Ч.АМАРСАНАА: ХОЁР ТЭРБУМ ХҮН АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЖ БАЙНА.

Гадаадад суралцахыг хүсч буй оюутан залуустаа зориулан “Talk Talk English” сургалтын төвийн захирал Ч.Амарсайхны ярилцлагыг орууллаа.

o
Ан
гли хэлээр ярьдаг улс орон, хүмүүсийн гол ялгаа нь юундаа байна

Англи хэл өнөөдөр дэлхий дээр 700 сая орчим хүний эх хэл нь болж, 2 тэрбум хүн энэ хэлээр ярьж, олон улсын харилцааны НЭГ номерийн хэл болсон.

Бизнесийн харилцаа хил хязгааргүй болж байгаа энэ эрчимтэй хөгжлийн эринд Англи хэлний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Унаган Англи хэлтэй орнуудад төдийгүй Англи хэлийг 2-догч хэлээ болгон үзэж байгаа улсуудад хүртэл Англиар ярих өөр өөрийн өвөрмөц аялага дуудлага байдаг. Жишээ нь Германы, Францын, Японы, Оросын, Солонгосын Англи хэл гэх мэтээр байна.Эдгээрийн аялгууд нь бүгд өөр өөрийн эх хэлний авиа зүйн онцлогтой уялдан бий болдог ч дүрмийн хувьд бүгд ижил. Аливаа хэлийг сурахад аяллага дуудлагандаа маш сайн анхаарч аль болох стандарт хэллэгээр нь сурахыг эрхэм болгох хэрэгтэй.  Энгийнээр тайлбарлавал Монгол хэл сурах сонирхолтой гадаад хүнд дөрвөд Монгол, буриад Монгол эсвэл халх Монгол хэл заахтай ижил юм. Халх Монгол хэл сурсан гадаадтай дөрвөд, буриад аль ч Монгол нь ойлголцоно.Харин дөрвөд, буриад Монгол хэл сурсан гадаадтай халх, дөрвөд, буриад аль аль нь ойлголцоход бэрхшээлтэй. Яг л үүний ижил Англи хэл сурч байгаа хүүхэд залуучууд аль болох стандарт хэллэгийг нь л сурахыг эрхэм болгох хэрэгтэй. Монгол улс Англи хэлийг төрийн хоёрдогч хэл гэж албан ёсоор зарласан.

Англи хэлний олон чадварууд байдаг.  Сонсох, бичих, унших гэх мэт чадваруудыг хүн өөрсдөө хөгжүүлж болно. Харин ярих чадварыг бие дааж хөгжүүлэх боломжгүй. Ярих чадвар хүнтэй ярьж байж, амьд ярианд орж байж л хөгжинэ шүү дээ. Тиймээс манайх сургалтаа илүү амьд яриан дээр суурилан явуулдаг. Ярих чадварыг сайжруулснаар хүссэн ч хүсээгүй ч бусад чадвар дагаад хөгждөг.

Манай залуучууд маань ерөнхий боловсролын сургууль дараа нь их сургуульд нилээд олон жил Англи хэл үздэг тэгээд яагаад Англи хэл нь тийм сайжирдаггүй юм бол?

– Энэ бол маш том нухацтай ярих асуудал. Яагаад ийм байгааг уг нь Англи хэлийг төрийн 2 дахь хэл гэж зарласан, боловсролын яамны бодлого тодорхойлж, хөтөлбөр боловсруулж байгаа хүмүүсээс асуувал илүү оновчтой байх. Гэхдээ би яахав бас л Монголчуудаа англи хэлтэй болгохын төлөө баг бүрдүүлэн зүтгэж байгаа хүний тухайд өөрийн бодлоо л хэлье.

Минийхээр бол сургуулийн өмнөхөөс дунд анги хүртэл өөрөөр хэлбэл 2 наснаас 10 нас хүртэл төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэг сургуульд гадаад хэлний сургалт явуулахыг хуулиар хориглож 10 нас хүртэл бүх сургалтыг зөвхөн Монгол хэлээр явуулж эх хэлийг нь төгс эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгээд жинхэнэ сайн хөтөлбөртөй, маш чадварлаг багштайгаар дунд ангиас нь Англи хэлний болон бусад хэлний сургалтыг эхлүүлж бүх хүүхдүүдийг гараанаас нь зэрэг гаргах хэрэгтэй. Бидний ажигласан, судласнаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн Англи хэлний чадвар, мэдлэг ахлах анги хүртэл овоо дажгүй ахиж байгаад зогсож байгаа юм.

Өөрөөр хэлбэл ахлах ангиас сургалтын хөтөлбөр хүндэрч, дэндүү их зүйлийг үзэж судлахаар тусгадаг болохоор багш нар ч тэр хэмжээнд сургалтыг явуулж чадахгүй, сургалтын хөтөлбөр багшийн ур чадвар хоёр таарахгүйгээс сурагчдын Англи хэл сурах сонирхол, идэвхи оролдлого буурч сурагчид ахлах сургууль 12-р ангиа төгсөхдөө үндсэндээ 9-р ангийнхаа мэдлэгтэй төгсөж байгаа юм. Бүр товчхон хэлбэл ахлах ангийн Англи хэлний сургалтын хөтөлбөр багшийн энэ хөтөлбөрөөр заах ур чадвар хоёр таарахгүй байна. Манай боловсролын төв 2012 оноос 3-н жилийн хугацаатай Олонлог сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан англи хэлний сургалт явуулсан.

Олонлог математикийн шилдэг сургалттай сургууль 2015 оны ЕШ-ийн шалгалтанд тус сургуулийн төгсөгчид түүхэндээ анх удаа Англи хэлний шалгалтанд математикиас өндөр оноо буюу 645 : 629 оноо авсан. Энэ бол үзүүлэлт. Үүнд Олонлог болон манай төвийн удирдлага, багш, сурагчид бүгд сэтгэл маш өндөр байгаа.

Үүндээ урамшаад бид БСШУЯ, ХААН банк, Ахлах сургууль санаачлага ТТБ-тай хамтран СБД-ийн 35,58, 71-р сургуулиудын 8-р ангийн 350 орчим сурагчдад өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөөр 2015 оноос Англи хэлний сургалтаа явуулж эхэлсэн. Санхүүжилт тасалдахгүй бол энэ төсөл 5 жил хэрэгжиж энэ жилийн 8-р ангийн сурагчид маань 5-н жил манай хөтөлбөрөөр хичээллэн ЕШ-ийн шалгалт өгөхөд бид төрийн болон хувийн сургуулийн бусад төгсөгчидтөй үр дүнгийн харьцуулалт хийх зорилготой юм. 

Эцэст нь Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

– Эдийн засаг хямарч байна гээд нийгэм дээр дооргүй л сонин болоод байх шиг байна. Эдийн засгийн хямралын үед хүмүүс дагаж хямарч ерөөсөө болохгүй. Энэ хямралын үеийг зарим хүмүүс боломж болгож харах ёстой. Нэг л нартай өдөр манай эдийн засгийн энэ галт тэрэг хөдөлнө, хурдаа авна. Харин галт тэрэг маань өөрөө багтаамжтай, даацтай. Тэр галт тэрэгэнд багтаж суухын тулд Та зайлшгүй Англи хэлээ сайжруулах хэрэгтэй.

Англи хэл бол хувь хүний хөгжлийн гарц. Манай эдийн засаг хөгжихөд гадны хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол англи хэлтэй мэргэжилтэнгүүдийг л шаардана. Тэгэхээр үйлчлэгч, үүдний харуулаас эхлээд англи хэлний мэдэгдэхүүнтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Тэр шалгуурыг давахын тулдманай хүүхэд залуучууд өнөөдрөөс бэлдэх ёстой. Хямралын гээд байгаа энэ үед нөгөө алдсан мөнгөө эргүүлж авахын тулд англи хэлэнд хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Эдийн засгийн маань галт тэрэг хөдлөх гээд Таныг суулгах гэсэн Англи хэлгүй байна гэвэл Та одоо сураад ирье гээд явбал Таныг хүлээхгүй хөдлөөд цааш улам хурдаа авна харин Та гүйцэж чадахгүй хөгжлөөс хоцрох болно гэдгийг манай хүүхэд залуучууд сайн ойлгоосой гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Эх сурвалж:  http://www.talktalkenglish.mn/

Төрийн албан хаагч ч хүн шүү дээ

60081578d66c32abff272b118c48b541original3000 хүнийг цомхотгож, 2900 хүний цалинг танасан, сонгуулийн жилийн төсөв энэ намрын чуулганы анхаарлын төвд байна. Хэдийгээр 2016 оны төсөв эцэслэн батлагдаагүй ч болж байгаа процесст УИХ дахь бие даагчийн төлөөлөл хэрхэн дүгнэлт хийж байгааг тодруулж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Улс орны анхаарлын төвд улсын төсвийн асуудал яригдаж байна. Бие даагчдын зөвлөл даваа гаригт мэдээлэл хийхдээ ч төсвийн асуудлыг энэ долоо хоногт анхааралдаа авна гэж мэдэгдсэн. Төсвийн тодотголд хэмнэж болох зардлаа танаж чадсан уу?

-УИХ болон шийдвэр гаргах түвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн зүйл. Тодруулбал, зардлын бүтцийг оновчтой, хэмнэлттэй болгохыг оролдож байгаа нь зөв юм. Харин хир оновчтой сонголт хийж танав гэвэл бас ярих зүйл бий. Жишээлбэл, хямралтай үед хавтгайруулж цалин бууруулах тухай ярих бус хэрэггүй яамдаа оны эхнээс татан буулгаж төсөв хэмнэх тухай ярьсан бол иргэд зөвөөр ойлгоно, нийгэм дэмжиж хүлээж авна. Засгийн газар төрийн албан хаагчдын цалингаа бууруулж 2.5 тэрбум төгрөг хэмнээд Оюутолгойн зөвлөх гадны хоёр хүнд 2.5 тэрбум төгрөгийг нь өгнө гэхээр яаж дэмжих юм бэ?

Яг одоо зардал танаж чадсан эсэх талаар ярих боломжгүй юм. Төсвийн хэлэлцүүлэг дуусаагүй байна. Бие даагчдын зүгээс 80 орчим тэрбум төгрөгийн танаж болох зардлын саналаа гаргаж өгөөд, цалин бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

-Сонгуулийн төсөв болчих вий гэдэг хардлагыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн тодотголыг хархад Орхон аймгийн угтах хаалга, далбаа мандуулах өндөрлөг барих зардал гэх мэт хэмнэж болох зардалыг оруулж ирсэн байх юм. Энэ нь эдийн засагчдын хардлагыг улам нэмэгдүүлж байна?

-Тийм ээ. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг харахад зарим ач холбогдолгүй барилга байгууламж, арга хэмжээ их мөнгө зарахаар харагдаж байна билээ. Тиймээс, УИХ-аас томилогдох ажлын хэсэг энэ чиглэлд анхаарах биз дээ.

Зайлшгүй нэмэгдэх зардал гэж бас бий. Тухайлбал, төрөлт нэмэгдэж хүүхдийн тоо өсөөд, шинэ сургууль, цэцэрлэг шаардагдаж, тэнд ажиллах орон тоо нэмэгдэж байгаа нь буруу зүйл биш. Ер нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зардлыг танаж болохгүй. Эргээд том гарз гардаг. 2009 онд эмнэлгийн зардлыг механикаар 10 хувиар хасач, ариун цэврийн бодисоо хэмнэснээс болж хорвоод мэндэлсэн 12 хүүхэд эндсэн гашуун сургамжийг мартаж болохгүй. Тэр хасах санал гаргасан хүмүүст урьдчилж анхааруулаад ч, хохирол гарсаныг дуулгахад ч ойлгоогүй юм. Тиймээс одоо ч ийм зүйл гарч болох магадлалтай. Өндөр соёлтой нийгэмд бол хэвлэлүүд тэдгээр популистуудыг шүүрч авч шуугуулаад л болгож тавьдаг юм билээ. Манай гурав дахь засаглал ийм зүйл дээр өлгийтэй хүүхэд шиг атлаа муу зүйлд сайн гаршиж байна.

-Төрийн захиргааны албан хаагчдыг цомхотгох тухай хэлэлцэж байна. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-Үгүй. Төрийн албан хаагч ч гэсэн гэр бүлтэй, зээлтэй, амьдарч л яваа улс. Эдийн засгийн хувьд хараат бус байх хэмжээний цалин хөлс өгч байж авилгад өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг нь улс орнуудын нийтлэг жишиг. Зарим нэг дуусашгүй шуналтай нөхдүүдээр бүгдийг нь төлөөлүүлж ойлгож болохгүй.

-Шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулах нь зөв үү?

-Эхнээсээ л өгөх эсэх асуудлаа сайн судалж, ярьж байж шийдэх асуудал л даа. Өгч байснаа буцаагаад болих ч сайн зүйл лав биш. Хуулинд нь хараат бус байх, цалин, нийгмийн асуудлаа өөрсдөө шийдэж байхаар заагаад өгчихсөн юм билээ. Шүүх, прокурорын байгууллагад зарим нэг авлигал, хөрөнгө мөнгө завшсан хэргүүдийг илт алга болгочих зүйл гарах юм. Энэ байдал нь буруу ойлголтыг нийгэмд өгөөд байна шүү дээ. Юу гэж бүгд тийм байх вэ. Цалин, хангамж нь өсөөд ирэхээр төрийнхөө төлөө чин сэтгэлээсээ зүтгэе гэсэн нь олонх л болж таарна. Тэгэж байж л яваандаа цэвэршинэ. “Цалин авдаг юм уу” гэдэг замын цагдаагийн онигоо шиг байдлаар хандаж болохгүй байх аа.

-Цалин, тэтгэврийн хэмжээг бууруулахгүйгээр, төсвийн орлогоо нэмэх ямар гарц байна вэ?

-Тийм боломж бий. Стратегийн ордууд байна. Тухайлбал, Оюутолгой, Тамсагийн нефтийн ордын гэрээгээ харилцан үр ашигтай болгох замаар цалин нэмэх асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Өнгөрсөн жил хямарсан, валютын хомсдолд орлоо гээд л сүржигнээд байсан. Гэтэл экспортын хэмжээ 2013 онд 4269.1 сая ам доллар байсан бол 2014 онд 5774 сая ам доллар болж өссөн байна. Энэ экспортонд ачуулсан баялгийнхаа ердөө 5-24 хувийг л бид буцааж хүртэж. Оюутолгойгоос орж ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогынх нь тавхан хувийг л бид авч үлдсэн байна. 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд төгрөг юм. Гэтэл Оюутолгой ирэх онд 3.9 их наяд төгрөг буюу манай төсвийн 56 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийнэ. Харин 2016 онд Оюутолгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л бүрдүүлэх юм. Ийм байхад бид яаж ч зардлаа хасч, тэвчээд хямралаас гарахгүй. Цалин, тэтгэврээ нэмж бүр ч чадахгүй.

-Төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай гэлээ. Яагаад, харин ч инфляцийг нам төвшинд барьж байгаа гэсэн биз дээ?

-Энэ хүн долларын ханшийг 1300 төгрөгнөөс 2000 хүргэчихээд зөөлөн газардууллаа ухааны юм ярьж, та бид нараар даажигнаад сууж байна. Жишээ нь, нэг ам.долларын үзэг 1300 төгрөг байснаа одоо 1999 төгрөг болж 35 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадварыг 35 хувиар унагасан хэрэг л дээ. Тйимээс ноогдох ялаа үүрч л таарна.

-Тамсагийн ордоос “Өсөн нэмэгдэх роялти”-ийн татварыг авах ёстой. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж байсан. Энэ тооцооллыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Саяхан шинэчлэн баталсан Газрын тосны тухай хуулиар газрын тосноос 5-15 хувийн роялти буюу нөөц ашигласны төлбөр авахаар хуульчилж өгсөн. Тиймээс Тамсагийн ордоос энэ төлбөрөө авах боломжтой.

Т.ДАВААНЯМ

С.Дамдин: Сураад төгсчихдөг мэргэжил жүжигчин биш

        Тайз дэлгэцийн олон сайхан дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшиж, “Хөх чоно” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдинтай ярилцлаа.

-Таныг хэдэн жилийн өмнө “зодог тайллаа” гэж байсан. Гэтэл та өнөөдөр ч драмын жүжигт тоглосон хэвээр байна. Тэр үед яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ?

-Уг нь би 60 насандаа тэтгэврээ тогтоолгосон юм. Тэгсэн Д.Цэрэнсамбуу захирал, дэд захирал Н.Сувдаа нар намайг “Та тэтгэвэртээ гарах болоогүй. Театртаа ажилла” гэсэн. Түүнээс хойш 10 жил өнгөрчээ. Нас 70 хүрч театраасаа гарах хүсэлтээ хэлж, албан ёсоор тэтгэвэртээ гарсан. Үлдсэн цаг хугацаагаа Монгол орныхоо очиж үзээгүй газраар явж, агаар салхинд явж байгаад бурханы оронд очъё гэж бодсон учраас театраасаа чөлөө гуйж, гавьяандаа суух гэсэнд урлагийнхан маань надад зориулж хүндэтгэлийн тоглолт хийж өгсөн. Түүнээс хойш театрт миний тоглож байсан жүжгийг тавих болохоор урилгаар ирж тоглодог юм. Одоо хажуугаар нь хааяа нэг зар сурталчилгаа, кинонд тоглож байна даа.

-Таны амьдралаар кино хийнэ гэж дуулсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Би эртнээс ээждээ зориулж кино хийе гэж бодож явсан юм. Тэгээд өөрийнхөө амьдралаас сэдэвлэн кино хийе гэж бодоод нэг зохиол бичсэн. Би чинь ээжтэйгээ хоёулхнаа өссөн бутач хүний хүү. Тиймээс надад ээжээс минь үнэтэй зүйл байхгүй. Кинондоо бидний амьдралд их тус болж, ээжтэй минь хамт 10 жил амьдарсан нэг хүний тухай бас өгүүлэх болно. Мөн хул морь, баатар нохойныхоо тухай өгүүлнэ. Мэдээж миний дүрд өөр хүн тоглоно. Кино зохиолыг М.Энхдалай гэж залуу бичиж байгаа. Манай театрын найруулагч Ч.Найдандорж, Б.Баатар хоёр уншиж үзээд кино хийе гэсэн санал анх тавьсан. Бас Ч.Найдандорж найруулагч “Монодрам болгож тавьж болох юм” гээд Ш.Гүрбазартай хамтран зохиол дээр ажиллаж байгаа. Гэхдээ надад кино хийх мөнгө алга. Ард түмэн намайг хүндэлж, хайрлаж явдаг. Миний хийж бүтээсэн ажлыг дэмждэг. Жишээлбэл, Би Баяннамсрай бурханыг Непаль руу захиалж бүтээлгэн Амарбаясгалант хийдэд залсан. Тэр үед олон компаниар орж, хандив асуусан. Танилын нүүр халуун гэгчээр надад мөнгө хандивлаж, бурхан бүтээх ажлыг дэмжсэн хүн олон. Үүнээсээ урам аваад ээждээ зориулж Ногоон дарь эхийг 21 дарь эхтэй хамт “Түвдэнпэлжээлин” хийдэд залсан. Энэ мэтчилэн ард түмэн намайг их дэмждэг юм. Жишээлбэл, их аварга Д.Дагвадорж хүртэл тусламж болгон сая төгрөг өгч байсан. Бас “Авзага трейд” компанийн П.Мэндбаяр сая төгрөг өгч байлаа. Тиймээс кино бүтээх саналыг минь ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Хамгийн айхавтар нь өнгөрсөн жил машинтайгаа явж байгаад нэг үнэтэй машинтай мөргөлдчихсөн. Тэр нь Дэнжийн мянгын “Хүчит шонхор” захын боссын машин байсан юм. Би жолоочийн хариуцлагын даатгалтай болохоор тэр хүнд таван сая төгрөг гаргаж өгсөн юм даг. Үлдсэн таван сая төгрөгийг миний амьдралыг мэдэх учраас тэр хүн надаас аваагүй.

-Таны хийх кинонд ээжтэйгээ өнгөрүүлсэн сайхан мөчүүд гарах байх. Эргээд ээжтэйгээ байсан хамгийн сайхан мөчөө дурсвал?

-Тэгэлгүй яахав. Олон сайхан мөч бий. Тэр дундаас сэтгэлд тод үлдсэн нь намайг Улсын багшийн сургуульд суралцахаар ирсний дараа ээж минь хотод ирж байлаа. Нэг өдөр хичээлээ тараад явж байтал баганы хажууд үнэгэн лоовуузтай, хөх дээлтэй хүн зогсч байх юм. Юу билээ гээд харсан чинь ээж маань ирчихсэн байж билээ. Тэр үед ямар автобус байх биш задгай тэвштэй машин дээр суугаад, хот байтугай аймаг ч орж үзээгүй ээж маань надад хоёр шуудай өвлийн идэш аваад ирж байв. Би ч ээжийгээ тэвэрч уйлаад жигтэйхэн байлаа. Харин ээж минь “Миний хүү, ийм том болчихоод уйлдаггүй юм” гэж толгойг минь илж байсан сан. Тэр үед “Ээдрээ” жүжгийн Сүхбаатарт тоглож байгаагаа ээждээ үзүүллээ. Тайзны ард даавуун дээр Гандангийн зураг зураад хадчихсаныг хараад ээж маань “Өө, энэ театр чинь цаашаагаа нэвт юм байна. Цаана нь Гандан харагдаж байна” гэж олон хүнийг инээлгэж байсан. Өвөл нь би ээжийгээ онгоцоор буцаалаа. Онгоцонд ерөөсөө сууж үзээгүй болохоор ээж наана нь очоод барьж явсан чемоданаа газар тавьчихаад, дах дэгтийгээ өмсөөд наана нь зогсоод л байлаа. Тэгэхэд “Энэ урт юман дээр морь шиг унаж явах нь. Юу ч гэсэн дах, дэгтийгээ өмсөөд авъя” гэж бодсон гэдэг. Энэ хэсэг кинонд орно. Миний ээж чинь царай зүс сайтай, том биетэй сайхан бүсгүй байсан. Театрт ажиллаж байсан О.Энхтуултай адилхан гэж хэлж болно доо.

-Та хамгийн сүүлд төрсөн нутагтаа хэзээ очсон бэ?

-Жил бүр очно шүү дээ. Өнгөрсөн зун ч очоод ирсэн. -Энэ жил Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Та энэ урлагтай холбогдоод хэдэн жил болж байна вэ? – “Өндөр ээж” кинонд 1968 онд анх тоглосон. Энэ цагаас хойш кино урлагтай холбогдож “Улаандарцаг”, “Их замын эхэнд” зэрэг кинонд дүр бүтээж байв. “Өндөр ээж” кинонд тоглосныг ээж минь үзсэн юм. Манай сумын төвд гарч л дээ. Кино механикч очоод “Баасанжав гуай хүү тань сайхан кинонд тоглосон байна. Та очиж үз” гэж. Тэгсэн ээж яаж тоглосон байна гэхээр нь “Байлдаж байгаад үхсэн” гэхэд “Тэгээд бүр үхчихсэн үү” гээд гайхсан гэсэн. “Үгүй ээ тоглоод үхэхгүй юү” гэж хэлээд үзүүлж л дээ. Тэгсэн ээж механикчаас “Үхэх дөхөхөөр нь хэлээрэй” гэж. Анх яриад л үзээд байсан гэсэн. Тэгээд л цэрэгт яваад дайн болохоор нь хэлтэл манай ээж год үсрээд гараад явчихсан гэсэн. Хүүгээ үхэхийг харж чадахгүй л байсан юм байлгүй.

-Тэгвэл Драмын театрын тайзан дээр анх ямар жүжгээр гарч байсан бэ?

-Драмын театрт 1967 оны долдугаар сарын 1-нд орсон. “Буутай хүн” жүжгээр анх тайзнаа гарсан. Миний амьдрал драмын театрын энэ ягаан байранд өнгөрсөн гэж хэлж болно. Сурсан дөрвөн жилээ оролцуулбал 50 гаруй жил энэ театрын тайзан дээр гарлаа. Энэ хугацаанд тоолоход 200 гаруй жүжигт дүр бүтээсэн байдаг юм. Би драмын театрын тайзнаа таван өөр жүжгийн таван өөр Сүхбаатарын дүрд тоглож байлаа.

-Тэр олон жүжгээс бүтээхэд хэцүү ямар дүр байсан бэ?

-Айхавтар тулгамдуу гарсан жүжиг бол Н.Мирошниченкогийн “Сэргэлт” юм. Энэ жүжигт би Л.И.Брежневийн дүрд тоглосон. Жүжгийн цээжлэх эх бичвэр нь их зузаан дэвтэр зохиол болж байсан юм. Тэр үед би Ардын жүжигчин Г.Мягмарнарантай дублер байсан юм. Би ч анхандаа Г.Мягмарнаранг л тоглуулах юм байна гэж бодож байлаа. Жүжгийн найруулагчаар Буриадын найруулагч Захир ажилласан. Тэгээд хяналтад өгөхөөс 10 хоногийн өмнө Л.И.Брежневийн дүрд намайг тоглуулахаар болж, би ч тэр зузаан дэвтэр зохиолыг цээжлэх гэж нэлээн тэвдсэн шүү. Тэр жилдээ би Л.И.Брежневийн дүрээр тухайн үеийн Соёлын яамны “Шилдэг уран бүтээлч”-ийн шагнал хүртсэн.

-Та нэгэн ярилцлагадаа “Би жүжигчин болоогүй байна” гэж хэлсэн. Таны бодлоор ямар хүнийг жүжигчин гэж хэлэх вэ?

-Мэдэхгүй юм. Одооны оддыг л жүжигчин гэж хэлэх байлгүй. Би мэргэжлээрээ суралцсаар байгаад дуусч байна. Би өөрийгөө жүжигчин болж чадаагүй гэж үздэг. Энэ бол сураад төгсчихдөг мэргэжил биш. Сурсаар байгаад дуусах мэргэжил. Зарим нь “боллоо” гээд өөрсдийгөө од гээд байх юм. Мөнхийн эрэл хайгуул дунд явдаг мэргэжил. Болчихсон, бүтчихсэн гэж бодож болдоггүй юм. Надад дээд сургуульд багшлах санал тавьж байлаа. Өөрөө бүрэн сураагүй байж хүүхдүүдэд юу заах билээ гээд татгалзсан.

-Жүжигчний мэргэжлийг ямар хүмүүстэй хамт эзэмшиж байсан бэ?

-Булган аймгаас Багшийн дээд сур гуулийн зургийн ангийн хуваарь-тай хотод ирсэн. Зургийн ангидаа шалгуулж явтал олон хүн дугаарласан байлаа. Очоод юунд дугаарласныг нь асуухад кино драмын ангийн элсэлт явж байна гэнэ. Юу шалгах юм гэсэн бүжиглүүлж, дуулуулж, шүлэг уншуулж байна л гэлээ. Дунд сургуульдаа хошин шүлэг уншдаг байсан болохоор шалгуулаад үзэхээр шийдсэн хэрэг. Ингээд шалгуулах гээд ортол урдаас буржгар үстэй, том алаг нүдтэй хүн хараад сууж байна. Балетмейстер Раднаа байсан юм билээ. Намайг “Дуу дуул” гэлээ. Дууллаа. Шүлэг уншлаа. Би жаахан бөгтгөр байхгүй юу. Одоо ч гэсэн. Тайзан дээр гарахаараа жаахан тэгшилчихдэг л болохоос. Тэгсэн надаас “Чи бүжиг хийдэг үү” гэж байна. Хийдэг гэсэн чинь “Ямар” гэж байна. Тэгэхээр нь нийтийн бүжиг гэсэн чинь “За тэгвэл амаараа аялаад бүжиглэ” гэхээр нь хос алга байна гээд хэлчихсэн чинь “Наад сандлаа аваад бүжиглэ” гэдэг юм байна. Нөгөө модон сандлыг нь тэврээд, амаараа вальс аялаад бүжиглэж өглөө шүү. Тэгээд л шалгалтдаа тэнцэж, 1963 онд Улсын багшийн сургуулийн Кино драмын ангид орж байлаа. Энэ ангийн хоёр дахь төгсөлт болж төгссөн. Анхных нь төгсөлтөөр Ардын жүжигчин Д.Мэндбаяр, жүжигчин Х.Нарантуяа, Ж.Лхамхүү нар төгсч байсан гэдэг. Тэдний дараа Д.Цэрэндарьзав, Т.Латиф, З.Жарантав, Ц.Уртнасан нарын сайхан жүжигчидтэй хамт төгссөн юм. Бид чинь 23-уулаа төгсч байлаа.

-Та оюутан байхдаа хочтой байсан уу?

-Байхгүй. Харин сүүлийн үед Дамдин Баавай л гэж дуудуулах боллоо доо.

Г.Нямсүрэн

Л.Алтанцэцэг: Монгол Улсад спортын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан тав дахь хүн нь би

altantsetsegМонголдоо анхдагчдын нэг Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, спортын шинжлэх ухааны доктор Лхагвасүрэнгийн Алтанцэцэгтэй Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан уулзаж ярилцлаа. Анх Монголын багш нарын баярыг 1966 оноос жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг байсан ч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2014 оноос эхлэн Дэлхийн багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэдэг болоод буй. Монгол Улсын гавьяат багш, спортын шинжлэх ухааны доктор, профессор нэрт сурган хүмүүжүүлэгч агсан Цогт овогт Гонгорын Лхагвасүрэн агсны үүсгэн байгуулсан ҮБТДС-ийг өнөөдөр ууган охин Л.Алтанцэцэг нь итгэл төгс удирдан чиглүүлж яваа юм.
-Танд болон ҮБТДС-ийн нийт багш, оюутнуудад Дэлхийн багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье?
-Их баярлалаа. Таны мэндчилгээний хариуд “Өглөөний сонин”-ы уншигчид, Монголын бүх багш нартаа Дэлхийн багш нарын баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Налайсан сайхан намар Монголын багш нар хоёр дахь удаагаа мэргэжлийнхээ баярыг тэмдэглэж байгаа нь тун таатай байна.
-Г.Лхагвасүрэн агсны үүсгэн байгуулсан, Монголдоо анхдагчдын нэг ҮБТДС-ийн 25 жилийн ой 2016 оны хавар болох байх аа?
-Бидний хайрт аав Г.Лхагвасүрэн агсны үүсгэн байгуулсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн түүхэн хуудсыг сөхвөл 1991 оны тавдугаар сарын 1-ний өдөр тэр үеийн БНМАУ-ын Ардын Боловсролын Яамны коллегийн хурлын шийдвэрээр байгуулагдсан анхны хувийн дээд сургуулиудын нэг юм. Манай сургууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын дээд боловсролын системийн зарчмын дагуу тасралтгүй, нээлттэй, чанартай сургалтын үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Монголын дээд боловсролын системд өөрийн орон зайгаа баттай эзэлсэн төрөлх сургуулийнхаа 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд бид одооноос төлөвлөгөө, графикаа гаргаад л явж байна. Ямар ч гэсэн хойтон намрын дунд сард 25 жилийнхээ ойг ихээхэн ач холбогдол өгч, өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлнэ. ҮБТДС-ийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор, академич Г.Лхагвасүрэн одоогоос 20 жилийн өмнө “Сургуулийнхаа 50 жилийн ойг үзэх юмсан” гэж ярьж байсныг нь бодохоор өөрийн эрхгүй нүдийг минь нулимс бүрхээд ирдэг. 25 жилийн ойгоо угтаж олон ажил төлөвлөж байгаагийн дотор хамгийн гол нь бид төгсөгчдийнхөө холбоог улам сайн ажиллуулахаар зорьж байна. Өнөөдөр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын бүх л дүүрэгт ажиллаж байгаа спортын багш дасгалжуулагчдын бараг тал хувь нь манай сургуулийн төгсөгчид байгаа гэж бодохоор бидний урам зориг сэргэж, улам амжилттай ажиллахын төлөө тэмүүлдэг.
-Аав тань шинжлэх ухааны доктор, та өөрөө бас доктор. Удахгүй таны дүү Л.Гүндэгмаа багш бас спортын эрүүл мэндийн чиглэлээр докторын зэрэг хамгаалах гэж байгаа гэв үү?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад спортын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан тав дахь хүн нь би. Миний докторын ажлын удирдагч маань уржигдархан “ОХУ-ын ВАК-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр таны докторын зэрэг батлагдлаа” гэж баяр хүргэсэн. Харин 2016 оны тавдугаар сард миний дүү Л.Гүндэгмаа М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль дээр спортын эрүүл мэндийн чиглэлээр Монголдоо зургаа дахь шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Ингэснээр ҮБТДС-иас төрсөн шинжлэх ухааны гурав дахь доктор цолтон болох юм. Түрүүнд нь манай сургуулийн төгсөгч Ц.Цэндсүрэн докторын зэрэг хамгаалсан нь хувийн хэвшлийн биеийн тамирын дээд сургуулиудаас анхдагч болсноор нь бид маш их бахархаж явдаг.
-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаагаас эхлээд эх орондоо төдийгүй даян дэлхийд алдар нэрээ мандуулсан олон аварга ҮБТДС-ийг төгссөн байдаг. Энэ талаар?
-Мэдээж манай сургуулийн бахархал бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, түүний дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат ч манай сургуульд магистр хамгаалсан. Монголчуудын бахархал болсон баатрын маань араас олимп, дэлхийн хос хүрэл медальт жүдоч С.Ням-Очир, олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, М.Бундмаа, шатрын их мастер Б.Хатанбаатар, Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат, улсын гарьд, гавьяат тамирчин Б.Гантогтох, Б.Гончигдамба, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, Н.Амгаланбаатар, мото спортын Ази тивийн анхны аварга Э.Халиунболд, чөлөөт бөхийн Ази тивийн болон залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг, хамгийн сүүлд Лас-Вегаст болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат гээд манай сургуулийн бахархал болсон залуучуудыг тоолж гүйцэхгүй. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин “Женко” Х.Баттулга ч манай сургуулиар овоглогддог. ҮБТДС-ын анхны захирал, шинжлэх ухааны доктор, профессор аавын минь хүсч мөрөөдөж, ажилдаа мөрдлөг болгодог байсан гол чиглэл, арга барил нь спортын эрдэм шинжилгээ, спортын эрүүл мэндийн судалгааны ажил юм. Тиймээс ч ҮБТДС-ийн гол зорилго, тэргүүлэх чиглэл бол спортын шинжлэх ухаан, эрүүл мэндийн маш нарийн аргачлал дээр тулгуурласан, ХХI зууны спортын шилдэг мэргэжилтнүүд бэлтгэхэд л оршиж байгаа юм. Энэ ч үүднээс өнөөдөр ҮБТДС-д Сурган хүмүүжүүлэх ухааны болон бусад чиглэлийн 10 гаруй доктор, дэд доктор, дэд эрдэмтэн цолтой багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна.
-Ер нь өнөөдрийн байдлаар ҮБТДС-д нийтдээ хэдэн багш сурган хүмүүжүүлэгч, хэдэн оюутанд эрдэм мэдлэгээ түгээж байгаа вэ?
-Манай сургуулийн 40 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 10 гаруй ажилтан албан хаагчид 800-аад оюутанд эрдэм оюунаа өвлүүлж, Монголын спортын маргаашийн төлөө зүтгэцгээж байна. Манай багш нарын ихэнх нь спортын зэрэг цолтойгоос гадна доктор(Рh.D), профессор Д.Бордух, доктор(Рh.D), профессор Ж.Дэлгэрмаа, Волейболын ОУХМ, дэд профессор Б.Хэрлэн, дэд профессор Л.Алимаа, гимнастикийн спортын мастер, магистр Р.Лхамсүрэн, сагсан бөмбөгийн спортын мастер, магистр Д.Баянжаргал, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай, чөлөөт бөхийн спортын мастер, докторант Ц.Баярсайхан, гандболын спортын мастер, магистр Д.Шүрэнцэцэг, хөнгөн атлетикийн спортын мастер, магистр С.Мөнх-Эрдэнэ, аэробикийн ОУХМ С.Мөнх-Оргил, самбо бөхийн спортын мастер, магистр Д.Дорждагва, Эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч, хүний их эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, докторант Ш.Бат-Эрдэнэ, хүний их эмч, дэд профессор Т.Баатар, докторант Р.Түвшинжаргал, докторант Д.Өлзийжаргал нарын “Боловсролын тэргүүний ажилтан”, ”Биеийн тамирын тэргүүний ажилтан” олон арван жинхэнэ мэргэшсэн, шилдэг багш нар ажиллаж байна. Мөн түүнчлэн Германд төгссөн, сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч Ч.Ижилболд зэрэг маш чадварлаг залуу багш нараар эгнээгээ өргөжүүлсээр байгаа. Товчхондоо ҮБТДС-ийн багшлах боловсон хүчний хувьд хамгийн чадварлаг, жинхэнэ мэргэжлийн хамт олон гэж дүгнэж болно. Үүний хамгийн гол шалгуур нь манай сургууль байгуулагдсан цагаасаа хойш Монголын их, дээд сургуулиудын дунд зохиогддог бүх төрлийн спортын уралдаан тэмцээнүүдийн эхний гурван байраас хэзээ ч хоцорч, сугарч үзээгүй. Хамгийн сүүлд Монголын их дээд сургуулиудын дунд зохиогдсон Универсиад наадамд 30 мянган оюутантай ШУТИС-тай манай 800 оюутан эн тэнцүүхэн өрсөлдөж, үзэлцсээр байгаад л хоёрдугаар байранд орж байх жишээтэй. Ер нь Монголын оюутны Универсиад наадам гурван удаа зохион байгуулагдахад манай сургууль тэргүүн байрыг нь эзэлж байсан.
-2015-2016 оны хичээлийн жилд ихэнх их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэлээн сүрхий нэмсэн байна лээ. Танай сургуулийн төлбөр аль хэр нэмэгдсэн бэ?
-Улс орны эдийн засаг, ард түмний амьдрал хүндхэн байна. Энэ хичээлийн жилд манай сургууль 160 орчим оюутан шинээр элсүүлэх төлөвлөгөөтэй байснаас 100 хүрэхгүй л шинэ оюутан авлаа. Гэхдээ аавын минь найз эрдэмтэн, доктор хүн “Энэ хэцүү цагт энэ зэрэгтэй байгаа нь их юм. Алтанцэцэг ээ, миний дүү сайн ажиллаж байна” гэж магтаж байна лээ. Хамгийн гол нь манай сургууль улс орон, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед сургалтын төлбөрөө ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Энэ хямралыг бид ард түмэнтэйгээ хамт л даван туулах учиртай. ҮБТДС-ийн төгсөгчид ажлын байран дээр гараад хаана, хэний ч өмнө гологдохооргүй мэргэжилтнүүд төгсөн гарцгааж байгаа нь манай сургууль Монгол Улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ахисан түвшинд хоёр удаа магадлан итгэмжлэгдэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аттестатчлагдсан гэдгээрээ сургалт, заах арга, материаллаг бааз, сургалтын орчны хувьд орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж байгаагийн гол нотолгоо юм.
-Өнөөдөр тохиож байгаа баярын өдөртэй давхцан танай сургуулийн багш нар энгэрээ цоолж, төр засгийн гавьяа шагналаас хүртэж л байгаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ. ҮБТДС-д олон жил ажилласан Т.Баатар, Л.Алимаа багш нар маань Засгийн газрын шагнал болох Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Боловсролын жуух бичгээр хоёр сайхан залуухан багш маань шагнуулж байгаа. Мөн Олимпийн хорооны алтан медалиар хоёр багш шагнуулж байна. Мэдээж төр засаг, сургуулийн зүгээс үзүүлж байгаа эдгээр дэмжлэг, шагнал урамшуулал нь манай залуу багш нарт ихээхэн урам зориг, маргаашдаа итгэх итгэл нэмэх нь дамжиггүй.
-Энэ хичээлийн жилд ҮБТДС үндсэн ямар мэргэжил, чиглэлээр оюутан элсүүлэн авч, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-Өнөөдөр манай сургууль биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч, эмчилгээний биеийн тамирын арга зүйч, спортын менежмент, аялал жуулчлалын менежмент гэсэн таван үндсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Г.Лхагвасүрэн агсан сургуулийнхаа гадаад харилцааны үндэс суурийг маш сайн тавьж өгсөн шиг санагддаг. Тэр талаар сонирхуулахгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Бурхан аав минь үнэхээр алсын хараатай, уул шиг нөмөртэй хүн байж. Амьд ахуйдаа ҮБТДС-ийн бүх л гадаад харилцааны суурь, дэвсгэрийг маш сайн тавьж өгсөн. Өнөөдөр манай сургууль Олон улсын спортын шинжлэх ухаан, бие бялдрын боловсролын зөвлөлийн (ICSSSPE), Олон улсын эрүүл мэнд, бие бялдрын боловсрол, спортын зөвлөл зэрэг (ICHPER-SD) байгууллагуудын гишүүнчлэлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, Украин, Япон улсуудын болон Алма-Ата, Улаан-Үд хотуудын биеийн тамир, спортын сургуулиудтай нягт холбоотой ажилладаг. Мөн ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Антропологийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын Мянганы Сорилтын сантай хамтарч ажиллах судалгааны төслийн гэрээ хэрэгжүүлж байгаа нь аавын минь л буян.
-Ер нь өнгөрсөн хугацаанд ҮБТДС нийтдээ хэд орчим багш, дасгалжуулагч, мэргэжилтэн төгсгөн гаргасан бол?
-За байз жил гаруйн өмнө тооцоолж үзэхэд өдрийн хөтөлбөрөөр 3070, эчнээ хэлбэрээр 105, магистрын сургалтаар 249 нийтдээ 3424 мэргэжилтэн бэлтгэн гаргасан байсан. Өнөөдөр манай сургууль өөрийн гэсэн таван давхар хичээлийн байртай, 13000 ном бүхий номын сантайгаас гадна Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Биеийн тамир, спортын онол арга зүй” сэтгүүл эмхлэн гаргаж байна.
-Цаг зав гарган ярилцан танд гялайлаа?
-Танай сонины хамт олон ажлын өндөр амжилт хүсэн ерөөе, баярлалаа.

Мисс А.Пүрэвмаа “Сахиусан тэнгэрүүд” номоо гаргалаа

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч , мисс А.Пүрэвмаа Сахиусан тэнгэрүүд нэртэй номоо гаргалаа.”Даль жигүүр” хэмээх нэрээр цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа нэгэнт үүсгэж, зовлон бэрхшээл тохиолдсон олон хүнд урам, итгэл болон гэрэлтсэн үзэсгэлэнт бүсгүйн харуусалтай, гунигтай түүхийг ихэнх уншигчид маань санаж байгаа биз ээ. Тодруулбал мисс А.Пүрэвмаа нь найз зулуугийнхаа харгис үйлдлийн улмаас 4-р давхрын тагтнаас унаж аарцаг нурууны хүнд гэмтэл авч даль жигүүрээ хугалуулсан эмгэнэлт хэргийн хохирогч болсон.

Гэвч сэтгэл оюуны тэнхээтэй дайчин бүсгүй маань өөрийн амьдрал ажил үйлсээ бусдын сайн сайхны төлөө зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон сайхан үйл ажиллагаа явуулсаар байгаа. Харин энэ удаа тэрээр өөрийн амьдралаас олж харсан мэдэрсэн өнцгөөсөө, өөрийн гэсэн оюун санааны ертөнцдөө бясалган ургуулсан бүтээл болох “Сахиусан тэнгэрүүд” номоо гаргаж түүнийг хүндэтгэн хайралдаг зон олондоо бэлэг барьлаа. Даль жигүүрээ тасдуулсан ч амьдралыг хайрлах хайр, итгэл сэтгэл, урам зориг нь улам хурцлагдан ирлэгдсэн сахиусан тэнгэртээ баяр хүргэж, амьдралын гэгээн бүхнийг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе!

www.newsline.mn

11947500_1178619678831226_416084777120154157_n[1]

Чингисийн талбай дээр С.Жавхлантай хамт үсээ хусуулах Ц.Шаравжамцыг аав нь яриад уйлуулчихжээ

901436855934e3cae8bf41

Өнөөдөр С.Жавхлан, Ц.Шаравжамц нар Чингисийн талбай дээр үсээ хусуулж эсэргүүцэл илэрхийлэхээ мэдэгдээд байгаа. Тэгвэл Ц.Шаравжамц энэ тухайгаа “Би нулимсаа цуснаасаа илүү гамнадаг Монгол эр хүн! Гэтэл аав минь сая яриад уйлуулчих юм. Миний аав намайг хэнийг ч бүү дээрэлх. Хэнд ч бүү дээрэлхүүл!!! Харин дээрэлхүүлж байгаа хүнийг өмгөөлж хамгаалж бай гэж хүмүүжүүлсэн юм. Сая яриад миний хүү дээрэлхүүлээд байгаа ард түмнийхээ талд орж дуугарч байгаа чинь зөв аав нь дэмжиж бна аав нь өөрөө очиж үсийг чинь хусаж өгнө гэнээ. Бие нь сайнгүй байгаа ч хүүгээ ирж дэмжих гэж байгаа аавдаа баярлалаа хүү нь таныхаа сургаалиар ач нарыг чинь хүмүүжүүлж улс орондоо хэрэгтэй,эцэг эхдээ элбэрэлтэй,ард түмэндээ хайртай залуучууд болгон хүмүүжүүлж байгаа шүү. Дэмжиж байгаа найзууд 11:40 өөс талбай дээр уулзацгаая” хэмээн бичжээ.

bataar.mn

Эр зориг гарган дүрэлзсэн галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтохын тухай

seren636739737201506212356

Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал тааруу байна. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. 

Одоо А.Цэрэнтогтохын биеийн байдлаас бүх зүйл хамаарна” гэж ар гэрийнхэнд нь хэлжээ. А.Цэрэнтогтох хүүгийн биеийг битүү марлаар ороосон гэнэ. Түлэгдсэн шархнаасаа болоод халуурч, өвдөлтөө тэсвэрлэх гэж шүд зуун эмнэлгийн орон дээр өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байна. Харин найман сартай А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Нүүр, гар нь галд хайрагдаж, түлэгдсэн ч эмчилгээний үр дүнд хавдар нь буурч эхэлсэн байна.

Дунд сургуулийн сурагч, 16 настай А.Цэрэнтогтох хүү дүрэлзэн асч, халуунаар цоргих галаас дүүгээ хэрхэн аварсан талаар хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар сарын 10-ны өглөө аав, ээж хоёр нь ажилдаа явжээ. А.Цэрэнтогтох дүү найман сартай А.Амарболдыгоо хараад гэртээ үлджээ. Сургууль нь амарсан болохоор дүүгээ харж, ээж нь ажилд орсон байна. Арван таван жил айлын ганц хүү байсан болохоор А.Цэрэнтогтох дүүдээ их хайртай гэнэ. Өдөржин дүүгээ харж, хоол унд хийж өгч, гадаа салхинд гаргажээ. Дүүгийнх нь унтах цаг болж, тэд хамт гэрийнхээ баруун талын орон дээр унтсан байна. Үргэлж ээжийнхээ гар дээр бүүвэйлүүлж унтдаг дүү нь унтах гэж нойрмоглон уйлжээ. А.Цэрэнтогтох дүүгээ бүүвэйлсээр унтуулсан байна. Мөн хажуугаар нь хэвтэж байгаад дуг хийчихжээ. Гэтэл гэнэт тэнгэр дуугарч байгаа юм шиг дуу гарч, гэрийнх нь зүүн талаас улаан гал дүрэлзэн ассан байна. Дээгүүрээ хувцасгүй, биеийн тамирын өмдтэй хэвтэж байсан хүү ямар нэгэн зүйл дэлбэрэх дуу, улаан галыг хараад өөрийн мэдэлгүй гэрээсээ гараад гүйжээ. Нэг мэдсэн хажуу айлынхаа эгчид “Манайд гал гараад байна. Одоо яах вэ” гэж хэлж байсан гэнэ. Хамар хашааных нь эмэгтэй гэр лүү нь хартал, тооноор нь улаан гал дүрэлзэж харагдсан байна. Тэгээд “Дүү чинь хаана байгаа юм бэ” гэж асуусан гэнэ. Энэ үед гэрийнхээ баруун орон дээр дээрээс нь нимгэн хөнжил нөмөргөж унтуулснаа санаж А.Цэрэнтогтох гэр лүүгээ гүйжээ. Гал гарах үед ойролцоо явж байсан хүмүүс ч энэ үед ирж таарсан байна.

А.Цэрэнтогтох гэрийнхээ хаалгыг онгойлготол өөдөөс нь улаан гал тургиж, гэрийнх нь зүүн урд талын тооно дотогшоо цөмөрчээ. А.Цэрэнтогтох “Дүүгийн чангаар уйлах дуу сонсогдсон. Дууг нь сонсоод л шууд орсон” гэж ээж, аавдаа ярьсан байна лээ. Дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн чигтээ улаан гал руу оржээ. Дүү нь баруун орон дээрээ уйлчихсан сууж байсан гэнэ. Дүүгээ аваад хаалга руу эргэтэл дээрээс нь гэр нь пирхийтэл буугаад ирсэн байна. Арайхийн шатаж буй унь, тоонын модыг гараараа зайлчилсаар галаас холдсон байна. Энгэртээ тэвэрсэн дүүгийнх нь нүүр, гар нь түлэгдсэн ч гэсэн эсэн мэнд байгааг харсан байна. Тэр үед дүүгийнхээ амийг аварсандаа баярласан ч хэвтсэн газраасаа дахиж өндийж чадаагүй аж. Үүнээс хойших үйл явдлыг А.Цэрэнтогтох хүү санахгүй байгаа юм билээ.

А.Цэрэнтогтохыг эмнэлэгт очиход өмсөж байсан биеийн тамирын өмд нь гуя, цавь, шуу гээд хөлд нь тэр чигтээ наалдчихсан байсан гэнэ. Түүний өмд хуванцар сав шатаад умайчихсан юм шиг л болсон байжээ. Эмч нар биед нь наалдсан өмдийг арай гэж салгаж авсан байна лээ. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн X ангийн сурагч А.Цэрэнтогтох ингэж л эр зориг гарган, хүн орох нь битгий хэл 20 гаруй метр зайтай хол зогсох хүмүүсийн нүүр халуу оргиод ойртож чадахгүй байсан гал дундаас дүүгээ авч гарч иржээ. 16 настай хүүхэд байтугай, нас биед хүрсэн хүмүүс ч гал дүрэлзэж гэр, байшин руу орж, гэр бүлийнхээ хүн, хүүхдүүдээ аварч чадалгүй амь насыг нь алдсан эмгэнэлт гашуун түүх олон бий.

ГАЛ ЮУНААС БОЛЖ ГАРАВ

Галд түлэгдсэн хоёр хүүгийн аав Б.Амарбат, ээж М.Болортуяа нар өнгөрсөн жил Налайх дүүрэгт хашаа худалдан авч, суурьших болжээ. Өнгөрсөн жил М.Болортуяа амаржих дөхсөн учир пиццаныхаа компаниас жирэмсний амралт авч, хоёр жилийн чөлөө авсан байна. Харин Б.Амарбат ШӨХТГ-т жолоочоор ажилладаг байна. Тэд амьдарч буй хороо­ноосоо төслийн шугамаар зах зээлийн үнээс хямд үнээр “Дашваанжил” компанийн ахуйн хийгээр ажилладаг плитка худалдан авсан аж. Гал гардаг өдөр Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгд­сэн учир хоол, цай хийхээр “Дашваанжил” компа­ниас газ худалдаж авсан байна. Гэхдээ аав, ээж хоёр нь ажилдаа явахдаа плиткатай хийн зуухаа цахилгаанд холбоогүй аж. Гал юунаас болж гарсныг шинжээчид хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар цахилгааны ямар нэг гэмтлээс болж гал гараад баллонтой хийнд авалцаж, дэлбэрсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа гэнэ.

“ЭМ ТАРИА, ТОСОН ТҮРХЛЭГ ЗЭРЭГТ МӨНГӨ ТӨГРӨГ ИХ ХЭРЭГ БОЛОХ ЮМ”

А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын биеийн байдал ямар байгаа талаар ээж М.Болортуяагаас асуулаа.

-Хүүхдүүдийн тань биеийн байдал ямар байна вэ. А.Цэрэнтогтох мэс засалд орсон гэсэн үү?

-Бага хүүгийн маань биеийн байдал гайгүй байна. Нүүр, зүүн гар нь түлэгдсэн. Хавдар нь буураад арай дээр болж байна. Том хүү уржигдар арьс нөхөх хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон. Эхлээд гүн түлэгдсэн баруун гар, зүүн хөлөнд нь хагалгаа хийсэн. Эмч нар 80 хувийн түлэгдэлтийг 50 хувийн түлэгдэлттэй болгочих юм бол амь нас нь аюулгүй гэж хэлсэн. Биеийн байдал нь сайжраасай гэж залбираад л сууж байна.

-Эмчилгээнд шаард­лагатай эм тариаг гаднаас худалдаж авч байгаа гэсэн үү?

-Эмнэлгийн зүгээс манай хоёр хүүхдэд байгаа бүх эм тариа, боолт зэргийг хийж байгаа. Гэвч эмнэлэгт байхгүй эм тариа, тосон түрхлэг гээд маш олон зүйл худалдаж авч байна. Гэр орон маань юу ч үгүй шатчихсан. Бид нар өмссөн хувцастайгаа үлдсэн. Дансандаа мөнгө төгрөг хурааж чадаагүй болохоор эмчилгээний зардалд шаардлагатай мөнгө төгрөг их хэрэг болох юм. Ах, дүү хамаатан, садан чадах чинээгээрээ тусалж байгаа ч хүрэхгүй юм. Өвчиндөө шаналан хэвтэж байгаа хүүхдэд минь сайхан сэтгэлт хүмүүс та бүхэн тусламжийн гараа сунгаасай гэж хүсч байна гэв.

А.Цэрэнтогтох сур­гуулийнхаа шилдэг сурагч гэнэ. Өмнө нь сурч байсан 105 дугаар сургуульдаа мөн л шилдэг сурагч болж байсан сурлага, спорт гээд бүхий л талаар бусдыгаа хошуучилдаг сурагч аж. Амьдралыг гэгээн цагаанаар харж, өөрийнхөө ирээдүйн амьдралыг сайн сайхнаар бодож, мөрөөдөж явсан эр зоригтой хүүгийн биеийн байдал тааруу байна.

Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, данс нээжээ. Туслахыг хүссэн хүмүүс дараахь утсаар холбогдох боломжтой.

Утасны дугаар: 95955055 Дансны дугаар:

Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

 

Э.БААТАР

МУГЖ Т.Ариунаа “Анхны тэврэлт” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МУГЖ Т.Ариунаа НҮБ-ийн хүүхдийн сантай харилцаагаа албан ёсны шинэ шатанд гарган үргэлжлүүлэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Анх 2001 оны 6-р сарын 1-нд хүүхдийн сангийн үндэсний элчээр томилогдож байсан. Тухайн үед НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран Ариун сэтгэл сангийнхаа хүрээнд дэлхий нийтийг хамарсан хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэе уриатай компанит ажлыг өрнүүлж өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд хүүхдийн талаарх олон асуудлаар нөлөөллийн ажлыг хийсээр ирсэн байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролд тэгш хамруулах, урлаг спортын наадмаар дамжуулан гоо зүйн боловсролыг өгөх мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг дархлаажуулах зэрэг олон ажлыг дэмжин ажиллаж байсан билээ.

Үүний нэгэн адилаар 2015 онд МУГЖ Т.Ариунаа хүүхдийн төлөө хийх ажлаа “Анхны тэврэлт” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж байгаадаа их билэгшээж байна хэмээлээ . ДЭМБ-ийн 2014 оны судалгаагаар нярайн нэн шаардлагатай тусламж болох энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дэлхийд дунджаар 50’000 хүртэлх мөн Монгол дахь 50 гаруй нярайн эндэгдлийг зогсоож чадах ач холбогдолтой юм. “Энэ үйл ажиллагаанд төрөл бүрийн асуудлаар нөлөөллийн ажил хийж үргэлжлүүлэх бөгөөд эх үрийн төрөх үйл явцийг илүү хүнлэг байгалд нь ойртуулж байгаа энэхүү буянтай ажлын гүүр нь болж олон нийтийн зан үйл, хууль тогтоомж бодлого зохицуулалт зэргийг хүүхдэд ээлтэй болгоход төр засаг ард иргэдийг татан оролцуулах, ирээдүйн ээж аав нарт ойлгуулж мэдүүлэн дадал болгон хэвшүүлж үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийн төлөө өөрийн бүхий л боломжийг дайчлан ажиллах болноо. Анхны тэврэлтээр дамжуулан төрсөн нярай бүрт эрүүл амьдралыг бэлэглэе.” гэлээ.

www.ontsgoi.mn

Олимпийн аварга Н.Түвшинбаярынх бүл нэмлээ

10422537_797079183707091_6677415124046607544_nМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавъяат тамирчин, Олимпийн аварга Найдангийн Түвшибаяр олны хэл амнаас холуур байж,  аваргын намба жудагтай амьдардаг билээ. Тэрээр саяхан шинэ хүнээ өлгийдэн авсан бөгөөд ийнхүү 4 -н хүүхэдтэй өнөр өтгөн айл боллоо.

Аваргынхаа гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе

Монголын үрс маш олон болтугай.

  Онцгой.мн онцлов