Hallo Welt!

Willkommen zur deutschen Version von WordPress. Dies ist der erste Beitrag. Du kannst ihn bearbeiten oder löschen. Und dann starte mit dem Schreiben!

УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийнэ. Мөн УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 06-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

ЕРӨНХИЙ САЙДУУД БА АТГ

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, өдгөө Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайхан уржигдар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж ил захидал бичсэн.

Түүний захидлыг товчлон хүргэвэл “Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авлигатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой.

Ерөнхий прокурор таныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцөлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье” гэсэн юм.

Харин өчигдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл хийсэн бол 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Ерөнхий прокурор болон АТГ-ын даргад хандан ил захидал бичжээ. АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд яаралтай дуудаж, ирэхээр нь байцаалт авахаар болсон. Үүнтэй холбоотой зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ирэхгүй бол “Интерполоор эрэн сурвалжилна” гэх мэдээлэл гарчээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Ч.Сайханбилэг: АНУ-д эмчлүүлж байгаа дүүгээ орхиод ирэх долоо хоногт Монголд очно

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа.

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна. Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна.

Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ.

Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ч.Сайханбилэг.

Н.Алтанхуяг: Шударга бусын хонгилыг устгахгүйгээр Монгол Улс хөгжихгүй

Харин 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Алтанхуягийн мэдэгдлийг товчлон хүргэвэл “Манай Засгийн газрыг “Дубайн гэрээ”-г байгуулаагүйн төлөө огцруулсан. Тавантолгойн ордод ганц нэг хувийн компанийн болзлыг зөвшөөрөөгүй хэмээн буулгасан. Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө ажилласан. Харин манай танхимыг огцруулах ажлыг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан зохион байгуулсан.

Ингэхдээ УИХ-ын гишүүдийг жижиг сажиг шалтгаар нь барьцаалан тэдний кнопыг шинэчлэлийн Засгийн газрын эсрэг болгосон. Монголын төр үймээн самуунаар дүүрч, хэдхэн хүн баялгийг гартаа барьж, хууль хяналтын байгууллагаар өрсөлдөгч нараа дарамталж, айлгаж, шорон гяндангаар сүрдүүлж, Монголын төрийг он удаан жил барина гэж горьдсон” гэлээ.

Тэрбээр мөн Шударга бусын хонгил үүссэнийг хоёр жилийн өмнө би хэлсэн. Энэ хонгилыг дан ганц Ц.Элбэгдорж бус одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хамт бий болгосон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ыг ашиглан зохиомол хэрэг үүсгэх ажлыг хийсэн. Шударга бусын хонгилыг заавал нураах хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч сонгогдсон ч энэ хонгилыг нурааж чадахгүй байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн албыг хашсан ч хонгил яг хэвэндээ байна. Учир нь Ц.Элбэгдоржийн “томилсон” хүмүүс хууль хяналтын байгууллага (АТГ, Шүүх, Прокурор)-ыг удирдаж байна. Шударга бусын хонгилыг устгахгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Энэ хонгилыг гагцхүү байгуулсан хүн нь “нурааж” чадна гэсэн юм.

Дайны хажуугаар дажин

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сангийн сайд асан С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцар улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн түүнийг баривчлан 461 дүгээр ангид хорьсон.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар болон “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн тухайн үед эрх бүхий албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл олон нийтэд дуулиан тарьж, хүлээлт үүсгээд буй энэ ажиллагаатай холбоотой экс Ерөнхий сайдууд ийн байр сууриа илэрхийллээ. Мөн дайны хажуугаар дажин гэдэг шиг зарим эх сурвалжаас гаргасан хэт хийсвэр мэдээллүүд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд болон хууль хяналтын байгууллагын дунд үл ойлголцол үүсгэсэн бололтой.

Өглөөний сонин
Б.Билгүүн

Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна

Монголын Швейцари хэмээгдэх Хөвсгөл аймаг  байгалийн асар их нөөц баялаг, өвөрмөц тогтоц, үзэмж тансагаараа дэлхийд гайхагдаж, бизнесийнхэн болон аялал жуулчлалынхны  анхаарлыг зүй ёсоор татаж байна. Иймээс ч сүүлийн хорь гаруй жилийн турш хувийн олз ашгийн төлөө энэ сайхан онгон дагшин нутаг руу улайран дайрах гадаад, дотоодын доншуур наймаачдын цуваа тасарсангүй.

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт бичигддэг бол амьдарлыг тэтгэгч тэрхүү  нөөцийн 70 хувь нь Хөвсгөлд бий. Энэ утгаараа Хөвсгөл аймаг нь монголчуудын ирээдүйг тодорхойлдог онцлогтой.

Өдгөө дэлхийн нийт хүн амын 47 хувь буюу 2.6 тэрбум хүн ундны усаар гачигдаж, өдөр бүр 30 гаруй мянган хүүхэд усны хомдолоос үүссэн өвчин эмгэгт нэрвэгдэн хорвоог орхин одож буй гамшигт үзэгдэл цаашдаа ч улам хүндрэх төлөвтэй байна. Судлаачид нэлээд хэдэн жилийн өмнөөс бас Монголын цэвэр усны нөөц ойрын үед шавхагдаж хүндхэн нөхцөлтэй нүүр тулна гэдгийг хэлж байгаа билээ. Цэвэр усаар гачигдах гамшигт үзэгдэл  монголчуудыг тойрохгүй, дайрч өнгөрөх магадлал  сүүлийн үед эх байгалиа сүйтгэсэн уул уурхайн эздийн зэрлэг авир араншингаас бүр тод харагдаж байна.

 

Кек Су Гуль буюу Хөх устай нуур гэдэг  түрэг үгнээс гаралтай  Хөвсгөл нуурыг мэдэхгүй Монгол хүн бүү хэл гадаадын иргэд ховор юм.  Хөвсгөл нуур нь тус аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумын нутгийг дамнан тогтсон, усны нөөцөөрөө дэлхийд эхний 14-т багтдаг,  39  км-ын өргөнтэй, 133 км урт, нийтдээ 2760 километр квадрат талбай бүхий хамгийн цэнгэг устай нуур.  Өөрөөр хэлбэл байгаль эхээс монголчууд бидэнд заяасан хосгүй үнэт чандмань эрдэнэ юм. Энд 46 гол мөрөн цутгаж, ганцхан Эгийн гадагшаа урсан гардаг бөгөөд нуурын уснаа 12 зүйлийн загас амьдардаг. Усны гүн нь 262.3 метр. Хадан хүй, Модон хүй, Бага хүй, Далай хүй гэсэн дөрвөн аралтай Хөвсгөл нуур нь Байгаль нууртай хүйн холбоотой.  Хэрвээ Хөвсгөл нуурыг бохирдуулвал Байгаль нуур ч бохирдох аюултай гэсэн үг. Тиймээс Хөвсгөлийг хамгаалах асуудал нь зөвхөн монголчууд төдийгүй хөрш зэргэлдээ ОХУ, цаашлаад дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

 

Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт ашигт малтмалын нийт 3326 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаагийн 1630 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Тэдгээр тусгай зөвшөөрлийн 50 гаруй хувь нь Хятадын  дангаар болон хамтарсан компаниудын мэдэлд ороод байна. Энэ нь цөөхөн монголчуудад  арай ахадсан  тоо  бөгөөд  хэрэв үр ашгийг нь өөрсөддөө ашигтайгаар зарцуулвал  хэдэн зуун жилийн турш дан ганц уул уурхайн баялгаар тэжээгдэх том боломж гэлтэй. Гэхдээ зөвхөн уул уурхайг шүтээд нэмэргүйг манай иргэд  сүүлийн үед сайтар мэдэрч байна.

Газар доорх алт эрдэнэсийг нь ухаж аваад нөхөн сэргээлт хийлгүй хаяж явдаг, хийлээ гэхэд  бэрдийн нүдийг гурилаар хуурахыг үлгэр эсгэн хуураад өнгөрдөг  харийнхантай нийлсэн эрх мэдэлтнүүд  сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуур, энэ нуурт цутгадаг олон гол мөрний ай савд аюул занал учруулдаг болжээ. Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдэх гэсэн нутгийн иргэдийн тэмцэл хөдөлдөөн ч тасралтгүй үргэлжилсээр байгаа аж. Саяхан тус аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг буюу Дэлгэр мөрний хөвөө, Нүүрстэйн ам хэмээн газарт  860 га-д нүүрсний ордыг 30 жил ашиглахаар бүх техник хэрэгсэлтэйгээ ирж буусан “Black Rock” компанийн хууль бус ажиллагааг илчилсэн нутгийн иргэд бөөнөөрөө цуглан жагсаж уурхайн талбайгаас нь хөөж явуулсан байна. Энэ нь иргэдийн хувьд томоохон ялалт, дараа дараагийн шуналтангуудад хатуу сануулга боллоо. Гэхдээ урьд нь хэчнээн тэмцээд хүч хүрээгүй эрх баригчдын хууль бус шийдвэрүүд одоо болтол хэвээрээ, зарим нь эсэргүүцэлтээ тулгаран хэрэгжэлгүй бичиг цаасны хог болоод хэвтэж байна.

 

2011, 2013 онуудад Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тус аймгийн 50 дугаар өргөрөгөөс хойших газар нутагт хайгуул, олборлолт явуулахыг хориглосон тогтоол гаргаж, өнгөрсөн оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийг хэлэлцэхдээ “50 дугаар өргөрөгөөс урагш талбайд  геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж заасан  нь уг өргөрөгөөс урагш ашигт малтмал ухаж болох логик утгатай бөгөөд энэ маргаан бас эцэслэн шийдэгдсэнгүй.

 

Иргэний байгууллагууд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах лицензтэй компаниудын лицензийг  шүүхээр цуцлуулах тэмцэлээ үргэжлүүлэн, Хөвсгөл нуур болон ойн сангаа хамгаалах олон төрлийн ажил зохион байгуулж байна. Энд “Талст маргад” компанийн хайгуулын 6 лиценз, ашиглалтын гурван лиценз, “Сутайхэнцо” компанийн ашиглалтын нэг лиценз байгаа юм.

 

Фосфоритын нөөцөөр Монгол улс дэлхийд тэргүүлэх арван орны нэгд багтдаг. Социализмийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж, Хөвсгөлийн ай савд хорь орчим ордын нийт 1.6 тэрбум гаруй тоннын нөөц  илрүүлсэн нь өдгөө Төв Азидаа томоохонд тооцогдож байна. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Манхан уулын орд нь нэлээд том ордог. Энэхүү орд нь Хөвсгөл нуурт Бүрэнхааны ордоос хамаагүй ойрхон юм. Түүнчлэн Алаг-Эрдэнэ сумын нутаг  дахь Онгилог, Жанхайн давааны ордууд нь  фосфоритын 1.5 тэрбум тоннын нөөцтэй.

2007 оноос Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн охин компани болох “Хургатай хайрхан” компанид тус аймгийн Цэцэрлэг сумын Овоот гэдэг газарт нүүрсний 9436 гектор талбайн хайгуулын лиценз олгосон бөгөөд энэ нь Могойн голын нүүрсний уурхайн талбайтай давхцаж баахан маргаан  үүссэн боловч эрх баригчид үүнийг зөв зохистойгоор шийдэж чадсангүй. Асуудлыг шударгаар шийдээгүй нь цаанаа бас хэсэг бүлэг хүмүүсийн хувийн нөлөөлөл, тэдний давхар сонирхол ноёлсон байлаа. Хачирхалтай нь энд байгаль орчны үнэлгээ ч хийгдээгүй байхад дарга нар яаран ум хумгүй шийджээ. Ингээд 2012 оны зунаас эхлэн Эрдэнэт-Овоотын чиглэлд төмөр зам барих шийдвэр гарч, концессийн гэрээ, тусгай зөвшөөрлүүд шуударсан юм. Уг нь энэ чиглэлд төмөр зам тавих асуудал улсын хэмжээний төмөр замын бодлого, төлөвлөлтөнд огт тусгагдаагүй байхад тийнхүү шийдэж,  концессийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд хийхээр  болсон зэрэг эргэлзээтэй, илэрхий хууль бус юм зөндөө байв. Иймээс нутгийн иргэд тэвчихээ больж, тэмцэлээ улам идэвхжүүлсэн боловч гачлантай нь манай дарга нартай үгсэж найрсан Хятад эздийн “Галт тэрэг” нэгэнт хөдөлж, тэдний “Нэг зам-Нэг бүс” хэмээх суртал ухуулга цас шиг дарж орхив. Харин өнгөрсөн оноос УИХ-ын дарга М.Энхболд зэрэг зарим томчууд нь хөвсгөлчүүдийн уур бухимдлыг бага ч атугай намжаахын тулд “Хөвсгөл нуурыг Төрийн тахилгатай болгоно” гэдэг болжээ. Мухар сүсэг зонхилсон, дээр нь үе удмаараа билэгдлийн ёс зүйгээр хүмүүжсэн монголчуудыг иймэрхүү аар саар юмаар аргалах шиг амархан юм үгүй л дээ.

 

Ер нь альч  өнцгөөс  харахад Хөвсгөл аймгийн газар нутгийг 50 дугаар өргөрөгөөс хойш, урагш гэлгүйгээр бүхэлд нь дархалж, бүхлээр нь хайгуул, ашиглалтын ямар ч лицензгүй талбар болгох нь хойч үеийнхэнд илүү чухал ач тустай үйл хэрэг болоод байна. Иймээс дээрх концессийн гэрээ болон бүх тусгай зөвшөөрлүүдийг цөмийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж чадвал “Хөвсгөл нуурын Төрийн тахилга” энээ тэрээ гэсэн нүглийн нүдийг гурилаар хуурах үлгэр “жаргаж” зон олны нуруу тэнийх ажээ.

 

Б.Баяр Шуурхай.мн 

Д.АРИУНБОЛДЫН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ЮУ? АРД ТҮМНИЙ БАЯЛАГ УУ?

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболд гэх залуу 2016 онд томилогдож байсан. Түүнийг  энэ албан тушаалд томилогдсоноос  хойш Д.Ариунболд гэх эрхмийн нэр сайнаас илүү саар мэдээлэлтэй хэвлэлээр хөвөрсөөр өнөөг хүрлээ.

 

Тодруулбал  өнгөрсөн онд болсон  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  “Эрдэнэс Тавантолгой”, Жижиг “Тавантолгой” ХК-ийн дундын мөргөцгөөс 260 000 тонн нүүрсийг хулгайгаар олборлосон. Энэ нүүрсний үнэ болох 18 960 000 ам.доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Мөн Тавантолгойн нүүрсийг борлуулахад дундаас нь “зуучлагч” нар ашиг хүртдэг. Үүнд захирал Д.Ариунболд оролцож ашиг авдаг талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярьсан байдаг.

 

Мөн 2016 оны 12 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн 49 хувийг Хятадуудад зарах тухай санамж бүхий гэрээ олон нийтэд ил болсон байдаг.  Энэхүү гэрээг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаягласан байсан нь асуудал. Учир нь Тавантолгойн орд газар Ариунболдынх гэх утгыг илэрхийлэв. Гэрээнд “Таван толгой” ордыг 400 сая ам доллараар зараад Монгол Улсынхаа өрнөөс дарна хэмээн өөрийгөө хамгаалж байсан гэх юм.

 

Гэтэл шинжээч эдийн засагчдын үзэж байгаагаар бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг гаргаж , түүндээ ч дөхсөн байна. Харин Д.Ариунболд  нь нэг жилийн орлогод нь хүрэхгүй 400 сая ам.доллараар зарна гэдэг хоёрын дунд асар их зай бий.  “Эрдэнэс Таван толгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдод хаягласан гэрээ нийтэд ил болсон шиг 1990-ээд оны дундуур Ерөнхий сайд Ж.Наранцацралт “Эрдэнэт”-ийн талаар Орос руу захидал бичээд огцорч байсан түүх бий. Гэтэл улсын өмчийг өөрийн мэт наймаалцах Д.Ариунболд өнөөг хүртэл суудалдаа тухласаар байхын учир юу вэ?

 

Д.Ариунболдыг  илтгэх  дахин нэг ноцтой мэдээлэл. Төрийн эзэмшлийн “Эрдэнэс-Таван Толгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн хооронд олон жилийн турш лицензийн талбайн хилийн зурвасын маргаантай асуудал байсан аж. Өөрөөр хэлбэл “Манай эзэмшлийн талбай дахь нүүрсийг танайх олборлолоо” гэх асуудал үүсч, заримдаа томоохон зөрчилд ч хүрдэг байжээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сэддорж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар олон жилийн маргаантай байсан лицензийн талбайн хилийн маргаантай асуудалд цэг хатгаж, маш найрсгаар хилийн зурвасыг шинэчлэн тогтоох баримт бичигт гарын үсэг зурсан байх юм.

 

Ингэхдээ хилийн маргаанд үргэлж ялан дийлж ирсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаас илт буулт хийж, хилийн зурвасыг өөрийнхөө талбайгаас нэлээдгүй хэсгийг “алдах” хэлбэрээр шийдвэрлэсэн байна зэрэг мэдээллийг та бид мартаагүй, мэдээлэл хуучраагүй байна.

 

Үүгээр ч зогсохгүй “Эрдэнэс-Тавантолгой”ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийн талаар мэдээлэл, тайлбар хүссэн гишүүний өөдөөс өндөр дуугаар хараан доромжилж, дайрч давшилан , амь насанд нь занал хийлсэн байх юм. Тэрээр “хаана ч юу ч хийсэн надад халдах хүн байдаггүй юм” тэр У.Хүрэлсүхдээ очиж хэлээрэй хэмээн төрийн ордон дотор арслан аятай аягласан гэх  мэдээлэл аргагүй түүнийг хэн гэдгийг илтгэх шиг. Энэ мэт мэдээлэл хөврүүлээд, жагсаагаад байвал барагдахааргүй байна.

 

Хамгийн хачирхалтай нь энэ хүнд халдаж, хариуцлага тооцдог хүн байдаггүй бололтой. Учрыг ухвал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой Ерөнхийлөгч Х.Баттулга холбоотой гэх. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Ариунболд нь хоёр намын дунд гүйж ашиг хонжоо олж авдаг төдийгүй аль ч намд нэлээд гүнзгий бат нуугдах нүхтэй гэнэ.

 

Тэгвэл одоо мэргэжлийн бус, “МОНЦАМЭ” агентлагийн даргаар найман жил ажилласанаас өөр ажлын дадлага туршлагагүй хэмээн ад шоо үзэгдэн, гологдон байж энэ том орд газрын захирлаар сууж өөрийн мэт ашиглаж байгаа Д.Ариунболд гэгчид хэн хариуцлага тооцох вэ. Өнөөх бидний шүтэн , магтан дуулдаг шударга, зарчим ч ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас айсаар байна уу.

Одоо ингэж халгаж суулгүй Монголын минь том орд газрыг өөрийн мэт ашиглаж, аяглаж буй Д.Ариунболд гэх нөхөртэй хариуцлага тооцох цаг болжээ гэдгийг үүгээр сануулах гэсэн юм.

“60 тэрбум”-ын хэрэгт нэгэн яамны газрын дарга шалгагдаж эхэлжээ

-АТГ-Т Г ГЭГЧ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БУСДААС АВЧ БАЙГАА БИЧЛЭГ ИРСЭН ГЭНЭ-

МАН-ын удирдлагууд төрийн албан хаагчдаас босгохоор төлөвлөсөн “60 тэрбум” төгрөгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Албан тушаалд очихдоо авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийт 3000 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-аас мэдүүлэг авч шалгасан. Тэгвэл саяхан АТГ болон Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Баян ……..” ХХК-ийн захирал Б гэгч өргөдөл өгчээ.

Тэрээр Хорлоо овогтой Д түүний хүү ………..  яаманд газрын дарга ажилтай Г нарт 200 сая төгрөгөө залилан мэхлүүлсэн тул шалгуулахаар гомдол гаргаж байна. 2015 оны  зургаадугаар сарын 16-ны өдөр Хорлоо овогтой Д, түүний хүү нэгэн яаманд газрын дарга ажилтай Г нар нь М…. компанийн нэрийг барьж, манай компанийн тусгай зөвшөөрөл нь их хэмжээний алттай, 200 сая  төгрөг зээлээч, уул уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээр эргүүлээд өгье гэж хэлсэн. Мөн Д нь Монгол Ардын Нам сонгуульд ялахаар манай хүү газрын дарга болоход дээрх мөнгийг зарцуулна, намын дарга нарт өгнө гэж хэлээд 200 сая төгрөг зээлсэн.

Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл нь ямар ч алтны нөөцгүй байсан бөгөөд намайг залилсан гэдгийг сүүлд мэдээд мөнгөө нэхтэл удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хорлоо овогтой Д-ийн хүү нь 2016 оны УИХ-ын  сонгуулийн дараа нэгэн яаманд газрын дарга болсныг саяхан мэдсэн. Надаас залилан авсан 200 сая  төгрөгөөрөө төрий албан тушаал худалдан авсан болох нь тодорхой байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэх утга бүхий өргөдөл өгсөн байна.

Энэ талаар нэгэн эх сурвалж “Нэгэн яамны газрын дарга Г болон түүний ээж нар “Баян ……..” ХХК-ийн захирал Б-гээс 200 сая төгрөгийг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө зээлсэн болох нь хоёр компанийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, бэлэн мөнгөний баримт зэргээс тодорхой харагдаж байгаа. Мөн яамны газрын дарга албан тушаалтай Г нь 200 сая төгрөг өөрийнхөө ажил дээр тоолж, ширээн дээрээ өрж байгаа бичлэг ирсэн.

Одоогоор Г гэх нэгэн яамны газрын дарга бусдаас 200 сая төгрөг зээлэн авч, МАН-ын удирдах албан тушаалтнуудад өгч, төрийн албан тушаалыг  худалдаж авсан эсэхийг шалгаж тогтоох ажил хийгдэж байна. Хэрэг мөрдөн шалгах ажил дөнгөж эхэлж байгаа болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Төрийн албыг наймаалцаж, мөнгө босгох гэж байгаа талаарх “60 тэрбум” төгрөгтэй холбоотой бичлэг олон нийтэд ил гарах үед 200 сая төгрөгөөр газрын даргын албан тушаал худалдаж авах талаар мэдээлэл цацагдаж байсан” гэв.  Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ойр дотны хүн 200 сая төгрөг бусдаас зээлж аваад, МАН-ын удирдлагуудад өгсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл өгч байв.

Эх сурвалж: Б.ЗОРИГТБААТАР

С.Бямбацогт: Багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарах нь төрийн үүрэг

Ховд хотноо Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” баруун бүсийн улсын зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, багшийн үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцооны талаар хэлэлцлээ. Мөн сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийн чанар, стандартын асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хүүхдийн хөгжил хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн болон адил тэгш боловсролын үйлчилгээ хэрэгтэй хүүхдийн төлөө чухам юу хийх ёстой талаар санал солилцжээ.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ “…Багш хүн, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн багш нар монгол хүний амьдралын чиг шугмыг заагч, Монгол улсын ирээдүйн хувь заяаг тодорхойлогч чухал ажил албатай хүмүүс. Тэр ч утгаараа ерөнхий боловсролын салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх тодорхой гарц шийдлийг олж хэрэгжүүлэхэд энэхүү зөвлөгөөний гол ач холбогдол оршиж байна. Боловсролын салбарын хөгжлийг ярихгүйгээр, багш нарынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдэхгүйгээр хувь хүний хөгжил, цаашлаад улс орны хөгжлийн тухай ярих нь дэндүү өрөөсгөл…” гэсэн юм. Мөн Монгол улсыг байгалийн баялаг биш харин дэлхийд үнэлэгдэх мэдлэг боловсролтой хүн л хөгжүүлнэ гэдгийг тодотголоо.

Түүнчлэн багш нарыг бэлтгэх сургуулийн босго өндөр, бас элсэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэг илүү байх ёстойг чухалчиллаа. Зөвлөгөөнд оролцогчид багшийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадварт нь таарсан хөдөлмөрийн үнэлэмжтэй байх нь өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцнэ гэдгийг хэлж байсан. Ингэж байж багш өөрийгөө хөгжүүлэх, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах урам зориг нэмэгдэнэ гэдгийг ч онцолж байлаа. Тэд бүсийн нэмэгдэл олгох, татвар зээлийн хөнгөлөлт үзүүлэх замаар төвлөрлийг сааруулж, алслагдсан бүсээ хөгжүүлэх, алслагдсан бүсийн багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр илүү анхаарал хандуулах ёстой гэсэн С.Бямбацогт гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Дашрамд дурдахад өнөөдөр төрөөс төсвийн нийт орлогынхоо 5-ны 1-ийг боловсролд зарцуулж байгаа юм. Гэхдээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт эргэж өгөөжөө өгдөг учраас энэ хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай зарцуулах тал дээр нэг талаас төр, нөгөө талаас сургууль боловсролын байгууллага, багш нар хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр тогтлоо. Энэхүү зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал бүрээр төрөөс холбогдох шийдвэрүүдийг гаргаж хамтран хэрэгжүүлэх юм.

НЭРИЙГ БҮТЭН ДУУДАХАД ХУВЬ ЗАЯА ТЭГШИРДЭГ

Надад яагаад ийм нэр өгсөн юм бэ. Бусад хүүхэд Цэцэгээ, Гэрэлээ, Маралаа гээд сайхан нэртэй байхад би нэрээ хэлэхээс ичиж байна гээд хошуугаа унжуулах бяцхан охиныг хараад юм бүхэн учиртай, учир бүхэн тайлалтай гэж бодож билээ. Дуудах нэрийг эцэг эх өгдөг бол дуурсах алдрыг хүн өөрөө олж авдаг. Шинэ хүн мэндлэхэд эцэг эх нь ламаас нэр асууж, хувь заяаг нь тэгшилдэг уламжлал өнөөдөр мартагдахад хүрчээ. Гурван өдрийн дотор нэр хайрлаж, аав нь насан туршдаа дуудуулах тэр эрхэм нэрийг нь хөвгүүн байвал баруун чихэнд нь, охин төрвөл зүүн чихэнд шивнэдэг монгол заншил бий. Энэ нь дээд тэнгэртээ шүтэн залбирдаг монголчуудын эртний ёс заншлын дагуу баруун талыг эрэгтэй хүнээр, зүүн талыг бүсгүй хүнээр төлөөлүүлдэг байсантай холбоотой юм. Бяцхан үрдээ танхил насанд нь дуудах чамин нэрийг биш өтөл насанд нь дуудахад тохиромжтой нэрийг сонгох нь чухал байдаг аж. Мөн өгөх нэрээ бичсэн цаасыг ваартай будаанд хийж шигшдэг нь нэр алдар нь будаа шиг өсөхийг бэлгэддэг юм байна. Хэрэв үүнээс олон хоног нэр өгөхгүй удвал хувь тавилан нь өөрчлөгдөнө гэж цээрлэдэг аж.

Энэ мэт монгол хүн болж төрөөд нэр авахдаа хүртэл олон бэлгэдлийг агуулдаг сайхан монгол уламжлалыг бидний өвөг дээдэс өвлүүлэн үлдээсэн байдаг. Даанч энэ уламжлал өнөөдөр мартагдах дөхжээ. Залуу хосууд хувь заяаг нь тэгшлэх бэлгэдэлтэй нэрнээс татгалзаж, чамин хээнцэр, богино нэрийг эрхэмлэдэг болжээ. Хэдийгээр энэ нь хүний эрхийн асуудал ч үр хүүхдийн тань хувь тавилан, ажил, амьдралтай холбоотой гэж бодохоор санаж явах асуудлын нэг яахын аргагүй мөн билээ.

ХҮНИЙ НЭР АРАНШИНГ НЬ ИЛЭРХИЙЛДЭГ

Заримдаа сонин, содон нэртэй хүмүүс таардаг. Хүнбиш, Бибиш, Энэбиш зэрэг үгүйсгэсэн нэр нь цаанаа нарийн утгатай юм байна. Хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд өөрийн хүүхэд биш хэмээн ийнхүү домнож нэрлэдэг ажээ. Энэ нь аюул даллах далдын хүчийг “хуурах” зорилготой байж. Харин үзмэрчид төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж үздэг. Мөн “Монгол ёс заншил” төвийн тэргүүн Б.Батболдын “Тэнгэр заяат эрэмгий монголчууд” номонд “Хүний нэр тухайн хүний зан араншинг илэрхийлдэг. Тиймээс шинэхэн төрсөн үрдээ аядуу зөөлөн, бэлгэ дэмбэрэлтэй нэр өгвөл хүүхдийн хувь заяа, зан төлөв нь нэрээ дагаад тэгширдэг. Харин төрснийх нь дараа нэрийг нь солих, өөр нэрээр дуудахад хувь заяа нь төөрөлдөж, элдэв аюулд өртөх нь элбэг” хэмээн бичжээ. Энэ бас л бодууштай. Үүнээс гадна хүүхдийн нэрийг хагасалж дуудах нь хувь заяаг нь хагасалдаг гэж тус номонд бичсэн байна. Тэгэхээр монголчуудын нэрний соёл өөрийн гэсэн түүх бэлгэдэлтэй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм.

БОГИНО НАСТАЙ ЦЭЦЭГНИЙ НЭРИЙГ ХҮҮХЭДДЭЭ БҮҮ ӨГ

Аливаа нэрийг хайрлахдаа хувь хишгийг нь бодож, дүүрэн бэлгэдэлтэй нэрийг өгөх нь зүйтэй байдаг аж. Хүн төрөхдөө л өөрийн хүнс, хувь тавилангаа дагуулж ирдэг учир тэдгээр сав нь үргэлж дүүрэн байгаасай гэж “Дүүрэн” гэсэн тодотголтой нэрийг хайрлавал буян заяа нь тэгширдэг юм байна. Харин эцэг эхчүүд мэдлэг, шүтлэг, хайхрамжгүй байдлаасаа болж шинэ хүндээ өөрсдийн нэрийг таллаад өгчихдөг. Энэ нь хамгийн буруу гэж “Буяны цагаан зам” гандантэгчилэн хийдийн хамба лам М.Сайнжаргал онцолсон юм.

Тэрээр “Энэ нь өөрийн зовлон шаналал, өр шир хувь заяаныхаа талыг хүүхэддээ наачихлаа гэсэн үг. Тиймээс өвгөдийн болон өөрсдийн нэрийг хэзээ ч бүү өг. Мөн цэцэг их богино настай учир хүүхэддээ цэцэгний нэр битгий өгөөрэй. Үзэсгэлэнт төрхөө нэг л удаа гайхуулаад удахгүй хагдарах аюултай” гэсэн юм.

Нэр гэдэг бидний хувьд энгийн юм шиг хэрнээ олон далдын хүч бэлгэ дэмбэрлийг агуулдаг ажээ. Тэгвэл зарим судлаач, лам нар хэрхэн нэр хайрлах, ямар бэлгэдлийг өгүүлэх тухай ингэж зөвлөж байна.

Хамбалам Д.Чойжамц: ТӨРСӨН ӨДӨРТЭЙ НЬ УЯЛДУУЛ

 
-Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх гээд бүх зүйл нарийн дэгтэй. Нэр хайрлахдаа эхлээд аавынх нь нэртэй хоршихуйц  дуудлага эвтэйхэн байна уу гэдгийг анхаар. Мөн төрсөн өдөртэй нь уялдуул. Хэрэв хүүхэд тогтдоггүй айл шинэ хүнтэй болбол цээрлэх нэр өгөх хэрэгтэй. Ийм нэртэй хүүхдүүдийг шоолоод хэрэггүй. Харин ч хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Буян заяаг нь дүүрэн байлгах бэлгэдэлтэй нэр хайрласнаар таны хүүхдийн хувь тавилан дардан байх болно. Мөн хүүхдээ зөв хүмүүжүүлснээр бид хүн болж төрснийхөө хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өтлөх насны аз жаргал нь хүүхэд сайн явахад оршино.

Бурхан урлаач Д.Ухаанзаяа: ХҮҮХДЭД БУРХНЫ НЭР ӨГӨХ САЙН

-Хүүхдэд нэр өгөх тусдаа судар онол, тогтолцоо бий. Эхлээд аав ээжийнх нь нэрийг судалдаг. Үсэг бүхэн өөрийн махбодьтой байдаг. Эцэг эхийн нэрэнд усан махбодь давамгайлбал шинэ төрсөн хүүхэд усан махбодьтой өдөр төрчихөж гэсэн үг. Тэгэхээр Сүмбэрбилгүүн гэсэн нэр тохиромжтой. Учир нь битүү далайн усанд доошоогоо найман түмэн бээр, дээшээгээ найман түмэн бээрийн хэмжээнд сүмбэр уул оршиж байна. Мөн хүүхдэд бурхны нэр өгөх сайн. Бидний дунд Намсрайжав. Дэмчиггарав, Гонгоржав, Банзрагч, Сундуйжав, Жамсран, Манал гэсэн бурхны нэртэй хүн элбэг. Жишээ нь Манал бол эмийн хаан, отчийн хаан гээд хөх лагшинтай бурхан юм. Тэгэхээр тухайн хүн жаахан бие муутай байсан байх нь.

Бясалгалч Ц.Саранцэцэг: ХҮНИЙ НЭР ДЭЭР ҮЙЛИЙН ҮР НЬ КОДЛОГДДОГ

-Хүний нэрий хэдэн мянган жилийн тэртээгээс оноочихсон байдаг. Түүнээс аав ээж, лам өгч байна гэж бодож болохгүй. Учир нь тухайн хүүхэд төрөхдөө л нэрээ  авчихсан түүнтэйгээ зохицохуйц зан араншин, хувь заяагаа зурчихсан төрдөг. Хүний нэр дээр эхнээсээ үйлийн үр нь кодлогдчихсон байдаг юм. Тиймээс нэрийг дутуу, хагасалж дуудахыг цээрлэдэг. Бүтэн нэрээр нь дуудах тусам заяа буян нь тэгш байдаг.

Зууны мэдээ
Ч.Гантулга

БНАСАУ-ЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ БА ҮНЭН ХУДЛЫН ДЭНС

БНАСАУ-ын тухай мэдээлэл ба үнэн худлын дэнс

Хойд Солонгосын дэглэм хаалттайн дээр-“дэлхийн дайсан” гэсэн дүр төрхийг өөртөө бүрдүүлчихсэн байдаг болохоор Пхеньянд болж буй гэх ямар ч мэдээлэлд хүмүүс итгэх хандлагатай байдаг билээ.

Саяхан буюу энэ сарын 21-нд Өмнөд Солонгост БНАСАУ-ын төлөөлөгчид албан ёсоор айлчилсан. Хойд Солонгосын “Самчжиён” хөгжмийн нэгдлийн долоон төлөөлөгч тус улсад айлчилж, Өмнөд Солонгост болох Олимпын нээлтийн үеэр хийх тоглолтынхоо тайз, заслыг шалгасан. Харин эдгээр долоон төлөөлөгчөөс дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан хүн бол төлөөлөгчдийг тэргүүлж явсан дуучин Хён Сон Воль билээ.

2013 онд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүд түүнийг Ким Чен Унтай амрагийн харилцаатай байсан, “аймшигтайгаар үхсэн” гэх мэдээлэл цацагдсанаар тэр алдаршсан. Хойд Солонгосын удирдагч түүнийг тоглолтдоо хэтэрхий ил задгай даашинз өмсөж гарч ирсэн хэмээн буудах тушаал өгсөн гэдэг. Тэгвэл өнөөх амиа алдсан эмэгтэй нь гайхалтайгаар дахин амилсан мэт гарч ирж, олны амыг ангайлгажээ.

Энэ түүх нь Хойд Солонгосын дэглэм үнэн, худал нь мэдэгдэхгүй олон хачин мэдээллийн бай болдгийг харуулж байна. Ингээд БНАСАУ-ын тухай аймшигтай хэр нь хөгжилтэй, худал цуу яриа болсон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Танканд даруулж үхсэн нууц амраг

Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонин 2013 оны наймдугаар сард БНАСАУ-д порно тараасан хэргээр 10 хүнийг нийтийн өмнө буудсан гэх мэдээллийг нийтэлсэн билээ. Тэдний дунд Ким Чен Уны нууц амраг асан, Хойд Солонгосын дуучин Хён Сон Воль байв. Түүнийг болон хамт олныг нь хэтэрхий ил задгай бүжиг хийсэн гэж баривчилсан гэнэ. Харин дуучин бүсгүйг порно бичлэгт зураг авхуулж, тараасан гэж буруутгажээ. Ингээд тэднийг бусад хөгжимчид, гэр бүлийн гишүүдийнх нь өмнө цаазалсан гэжээ.

Энэ түүхийг Хойд Солонгосоос дүрвэж ирсэн, цэргийн өндөр албан тушаалтны охин гэж өөрийгөө танилцуулсан Лим Хи Ён нэмж хачирлаж ярьжээ. Тэрбээр энэ цаазын ажиллагааг харсан гэх бөгөөд энэ ажиллагааны дараа тэдний хамаатан садан гээд сургуулийн сурагчид нийлсэн 10 мянган хүнийг цөлсөн гэжээ.

Гэтэл тэрхүү цаазлуулсан гэх бүсгүй өнгөрсөн ням гарагт гэгээн дүрээрээ гарч ирэх нь тэр. Түүнээс цаазлуулсан гэх тухай асуултыг хэн ч асууж чадаагүй байна. Харин Хён Сон Воль бусад асуултад зөвхөн инээмсэглэсэн байдалтайгаар өнгөрөөж, Олимпын цогцолборыг сайн бэлтгэсэн байна, хүндтэйгээр зочилсонд талархлаа л гэжээ.

Хорих лагерьт орсон хөлбөмбөгийн дасгалжуулагч

БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-д мултарсан билээ. Дэлхийн хамгийн хаалттай орны баг анхандаа хэвлэлийнхний анхааралд маш их өртөж байсан юм. Тэдний багийн дасгалжуулагчийг тэмцээний үеэр хэвлэлийн ntojjM оролцоход зөвхөн улс төртэй л ”Холбоотой асуулт тавьж байлаа. Ингээд амжилтгүй тоглож, Бразилд 1:2-оор, Португалд 0:7, Зааны ясан эрэгт 0:3-аар хожигдож гэртээ харьсан.

БНАСАУ-ын төрийн телевиз ч Португалын шигшээтэй хийсэн тоглолтыг 0:3 харьцаатай байхад нь тасалчхаад дараа нь өөрийнхөө багийг ялсан гэж мэдээлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээ хүргэсэн. Харин дасгалжуулагч Ким Жон Хуныг хорих лагерьт илгээж, хоногийн 14 цаг хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэжээ.

Бодит байдал дээр тус улсын шигшээ баг ялагдал амссаны дараа Ким Жон Хун “11 дүгээр сарын 25” багийн дасгалжуулагч болж, 2011, 2013, 2015 онд улсынхаа аваргаар шалгарчээ.

Нохойд тасчуулсан “саарал кардинал”

Ким Чен Уны нагац ах Чан Сон Тэк нэгэн цагт тус улсын хоёр дахь гол хүнд тооцогдож байлаа. Ким Чен Ирийн үед өндөр албан тушаал хашиж байсан тэрбээр хүү нь төрийн эрхэнд гарахад ч маш их тусалж байв. 2013 онд түүнийг авлига авсан, зугаацаж цэнгэсэн хэргээр саатуулжээ. Шүүхээс түүнийг засгийн эрхийг булаан авах оролдлого хийсэн гэж үзэж, цаазын ял оноосон байна.

Харин цаазын ялыг хэрхэн гүйцэтгэсэн тухай олон цуу яриа дамжсан. “Саарал кардинал”-ыг өлсгөлөн 120 нохойд тасчуулж идүүлсэн ч гэж байлаа. Мөн амьдаар нь шатаасан гэж байв. Тэр ч бүү хэл зенитийн буугаар буудсан гэж байлаа. Өмнөд Солонгосын хэвлэлүүд гэр бүлийн бүх гишүүн, нялх хүүхэдтэй нь хамт хөршийнх нь нүдэн дээр устгасан гэжээ.

Харин Хойд Солонгосоос түүнийг буудаж хороосон гэж албан ёсоор мэдэгджээ.

Газрын зураг дээрх хар толбо

Хойд Солонгосын зургийг сансраас авахад Өмнөд Солонгосын гялалзсан их гэрлэн дунд БНАСАУ хар толбо харагддаг гэдэг. Энэхүү зургийг “Чөлөөт Ази” радио станцаас анх нийтэлсэн бөгөөд NASA-raac авсан зураг гэж мэдэгддэг.

Гэхдээ сайтар ажиглавал энэхүү зурагт зөвхөн БНАСАУ-ыг бус, Владивосток, Хятадын хил хэсгийн зургуудыг ч хамтад нь оруулжээ. Үнэндээ БНАСАУ эрчим хүчээ хэмнэдэг ч байдал тийм ч аймшигтай бус. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн усан цахилгаан станц ашиглалтад оруулж, салхин цахилгаан станц ч байгуулж байгаа. Мужуудад шөнийн цагаар бүүдгэр гэрэлтэй байдаг ч огт гэрэлгүй бол биш гэж шинжээчид мэдэгджээ.

Селфинээс болж цаазалсан нь

2016 оны Рио-де-Жанейрогийн зуны Олимпын нэгэн алдартай зураг бол Өмнөд Солонгос, Хойд Солонгосын гимнастикчин охид Ли Ин Жун, Хон Жон Юн нарын селфи юм. Хоёр охин тэмцээний үеэр танилцаж, дурсгал болгон зургаа авхуулжээ. Энэ зураг дэлхий нийтэд найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болон тархсан юм.

Гэвч зураг нийтлэгдсэний маргааш Британийн “Dailystar’”хэвлэл энэхүү гэрэл зургаас болж Хойд Солонгосын тамирчин охин хатуу шийтгэл амсаж магадгүй, эх орондоо очоод цаазлуулж ч мэднэ гэж бичжээ. “Тус улсын өлсгөлөн иргэд хоол хулгайлсныхаа төлөө, бас Өмнөд Солонгосын кино үзэж. Библи уншсаныхаа төлөө шоронд суудаг” гэж сэтгүүлчид мэдээлжээ.

Гэвч Хон Жон Юн тэрхүү зургаас болж шийтгэл амсаагүй төдийгүй шигшээгийн карьераа өндөрлүүлж, Хойд Солонгосын уран сайхны гимнастикийн холбооны бүрэлдэхүүнд оржээ. Тэрбээр албан ёсны хэд хэдэн арга хэмжээнд гимнастикчийнхаа хувиар оролцсон юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.