууж болохгүй. Үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, гарч болох эрсдэлийг урьдчилан харж шийдэж ажиллах ёстой, энэ ч үүднээс өнөөдөр өөрийн биеэр газар дээр нь ирж албаныханд үүрэг даалгавар өгч байгааг ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ САЙД ГАДААД БОДЛОГЫН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

-Өмнө засгийн газар огцорч эрх баригч хүчин дотроос дараагийн Засгийн газар бүрэлдсэн ч улс төрийн хувьд тогтвортой байдал ажиглагдахгүй байгаа үед шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү гадаад бодлогын талаар мэдээлэл өгч байр сууриа илэрхийлсэн нь цагаа олсон хэрэг байлаа-

УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсдог. Арванхоёрдугаар сарын 1-ний Баасан гаригийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өглөө.

Ямар ч улсын хувьд гол зүйл нь гадаад бодлогын залгамж халаа байдаг. Эрх баригч хүчин өөрчлөгдлөө ч гадаад бодлогоо үргэлжлүүлэн залгамжлах нь дэлхий нийтэд өгч байгаа аюулгүй байдлын дохио байдаг. Харин эсрэгээр өмнөх байр сууриас хазайх, эрс өөрчлөх нь болгоомжлолыг төрүүлж, бусад улс орон хүлээзнэсэн, харзнасан байдалд ордог. Монгол Улсын хувьд өнгөрсөн 2016 онд парламентад шинэ улс төрийн хүчин гарч ирсэн, энэ 2017 онд шинэ Ерөнхийлөгч сонгогдсон, мөн өнгөрсөн жил байгуулагдсан. Өмнө засгийн газар огцорч эрх баригч хүчин дотроос дараагийн Засгийн газар бүрэлдсэн ч улс төрийн хувьд тогтвортой байдал ажиглагдахгүй байгаа үед шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү гадаад бодлогын талаар мэдээлэл өгч байр сууриа илэрхийлсэн нь цагаа олсон хэрэг байлаа.

Ерөнхий сайд мэдээлэлдээ “Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо хөгжил, дэвшлийг урагшлуулах замаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно. Энэ зорилгын хүрээнд бид юун түрүүнд хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Хөрш хоёр оронтойгоо харилцан хүндэтгэлтэй, харилцан тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарыг хамарсан харилцаа, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын комисс, тодорхой асуудлаарх хамтарсан Ажлын хэсгүүд болон бусад яриа хэлэлцээний олон механизмыг ашиглан өргөжүүлж ирлээ” хэмээн онцолсон.

Гэсэн ч бүх зүйл сайхан биш шийдэх ёстой асуудлууд ч байгааг хэлж үүний жишээ болгон өмнөд хөрш БНХАУ руу нүүрс тээвэрлэлт асуудал болоод байгааг дурдлаа. “Нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байна. Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг. Гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр хумигдана, авдаг цалин нь багасна” гэлээ.

БНХАУ, ОХУ гэсэн хоёрхон хөрштэй хиллэдэг Монгол Улсын хувьд энэ хоёр оронтой онцгой харилцаатай байдгийг Ерөнхий сайд дурдсан. Монгол, ОХУ 2016 онд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулах, мөн худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Нөгөө хөрш БНХАУ-тай Монгол Улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилт тавьж байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талтай хэрэгжүүлэхээр тохиролцсон томоохон төслүүдийн хамтын ажиллагаа, Хятадын талаас олгосон зээл, тусламжийн ашиглалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаад буй бусад асуудлыг зөв зохистой шийдвэрлэх зэрэг олон асуудлаар идэвхтэй ажиллаж байгааг онцоллоо.

2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан нь манай улсын гадаад харилцааны оргил цэг байсан. 2016 оны долдугаар сарын 15-16-нд зохиогдсон энэ арга хэмжээнд Ази, Европын 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд болон Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч төлөөлөгчид, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон. Их эзэн Чингисийн ач Гүегийг хаан ширээнд залрах их ёслолоос хойш Монголын газар нутаг дээр ийм олон үндэстний өндөр дээд хүмүүс цуглаагүй хэмээн хэвлэлүүд онцолж байсан. Харамсалтай нь үүнээс ердөө жил хагасын дараа гэхэд Монголын гадаад харилцааны тэр оргил үеийг мэдрэмж ор мөргүй шахам алга болжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол-ОХУ-БНХАУ-ын тэргүүн нарын гурван талт уулзалтын үр дүн, гурван улсыг дамнасан Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон 30 гаруй төсөл хөтөлбөр ямар шатандаа байгаа, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт гээд олон зүйл саармагжжээ.

Гадаад харилцаа гэдэг бол бичиг цаас шидэлцэхээс илүүтэй нүүр нүүрээ харж суугаад амьд харилцаа үүсгэж байж үр дүн нь гардаг өвөрмөц салбар. УИХ-д хийсэн мэдээлэлдээ Ерөнхий сайд ирэх онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд албан ёсны мэдээлэл байхгүй ч Энэтхэг улсад айлчилж магадгүй гэсэн батлагдаагүй мэдээлэл байна.Монгол улсын шинээр сонгогдсон төрийн тэргүүнүүд анхны айлчлалаа гол төлөв хоёр хөршөөс эхэлдэг уламжлалтай. Тухайлбал, анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д, Н.Багабанди 1998 онд БНХАУ-д, Н.Энхбаяр 2005 онд БНХАУ-д, Ц.Элбэгдорж 2009 онд Энэтхэгт тус тус анхны албан айлчлалаа хийж байжээ.

News.mn

УГААРТАЖ ХОРДСОН ХҮНИЙ ТОО 51 БОЛЛОО

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 51 ажилтан гүйлгэж, бөөлжин, халуурсан гэх нэг шинж тэмдгээр өвдөж, 31-нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 31 хүний гурвынх нь биеийн байдал хүнд байгааг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Үлдсэн 20 хүн нь гэрээр өрхийн эмчийнхээ хяналт дор хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж буй аж.

Өвчтөнүүдээс авсан шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлжээ. Шинжилгээгээр ажилчид угаарын хийн хордлогод орcон нь тогтоогджээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг хайлуулах явцдаа технологийн горим алдаж, хийн зуух болон дахин халаах зуухнаас их хэмжээний утаа гарснаас болсон байна.

Мөн ажилчдын цусанд угаарын хий,  хар тугалгын хордлого хэр байгааг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ. Нэг дор ажилладаг хүмүүс олноороо эмнэлэгт хүргэгдсэн энэ явдлыг шалтгааныг  ажлын газрынхаа хоолноос хордсон байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байсан. Тэгвэл өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр хоол хүнстэй холбоотой халдвар биш нь тогтоогджээ.

Ажилчид нь эмнэлэгт хүргэгдэж эхэлсэн өдрөөс /2017.11.30/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Онцгой байдал, цагдаа хамтарсан ажлын хэсэг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нийслэлээс Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид үйлдвэр дээр ажиллаж байна. Тэд ямар шалтгаанаар, юунаас болоод  технологийн горим алдаж ажилчид нь хордсоныг нарийн тогтоох гэнэ.

Угаартаж, хордон өвдсөн үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэх шалтгаанаар тэтгэмж өгөх ёстой гэж хуульд заасан байдаг аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2017.12.04/ нэмэлтээр Дархан-Уул аймгийг зорив. Тэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын асуудлыг нарийн судалж, дүгнэлт гарах юм.

News.mn

Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм.

Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өвлийн улиралд нэг сая тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа байдаг.

Ерөнхий сайдын эхэлж очсон Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль 10 гаруй жил хөөцөлдсөний эцэст төвлөрсөн дулаанд холбогдсоноор нүүрс хэрэглэхээ больсон байна. Үүний дүнд дулаанд 24-27 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 3-4 сая төгрөг болж бууран зардал хэмнэж байгаа тухай танилцууллаа.

Засгийн газар, холбогдох яам, хотын захиргаа, бусад байгууллага хамтран өмнө нь 45 уурын зуух, одоо 68-ыг төвийн эрчим хүчинд холбож байна. Ингэснээр 113 зуух 60 орчим мянган тонн нүүрс түлж 135 мянган тонн хорт бодис ялгаруулахаа болино. Мөн 20 гаруй мянган айл цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь шөнөдөө 30-50 мянган тонн түүхий нүүрс түлэхгүй байна гэсэн үг юм.

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 200 орчим айл “Дулаалгын аян”-д хамрагдсан байна. Тэдний нэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийнх юм. Эднийх өмнө нь өвөлдөө гурван Портер нүүрс түлдэг байсан бол байшингаа дулаалснаар нэг Портер нүүрс л хэрэглэдэг болсон гэлээ. Өөрөөр хэлбэл өдөртөө 2-3 удаа гал түлдэг байсан бол одоо өдөрт нэг удаа галлаж, шөнөдөө цахилгааны тарифын хөнгөлөлт давхар эдэлж байна.

Орон байраа дулаалж нүүрс авах мөнгөө хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхий сайд талархаад гэр хорооллын иргэд энэ сайн жишээг дор бүрнээ ахуй амьдралдаа нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.

Ерөнхий сайдын очсон Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгийн хувьд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулснаар дотоод орчны бохирдол 3.2 дахин буурсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 91 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид 550 цэцэрлэгийг ийм төхөөрөмжөөр хангах юм. Мөн гэр хорооллын дөрвөн цэцэрлэгийн дулаалж алдагдлыг нь бууруулсан байна.

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын чанарын харуулын 11 цэгийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошуу орчмын агаарын чанарыг хэмждэг харуулын цэгт очлоо. 19.00 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд стандартаас их бохирдолттой байгаа тухай Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан танилцуулав.

 

Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Төр, засгаас агаар, орчны бохирдлын эсрэг боломжтой бүх арга хэмжээг авч байгаагийн адил төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дуу хоолой нэгтэй зүтгэе гэлээ.

Иргэд гэр, байшингаа дулаалбал дулаан алдагдал 50 хувь буурч, нүүрс, түлээнд зарцуулах мөнгөө хэмнэн, агаарын бохирдол ч тэр хэрээр багасна. 220 мянган өрх дулаалгаа сайн хийчихвэл утаа одоогийнхоос 50 хувь буурах боломжтой. Утааны эсрэг тэмцэлд ямар нэгэн улс төржилт байх ёсгүй гэдгийг тэмдэглэв.

Ирэх жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлж, гэр хорооллыг барилгажуулан, найдвартай эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв. Үүний зэрэгцээ иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бохирдлыг 70-90 хувь шүүдэг амны хаалт /маск/ зүүж хэвшихийг уриаллаа. Мөн бүх сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангахаар тооцоо, судалгаа хийж байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Цөөн тооны ажилчидтай албан байгууллагуудын нэгдсэн шинэ жил

Найз нөхөд, Гэр бүл, Ажлын хамт олноороо /цөөн тооны хүмүүс/ хаана шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэхээ мэдэхгүй байгаа бол манай нэгдсэн шинэ жилийн хүлээн авалтыг сонирхоорой.
Хоол, Уух зүйлс, Хөтөлбөр бүгд багтсан цогц шинэ жилийн цэнгүүнийг бид 2017 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулж байна.

Хөтөлбөрт: Хөтлөгч, Амьд хөгжмийн хамтлаг, Цэнгээнт бүжгийн хамтлаг, Дуучин, Циркийн үзүүлбэр, Өвлийн өвгөн ба цасан охид

Хоол: Цезарь салад, Үхрийн шарсан мах, Шанзтай хонины шарсан мах, Манготой бялуу

Уух зүйлс: Ус, ундаа, архи, виски, шар айраг, оргилуун дарс


Tакс: 100.000 
төгрөг (нэг хүний)

 

Рестораны давуу талууд: 100 машины зогсоолтой, Бүрэн чимэглэсэн танхимтай, Тайзны мэргэжлийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэгтэй


Захиалга авах утас: 80012232, 80032232

Хаяг: Үндэсний циркийн зүүн өргөтгөлд, Кроне Браухаус ресторан

Fb: https://www.facebook.com/KroneBrauHaus/

АН: Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй

УИХ дахь АН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2018 он төсөв батлах гэж байгаатай холбогдуулж ажлын хэсэг байгуулах тухай, Ерөнхийлөгчийн хориг, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

 

Ирэх оны төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь төсвийн орлого бүрдүүлэлт тал дээр реформ хийсэн байх нь зүйтэй. Өмнөх Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 их наяд төгрөгөөр өр нэмсэн байна. Иймд 2018 онд өр нэмэхгүй байхыг бид шаардаж ажиллана. Хэрэв жил бүр нэг их наяд төгрөгөөр өр нэмсээр байвал энэхүү 4 жилийн хугацаанд 4 их наядаар өр нэмэгдэх нь. Энэ бол байж болохгүй асуудал. Үүн дээр онцгой анхаарах ёстой.

 

2017 оны улсын төсвийг хэлэлцэх үед эрх баригчдад нэг зүйлийг анхааруулж байсан. Уул уурхайн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх нь. Та нарын харж байгаа ханш болон үнийн төсөөлөл бага байна гэдгийг АН-ын зүгээс хэлж байсан. Гэвч бидний үгийг аваагүй. Одоо 2018 оны төсөв дээр орлого тооцохдоо валютын ханш болон түүхий эдийн үнийг бодитоор тооцох хэрэгтэй.

 

Мөн энэ удаагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоог дэмжихгүй гэдэг байр сууриа хэвээр хадгалахаар боллоо. Гуравдугаарт ажлаас хууль бусаар халагдсан 22 мянган төрийн албан хаагчийн асуудлыг авч хэлэлцээд ажилгүйдлийг тэтгэмжийг олгох, цаашлаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэдгийг шүүхээс тогтоосон бол ажил нь буцаан авах нь зүйтэй хэмээн үзлээ. Энэ тухай шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өмнө нь хүргүүлсэн хэмээн мэдээлэв.

Н.Энх

Ашигт малтмал, газрын тосны газар хэний харьяанд очих вэ

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж, анхны хуралдаанаа өнгөр­сөн долоо хоногт хийв. Хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдсэнийг Хэв­лэлийн алба нь мэдээлсэн. Гэхдээ мэдээлээгүй үлдсэн нэг асуудал бий.

 

Тэр нь АМГТГ-ыг аль яам, хэн гэдэг сайд хариуцах вэ гээд талаар сайд нар маргалдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Сангийн яам АМГТГ-ыг хариуцах ёстой” гэсэн санал оруулжээ. Уг нь одоо бол УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд АМГТГ байдаг юм.

 

Гэхдээ Засгийн газар АМГТГ-ыг Сангийн яаманд шилжүүлж магадгүй ажээ. Үүнээс болоод УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар баахан бухимдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай заамдалцах дээрээ тулж, хатуу ширүүн үг хамаагүй шиджээ. “…Энэ яамаа нэртэйгээр нь Геодези, зураг зүйн яам гэчих. Уул уурхайн асуудлаа ч мэддэггүй юм байна” гэсэн байна.

 

Дээрх хурлын өмнөхөн Д.Сумъяабазар сайд АМГТГ-т ажиллаад ашигт малтмалын лиценз олголтыг түр хугацаагаар зогсоогоод байсан юм.

 

Үнэнийг хэлэхэд АМГТГ хэн нэгний эрх ашгийн төлөө ажилладаг гэх хардлагыг нийгэмд нэгэнт төрүүлээд байгаа юм. Д.Сумъяабазарыг сайдаар томилогдоход ч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…Энэ уул уурхайн яамныхан, Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө ажиллахаас биш хэзээ ч тэрний төлөө ажилладаггүй юм биш үү. Тэнд аж ахуйн нэгжтэй, тэнд тээвэрт машин явуулдаг. Би бараг зарим хүмүүсийг нэрээр нь мэднэ. Энд өөрчлөлт хийх шаардлагатай” гэж хэлж байсан юм.

 

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаар олгох ажиллагаа нь дандаа бүтэлгүйтэж байдаг болсон. Тухайлбал, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг 2017 оны наймдугаар сарын 11-ний баасан гаригийн 9:00 цагт цахимаар олгох тушаалыг гаргасан байдаг.Энэ тушаалд ингэж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг 2017 оны наймдугаар сарын 14-нөөс бүртгүүлсэн дугаарын дагуу хүлээж авна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн баасан гаригийн өглөөний 9:00 цаг гэхэд цахим бүртгэлд нэгэн зэрэг хандаж, аль түрүүлсэн нь хүссэн тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг давуу эрх­тэйгээр өгөх бололцоотой болох байсан юм. Ингээд Б.Баатарцогт даргын тушаалын дагуу 11-ний өглөө өргөдлийн дугаар олгох цахим бүртгэл болжээ. Энэ бүртгэлд 5000 шахам аж ахуйн нэгж оролцсон байгаа юм. Гэвч АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 11-нд дахин тушаал гаргаж, өмнөх тушаалаа хүчингүй болгосон байдаг. Ингэхдээ “…хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан” 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож байна гэсэн байдаг юм. Бүртгэлд оролцсон аж ахуйн нэгжүүд үүнийг эсэргүүцсэн боловч үр дүнд хүрэлгүй өнгөрсөн юм. Хамгийн гол нь ийм явдал энэ газарт хэд хэдэн удаа болж байгаа. Энэ мэдээллийг Д.Сумъяабазар сайд авсан бололтой.

 

АМГТГ-ын түүхийг сөхвөл  УИХ-аас 1997 оны зургадугаар сарын 5-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 1З2 дугаар тогтоолоор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж, тус газрын даргаар Д.Жаргалсайханыг томилжээ.

 

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах” тухай УИХ-ын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2004 оны 249 дүгээр тогтоолоор АМХЭГ-ыг Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг байгуулж, Ерөнхий сайдын 2004 оны 159 дүгээр захирамжаар Лу.Болдыг тус газрын даргаар томилжээ. УИХ-ын 2008 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ (хуучнаар)-ыг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон салгаж,  бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

 

Засгийн газрын 2009 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Батхуягийг томилсон байна.

 

Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилжээ. Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяаг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Улсын их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 27-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан даргаар нь Б.Баатарцогт томилжээ.

 

Ийн Уул уурхайн сайдын харьяанд байсан АМГТГ нь Сангийн сайд руу шилжиж магадгүй болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн  газрын бүтцээ ингэж аажмаар өөрчилж байгаа бололтой.

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.Даваасүрэн: Ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ

Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү өнөөдөр яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав. Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотгов.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989–1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв.