Бид далдагнуур үндэстэн биш

Ш.Даваадорж

Монгол  Улс  төвийг  байнга сахих статустай орон болох талаар өнгөрсөн сард НҮБ-ын 70-р чуулганы индэр дээрээс  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн хэлсэн үг  ёстой л загатнасан газар оноод  маажчих мэт  болсон. Загатнаад, бүр нэг болж өгөхгүй  байсан газраа олж, онож  маажуулахын  таашаал  ямар  байдаг билээ. Ганцхан  мань ч  бус, монголчуудын олонх  ийм таашаал авсан гэдэгт  нэг  их эргэлзэхгүй  байна.  Яагаад гэвэл  яг энэ асуудлыг  дэмжсэн  албан  бус хэлэлцүүлэг  нийгмийн  бүхий л  салбарт  ид өрнөж  байгааг  анзаараад үзээрэй. Сэтгүүлчийн  хувиар  би  ч гэсэн  үзэл  бодлоо  хуваалцахыг  хүслээ. НҮБ-ын  чуулганы дараахан  Үндэсний аюулгүй  байдлын  Зөвлөл  энэ санал, санаачлагыг хэлэлцэн  зөвлөмж  гаргаснаар Ерөнхийлөгчийн  зүгээс  хуулийн  төсөл  боловсруулан, УИХ-д  оруулахаар болоод  байгаа  нь  сайн  хэрэг. Төвийг сахисан  бодлого уг  нь  Монгол  Улсад  нэн  шинэ  зүйл биш  юм. Ерөөсөө  монголчууд  бидний  натур чанарт  “Эхийг  нь  эцээхгүй, тугалыг   нь  тураахгүй” байлгахыг  чухалчилсан  үзэл, баримтлал  оршсоор  ирсэн. 1921 оны  Ардын  хувьсгалын  дараа Зөвлөлүүдийн  орныг  дагах уу, Япон тэргүүтнийг  дагах уу  гэж  байхад  ч, Швейцарь  лугаа төвийг  сахисан  улс  болохын  зүйтэйг  хэлэлцэн  тунгааж  байсан  байдаг  шүү  дээ.  Монгол  Улс  1994 онд  Шинэ, ардчилсан  Үндсэн хуулиа  баталснаас  хойш  үндсэндээ хэлбэрийн  хувьд  хуульчлан  тунхаглаагүй л  болохоос,  агуулгын  хувьд  төвийг  сахисан бодлого  баримталж  ирсэн  гэвэл  маргаж, үгүйсгэх  нэгэн  нэг  их  гарахгүй  байх  аа.
Одоо  бид  албан  ёсоор, Монгол  гэдэг  улс  энэ  цаг  мөчөөс  эхлээд  хэнийг  ч  дагаж  далбаганаад  байхгүй,  хэн  нэгний  эсрэг  чиглэсэн  цэргийн  ямар  нэгэн  эвсэл, холбоонд  харьяалагдахгүй, өөрийн  газар шороо, нутаг  дэвсгэр  дээр бусдын  цэрэг, зэвсэг, техникийг байрлуулахгүй, дамжин  өнгөрүүлэхгүй, хэн  нэгний  газар, нутаг, хил, хязгаар  луу  халдахгүй,  бусдыг  ч  өөртөө  халдуулахгүй, том, жижиг, баян, ядуу  гэж  ялгахгүйгээр  бүхий  л  улс  оронтой  өөрийнхөө   итгэл  үнэмшлээр  эрх  тэгш, найрсаг  харилцсан  улс  орон  болж   байна   шүү  гэдгээ  хуульчлан  тунхаглах  л  гэж   байгаа  хэрэг  юм.
Түүнээс  биш  зарим  нэгний  ярьж,  бичиж, гуйвуулаад   байгаа  шиг  бидэнд  танил  бус, огт  байгаагүй, тохирохгүй, таарахгүй  цоо шинэ  үзэл  баримтлалыг  Ц.Элбэгдорж  гаргаж   ирсэн  ч  юм  биш. Өөрөө  л  санаж, сэдээгүй  бол  өөрөөс  нь  түрүүлж  сэдсэн,  хийсэн,  хэлсэн,  хөдөлсөн  болгонд  хорсон,  чулуу  нүүлгэж, муулж  байж   дураа  хангадаг  болсон  өнөө  цагийн зарим улстөрчийн   муухай  араншин  энэ  бүхнийг  мушгин, хөндөлдчих  вий  гэдгээс  харин  монголчууд  бид   болгоомжлох  хэрэгтэй  юм.  Улс  маань  байнга  төвийг  сахисан  статустай  орон болж  байгаагаа  хуульчлан  баталгаажуулбал дэлхий дахинд нэр  хүнд  маань өсөн нэмэгдэж, гайхагдан  хүндлэгдэнэ  үү гэхээс биш  бусдын  эгдүү, дургүйцлийг төрүүлэхгүй. Тэр тусмаа   мөнхийн  хоёр  хөршүүдийн эрх ашигт  харшлахгүй. Хоёр  хөршүүдийн маань  харилцаа  зузааран, бараг  холбоотон  болж, стратегийн  түнш  орнууд  болчихлоо. Үүнээс  гадна, дэлхийн  олон  улсын  харилцаанд  дахин “хүйтрэл”  үүсч,  хүчирхэг  хоёр  туйлд хуваагдах хандлага бий болж эхэллээ.  Ийм  нөхцөлд  бидний  түүх,  газар  зүйн  байрлал, сонгож  авсан замын онцлог, эрх  ашигт  маань  төвийг  сахисан  статус  хамгийн өлзийтэй байх болно.  Нэг  жишээг зүйрлүүлэн  татахад хэрэв бид Сирид  болж  буй  үйл явдал дээр АНУ тэргүүтэй  барууны  холбоотны  талд  талтай  бодлого  явуулж байсан бол, Орос, Хятад гэсэн  хоёр  хөршийнхөө өмнө эвгүй  байдалд орох  байлаа шүү дээ.
Зөвхөн  эндээс харахад  л бидэнд Швейцарь мэт төвийг байнга  сахисан бодлого ямар чухал болохыг анзаарч  болно.  Монгол  Улсын  нэр  хүнд  сүүлийн  жилүүдэд  урьд   байгаагүйгээрээ олон улсын тавцанд  өсч, бид бүс нутагтаа идэвхтэй, том бодлого явуулдаг орон  болсон. Ирэх жил дэлхийн  53 улсын  төр, засгийн  тэргүүнүүд оролцсон АСЕАМ-н дээд хэмжээний  ээлжит  чуулганыг  манай улс  хүлээн  авна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л Монгол  Улс  НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнээр  сонгогдлоо. Энэ бүхэн дэлхий дахин  бидэнд хэрхэн ханддаг  болсны  нэг  жишээ. Тэд биднийг  анхаардаг, бас  бидний үгийг сонсдог, бидний  хүч, чармайлт олон улсын  харилцаанд нөлөөлдөг болсныг харуулж  байгаа хэрэг. Ийм үед  бид тогтвортой, байнга төвийг сахидаг, тэгсэн хэрнээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг орон болсноо зарлан тунхаглах нь хамгийн оновчтой гэсэн бодол Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчид байгаа нь лавтай.
Ганц, нэг судлаач хэрэв  төвийг   сахисан  статустай болвол Монголд орж ирэх гадны хөрөнгө оруулалт буурна, бид  өөрсдийн  хүчээр  хөгжиж  чадахгүй, батлан  хамгаалах асуудалд  бэрхшээл  гарна  гэх  мэт үндэслэлүүдийг гаргаж, тайлбарлаж  байгааг  уншсан. Уншаад   санал нийлсэнгүй  ээ. Хэдийгээр би стратегич, улс төр судлаач  биш ч гэлээ Монгол Улсынхаа хөгжлийн шалтгаан, хүчийг дандаа  бусдаас эрж, хайж, өөрсдийгөө ингэж  үгүйсгэн, доош хийж байдаг хандлагатай ердөө ч эвлэрмээргүй байна. Бусдыг дагаж далдганасан биш, асуудлаа өөрсдөө шийдсэн, бусдын гарыг харж, халаасанд багтаж бус, өөрсдөө өөрсдийн үнэт  зүйлээ бүтээж, хөдөлмөрлөж, бусдад  бахархагдсан, эдийн засаг, санхүүгийн төдийгүй  шинжлэх  ухаан, оюуны  салбарт  хүчирхэг хөгжилтэй улс  орон болохсон хэмээн бид хэчнээн ихээр мөрөөдөж  ирлээ дээ.
Энд тэндгүй, хаа сайгүй энэ л сэдвээр  бид ярилцаж суудаггүй гэж үү. Өмнөд  Солонгос, Сингапур  өнөөгийн  хөгжилдөө  хүрсэнтэй адил хугацааг бид туулсан  хэрнээ тэдэнтэй  адил болоогүй  л  байна шүү дээ. Болдоггүйн шалтгаан  нь ердөө л бид  өөрсдийнхөө  хүчинд  огт  итгэхээ  байсантай холбоотой. Хөгжихсөн, хүчирхэгжихсэн гэж ярьж, бодохоос цааш гарахаа байсантай холбоотой. Гаднын хөрөнгө оруулалт, зээл, тусламж зогсчихвол яанаа гэхээс өөрсдөө бүтээе, өндийж  босъё  гэж огтхон ч оролддоггүй болохоор бид унжгар, сул дорой хэвээр байхаас яах  билээ.
Харин ч Монгол Улс байнга төвийг  сахисан  бодлого, үзэл,  баримтлалтай  орон  болсноороо  хөгжлийнхөө  гараанд  гарна. Манай ахмад, мэргэжлийн дипломатч, эдүгээ Геополитикийн хүрээлэнгийн  захирал Ж.Чойнхор гуай Монгол Улс  байнга төвийг сахисан статустай орон болохын  чухлыг  хөгжлийн  шинэ  гарц, улс, орны аюулгүй байдлын бас нэг баталгаа  гэж  тун ч оновчтой  тодорхойлсон  байсан.
“Үндэсний  үйлдвэрлэлээ  хөгжүүлцгээе”, “Үндэсний брэндтэй болцгооё” гэсэн  огт хэрэгждэггүй бодлогууд бодитоор  биеллээ олох  боломж  үнэхээр гарч  ирнэ.  Швейцарьчууд чухам төвийг  сахисан  орон болсноороо л  цаг, хутга, цэргийн  технологи, банк, санхүүгийн  брэнд  орон болж чадсан юм. Төвийг сахисан  орон гэдгээ зарласнаас хойшхи 200 жилийн түүхэнд тус улсын  нутаг  дэвсгэр  дээр нэг ч дайн, дажин гараагүй гээд  бод.
Өнөөдөр эдийн засгийн өрсөлдөх чадвараараа Швейцарь улс дэлхийд нэгдүгээрт  бичигдэж  байна. Энэ жишгээр хөгжиж буй арав гаруй орон бий. Төвийг сахина гэхээр хамгийн гол  нь тухайн улс  орон хамгаас түрүүнд өөрийн  хүчиндээ найдна гэсэн  үг. Өөрсдөө бүхнийг бүтээнэ, бүтээхийн тулд толгой, тархи, гар, хөлөө  хөдөлгөхөөс аргагүй болж  л  таарна  биз  дээ. Тэгэхээр хөгжлийн шинэ гарц гээд  байгаа  нь энэ  юм. Хамгийн гол нь төвийг сахисан бодлоготой  улс болсноороо  монголчууд бидэнд хамгаас үгүйлэгддэг санхүүгийн сахилга бат тогтоно. Бид хариуцлагатай, илүү бүтээлч, ажил  хэрэгч улс орон  болох  ёстой  болно.
Ипотекийн зээлээр орон сууцанд  орсон нөхрийн санхүүгийн сахилга бат,  мөнгөний тооцоо маш сайн болчихдог. Тэр  нөхөр урьдынх шигээ олсноо хамаагүй  зарцуулахаа байж, ууж, идэх, өмсөж,  зүүхээ хүртэл илт хямгадаад ирдэг. Үр дүнд нь мань хүн байртай  болно. Улс орон яг үүнтэй ялгаагүй. Цэрэг, батлан   хамгаалах салбарт ч гэсэн хөгжил ахиц  гарна. Гарцаагүй өөрийгөө хамгаалах  цаг тулвал хамгаалж л таарна биз дээ. Тэгж ярьвал цэрэг, дайны  урлаг гэж юу  байдгийг, цөөн  хүчээр  олныг  яаж  номхтгож болдгийг  монголчууд  л  дэлхийд таниулсан  үндэстэн  биш юм   гэж  үү.  Швейцарь  шиг  хүчирхэг армитай болж  яагаад  болохгүй гэж. Тэгээд  ч төвийг сахисан статустай улс орон дайн тулаанаас ангид байдаг. Хэнтэй ч дайсагналцахгүй, хэнийх нь ч талд орж хавсаадахгүй болохоор тэр. Гарцаагүй тохиолдолд НҮБ төдийгүй хэнээс ч, хаанаас ч туслалцаа авах, хамгаалуулах  эрхтэйгээрээ давуу. Төвийг сахисан  орон  болсноор аюулгүй байдлын бас нэг  дархлаатай  болохын учир  энэ  юм.
Төвийг сахисан  статустай  болсноороо  харин ч хөрөнгө оруулалт нэмэгдэх  болохоос буурах, багасах магадлал бага. Сүүлийн 25 жилд Монгол Улсын маш амжилттай  хэрэгжүүлж ирсэн олон  тулгуурт  гадаад бодлогын  үндсэн зарчмыг томруулвал ердөө л төвийг сахисан  бодлого  харагддаг. Амжилт олж  байгаагийн нууц нь энэ юм. Үүнийгээ албан болгож  хуульчилснаар бидний гадаад харилцаа энэ бүхэн зогсчихгүй. Төвийг сахисан зарим орон  зөвхөн  улс төр, цэрэг, дайны  хувьд аль нэг тал, эвсэлд  орохгүй  гэж  заахаасаа  гадна соёл, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт нийгэм, хүмүүнлэгийн салбар ч  бусадтай хамтрахгүй төвийг сахина гэж  хэт туйлшран хуульчилснаараа гадаад харилцаагаа  хумьсан  жишээг  харин  бид  дагахгүй  байх  хэрэгтэй.
Олон  улсын  хурал, чуулган, маргаантай  асуудлаарх улс хоорондын гэрээ, хэлцээ, хэлэлцээр, зуучлалыг харин ч төвийг сахисан улс орныг сонгож зохион  байгуулахыг аль  болох  эрмэлздэгийг бодсон ч хөрөнгө оруулалт, гадаад харилцаанд  үүсэх эерэг тал нь илүү  юм.

“Өвгөн Гэсэр лам” Цэвээн-Араашийн Чүлтэмжамцын түүх, шидэт явдлууд

89448b1bd1ba114doriginal_700x700Ард олноо   “Өвгөн  Гэсэр лам”  хэмээн  алдаршсан  Жагарын  наян нэгэн дөвчингүүдийн нэг,  тойн  эрдэнэ  Цэвээнраашийн  Чүлтэмжамц  хэмээх  зуунаас  зуун  дамжин    түмэн  олондоо   шүтэгдэж  байгаа эгэл бус   энэ хүн    Сайн ноён  хан аймгийн  Далай  Чойнхор вангийн  хошуу  буюу  одоогийн  Архангай  аймгийн  Цахир сумын  нутаг  Хойт  Тэрхийн эх    Халзанбүргэдэй  /Очирхайрхан / уулын  өвөр  хормойд  эрдэнийн  бумба  мэт  товойх  “Алтат  толгой”-д    XIV   жарны  Баригч  хэмээх  улаан   хулгана  жил  1816 онд  мэндэлж,  ная гаруй  насны сүүдэр  зэрэгцэн   XV   жарны  Ялгуусан  хэмээх  хөх  морин  жил 1894 онд жанч халжээ. Чүлтэмжамц  лам  өндөр биетэй,  алаг нүдтэй, шиврээ  сахалтай, гонзгойдуу  бор  царайтай сайхан залуу  байсан  гэдэг.

Энэ ер  бусын  ид  шидтэний  тухай  товч өгүүлбээс “…Чүлтэмжамц  хүүг  өлгийтэй  байхад   эцэг нь нас  барсан  тул  бага насандаа төрсөн  нутгаа орхин ээжийнхээ ах  дүү нарыг бараадан  Хөх нуур хэмээх  өгөөж  баян  хангайд  суурьшин,  зуны  цагт  нагац   нарынхаа  мал, идээнд  туслалцан,  бусад  үед нь  Тариатын   хүрээнд   шавилан  бурханы  номонд   шамдан суралцах болсон байна. Тийнхүү Тариатын  хүрээнд   шавилан сууж  байхдаа ер бишийн  ид шидтэй  болох нь мэдрэгдэж , номын багш нь хүртэл гайхан  бишрэх болжээ. Хүрээнд шавьлан  сууж  байхдаа  ном, эрдэмдээ ихээхэн  махруу  бөгөөд  өдөр шөнөгүй  суун, ихээхэн  шамдан  суралцдаг  байж.

Гэтэл хамт  суралцдаг  үеийнхэн нь   Чүлтэмхүүг  шөнө  орой ном  уншиж суухад нь айлгах санаатай бөгсөн  дээрээ  юм  зурчихаад  хатавчаар нь харуулахад ,  урдаа байсан  гурвалжин  будааг  аваад хонго руу нь шидэхэд  будаа бөхс рүү  нь шигдэхэд, нөгөөдүүл нь: “ Чүлтэм   аллаа, зүү шидчихлээ “ гээд  орилоход, Чүлтэм гарч очоод үлээхэд  будаанууд нь  үүрээд  унадаг байж гэнэ. Энэ үед  Хурлын  даа  Чүлтэмхүүгийн  багшийг  нэгэн өглөө  дуудаад, “Танай  Чүлтэм чинь  Сансалаас  үхсэн  хүн амилуулж, гудамжаар амьтан  хүн  айлгаад байдаг  боллоо, үүнийг нь  болиул” гэж гэнэ. Багш  нь “Аа  бас   хачин  юм даа, номоо шөнө дөл болтол  уншиж байгаад унтаад өгдөг юм. Өнөө  шөнө л нэг  харъя” гэж гэнэ. Тэр  шөнө багш нь нэлээд сэрэмжтэй унтаж  байтал, шөнө  дундын  үед  хүрээний ноход  шуугилдаад, эмэгтэй хүн  хөхрөөд  байхаар багш нь “Үгүй юу болоод  байна аа, Чүлтэм  байна  уу” гээд  гэрэл  гарган  хартал эрх нь шажигнаад унтаж байна гэнэ.  Өглөө нь  багш нь хуралдаа очтол, хурлын  даа “Танай Чүлтэм  чинь  хэд хоногийн  өмнө  нас барсан залуухан  эмэгтэйг  босгоод хүзүү, сээрээр нь тэвэрчихсэн, гудамжаар яваад,  амьтан  хүн айлгаад байхыг  манай гэсгүй   нар өнөө  шөнө үзсэн  байна,  түүнийг  хүрээнээс  хөөж  явуул”  гэжээ. Тэгээд л багш  нь өнөө  шөнө л сахья гэж бодоод, нэлээд сэрэмжтэй  эртхэн унтаад өгч гэнэ. Ид  нойрон  дунд нь  нохой  шуугилдаад  л  хүүхнүүд  хөхрөлдөөд унаж  гэнэ. Багш нь давхийж  сэрээд “Чүлтэм байна  уу”  гээд  гэрэл гаргаад хартал,  байх  шиг байна  гэнэ.

Босч очоод хартал,  “Өшиглүүрэндээ  дээлээ хийгээд,  хүн унтаж байгаа юм шиг  тавиад, ханын  толгойд эрхээ өлгөсөн нь,  эрх нь  өөрөө шажигнан  эргээд байна”  гэнэ. Багш нь  суун  тусан  залбирч “Би ямар  заяагаар  ийм ид шидтэй  хүнтэй  учирав аа” гээд, эрхинээс  нь адис аваад, орондоо ороод үүр цайтал нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр  бүдэг  бадаг  хаяарах үед,  үүд сэв  гээд, хаалганы оньс  мултраад  Чүлтэм  хүү  сэмээрхэн  орж  ирээд,  ор руугаа орчихож гэнэ. Үүр  сайхан цайнгуут   багш  нь босоод  галаа  түлэх  гэтэл Чүлтэм хүү “Багш аа, би түлье, та  яах вэ” гэж  хэлтэл, багш  нь “Үгүй,  зүгээр  багш нь түлье, өнөөдрөөс  эхлээд  чи  миний  багш, би чамд  ном  заана гэж  юу байх вэ. Надад  чи адис  тавь” гэжээ. Чүлтэм “Яалаа гэж  номынхоо  багшид адис  тавих вэ” гэхэд  багш  нь “Чиний  ид шидийг хэдэн  шөнө  дагаж, бүгдийг үзэж  харлаа. Чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ. Ингээд  багшдаа  эрхээрээ  адис  тавьж өгөөд  ид шид нь тодорсон  хүү  шуумаазаа  мөрөн дээрээ  тавьж  номын мөр хөөсөн  гэдэг. Тэр цагаас  хойш  Чүлтэмжамц   хүүг  “ Гэсэр лам” хэмээн  нэрлэн  хот,  саахалтаараа  байтугай  жалга ус, хотлоороо  хүндэтгэн  хүрээлж,  эрдэм  номд  сургах, эгэл бусын  гайхамшгийг нь хөгжөөн хөхүүлэх болсон байна.

Гэсэр сүмд  1842 онд  ” Урт  үүлэн” хэмээх  Гэсэр  цамын  хатуу сорыг  Манжийн  хааны  зөвшөөрлөөр  анх   цүглэсэн  бөгөөд  энэ  үйлсэд  Чүлтэмжамц  гэвш  гол  үүрэг  гүйцэтгэсэн  тул тэрбээр  сүсэгтэн  олонд   улам   хүндэтгэгдэж,  “ Үүл унадаг  өвгөн  Гэсэр лам” хэмээх   алдрыг  хүртсэн  байна.   Гэсэр ламын  олон  шавь нарын дотроос  Дорно дахины  анагаах ухааныг   өөрийн  орны хүн, амьтан, ургамалтай   холбон  судалж, өөрсдийн  онцлогт  тохирсон  эм, эмчилгээний  аргыг боловсруулж, уламжлалт анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн  Их эрдэмтэн, Маарамба Лүнрэг  Дандар, Аграмба    Санжайжав зэрэг  олон арван хүн  түүхэнд  мөнхрөн  үлдэж,  бүтээлүүд нь  Монголдоо төдийгүй  Энэтхэг ,  Түвдэд  өргөн дэлгэрч, одоо  хүртэл  хэрэглэгдэж   байна.

Тариатын  хүрээнд    XIV  жарны  Огоот баригч  хэмээх  харагчин  хулган  жил /1852  онд / Тэжээхүй  ухааны  Шампинлин хэмээх Манбын  буюу Оточийн дуган  байгуулж,  дацанг хичээллүүлэх  болон 1866  онд мөн хүрээнд  маарамбын  дамжаа барихад   Өвгөн  Гэсэр лам   Лүнрэг Дандар  Маарамбад багшийн  хувьд  ихээхэн   дэмжлэг   туслалцаа  үзүүлсний    сацуу  зарим  зүйлд  өөрөө  биечлэн оролцож байжээ.

Өвгөн  гэсэр ламын  төрийн зарлиг,  түмний  хүсэлт, олны  тусын тулд   гүйцэтгэж байсан, одоогийн  хүмүүс   үнэмшихэд  бэрх,  бас айдас ч хүрмээр   олон үйл хэрэг, нутаг  орондоо  үлгэр, домог  мэт  үе  дамжин  яригдаж  байсныг  нутгийн иргэдийн ярианд үлджээ.

Гол гатлуулсан нь

Далай ван  ноён  Богдод мөргөхөөр явахдаа, Гэсэр ламыг  бараа бологчийнхоо хамт авч явжээ. Замд  гол үерлэн  боож, хэд хоног саатах болохуйц ноён Гэсэр  ламд “Ид шидтэй юм бол энэ голыг гарга” гэсэн зарлиг буулгажээ. Гэсэр лам ч бараа бологчдод хандан “Та нар хөсгөө ачаалаад хойноос  оч” гээд  гол руу явжээ.                                                                                                       Нэг  хартал  Гэсэр лам голын  цаана гарчихсан  явж байна гэнэ. Голын   ус  дундуураа  ярагдан  жирийн  гүехэн  болж,  ачаа  хөсөг  шуудран  гол  гаталцгааж   ноёны  зарлигийг биелүүлж байжээ.

Халдварт өвчнийг таньж  устгасан нь

Гэсэр  лам  нэг  удаа   хэдэн  хүн  харуулд   гаргаж, “Аль нэгтэйгээс ганц  үхэр  тэрэгтэй  хүн  гарч   ирэхийг   харж бай. Хүрээ  рүү ойртуулж болохгүй, түргэн  хэлээрэй” гэжээ. Үдээс  хойхно ганц үхэр тэрэгтэй хүн гол өгсөөд  явж  байгаа  харагдана  гэнэ. Гэсэр ламд хэлтэл “Түргэн очоод тэнд нь байлгаж бай. Би  одоохон очно” гээд  өөрөө ч гарч  гэнэ. Үхэр  тэрэгтэй  хүнтэй очиж  уулзвал, үхрийн  мах  аччихсан, хүрээ  оруулж худалдах  тухайгаа  хэлж гэнэ.  Үүнийг  сонссон  Гэсэр  лам  бүгдийг  авахаар  үнэ  тохироод  дор нь   буулгуулж, нөгөөх  махны   эзнийг   тэндээс  нь буцаажээ. Өөрөө   жодгор  барьж ороод,  хамт   явсан хүмүүсийнхээ   хэдийг  нь модонд  явуулж, нөгөө   хэдээр  нь   гүнзгий  газар  ухуулан, хээр  гал  түлж, том   тогоонд   нөгөө махыг   өөрөө эвдэж  жижиглээд   чанаж  гэнэ. “Махыг   би  эвдэж  үйнэ. Та нар  гар  хүрсний  хэрэггүй, болохоор нь  надад  авчирч өгөөд  бай” гэжээ. Ганцхан  өдөр   бүтэн  үхрийн  мах ганцаараа идэж,  мөнөөх нүхэндээ  морь  харж   шороо  чулуугаар  дарж  булжээ. Тэр нь гоц халдварт   өвчнөөр  үхсэн  үхрийн мах байсан гэдэг.

Жагарын наян нэгэн  дөвчингүүдийн нэгтэй   уулзсан  нь

Нэг  хавар  дөнгөж  ногоо  цухуйнгуут  хавийнхаа   айлуудаар  тогоо нэрүүлж,  үүгээр  нэг  охь өгөөрэй  гээд  айл бүрт  нэг өндгөвч /лонх/  өгчээ. Нөгөө  охио  дахин  нэрүүлж   арз  болгожээ.  Тэгээд “Манайханд   өнөөдөр  нэг л  юм  ирнэ. Хүн,  мал, нохой,  шувуу  юу  ч   байж  мэднэ. Баянмөнх  чи сайн  харж  байгаад  надад  хэлээрэй” гэж  Гэсэр  ламтан  айлджээ.  Баянмөнх   гэдэг хүн  нь  Мишигийн  Мяйханбал  гуайн  элэнц   буюу  өвөг  эцэг нь байсан  ажээ.  Аминдаа л  нүд  салгалгүй  харуулдаад  байж.  Гэтэл  Гэсэр  ламын  уяан  дээр  урд  өмнө  ер  үзэж   хараагүй, нэлээд холоос   ирсэн  болов уу  гэлтэй   ихэд  гоё   эмээл, хазаар,  хударга  бүхий   хилэн  хар морь   уяатай  байх  нь тэр. Мань  хүн  ч  сандраад  гүйж  орвол, хүрэн  торгон  дээлтэй  үл  таних хүн  ирчихсэн, дундаа  цай, идээ,  архи   тавьчихсан   хуучилж  сууна  гэнэ.     Гэсэр  лам ч    Баянмөнхийг   “Энүүгээр  эргэлдээд   хэрэггүй  харь”   гээд  гаргажээ. Оройхон  юу  хийж  байгааг  нь үзмээр  санагдаад, түлээ  тэврэн  оруулж  өгдөг   хүн  болж  орохоор  дөхөж   явтал, дуу  нь  нэлээд  чангарчихсан  инээлдэж   байна  гэнэ. Тэгтэл  нөгөө  хүн  нь “Чамайг Вандансарнайх, намайг Арлозов  гэж  байхад…” хэмээн  өгүүлтэл,  Гэсэр  лам үгийг нь  таслан   “Боль, боль. Тээр  хөөе,  ам нь   халах  нь”  хэмээгээд   ихэд   хөхүүн  ярилцаж   байгааг  нь сонсоод орж  зүрхлэхгүй  буцжээ. Нар  шингэхийн  өмнөхөн   нөгөө  хүн   доод  үзүүр  тойроод   явж    байгаа  харагджээ. Үүнийг   тухайн   үедээ   Жагарын  наян  нэгэн  дөвчингүүд  уулзацгаах   шиг   боллоо   гэж    настайчууд  хуучилж    байсан  гэдэг.

Ид шидтэнийг бишрүүлсэн  нь

Богдын  хүрээний  Гандантэгчилин   хийдийн  гэвш  Дашдорж    гэж  хүрээ  даяараа  шүтдэг  ихэд   нэрд  гарсан  ид  шидтэй  лам  байлаа. Саяхан  болтол   хүрээ   хотлоор  элдэв  мэдэх мэдэхгүй  өвчин  тахал, ханиад   томуу   дэлгэрэхэд  Гандан   хийдийн   өвгөн  лам  нар Дашдорж  гуайн  тухай  ярьж,  дурсаж  бай  гэдэг  байжээ. Далай  Чойнхор  вангийн  хошууны  нэг   лам  Дашдорж  гуайтай  нэг   зиндаа  байж, тэрбээр “Чи  надтай  хамт   явж, манай  нутагт    хөдөөл. Чамд   хэдэн   юм   үзүүлье”   гэдэг  байж. Олон  дахин  гуйж  байж   нэг  зун   хамт  явж  гэнэ. Дашдорж  нь “Богдын  хүрээнээс  илүү   юу  л байв гэж”  гээд   тоохгүй л   байжээ. Тариатын  хүрээнд   очиж,  наян  тохой  Майдар, ерэн  тохой  Зонхов  бурхадыг  үзээд “Богдын  хүрээнд байхгүй  сайхан  шүтээнтэй  юм”  хэмээн  ихэд   магтан  эргэж   мөргөжээ. Тэр  үед  Гэсэр  лам  хөдөө   байсан  учир  уулзуулах  санаатай   элдэв  шалтаг  заан хэд  хонуулж  байтал,  ирээд   хурлаа  хурж   байгааг  дуулаад  Дашдоржийгоо  дагуулан  сүмийн   үүдэнд   очиж  “Миний  үзүүлэх  гэсэн нэг  юм тэр”  гэж  Гэсэр  ламыг  заатал   Дашдорж  нь “ийшаа”  гэж  хэлээд  алгаа   хавсран  ухарсаар   уулзалгүй  буцсан  гэдэг.
Гэсэр  ламын  гэрээслэл

Гэсэр  лам  жанч  өөд  болохынхоо  өмнөхөн  “Манай  нутаг, усныхан  намайг  үеийн   үед мартахгүй  дурсан  санаж  явбал  Шамбалын  дайнд  мордохдоо  намайг сураглаж  уулзана биз ээ. Би  тэр  дайнд  Базаррагчаа  баатар  нэртэй  цэргийн  жанжин  байх  юм. Энэ  Жавчиг   миний  морь   байх юм”  хэмээн   айлдаад   “Миний  цогц  шарилыг   Хөх  нуурын эхний  гурван  оньсны  дундах   сэтэрхий дээр нь бунхалж нутаглуулаарай! Би  тэнд  Улаан  албингийн  гүйдлийг   хаагаад хэдэн  үеэр  нь  сууж байя. Тэгвэл  энэ  нутаг  усныханд   аюултай   өвчин, тахал,  зовлон  гачаал  тохиохгүй, идэж   уухаар  элбэг, амар  амгалан аж   төрнө” гэж  гэрээслэл   захиасаа   хайрласан  гэдэг. Гэсэр  ламтанг   таалал  төгсний   дараа тав хоноод   Жавчиг  нь насан  өөд   болсон  ажээ.  Жавчиг  гэдэг  нь Сэрээтэрийн  Дисдаабазарын  хуланц  өвөө  нь   байсан  бөгөөд  ан  гөрөө  хийдэг, монгол  оросын  хилийн  харуулд  тохоон томилогдож   явсан төрийн  хар  хүн  байжээ.

Шавь  нар, нутаг   хошууныхан нь   Өвгөн  Гэсэр  ламыг   жанч халсны  дараа  шарилыг нь  өөрийнх нь  гэрээслэн  заасан  газар болох  Тарвагатай  нурууны   салбар  уулсын   нэг Содномдаржаа хайрханы  салбар   Хөх  нуурын   зүүн  урдах  гурван  оньсын  дундах  сэтэрхий  дээр  суугаа   дүрээр нь   бунхлан  нутаглуулж,  хожим нь  өөрийн  гарын  шавь   эрдэм номтой  Аграмба  Санжжав ламтаныг   ойролцоо бунхалсан  нь    өнөө  хүртэл  олон  арван   жилийн  нар, салхи, бороо  цасанд  гандаж,  элэгдээгүй   мөнхрөн  оршиж   байна.      Тэр ч бүү хэл  1960, 2000 оны намар  гарсан  хээрийн  түймрийн  их   гал  хоёр  ламтны  “шарилыг”  тохой  хүрэхгүй  зайтай  дугуйран  тойрон   өнгөрсөн  байсныг   харсан,  сонссон  бүхэн  гайхан биширч , их  ламтны “шарил”-ыг  онголсон  цэнхэр  уулсын   зүг  Гэсэр ламтныг    үе дамжин  шүтсээр    ирсэн  уугуул  нутаг,  хошууныхан   тасралтгүй    цувсаар   байсан ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монголчууд бид ер нь хэн бэ?

Ер нь монголчууд бид хэн бэ? Хаанаас гаралтай, ямар уламжлалтай, ямар шүтлэгтэй, сэтгэлгээ нь ямархуу, хүн – хүний болон хүн – байгалийн харилцаа нь хэрхэн зохицуулагддаг, амьдралын ямархуу горимтой, ертөнцийн үзэх үзэл нь хэрхэн бүрэлдэг, хөрш үндэстнүүддээ яаж ханддаг, иргэншсэн иргэдээс ямархуу ялгаатай, иргэншдийн замд орсон ХХ зууныг хэрхэн туулсан, үүндээ яажшуухан дасаж байгаа гээд үй түмэн асуулт аяндаа гарч ирдэг.

Дэлхийн хамгийн хүчирхэг гэгдэж явсан Монголын төр үнэн хэрэгтээ захын нэг эсэргүүцлийн хөдөлгөөний өмнө шалчийгаад өгдөг нууц юунд байна? Манайхан яагаад мод чулуунаас эхлээд гэгээрүүлэгч Будда, аврагч Христээс эхлээд чулуу модыг хүртэл зэрэгцүүлэн шүтэж чадаад байна вэ? Бид яагаад нийлээд барилга босгох хэмжээнд нэгдэх чадамжгүй атлаа хэн нэгнийхээ бүтээн байгуулалтыг нураах болохоор атгасан шагай шиг эвлэлдэж байдаг юм бол? Бид яагаад японд япон шиг, америкт америк шиг амьдарч чадаад байх мөртлөө монголдоо ирүүтээ л  эргээд “монголждог”  учир юунд байна? Бид бүхий л сул талаа ажиглаж мэдээд байгаа атлаа түүнийгээ давж гэтэлж хүчрэхгүй явдагийн учрыг хэнээс эрэх вэ? Бидний сэтгэл зүрхэнд байгаа далдын нэгэн хүч олж авсан боловсрол, бусдыг дууриан сурсан иргэншлийн дадал туршлагыг давамгайлаад байна уу?  Бас бидний тусгаар тогтнол, хөгжил дэвшил, мандал бадралын зам нь тоо томшгүй аз завшааны нийлбэр үү, эсвэл олдсон боломжийг сортоотой харсан сэргэг үндэстний хувь заяа юу?

Ихэнх иргэншсэн үндэстэн өөрсдийнхөө чухам хэн болохыг тодорхойлжээ. Үүнд олон жилийн судалгаа, ажиглалт, үндэстний онцлогийг бусадтай харьцуулсан шинжилгээ, өөр бусад үндэстний ажиглалт, орчин шинжлэх ухааныг ашигласан материалууд зэрэг олон номын сан дүүрэхүйц судалгаатай. Мэдээж хүн болгоны сэтгэлгээ өөр. Гэхдээ уламжлал, зан заншил, түүх, байгаль цаг уур, нийгмийн байгууламж, шашин шүтлэг, эрхлэх ажил төрөл зэрэг үй олон хүчин зүйлээс хамаарч тухайн үндэстэн өөрийн гэх өвөрмөц сэтгэлгээтэйй ажгуу. Монголчуудын сэтгэлгээний нийтлэг юу вэ?

Өөр зан заншил, шүтлэг, амьдралын хэв маягтай жуулчид бусад үндэстний сэтгэлгээний онцлогийг ихэд соргогоор ажигласан байдаг. Судлаач эрдэмтэдийн хувьд энэ онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэйнээр системтэйгээр авч үзнэ. Үүнээс гадна тухайн үндэстний гарал үүсэл, дайрч өнгөрсөн түүхэн цаг үе их чухал. Өдгөө антропологи, генетик, гений инжнерийн аргаар эдгээр онцлогийг тодорхойлж болох шинэ шинэ аргачлал, техник буй болжээ. Нүүрстөрөгчийн аргаар цаг хугацааг нарийвчлан тодорхойлохоос гадна нэн эртний чулуужсан яснаас ДНХ гаргаж авч чаддаг боллоо. Мөн митохондрийн ДНХ гарган хэн нь хэнээс хаанаас гаралтай болохыг тодорхойлж чаддаг болсноос хойш хүний нүүэл болон гарал үүслийг тодорхойлох төвшинд орчин үеийн шинжлэх ухаан хүрчээ.

Зохиолч Б.Цэнддоо монголчуудын зан заншил сэтгэлгээний онцлогийг олон жилийн өмнөөс сонирхож ирсэн юм. Тэрээр хөдөө малчин айлд төрж өсөж улмаар сумыэ төвд сургуульд сурч, аймгийн төвд арван жилээ дүүргэж, Улаанбаатарт МУИС-д суралцан, Намын төв хорооны мэдлийн сонинд ажиллаж, улмаар гадаадын олон оронд айлчилж жуулчиж явсан нэгэн. Иймээс харьцуулах асар их баялагтай болсноос гадна уг хүн нь өөрийгөө, цаашлаад өөрийн үндэстний сэтгэлгээний онцлогийг сонирхон, энэ талын материал ихийг цуглуулжээ.

Ингээд 2000 оноос доктор С.Идшинноровын удирдлага дор “Монгол дахь соёлын довтолгоон – 1956-1964 он” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний судалгаа хийж эхэлжээ. Энэ бол маш сонирхолтой сэдэв. Юун түрүүн энэ сэдвээр урьд нь хэн ч судалгаа хийж байгаагүй. ХХ зууны Монголд болсон хамгийн ач холбогдолтой, гайхамшигт энэ компанит ажлыг тухайн үеийн нам засаг бараг л нууцаар хийсэн бөгөөд энэ ажлаасаа ихэд “ичдэг байсан” юм. Цэдэнбал дарга бусдын эд хөрөнгийг дээрэмдэн нэгдэлжих хөдөлгөөн “ялуулсныгаа” ХХ зууны Монголын, ерөөс Монголын нийт түүхэн дахь хамгийн аугаа сайхан хэрэг хэмээн бахархаж байн байн хуралд үүнээ дөвийлгөдөг байлаа. Гэтэл түүний Монгол оронд хийсэн хамгийн үнэт ололт нь чухамдаа энэ Соёлын довтолгоон байсан нь цаг өнгөрөх тусам улам тод харагдана. Үнэндээ дундад зууны хоцрогдолтой нүүдэлчид энэхүү соёлын довтолгооны кампанит ажлын үр дүнд ХХ зууны иргэншсэн ард түмэн болон өөрчлөгджээ. Нэлээд ширүүн дориун, захиргаан аргаар гүйцэтгэсэн энэ кампанит ажлаа гадныхнаас нуудаг, ичдэг, судлах байтугай ил ярьж түүхчлэхээс зайлсхийдэг байлаа. Иймээс үүнтэй холбоотой бичиг баримт, материал тун хомс, байсан нь төвлөрсөн архивт биш, харъяа яамны болон хөдөөгийн хөглөрсөн бичиг баримтад дараатй хэвтэж байлаа.

Цэнддоо эдгээр дараатай баримтыг хичээнгүйлэн эрж судласаар нэгэнтээ ардаа зургаан жилийг үджээ. Энэ хооронд багш нь талийгаач болж, өөрөө ч эрдмийн зэрэг хамгаалж Монголын сая сая докторуудын тоог нэгээр нэмэх анхдагч хүслээсээ татгалзахад хүрсэн юм. Харин цуглуулсан баялаг материалаа эмхлэн “Соёлын довтолгоо – Анхны эзэнт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” хэмээх баримтат уран сайхны хэлбэрээр бичсэн судалгааны бүтээлээ хэвлүүлжээ. Энэ бүтээлд нь түүнд Төрийн шагнал өгсөн юм. Энэ номоо өргөтгөн нэмж засварлаад “Соёлын довтолгоо – Хоньчноос барилгачин” нэрээр 2015 онд дахин хэвлүүлсэн билээ.

НЭПКО хэвлэлийн газраас АНУ-ын National Geographic – тай хамтран Монголын түүх соёлын тухай цуврал альманах зохион хэвлүүлж эхэллээ. Баабар “Монгол, монголчууд, Монгол орон – түүхийн альманах”, Ч.Болдбаатар, Д.Түмэн-Өлзий, Б.Цэнддоо “Монголын эдийн засгийн түүхийн альманах”, Б.Цэнддоо “Иргэншлийн замд – Монголын соёлын альманах” гэсэн гурван дэвтэр ном хэдийнээ хэвлэгдэн өргөн олонд очсон ба өдгөө дараагийн дэвтэр болох “Монголын цэргийн түүхийн альманах” ном бичигдэх шатандаа явж байна.

Цэнддоогийн “Иргэншлийн замд – Монголын соёлын альманах” бол Монгол хүний сэтгэлгээ, сэтгэлзүйн хөрөг болж чадсан байна. Энэ нь түүний урьд нь бичсэн “Соёлын довтолгоо” бүтээлээс хамрах цар хүрээ, цаг хугацаа, хөндсөн сэдвийн хувьд хамаагүй өөр. Түрүүчийн бүтээл нь илүүтэй баримтат уран сайхны (Мэдээж Цэнддоогийн болохоор хошин аястай) төрхтэй бол “Соёлын альманах” илүү буурьтай, системтэй, илүүтэй судалгааний шинжтэй.

Монголчууд бол хэдэн мянганы турш нүүдэлчин ард түмэн байсан. Зөвхөн ХХ зууны сүүлийн хагасаас л гэнэт иргэншиж, хотжиж, орчин үеийн байдлаар соёлжиж, үйлдвэржиж, хүн амын дунд ажилчин, сэхээтэн, хотынхон, суурингийнхан гэсэн давхарга буй болж, улмаар ажилгүйчүүд, нийгмийн паразитууд, хулигаанууд, гэмт хэрэгтнүүд гэсэн ангилал ч үүсчээ. Гэхдээ л иргэншээд удаагүй монголын сэхээтэн, ажилчин, үйлчилгээний ажилтан, хотынхон, хулигаанууд нь өөрийн уламжлалт нүүдэлчин төрхөө хүчтэй хадгалсаар. Цэнддоо бүтээлдээ чухам энэхүү нүүдэлчний өвөрмөц сэтгэлгээ ба иргэншиж буй шилжилтийн онцлогийг онцгойлон илэрхийлсэн байна. Монголчууд бид төр ёсны мянганы уламжлал, түүнээсээ урт соёлын өв түүхтэй ч гэсэн иргэншлийн хэмжүүрээр харах юм бол нялх үндэстэн болох тухай энэ бүтээл өгүүлнэ. Чухам эндээс өдөр бүхэн тулгардаг “Бид яагаад ийм байгаа юм бэ” гэсэн мянга мянган асуултын хариуг хайсан оролдлогууд эхэлнэ.

Амьдралын хэв маяг, байгаль орчноос гадна үндэстэний сэтгэлгээ тогтон хэлбэршихэд маш хүчтэй үйлчилдэг хүчин зүйл бол сүсэг бишрэл юм. Төв Азийн нүүдэлчид, түүний дотор монголчуудын сэтгэлгээний хэв загварт хамгийн их нөлөөлсөн, өнөөдөр ч тэр нөлөөгөө хадгалсаар байгаа сүсэг бол бөө мөргөл юм. Шашин, шинжлэх ухаан үүсэхээс өмнөх бүхий л хүн төрлөхтний сүсэг бишрэл нь бөө мөргөл байсан. Гэвч шашин, шинжлэх ухаан, хотжил, иргэншил үүссэнээр энэ бишрэлийг ихэнх үндэстэн хаясан. Хойд туйл, Сибирь, Төв Африк, Бразилийн ширэнгэ, Сахарын цөл, Австрали зэрэг алслагдсан газруудад бөө мөргөл өдий болтол үлдэн хоцорчээ. Гэхдээ Төв Азийн бөө мөргөл өөрийн давтагдашгүй онцлогтой. Төв Азийн нүүдэлчид галт зэвсэг гарах хүртэл дэлхийн хуурай газарт маш хүчирхэг байсан. Үүнээс уламжлаад Төв Ази руу зүсэн бүрийн шашин өөрийн нөлөөгөө халдаахын тулд үргэлж түрэн орж байлаа. Манэйхизм, Заратустра, Күнз, Бумба, Христианы нэстор болон францискан урсгал, буддизм, төвдийн сажапа, гармапа, гэлэгпа урсгалууд, Марксизмын ленинизм болон сталинизм гэх мэт. Шашны хүлцэнгүй үзэлт нүүдэлчид шашин болон урсгал болгоны элемэнт зан үйл, суртал номыг хүлээн авч өөриймшүүлэхийн зэрэгцээ энэ болгоноо үндсэн бишрэл болох бөө мөргөлдөө чимэг болгон баяжуулж байлаа. Иймээс Төв Азийн, тэрдундаа монгол нүүдэлчдийн итгэл бишрэл нь энэ ертөнцийн шашин болгоны элемэнтийг агуулсан хольц юм.  Овоо тахих, гал тахих зэрэг нь манэйхизмаас орж ирсэн бол гашуудлын үеэр улаан хар хослуулсан даавуу зүүдэг нь коммунистуудаас орж иржээ гэх мэт.

Коммунист нийгэмд монголчууд хүний гурван үе амьдарсан. Энэ бол нүүдэлчдийн хувьд түүхэн дахь хамгийн эрчимтэй өөрчлөлтийн үе байлаа. Чухам энэ үед иргэншиж, үйлдвэржиж, хотожсоны зэрэгцээ түүхэндээ анх удаа өмч хөрөнгөө хураалгасан, үзэл суртлаар амьсгалахгүй бол амь насанд цөвтэй үе ирсэн. Дээрээс тулгасан энэ шахалтанд монголчууд яаж зохицон амиа авч гарсан бэ? Байгалийн ямар ч хатуу ширүүнд зохицоод гардаг монголчууд хамгийн харгис дэглэмүүдийн үед ч зохицоод, хоёр нүүр гаргаад, хуураад, аргалаад цаад талд нь гарчих чадвартай аж. Гэтэл коммунизмын дараах өнөөгийн эрх чөлөөт Монголд дахин яаж хувирч, хийрхэж, пракматик зангаа харуулж, улам ахиж, барьцаа тавихгүй зүтгэж… нэг үгээр хэлэхэд шинэ нийгэмд хэрхэн хувирч дасан зохицож байгааг ч Цэнддоо судалгаагаар энэ бүтээлдээ нарийн сайн тусгажээ.

Ер нь монголчууд бид хэн бэ? Үүнийг Цэнддоогийн нүдээр харахад эрхгүй нэгийг бодогдуулна. Бид өөрсдийгөө хөндлөнгийн нүдээр харж чаддаггүй. Магадгүй монгол хүн өөрсдийгөө тэс хөндлөнгийн нүдээр харах гэсэн анхны оролдлого нь энэ бүтээл байх. Гадны хүмүүс хөндлөнгийн нүдээр харж чаддаг ч үүний цаад учир шалтгааныг ойлгодоггүй учир дэндүү өрөөсгөл байдаг. Харин энэ нэг л өөрөө…

2015.9.27