Дарь-Эх орчмын айлууд дэд бүтцэд ойр тул дахин төлөвлөлтийг яаравчлуулахыг хүслээ

Гэр хороололд агаарын бохирдлыг бууруулах техник, технологийн дэвшлийг суурилуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон өрхүүдтэй УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ сараас танилцаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ийн гишүүн Л.Болд, Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан, БОАЖЯ, ЭМЯ болон нийслэл, дүүргийн төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэн өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тойрогт ажилласан юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилгаар Дарь-Эхийн 2 дугаар хорооны барилгыг эрчим хүчээр халаах шийдлийг нэвтрүүлж, өрхийн эмнэлгүүдийг ариутган халдваргүйжүүлж, агаарын чийгийг хадгалдаг нано халаалтын төхөөрөмжөөр хангажээ. Д.Оюунхорол гишүүн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулга хийхдээ “Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БЗД-ийн 2, 21, 27-дугаар хорооны өрхийн эмнэлгүүдийн хүүхдийн эмчилгээ болон вакцины өрөөнүүдэд ЭКО-Нано халаалтын төхөөрөмжүүдийг өнгөрсөн онд суурилуулсан. Энэ төхөөрөмж нь өрөөг халаахаас гадна чийгшүүлдэг, 100 хувь ариутган халдваргүйжүүлж байгааг эмнэлгийнхэн маань онцолж байгаа. Өрхийн эмнэлгүүдээс гадна 27-р хорооны хэд хэдэн айл, 102-дугаар сургуулийн нэг ангид туршилтын шугамаар суурилуулсан. Агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд шаардлагатай авах арга хэмжээ бол сайжруулсан түлш гэдгийг бид хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс тойргийнхоо бага орлоготой 600 өрхөд утаа бага ялгаруулдаг үртсэн шахмал түлш олгосон. Энэ түлш утаа багатай, илч сайтай, элдэв үнэргүй байгааг иргэд маань хэлж байгаа. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа эко ариун цэврийн байгууламж барих төслийг манай тойргийн 27 дугаар хорооны айл өрхүүдэд хэрэгжүүлэх судалгааг бүрэн дуусгаад ажил эхлэх шатандаа орж байгаа. Ганц худгын амнаас уруудах 2,8 км үерийн хамгаалалтын далан байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт суулгасан нь хөрсний бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр БЗД-ийн 2-дугаар хороо нь дэд бүтэц ойртуулж, дахин төлөвлөлтөд орууулахад хамгийн тохиромжтой байршилд байгааг анхаарч ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр 2 дугаар хорооны иргэд УИХ-ын гишүүд, БОАЖ-ын сайд, Нийслэлийн удирдлагуудыг угтаж авсан бөгөөд тэд агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд авч хэрэгжүүлэх зайлгүй арга хэмжээ нь сайжруулсан түлш гэдэгтэй санал нэг байгаагаа дуулгаж, Д.Оюунхорол гишүүний хэлснээр дэд бүтцэд ойр Дарь-Эхийнхнийг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулж өгөхийг хүсч байлаа.

Б.Хурцыг элчин сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж сайд “Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд оролцохгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүдийн зүгээс “УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд томилгоо хэлэлцэж байна. Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналыг Засгийн газар өөрсдөө гаргаж, Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс томилгоог хэлэлцээд явах нь зүйтэй” гэжээ. Ингэснээр Б.Хурцын томилгоог хэлэлцэж, гишүүдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна.

Г.ИТГЭЛ

“ХЭЛГҮЙ” ГИШҮҮН

"ХЭЛГҮЙ" ГИШҮҮН

Энэ удаагийн парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн нэг бол Л.Мөнхбаатар. Тэрбээр 2016 оны сонгуулиар МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсон. Хуульч мэргэжилтэй, 1999 оноос Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, 2008 он хүртэл газрын дарга хүртлээ дэвшсэн нэгэн. МАН мандаж явах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар дөрвөн жил ажиллаж байсан. Улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байхдаа “царцааны” асуудлыг жинхэнэ утгаар нь хийдэг байсан гэх шар мэдээ ч хэвлэлийн хуудаснаа бий. Түүнийг намынхаа нөхдийн царцааны нүүдлийг нь зохицуулдаг, ингэхдээ хэрхэн хууль зөрчихгүй байх талаарх гаргалгааг ч гаргачихсан байдаг гэх юм билээ.  2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн Л.Мөнхбаатар 2016 оны сонгуульд бэлтгэн дөрвөн жил Хөвсгөл аймагтаа амьдарч байгааднутгийн иргэдээ тойлсоор гарч ирсэн гэх.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн хэмээн Хөвсгөл аймгийн “SKY”  телевизийн ажилчдаа зодсон бичлэг шуугиан тарьж байв. Өөрийгөө рекламдуулах гэж мөнгө төлсөн телевиз нь эсрэг нам болон АН-ынханд үйлчилсэн гэх шалтгаанаар ажилтнаа зодсон захирал нэр дэвшигч нь Л.Мөнхбаатарын зөвлөх байсан гэх юм билээ.

МАН-ын 32-ын  бүлэгт харьяалагддаг, засгаа огцруулахын эсрэг байсан. УИХ-д сонгогдоод хоёр жил болох гэж байгаа ч Л.Мөнхбаатар гишүүн “хэлгүй” гишүүдийн нэг хэвээр бий. Ямартай ч хоёрдугаар ангиа дүүргэж байгаа түүнд дахиад хоёр жилийн хугацаа бий. УИХ-ын “хэлгүй” гишүүдэд хаягласан “хэлд орж эхлэхгүй бол буцаад очиход тань тойргийнхон нь танихгүй болох вий дээ” гэх хошигнол ч олон нийтийн сүлжээгээр явж харагдана лээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль

1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр

2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр

Хүмүүнлэгийн ухааны их сургууль, эдийн засгийн ухааны бакалавр

2012 оноос Монгол улсын их сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга

2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч

2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч

2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх

2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Ш.ЧИМЭГ

Гурван ээлжийн сургуулийн багш, сурагчид Ерөнхий сайдын “ивээл”-д орлоо

-Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргалаа.

Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон юм. Энэ дагуу  Цагдаагийн ерөнхий газраас дараах ажлыг хийж эхлүүлээд байна.

ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтсийг байгуулжээ.

Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

 

Л.Энх-Амгалан иргэдтэйгээ нэгдэж, Л.Ганболд бизнес бүлэглэлтэйгээ нэгдэнэ

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тавдугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 4-ний өдөр болж, төсвөө хэлэлцсэн байна. Тус аймагт энэ жил 9.5 тэрбум төгрөгийн төсөв хуваарилж өгснийг чамласан Засаг ноён Л.Ганболд уул уурхайн хайгуул ашиглалт явуулах тухай тогтоолыг тус хуралдаанаар танилцуулан баталгаажуулаад авав. Төрөөс тус аймгийг онгон дагшнаар нь аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хэтийн зорилтыг баримтлан ажилладаг билээ. Гэтэл аймаг тэрүүлсэн нэг Засаг дарга нь ийм харалган шийдвэр гаргасанд тус аймгаас сонгогдсон түшээ, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ихээхэн бухимдалтай байгаа.

Тиймээс Л.Энх-Амгалан хэлэхдээ “Манай аймаг нь аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой бүс нутаг. Нөгөө талаар газар тариалан эрхэлдэг, элдэв төрлийн ургамал жимс, байгалийн баялаг арвинтай учраас ямар ч төрлийн үйлдвэрлэл хөгжих боломжтой. Мөнхүү таван сая гаруй малтай гээд уул уурхай ашиглах ямар ч шаардлагагүй бүс нутаг. Тиймээс би аймгийн Засаг даргын энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Манай иргэд ч эсэргүүцэж байна, миний хувьд ч энэ шийдвэрийг эргэн харах тал дээр иргэдтэйгээ хамтран ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

Харин Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Манай аймаг байгалийн арвин баялагтай нутаг, тиймээс орон нутгийн төсвийг бүрдүүлэх замаар уул уурхайн хайгуул ашиглалт хийхээр төлөвлөлөө. Нөгөө талаар энэ бүсээс орж ирэх мөнгийг аймгийн бүтээн байгуулалт бусад зүйлд зарцуулна. Энэ ажлыг орон нутгийн өмчит компаниуд хариуцаж ажиллах юм. Манай орлого нэмэгдэх учиртай” хэмээн тайлбарласан нь бий. Тэрбээр энэхүү байр суурийг хэлэхдээ “Орон нутгийн өмчит компани” хэмээн онцолсны цаана түүний бизнес бүлэглэл нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй. Ерөөсөө энэ мэт харалган шийдвэрийг бизнес бүлэглэлүүд л хүч түрэн баталгаажуулдаг нь туйлын үнэн. Түүнээс бус Хөвсгөл аймгийн ИТХ-ын бүрэлдэхүүнд иргэд дундаасаа сонгогдсон, тэдний хүсэл сонирхолд нийцсэн төлөөлөгч цөөнгүй байж таарна. Үүний зэрэгцээ бизнес бүлэглэлийн этгээдүүд ч өөрсдийнхөө эрх ашгийг бөөцийлж суудаг нь ч байж л таарна. Үүнээс харвал Л.Ганболд дарга ИТХ-д байх бизнес бүлэглэлтэйгээ хүч хавсраад энэхүү шийдвэрийг гаргачихлаа гэж харж болохоор.

Дээрх эрхмүүдийн байр суурийг харвал Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нарын дунд зөрчилдөөн үүсч байна гэж ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалангийн талд зогсох нийт иргэд сонгогчид, Л.Ганболд даргын талд зогсох бизнес бүлэглэл дундын зөрчилдөөн үүсч байна. Таамаглаж бодоход “Орон нутгийн өмчит компани” хэмээсний ар талд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал яригдаж таарна. Тэдний хувьд бол хөрөнгөө баяжуулахаар зэр зэвсгээ агсаад бүхий л газар нутгийг ухахад бэлдэж байгаа. Харин хэдэн зуунаар үе уламжлан ашиг шимийг нь хүртэж ирсэн байгалийн баялаг, газар тариалангаа эрхэлж, мал сүргээ адуулсаар байх газар нутгаа бүрэн бүтэн байлгахын төлөө иргэд олон нийт тэмцэх биз ээ. Нөгөө талд Хууль тогтоох дээд байгууллагад нэгэн үзэл санаатай, өөрсдийнх нь дундаас сонгогдсон гишүүн сууж байгаа учраас онгон дагшин байгаль байгаль хэвээрээ үлдэх нь дамжиггүй хэмээн иргэд ярьж байна.

Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр аялаж буй Байгальмаагийн аялал амжилттай үргэлжилж байна

Энэ бүсгүйг Байгалмаа гэдэг. Монголоос Лондон хүртэл тэмээн жингээр явах галзуу, гайхалтай гэмээр аяллыг санаачлагч. Сонсоход л бүтэшгүй мэт санагдаж байгаа хэдий ч тэр аль хэдийнээ үүнийг бүтээхийн төлөө олон зүйлсээ золиослон аяллаа эхлэн явж байна. Олон хамтрагч нартай эхэлсэн хэдий ч замд тулгарах шалтгаануудын улмаас хамтрагч нар нь буцсаар одоо тэрээр дэлхийгээр аялагч алдарт алхагч Karl Bushby -тэй хамт цааш аяллаа үргэлжлүүлэн явсаар байна. Аялал жуулчлалын салбарт ажилдаг тэрээр монгол орноо дэлхийд сурталчилах асар том зорилгыг өвөртлөн өвлийн хүйтнийг үл ажран аяллаа амжилттайгаар үргэлжлүүлэн явж байна. Түүний асар их зориг, зорилгод нь амжилт хүсэе.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 10 

  • 11 

  • 12 

  • 13 

  • 14 

  • 15 

  • 16 

У.Хүрэлсүх Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын асуудал хариуцсан зөвлөхүүд, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны гишүүн Боловсрол шинжлэх ухаан, Төмөр зам, Барилга, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл болон Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага оролцлоо.

 

Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монгол Улсын Засгийн газартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  гурван талт хэлэлцээрт хүрч багш ажилчид, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх эхлэлийг тавьсан.

2018 оноос нийт ажилчид, алба хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж, эрхзүйн орчноо боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Амгаланбаатар хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар, салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой Засгийн газар идэвхтэй хамтарч ажиллана. Цалин хөлс, тэтгэврийг  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн  гурван талт хэлэлцээрийн дагуу  шат дараатайгаар нэмэгдүүлнэ гэлээ гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг 2017 оны 12 дугаар 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм.

Үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 15-34 насны залуус, эрдэмтэн, судлаач зэрэг 850 төлөөлөгч оролцож байна.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуучууддаа хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид, залуучууд аа.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Монгол Улсын ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах залуучууд та бүхэнтэй “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо үндэсний чуулган”-аар дамжуулан уулзаж Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо хуваалцья гэж бодлоо.

Бас та бүхнийхээ санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахын тулд холбогдох төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ирүүлээд байна.

Манай улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд Та бүхэн эзэлж байна. Бас хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт “Монгол залуучуудын орон” гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүйг нотлон харуулж байна.

Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд та бүхэн юм.

Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Ийм тааламжтай үеийг ашиглаж хөгжил дэвшилд хүрсэн улс орны түүх, туршлага олон бий.

Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн.

Тиймээс Засгийн газар залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж байна.

Тухайлбал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт :

·  “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгоно”,

·  “Шинээр сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ”,

·  “Боловсролын зээлийн сан шинээр байгуулж, оюутан, суралцагчид үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ”,

·  “Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”,

·  Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна”,

·  “Өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтэн бэлтгэнэ”,

·  “Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд жилд 20.000-аас доошгүй залуучуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурган мэргэжил, ур чадвар эзэмшүүлнэ”,

·  “Залуучуудад бизнесийн гарааны дэмжлэг үзүүлж, их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээлд хамруулах арга хэмжээ авна” гэсэн олон зорилтыг тусгасан.

Эдгээр зорилт эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Залуучуудын асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтцийг бүх аймаг, дүүрэгт бий болголоо. “Боловсролын зээлийн сан” байгуулж, оюутан залуучууд маань сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан бага багаар төлөх тогтолцоог бүрдүүллээ.

Оюутан залуус маань сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж эхэллээ. 2014 онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 42242 байсан бол 2017 онд 20000 орчим болгон буулгаж монгол залуучуудаа ажлын байраар хангах боломжийг нээж өглөө.

2017 онд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 20000 орчим залуус элсэн суралцлаа. Тэдний 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зээлийг төрийн болон олон улсын байгууллагын зээл тусламжаар олгож эхэллээ.

УИХ анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Энэ хууль 19 хоногийн дараа хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ. Мөн хуулийн дагуу “Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар удахгүй батлана. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, бодлого, хөтөлбөрүүд нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүд, улсын төсөв, төлөвлөлттэй нарийн нягт уялдаатай байж амжилттай хэрэгжинэ.

Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүд нь залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн байх учиртай. Тиймээс энэ бүхний уялдаа зохицолдолгоог хангаж ажиллахыг залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагын удирдлагууд анхаарч ажиллах ёстой.

Залуучууд та бүхэндээ амласан амлалт бүрээ хэрэгжүүлэхийн төлөө манай Засгийн газар, манай нам хичээн ажиллах болно. Залуучуудын байгууллагаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, залуу насынхаа ихэнхийг залуучуудын байгууллагыг бэхжүүлэхийн төлөө зориулсан Ерөнхий сайдын хувьд залуучуудынхаа хөгжил дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлэхээ энэ хүндэт индэр дээрээс илэрхийлж байна.

Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн. Тиймээс залуучууд та бүхнийг шударга нийгмийг цогцлоож, тогтвортой хөгжлийг манлайлж, шинэчлэлийг түүчээлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид ямар ирээдүйг хүсч байна, тийм ирээдүйг бүтээж чадах залуучуудыг бэлтгэх ёстой. Үүний төлөө манай Засгийн газар бүхнээ дайчлан ажиллах болно.

Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71-р байрт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа хоёр үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, үүний дараагаар эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байна.

Ийм учраас дараах хэдэн чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч байна.

Нэгд: Залуучууд манай улсын ирээдүй гэж бид бүгд ярьж ирсэн. Гэтэл залуучуудын маань эрүүл мэндийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. 2016 оны “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл”-ээс харахад залуучуудын маань гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ.

Өнгөрсөн оны эрүүл мэндийн статистикийн мэдээллийг үзэхэд архины шалтгаант элэгний өвчнөөр өвчилсөн иргэдийн 14.6 хувийг залуучууд эзэлж байна. Хүн амын дундах эрүүл мэндийн байдлыг энэ мэтээр дүгнэн үзэхэд өвчлөлийн нилээд хувийг залуучууд эзлэх боллоо.

Бидний улсын ирээдүй эрүүл саруул байж улс орон хөгжил дэвшилд хүрнэ.

Тиймээс залуучуудын эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд судалгаа шинжилгээ хийж, эрүүл, зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгоё.

2020 он гэхэд залуучуудын өвчлөлийг төрөл тус бүрээр нь буулгах арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулан залуучуудын байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангахыг эрүүл мэндийн салбарынханд чиглэл болгож байна.

Хоёрдугаарт: Залуу хүн бүр боловсролтой, эрдэм мэдлэгтэй, харилцааны зөв хандлага чиглэлтэй байж улс орон хөгжиж дэвжинэ.
Энэ бодлогын хүрээнд их, дээд сургуулийн чанарыг дээшлүүлэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг залуучуудад ил тод нээлттэй болгох ёстой.
БСШУСЯ-аас гаргасан судалгаагаар 2015-2016 оны хичээлийн жилийн их, дээд сургууль төгсөгчдийн 21.7 хувь нь тухайн жилдээ ажлын байртай болсон байна.

Үүнд боловсролын, сургуулийн, төгсөгчдийн чанар гээд олон асуудал яригдана. Үүнд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авахын боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгож байна.

Гуравдугаарт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал хэвээр байсаар ирлээ. Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна.

2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байна.

Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тодорхой, бүтээлч, үр дүнтэй ажил хийж үр дүнг нь танилцуулахыг ХНХЯ-ны удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.

Миний өгсөн эдгээр үүрэг, чиглэлүүдийг хэрхэн хэрэгжүүлснээр та бүхний ажлыг үнэлж дүгнэнэ.

Гэхдээ хөтөлбөр, төслүүдэд хэдэн төгрөг зарцуулснаар, ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн тайлангаар биш ганцхан гарсан үр дүн, ахиц дэвшлээр ажлыг хэмжихээ онцлон дурдья.

“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулган нь залуучууд та бүхний өмнө тулгамдсан олон асуудлын гарц шийдлийг олох зорилготой.

Тиймээс залуучууд та бүхэн залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого, шийдэл, түүний үр нөлөө, өөрсдийн эрх үүрэг, оролцооны талаар өргөн яриа хэлэлцүүлэг өрнүүлээсэй гэж хүсч байна.

Монголын залуучууд Та бүхэн төрөөс баримталж буй таатай бодлогуудад тулгуурлан өөрсдийн боломж чадавхиа бүрэн дайчилж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ сайтар ойлгох ёстой.

Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүх, өнгөрсөн үеийн алдаа сургамж бүрээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улсынхаа хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлага хүлээж, боловсролтой, хөдөлмөрч, бүтээлч иргэн байна гэдэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд итгэлтэй байна.

Залуучууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Японы Засгийн газар 32 тэрбум иений гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Казүхико Кошикаваг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Монгол Улсад хийж байгаа ажлын айлчлалд нь амжилт хүсээд ОУВС-аас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний дотор Япон Улсаас үзүүлж буй дэмжлэг нэн ач холбогдолтой юм.

Монгол Улсад олгож буй зээлийн эхний шатны 32 тэрбум иенийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурсанд Казүхико Кошикава танд  талархал илэрхийлье гэв.

ЖАЙКА байгуууллага боловсрол, дэд бүтэц,  хөдөө аж, ахуй, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбарт дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад олгож буй зээлийн хэлэлцээрийг богино хугацаанд амжилттай соёрхон батлуулна гэдэгт итгэлтэй байна гэж Казүхико Кошикава хэллээ.

Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг товлосон хугацаанд нь эхлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх зэрэг чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.