И.Эрдэнэцогт: Шинжлэх ухааны ид шидийн үзүүлбэр хүүхдүүдийн сонирхлыг их татдаг

  Хүүхдийнхээ төрсөн өдөр, үсний найр зэрэг арга хэмжээний үеэр эцэг, эхчүүд хүүхдээ болон бусад багачуудыг яаж баярлуулахаа сайн мэддэггүй. Дээрээс нь манайд ийм   үйлчилгээ ч төдийлөн дэлгэрээгүй байгаа. Харин хүүхэд багачуудад шинжлэх ухааны үндсэн дээр илбийн гайхамшигт үзүүлбэрүүдийг үзүүлэх шинэ төрлийн үйлчилгээ манай улсад нэвтэрчээ. Тодруулбал, ОХУ-ын Эрхүү хотын “Чарлэнд” шинжлэх ухааны Магий сургууль шинжлэх ухааны гайхамшигт ид шидийн хөгжөөнт үзүүлбэрүүдийг Монголын хүүхэд, багачуудад зориулан үзүүлж эхэллээ.

 

 

Уг төслийн бүх туршилтууд Эрхүү хотын их, дээд сургуулиудын химийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар боловсруулагдсан бөгөөд хими, физикийн хичээлийн үндсэн дээр илбийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. Түүнчлэн хөгжөөнт үзүүлбэрийг 5-18 насны хүүхдүүд үзэж болох бөгөөд өөрсдөө ч мөн оролцогч болдог аж.

 

 

 


Шинжлэх ухааны илбийн үзүүлбэрийн нээлт өчигдөр нийслэлийн 48 дугаар сургууль дээр болсон бөгөөд бид энэ үеэр И.Эрдэнэцогтоос дараах тодруулгыг авлаа.

-Шинжлэх ухааны илбийн үзүүлбэр гэхээр их сонирхолтой санагдлаа. Энэ талаар та тодорхой тайлбарлаач?
-Энэ “Чарлэнд” сургууль ОХУ-ын Эрхүү хотод өргөн дэлгэр тархсан, их олон хүний сонирхлыг татсан үзүүлбэр байдаг. Яагаад гэвэл физик, химийн хичээлийн суурин дээр тулгуурласан, сонирхолтой үзүүлбэрүүдийг хийдэг юм. Тэр үзүүлбэрүүд нь хүүхдийн сэтгэл санаанд тохирсон, жишээ нь гар дээр нь гал гаргах, шүдний оо хийж үзүүлэхээс эхлээд ультра гэрлээр зураг хүртэл зурж үзүүлж байна. Энэ мэтчилэн дөрвөн багц болгосон илбийн үзүүлбэрүүдийг ОХУ-аас оруулж ирж байна. Ингэхдээ Монголоос хоёр залуу аваачиж сар гаруйн хугацаанд сургаж бэлтгэсэн. ОХУ-д ч гэсэн энэ үзүүлбэрүүдийг хүмүүс төлбөртэйгээр захиалдаг юм байна лээ.
Бид өнөөдөр энэ илбийн үзүүлбэрүүдийнхээ нээлтийн тоглолтыг 48 дугаар сургуулийн долоодугаар ангийн хүүхдүүдэд зориулж хийлээ. Хүүхдүүдэд их таалагдаж байна. Өнөөдөр бага насны хүүхдүүд болон оюутан залуучууд төрсөн өдөр болон ямар нэг баярт үйл явдлуудыг ийм хөгжөөнт, танин мэдэхүйн аргаар тэмдэглэх нь зөв юм байна гэдгийг ОХУ-д очиж тоглолтыг нь үзээд бодсоны үндсэн дээр оруулж ирсэн юм.

-Манай ЕБС-уудад физик, химийн хичээлийг ихэнхдээ онолын түвшинд л заадаг шүү дээ. Гэтэл шинжлэх ухааны үндэстэй, тэгсэн хэрнээ хүүхдүүдийн сонирхлыг татсан илбийн үзүүлбэрүүд тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх юм шиг санагдлаа?
-Яг тийм. Би тэр утгаар нь үүнийг хүүхдүүдэд их хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай улсад олон төрлийн шинэ элементүүдийг шинээр нээж байна. Энэ утгаараа ирээдүйд физик, химийн мэргэжилтнүүд хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд энэ төрлийн илбүүдийг үзэж сонирхоод ирээдүйн мэргэжлээ ч сонгож болно. Яваандаа бас төрлийг нь нэмээд хүүхдүүдэд илүү олон сонирхолтой зүйлүүдийг үзүүлж болно.
-Энэ тоглолтын үзүүлбэрүүдийг сонирхож байгаа. Магадгүй хүүхдийнхээ төрсөн өдөр дээр авчруулахыг хүсч байгаа эцэг, эхчүүд байгаа байх. Хүмүүс таньтай яаж холбогдох вэ?
-Хүмүүс хүссэн үедээ 96869090 гэсэн утсаар залгаад бидний үзүүлбэрийг захиалж болно.


Бид  энэ үзүүлбэрийн Маркетенгийн менежер Дарья Боковатай уулзлаа.

-Шинжлэх ухааны ид шидийн үзүүлбэр хүүхдүүдэд их таалагдаж байх шиг байна?
-Би өнөөдөр анхныхаа шоу тоглолтыг Монголд харлаа. Хүүхдүүд их баярлаж хүлээж авч байна. Манай шоуг олон хүн захиалж үзэх байх гэж бодож байна.

-Цаашдаа энэ үзүүлбэрүүдээ хэр олон хүүхдэд хүргэх вэ?
-Бид зөвхөн Улаанбаатар гэхгүй, цаашдаа хөдөө орон нутгаар ч гэсэн олон хүүхдүүдэд хүргэхийн төлөө ажиллана.