Чингэлтэй дүүргийн сувилагч нар тангараг өргөж, багш, шавийн гэрээ байгуулав

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс дүүргийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зарласан  “Эмчийн үйлс-Бидний бахархал” аяны шилгүүдийг тодруулах арга хэмжээний үеэр эрүүл мэндийн байгууллагад ажилд шинээр орсон сувилагч нар тангараг өргөлөө.  Мөн  Залуу сувилагч нарыг туршлагатай сувилагч нар халамжлан хүмүүжүүлэгчээр авч багш, шавийн гэрээ байгуулсан байнаba88dfe1d541128e86fac6b97ec60159

Элэгний хорт хавдрын эмчлэхэд нэг тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгалаа

Элэгний хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авахад зориулж нэг тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт нэмж суулгалаа.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Хотын шуудын  2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Тэрээр, өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийслэл 415,5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй  үүнээс мөнгөн хөрөнгө  270.1 тэрбум төгрөг  байна. Эргэлтийн хөрөнгийн 27.4 хувь  буюу 114.1 тэрбум төгрөгийг  орон нутгийн төсөвт байгууллагуудын  эргэлтийн хөрөнгө эзэлж байгааг хэлэв.  Мөн нийслэлийн тєсвийн ерєнхийлєн захирагчийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нийслэлийн Аудитын газраас “Зөрчилгүй” гэсэн  санал дүгнэлт  єгснийг онцоллоо. Түүнчлэн засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэл хэмнэж болох зардлууда аль болох хэмнэснээр төсвийг 14.4 хувиар дутуу зарцуулсан гэсэн мэдээллийг тэрээр хэллээ.

Харин нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардалд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулав. Тодруулбал нийслэлийн хот тохижуулах зардалд гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардалд 625.0 сая төгрөг нэмж, хотын шуудын орон нутгийн төсвийн байгууллагуудын 2015 оны төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалтыг холбогдох хууль, журмын хүрээнд тооцож, 1 тэрбум 406.9 сая төгрөгийн зардлыг төсөвт нэмж, нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2016 оны эхний улирлын төсвийн зарцуулалтын дүнд үндэслэн ахмад настан, оюутан, сурагч нарын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж, нийтийн тээврийн хэрэгслийн цагийн зардлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх зардалд 9.7 тэрбум төгрөг нэмж, Нийслэлийн үйлчилгээний төвийн Мишээл, Драгон төвүүдэд ажиллах ажиллагсадын зардалд зориулан Нийтлэг үйлчилгээний газрын төсөвт 295.4 сая төгрөгийг нэмж тусгуулах зэрэг хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулан өргөн барьж байгаагаа танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн 2016 оны төсөвт оруулах эдгээр өөрчлөлтүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдын ажлын байрыг баталгаатай байлгах, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллахыг сануулж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс элгэний хорт хавдарыг эмчлэх тоног төхөөрөмж худалдан авах зардлыг нийслэлийн 2016 төсөвт тусгах санал орууллаа. Эдгээр саналыг нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид дэмжсэнээр   хотын шуудын урсгал зардал нийт 5,4 тэрбум орчим төгрөгөөр  буурч 299 тэрбум 676.5 сая төгрөг болж байгаа бол нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 5 тэрбум 149.2 сая төгрөгөөр буурч, 396 тэрбум 428.3 сая төгрөг болж байна

 

МХЕГ-ынхан “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа”аянд нэгдэхийг уриаллаа

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулах аян улс орон даяар өнөөдрөөс эхэллээ. МХЕГ-ын хувьд  орон даяар эхэлсэн нэмэлт дархлаажуулалтын аяны явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулах юм.

14 хоног үргэлжлэх уг аяны хүрээнд МХЕГ, НМХГ–аас 30 хүртлэх насны 80 гаруй ажилтнуудаа нэмэлт дархлаажуулалтад хамруулсны зэрэгцээ, бусад төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд газар аваад байгаа улаан бурхан өвчний дэгдэлтийн эсрэг хамтдаа тэмцэж, энэхүү аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэхүү вакциныг тарихдаа хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгах журамтай аж.  Харин жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлөх бөгөөд 18-30 насны  охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас  хойших сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Аутизмыг таниулах ДЭЛХИЙН өдөр” болно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тоот тогтоолоор 2008 оноос жил бүрийн 4-р сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах ДЭЛХИЙН өдөр” болгон тэмдэглэж иржээ.

Монгол Улсад энэ өдрийг 3 жилийн өмнөөс “АУТИЗМ МОНГОЛ-АНД” ТББ-ын санаачилгаар анх тэмдэглэж эхэлсэн. Энэ 2016 оны 4-р сарын 2-ны өдөр АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Аутизм Монгол-АНД” ТББ хамтран “Аутизм гэж юу вэ?”  сэдвийн доор өдөрлөг зохион байгуулж,  анх удаа эрүүл мэндийн салбарын төлөөллүүд аутизмын хүрээний эмгэгийн талаар зөвлөлдөх гэж байна.

Уг өдөрлөгт эрүүл мэндийн салбарынхнаас гадна аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, уг асуудлыг сонирхон судалж буй судлаачид оролцох юм.

С.Янжмаа: Нарны харшил нь арьс цайрах өвчин, хорт хавдрын эхлэл болох аюултай

2ebb9aed6ab33cbaoriginal (1)

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс, харшлын их эмч С.Янжмаатай ярилцлаа. 

-Хавар, зуны улиралд хүмүүсийн харшил их хөдөлдөг. Энэ юутай холбоотой вэ? 

-Харшлын өвчнүүд дотор улирлын шинж чанартай нь дийлэнх хувийг эзэлдэг. Тэр дундаа ургамлын тоос, тоосонцор, нарны харшил нь зуны улиралд эрчимждэг бол өвөл буурч, шинж тэмдэггүй болж намждаг. Арьсны өвчин судлалын үндэсний төвд үзүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн дунд амьсгалын замын харшил тэр дундаа ургамлын тоос, тоосонцрын харшилтай хүмүүс ихэсч байна. Ургамлын тоос тоосонцрын харшлыг дунд нь гурван бүлэгт хувааж үздэг. Модлог ургамлын харшил нь дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд зургаадугаар сарын эхэн хүртэлх хугацаанд илэрдэг. Мөн үет ургамлын харшил бий. Одоо хүмүүсийн үет ургамлын харшил хөдөлдөг үе. Үет ургамалд ерхөг, согоовор, биелэг гэх ургамлууд багтдаг. Наадмын дараагаас эхлээд зэрлэг ургамал буюу шарилж, луулийн харшилтай хүмүүсийн харшил хөдөлж эхэлдэг. Нарны харшлын хувьд жил бүр гуравдугаар сарын дунд үеэс эхлээд зуны турш үргэлжилдэг.

-Нийт хэдэн төрлийн харшил байдаг юм вэ?

-Шалтгаанаасаа хамаараад тоолж баршгүй олон төрлийн харшил бий. Сүүлийн жилүүдэд хоолны харшил нэмэгдэж байгаа. Хоол ундандаа анхаарал тавьж сонголтоо зөв хийх хэрэгтэй. Энэ тал дээр мэргэжлийн хяналтынхан сайн анхаараасай гэж боддог. Хилээр маш олон төрлийн шошготой доторх найрлага нь үл мэдэгдэх бүтээгдэхүүн их орж ирж байна. Манайхан хугацаа, гаднах байдлыг нь хараад таалагдвал авч хэрэглэдэг. Доторх найрлагыг анхаарах хэрэгтэй. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх учраас дор бүртээ анхаарч шалгах ёстой.

-Харшлын шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

– Ургамлын тоос тоосонцорын харшлын хувьд хүнд илрэх шинж тэмдгүүд нь өөр өөр. Ургамлын харшлын үед ихэвчлэн нулимс гоожих, нүд улайх, загатнах, хамар битүүрч, нус гоожих, найтаалгах шинж тэмдгүүд илэрдэг. Ерөнхийдөө илрэх шинж тэмдэг бүх хүнд адилхан байдаг боловч сорилын шинжилгээгээр өөр өөр ургамлын харшилтай болохыг тогтоодог. Тиймээс харшил хөдлөхөөс урдчилан сэргийлэх, хөдөлсөн үед мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ бичүүлэх зайлшгүй шаардлагатай. Нарны харшил гэдэг нь нарны хэт ягаан, хортой туяаны нөлөөлөл арьсны эсүүдийн хамгаалах чадвараас давж гарснаас болж үүсдэг. Нүүрний төвгөр хэсэг буюу хацар, хамрын арьс, гар мөр шуу, хүзүүний хэсгээр улайж гөвдрүүт тууралт гарах байдлаар эхэлж ажиглагддаг. Хүндэрсэн тохиолдолд цэврүүнцэр тууралт гараад, хагарч эдгэхээрээ соривжилт үүсэх хандлагатай байдаг учир хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авах шаардлагатай. Озоны давхрага цоорсноос үүдэн нарны хортой туяа ихэссэн учир зөвхөн хүн төдийгүй амьтан ургамалд ч сөрөг нөлөө үзүүлдэг.

-Нарны харшлаас яаж хамгаалах вэ? 

-Хэт задгай хувцастай явахгүй байх, тэр дундаа үдийн халуун буюу 12-16 цагийн хооронд гадаа явахгүй байхыг зөвлөдөг. Нарны харшилтай хүмүүс эмчилгээ хийлгэхээс гадна нарнаас хамгаалах нь их чухал. Гадуур явахдаа нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийтэд нарны харшил түгээмэл болж байна. Энэ нь нийт арьсны эмч, ард иргэдийн сэтгэлийг зовоосон асуудал болж байгаа. Яагаад гэхээр нарны харшил нь арьс цайх өвчин, арьсны хорт хавдрын эхлэл болох тохиолдол бий. Мөн арьсыг үрчийлгэж, хөгшрөлтийн процессыг хамгийн хүчтэй эр- чим жүүлдэг. Иймээс сүүлийн жилүүдэд нарны харшлыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулж байна.

– Харшил өгдөг хүчин зүйлээс гадна харшлын өвчлөлд сөргөөр нөлөөлдөг зүйл байдаг уу. Сүүлийн үед хийсэн судалгаа бий юу?

-Өвчнөөс нь хамаараад эмч нар янз бүрийн судалгааны ажил хийж байна. Зөвхөн арьсны эмч гэхгүй дотрын, сэтгэл судлаач, сэтгэл зүйч эмч нарын хийсэн маш олон судалгаа бий. Тэднээс ажиглаж байхад сэтгэцийн эмчийн судалгааны ажил онцгой анхаарал татсан. Тэр нь юу вэ гэхээр хүнд эсийн болон шингэний гэсэн хоёр төрлийн дархлааны систем байдаг. Дархлааны системийн тэнцвэрт байдлыг алдагдуулан харшлын өвчинд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь стресс гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс санаа зовох, байнгын стресст орохгүй байх нь чухал. Стресст орсноороо тухайн өвчнийг хүндрүүлэх байдал ажиглагддаг. Ялангуяа эцэг эх, эмээ өвөө нь хүүхдээ дагуулан эмчид үзүүлэхдээ санаа нь маш их зовсон байдалтай ханддаг. Тэгснээр хүүхэд өөрөө, би их хүнд өвдсөн юм байна гэсэн ойлголттой болдог. Ийм хүүхэд харшлын улиралд бусад айлын хүүхдүүдээс хамаагүй хүнд өвддөг. Энэ бол стресс нөлөөлж байгаагийн жишээ.

 -Стрессээс гадна тухайн хүний бие физиологийн онцлогоос шалтгаалах уу, яг ямар тохиолдолд харшлаар өвчилдөг вэ? 

– Харшил бол удамшлын өвчин биш ч удамших хандлагатай гэж үздэг. Тиймээс ээж аавын аль нэг нь харшлын өвчтэй байвал хүүхэд нь харшилтай байх магадлал 50, ээж аав нь хоёулаа харшилтай бол харшилтай төрөх магадлал 70-80 хувьтай гэсэн судалгааны дүн бий. Түүнээс гадна хүрээлэн буй орчин маш чухал. Хүн эрүүл орчинд амьдрах ёстой. Улаанбаатар хотын иргэдийн хувьд эрүүл зүлэггүй, хогийн ургамал ургаж, тоос шороо бургисан, өвөл нь асар их утаатай, агаарын бохирдол дунд амьдардаг тул харшил хамгийн хүнд асуудал болсон. Харшил нь яваандаа астма болж хүндэрдэг. Астма нь хүнийг амьсгалын дутагдалд оруулдаг хүнд өвчин учраас ийм байдалд орохгүйн тулд эмч нар төдийгүй төр засгаас анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон.

 – Цаашдаа бүрэн эдгэрэх боломж бий юу? 

– Харшил эмчилгээ сайн авдаг. Эмчилгээний үр дүн өндөртэй. Гэсэн хэдий ч цусанд хадгалагдаад үлдсэн харшлын бодис насан туршд нь байдаг учир сэдрэх магадлал хэзээд бий гэдгийг мартаж болохгүй

 -Харшлаар өвчлөгсдийн дийлэнх нь хэдээс хэдэн насных байдаг вэ? 

– Харшлаасаа хамаараад өөр байна. Хоол хүнсний харшлаар бага насныхан өвдөх хандлагатай байдаг. Амьсгалын замын харшлаар оюутан, сурагчид өвчлөх хандлага их байхад насанд хүрэгчдийн дунд бага бий. Настай хүмүүс өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр илэрдэг. Энэ нь нас ахиад ирэхээр дархлааны идэвхжил бага байдагтай холбоотой.

-Амьсгалын замын харшил юунаас үүсдэг вэ? 

– Ургамлын тоос тоосонцор, гэрийн тоос, хачиг, өрөө тасалгааны агаарт буй хөгцний мөөгөнцөр болон амьтнаас үүсдэг. Нохой, муурын үснээс харшилтай болох тохиол дол сүүлийн жилүүдэд ихэссэн. Хэрвээ нохой, муур гэртээ тэжээх гэж байгаа бол тухайн амьтанд тохирсон саван, шампуныг хэрэглэж, тохирсон хоол ундыг нь өгч чадах амьдралын боломжтой байх хэрэгтэй. Үгүй бол тухайн амьтныг зовоох, нөгөө талаасаа өөрсдөө давхар өвчлөх магадлалтай учир зөв тэжээж, арчлах шаардлагатай.

 – Аль нэг зүйлээс харшилтай бол өөр зүйлээс харшлах магадлал ихтэй гэсэн. Энэ үнэн үү? 

– Харшлын зөрлөг урвал хүний биед явагддаг. Ингэснээр харшлыг буруу таньдаг. Жишээлбэл, шарилжинд харшилтай хүн жимс, ногоо, алим, тооронд харшилтай байдаг. Өвөл ч гэсэн тоор жимс идэхээр шарилжны харшил нь хөдөлж байгаа мэт шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хоол унд, ургамлын харшил бүгд хоорондоо холбоотой. Нэг зүйлээс харшилтай болсон хүн өөр олон зүйлээс харшлах магадлалттай байдаг учир анхааралтай байх хэрэгтэй.

 – Дээхнэ үед хүмүүс харшил гэж төдийлөн ярьдаггүй байсан санагдах юм. Харин сүүлийн үед харшилгүй хүн ховор болж. Үүнд юу нөлөөлөөд байна вэ?

-Хоёр талтай. Нэг нь байгаль орчны нөлөө байна. Озоны давхрага цоорсон, үйлдвэржилт, хотжилт ихэссэн. Энэ бүхнийг бид өөрсдөө хийж, байгаль орчноо тодорхой хэмжээгээр бохирдуулж байгаа учир эргээд хүмүүст нөлөөлж болох юм. Түүнээс гадна хүмүүсийн амьдралын хэвшил өөрчлөгдсөн. Идэж ууж байгаа хоол, ундны бүтэц огт өөр болсонтой холбоотойгоор хүний бие мэдрэг, эмзэг болсон байж болно.

Э.ТӨВЧИМЭГ 
unen.mn

Эмчид үзүүлэлгүй өнгөрч болохгүй 6 өвдөлт

1435707087559326cf18484152006597201507010958

Заримдаа бид гэнэт хүчтэй өвдөхийг тэвчин тоолгүй өнгөрөөчихдөг. Гэвч таны бие аюулт өвчний анхны шинж тэмдгийг танд мэдэгдсэн байж болох юм. Эдгээр 6 өвдөлтийг эмчид үзүүлэлгүй өнгөрч огт болохгүй заавал оношлуулах хэрэгтэй.

1. Хэвлий хүчтэй өвдөх

Хэвлийгээр өвдөх цөс, нойр булчирхай, ходоод шархлаа, гэдэсний бөглөрөл, тэр ч бүү хэл үхэлд хүргэж болзошгүй мухар олгой ч байж магадгүй.

2. Цээж өвдөх

Цээж хавиар өвдөх нь уушигны өвчний шинж байж болно. Та амьсгалахгүйгээр хэдэн минут амьд явж чадах вэ заавал эмчид хандаарай.

3. Толгой хүчтэй өвдөх

Энэ бол хамгийн түгээмэл тэсч өнгөрүүлдэг өвчин. Толгой хүчтэй өвдөх нь тархины судасны бүдүүрэл байж болзошгүй. Энэ таны тархийг хэдхэн минутын дотор л гэмтээж болно. Заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.

4. Хөлийн хуруу нуруугаар өвдөх

Хөлийн хуруу, нуруугаар өвдвөл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Нурууны мэдрэлийн судас дискэнд хавчуулагдсан байж болзошгүй. Тоохгүй өнгөрвөл насны өвчин болно.

5. Хүйс татаж өвдөх

Хүйсний нүхний хавиар татаж өвдөж байвал мухар олгой байх магадлал өндөр. Мухар олгой ургасан тохиолдолд дотор муухайрч, бөөлжих, өтгөн хатуурах, суулгах, халуурах гэх мэт шинж илэрдэг. Дотроо хагарсан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй.

6. Гуя, тойг, шагай огцом хөдлөхөд өвдөх

Гуя, тойг, шагай огцом хөдлөхөд өвдөх, нэг талын хөл хавдах нь гүнийн венийн тромбоз ба тромбофлебит буюу венийн судасны буцах урсгалын бөглөрөл, судасны ханын үрэвсэл байж магадгүй. Энэ өвчин нь зүрхний шигдээс, тархинд цус харвалт өгдөг. Эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

 

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ХОТЫН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН “ЭРҮҮЛ МЭНД – 6” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

p19oufevgug7l1km1r08h8q16p11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн  Клауд Бодартыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Эрүүл мэнд – 6” төслийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд ноён Клауд Бодарт “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хэрэгжих гэж байгаа шинэ төсөл маань нийслэлийн гэр хороололд 10 орчим өрхийн эмнэлэг барих, нэг дүүргийн  нэгдсэн эмнэлгийг шинээр барих, эсвэл хоёр дүүргийн нэгдсэн эмнэлгийг засварлах, мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа юм. Бид 5 сарын хугацаанд зөвлөх багаа бүрдүүлж, дараа жилийн 5 сар гэхэд төслийн бүх бичиг баримт Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу баталгаажуулж, төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр төлөвлөж байна. Бидний зүгээс нийслэлийн 10 байршилд  шинээр барих гэж байгаа өрхийн эмнэлгүүдийг гэр хорооллын эмзэг бүлгийн иргэдэд чиглүүлж ажиллана” гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран шинэ төсөл боловсруулж, хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн зүгээс олон арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төслийн ажлыг Азийн хөгжлийн банкны бусад хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж ажиллах юм” гэдгийг тодотгон хэллээ.

Уг уулзалтын дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Беларусийн Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хамтарч ажиллах, автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотод Беларус улсаас угсараа автобус нийлүүлсэнд талархалаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлж, ажилдаа шуурхай орох хүсэлтэй байна” гэлээ. Харин  Беларусийн Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг дэмжиж байгаа уламжиллаа.

Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас зөвлөх үйлчилгээний зээл авах, тус агентлагийн зээл, зээлийн батлан даалтын талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатар хот гадаадын олон компанитай хамтран төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ авах зэрэг олон талаар хамтран ажилладаг. Аливаа нэг ажилд зөвлөх үйлчилгээ авсанаар тухайн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хийх боломж бүрддэг. Тийм ч учраас бид танай агентлагаас зөвлөх үйлчилгээний зээл авах сонирхолтой байна” гэв. Харин Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөгчид уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, бидний зүгээс судалдгааны ажлаа эхлүүлнэ гэдгээ дурьдлаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамрын цацлага эмийг зөв хэрэглэх нь

2035837594_MpLiyxQr_sinusitis-symptoms5B15D

Харшлын улирал эхлэх үед, мөн ханиад шуухинаа хүрсэн үед хүмүүс хамрын цацлага эмийн хэлбэрийг өргөн хэрэглэдэг.  Энэ төрлийн эмийг  зөв хэрэглэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг ба түүнийг зөв хэрэглэх тухай энэ удаа зөвлөгөө өгч байна.

Цацлага хэрэглэх дараалал:

1. Хамрыг цэвэрлэнэ.

2. Толгойг бөхийлгөн сууна.

3. Цацлагыг сэгсэрнэ.

4. Цамрын нэг нүх рүү цацагчийг оруулна.

5. Хамрын нөгөө нүхийг таглаж амаа жимийнэ.

6. Цацагчийг шахаж  аажим сорж үнэрлэнэ.

7. Цацагчийг хамраас аваад  толгойг өвдөгний хооронд  хүртэл бөхийнө.

8. Цөөн секунд болоод өндийж суухад эм залгиур руу орно.

9. Амаар амьсгална.

10. Нөгөө хамрын нүхэнд мөн адил цацна.

11. Эмийн савны цацагчийн хэсгийг буцалсан усаар зайлж цэвэрлэнэ.

 

Мэдрэлийн ядаргаанд эм хэрэггүй

ca36e1469f4863153de02c0b3595a977big

Хаврын улиралд бид өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй болдог. Зарим нь үүнийгээ  “Хаврын ядаргаа” гэж  оношлодог. Харин зарим нь “Мэдрэлийн ядаргаа” гэдэг. Энэ талаар Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн Мэдрэлийн тасгийн  их эмч Л.Амарсанаатай ярилцлаа.

-Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүмүүс цаг агаарын байдалтайгаа  дасан зохицох гэж багагүй зүдэрдэг. Олонх нь ядарч, нойрмоглодог. Үүнийг  зарим нь мэдрэлийн ядаргаа гэх юм. Ер нь мэдрэлийн  ядаргаа юунаас үүсдэг  юм бэ?

-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь тухайн хүн ямар нэг зүйлд дасан зохицохгүй,  ачаалал даах чадвараа алдаж мэдрэлийн эрхтэн тогтолцоо  түр зуур хямрах үзэгдэл юм. Хотжилт, хүн амын хэт бөөгнөрөлтэй холбоотойгоор  энэ өвчин сүүлийн жилүүдэд ихэсч байна. Өвчин үүсэх гол шалтгаан нь тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй, дотоод бухимдлаа гаргахгүйгээс болоод мэдрэлийн ядаргаанд өртөж байна.

-Энэ үед тархи толгой өвдөхөөс өөр ямар зовиур илрэх вэ.  Уурлаж уцаарлах, бухимдах, ядарч нойрмоглох нь энэ өвчний шинж тэмдэг мөн үү?

-Ерөнхийдөө ачаалал даах чадвараа алдана. Өмнө нь  30 минут хийдэг байсан ажлаа нэг цаг хийх гэх мэт. Юу ч хийсэн амархан ядарч сульдана. Мөн зүрх дэлсэх, артерийн даралт ихэсч, багасах, арьс хуурайших зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Цаашилбал бэлгийн үйл ажиллагааны алдагдалд орох, хоолны шингэц муудсанаас турж эцэх, хоолны дуршил буурах зэрэг  олон шинж илэрдэг.

-Хаврын ядаргааг хүмүүс мэдрэлийн ядаргаатай андуурах тохиолдол байдаг.  Мөн элдэв эм тариа, витаминыг  дураараа хэрэглэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ер нь аливаа эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь тохиромжгүй. Эмийг бичиж өгөх эрхтэй ганц хүн бол эмч. Тиймээс эмийг тухайн өвчинд тохирсон тунгаар зөв хэрэглэвэл үр дүн өгдөг. Харин эсрэгээрээ шаардлагагүй эмийг дур мэдэн уух нь хор болох аюултай. Тэгээд ч мэдрэлийн ядаргаанд эм тариа хэрэглэх нь зөв эмчилгээ биш. Дусал залгуулж, витамин уугаад асуудал шийдэгдэхгүй. Нэг л удаагийн сэргээх төдий алхам болно. Тиймээс иж бүрэн шинжлүүлж, төгс эмчилгээ хийж байж л ядаргаанаас гарна. Ядаргаанаас салах хамгийн гол эмчилгээний нэг бол тархины цусан хангамж сайжруулах. Энэ тохиолдолд биеийг тайвшруулж, эд эрхтэнг тэжээх эмчилгээ хийдэг. Учир нь тархи бүх эрхтнээ удирддаг. Таны эрүүл мэндийн картан дээр эмч хоол, хөдөлмөр, амралтын дэглэм барих гэж зүгээр ч нэг бичдэггүй. Ажил амралтаа зохицуулаагүйгээс бүх асуудал үүсдэг учраас дэглэм барих нь чухал. Хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Бухимдахаас аль болох зайлсхийх нь чухал.  Учир нь стрессийн гол шалтгаан уур бухимдал байдаг. Эхлээд өрхийн эмчдээ, дараа нь дүүргийнхээ мэдрэл, зүрх судасны эмчид хандах хэрэгтэй.

-Тэгвэл стресс, ядаргаанаас гарахын тулд яах ёстой вэ?

-Бухимдлаас сэргийлэх олон арга бий. Тухайлбал, дуртай зүйлсээ хийх, өөртөө цаг зав гаргах гэх мэт. Хэрэв та суудлын ажил хийдэг бол спортоор хичээллэх хэрэгтэй. Харин  байнгын хөдөлгөөнтэй ажил хийдэг бол гэртээ суугаад зурагт үзэх гэх мэт. Мөн цэвэр агаарт гарах, дасгал хөдөлгөөн хийвэл сайн амарч чадна.

-Мэдрэлийн өвчин мэргэжлийн онцлогоос шалтгаалдаг уу?

-Мэдрэлийн эрхтэн тогтолцоо оюуны ажил хийж байгаа үед хамгийн их ачааллыг авдаг. Аажимдаа мэдрэл туйлдаж, энэ өвчний урьтал үүсдэг. Биеийн хүчний ажил хэдий хэцүү ч хүн толгойгоо ашиглах шаардлага бага гардаг. Иймээс хүнд хүчир ажил гэхээс илүү оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс ихэвчлэн өвддөг. Насны хувьд гэвэл хүүхдүүд компьютер тоглоом их тоглож байгаа  энэ үед  мэдрэлийн эрхтэнүүд зэрэг ажилладаг. Иймээс энэ өвчинд насны ялгаа байхгүй. Эцэг эхчүүдэд,  зөвлөхөд хүүхдүүдээ гадаа агаарт уламжлалт тоглоомоор тоглуулах нь эрүүл мэндэд тустай  гэдгийг зөвлөх байна.

-Хүмүүс энэ өвчнийг  хүнд өвчин биш гээд  тө­дий­лөн тоодоггүй. Хүн­дэрвэл ямар аюултай вэ?

-Сэтгэцийн өвчлөлийн суурь болдог. Хоолны шингэц муудсанаас ходоодны шархлаа зэрэг өвчин амархан тусдаг. Мөн сэтгэцийн өвчин, зан төрхийн өөрчлөлтүүд үүсч, сэтгэл гутралд орсноор амиа хорлох тохиолдол ч гардаг.

-Хаврын улиралд энэ өвчлөл яагаад түгээмэл тохиолдоод байна вэ?

-Хаврын улиралд хүмүүс их ядаргаанд орж, ужиг хууч өвчин сэдрэх нь ихэсдэг. Манай тасгийг аваад үзэхэд  харвалт ихэвчлэн хавар тохиолддог. Учир нь өвлийн хүнд ширүүнийг дөнгөж  давсан үед  их ядардаг. Мөн хүмүүс ээлжийн амралтаа ихэвчлэн зун авдаг. Үүнээс харахад  7-8 сар завсар чөлөөгүй ажилласан хүмүүс ихэвчлэн ядаргаанд  орж байна гэсэн үг. Мөн цаг агаарын тогтворгүй байдал хүнийг туйлдуулдагтай холбоотой.

Э.БЭРЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Emch.mn

“Эрүүл Мэндийн Салбарт Тавтай Морил” Монголын шинэ, залуу эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжих анхдугаар уулзалт

“Эрүүл мэндийн салбарт тавтай морил” Монголын шинэ залуу эмнэлгийн мэргэжилтэнүүдийг дэмжих анхдугаар уулзалт 2015.05.09-ны өдөр 11:00-16:00 цагийн хооронд Төрийн ордны их танхимд болно.
Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбоо нь Монголын эрүүл мэндийн салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд салбарын ажилчдын оролцоог нэмэгдүүлж нэгдмэл байдлыг хангаж ажиллах, эрүүл мэндийн шинжлэх ухааныг сурталчилан таниулах зорилго бүхий байгууллага юм.
Энэ удаагийн “Эрүүл Мэндийн Салбарт Тавтай Морил” Монголын шинэ, залуу эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжих анхдугаар уулзалт нь Анагаах ухааны их, дээд сургуулийг их эмч, сувилагч, эм зүйч, био анагаах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй, лаборант, техникч, эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр төгсөгчид болон төгсөлтийн дараах сургалтанд хамрагдагсад, залуу эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн салбарын хөгжилд залуучуудын оролцоог идэвхжүүлэх, эрүүл мэндийн удирдах байгууллагуудаас шинэ эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, сургах талаар төрөөс баримталж байгаа бодлого, чиглэлийг таниулах, эрүүл мэндийн талаарх хууль эрх зүйн ойлголтыг таниулах, ёс зүйтэй ажилтан байх, нийслэлийн, хөдөө орон нутгийн улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын нээлттэй ажлын байрны талаарх танилцуулга, гадаад оронд мэргэжлээрээ ажиллах, сурч боловсрох боломж, бололцооны талаарх цогц мэдээллийг олгох зорилготой.
Үйл ажиллагаа зохион байгуулах болсон шалтгаан:
2015 онд анагаахын чиглэлийн улсын болон хувийн сургуулийг 2000 орчим эмнэлгийн мэргэжилтнүүд төгсөн гарч байна. Улсын шалгалтууд нь эхэлсэн удахгүй дипломаа өвөртөлсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төгсөн гарна. Одоо яах вэ?
Бид бүхэн залуусыг ажилд орох гэж таньдаг эрх мэдэлтэн рүү утас цохиж, хаалгыг нь манаж, хахуулийн хэдэн төгрөг атгуулах биш өөрсдийн хүчээр хүссэн чиглэлээрээ сурч, ажилладаг байхыг хүсч байна.

Гадаадын их дээд сургуулиудад суралцах,
мэргэжлээрээ ажиллах тухай

Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл холбооноос зохион байгуулж буй энэ удаагийн арга хэмжээний нэг хэсэг нь эрүүл мэндийн салбарын шинэ төгсөж буй залуу мэргэжилтнүүддээ гадаад оронд мэргэжлээрээ суралцах, түүнчлэн ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөх юм. Бид бүгд л өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн салбар сайн хөгжсөн оронд сурч мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, боловсрохыг хүсдэг ч үүний төлөө юу хийх, ямар шалгууртай байдаг,хаана хандах эсэхээ сайн мэддэггүй.
-USMLE, PLAB гэж ямар шалгалтууд байдаг?
-Гадаадад сурахаар хүсч байгаа бол таны хийх эхний алхам юу байх вэ?
-Ямар тэтгэлэг хөтөлбөрүүд байдаг?
-Хэрхэн яаж бүртгүүлэх?
-Бид бүхэнд өндөр хөгжилтэй оронд мэргэжлээрээ ажиллах боломж байгаа эсэх?
-Олон улсын их дээд сургуулиудад эрүүл мэндийн чиглэлээр суралцахад зуучлагч байгууллагуудын мэдээлэл, хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд.
Эдгээр асуултын хариултыг олоход туслах нь энэхүү үйл ажиллагааны  зорилго оршиж байна.