МАХН-ынхан ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын оронд Ц.Шаравдоржийг томилохоор болжээ

           Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн долоо хоногт авлигын хэрэгт холбогдсон. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригийн орой 22.30 цагт Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан юм. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас гэж эх сурвалж мэдээлсэн. Тиймдээ ч ЭМС-ын сайдыг АТГ-аас сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болоод байгаа. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгана. Бүр шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгах эрх нь хуулийнханд нээлттэй гэнэ. Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Тэгвэл Г.Шийлэгдамба сайд өөрийг нь шалгаж байгаатай холбогдуулан баасан гарагийн үдээс хойш Ерөнхий сайдад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Тэрбээр, “Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо. …Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ингэснээр асуудалд ороод буй Г.Шийлэгдамба сайдын огцрох хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн аваад байгаа билээ. Түүнчлэн Г.Шийлэгдамба сайдын асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж эх сурвалж мэдээллээ. Тэгвэл хүсэлтийг нь хүлээн авсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ЭМС-ын сайдынхаа хүсэлтийг ёсчилж, сайдын албан тушаалаас нь огцруулахаар тохирчээ.

Харин МАХН-ын удирдлагуудад Эрүүл мэнд, спортын салбарт ажиллах дараагийн нэр дэвшигчээ нам дотроо тохиролцоод ойрын өдрүүдэд оруулж ирэхийг Ерөнхий сайд даалгасан гэнэ. Сайдын сул орон тоо гарснаар МАХН дотор “сайд” болох тэмцэл тун хүчтэй өрнөж байгаа аж. Одоогийн байдлаар МАХН-ынхан ЭМС-ын сайдад нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийгоо нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ. Хэдийгээр Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргад нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл цацагдаж байсан ч нэгэнт нөхцөл байдал иймдээ хүрсэн учраас ЭМС-ын сайдын суудалд томилох нь зүйтэй гэж тохирсон байна.

Харин түүнтэй хамт ЭМС-ын сайдад өрсөлдөж магадгүй хүн бол энэ салбарыг өмнө нь удирдаж байсан Н.Удвал аж. Гэхдээ Н.Удвалыг Ерөнхий сайд сонгохгүй байх гэсэн яриа яригдаж эхлээд байна. Учир нь тэрбээр өмнө нь ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбартай холбоотой нэлээдгүй асуудлууд үүсгэж байсан. Мөн түүнийг намын нөхөд нь ч өмнө нь сайд хийж байсан гэдэг шалтгаанаар дэмжихгүй яваа гэнэ.

Байж болох дараагийн нэг хувилбар нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм. Тэрбээр МАХН-аас сайдын суудалд сууж үзээгүй ганц хүн. Тэр утгаараа намын нөхөд нь залуу лидерүүдийн нэгээ сайдад зүтгүүлэх гэсэн боловч намын дарга нь хаалт тавьсан сурагтай. Учир нь О.Баасанхүү гишүүн намын дарга Н.Энхбаяртай таарамж муутай байгаа бөгөөд хоорондын үл ойлголцол нь улам даамжирч эцэстээ намаасаа гарах болсон гэх яриа ч сонсогдох болсон.

Юутай ч МАХН-ынхны дунд ЭМС-ын сайдын суудал “сандал ширээ”-ний тэмцлийг хурцаар өрнүүлж эхэллээ. Хэдийгээр дээрх гурван хувилбар бий боловч МАХН-ынхан урьдчилсан байдлаар Ц.Шаравдоржийг ЭМС-ын сайдад зүтгүүлэхээр тохирчээ.

Г.Лхагваа

Zaluu.com

Vнэд хvрэх хvн

davaasuren926601954201504210138УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнг ирэх сонгуулийн vеэр “vнэд хvрэх” хvн гэж нэрлэх болжээ. Учир нь мань хvнийг намаасаа хєєсєн хэмээн сvр дуулиантайгаар мэдэгдэж байсан МАН-ынхан эрхэм гишvvнээ эргvvлэн “авах” “хvнлэг” шийдвэр гаргаад байгаа. Єєрєєр хэлбэл ємнє нь намын гишvvнчлэлийн асуудлыг нь тогтоолоор гаргаж ирээд байгаа юм. Учир нь ємнє нь гаргасан шийдвэрээ хvчингvй болгожээ. Vvнийгээ МАН-ын дvрмийн 6.1-т заасны дагуу єргєдлєє єгч байсан хvнийг хєєх ёстой байдаг. Гэтэл єргєдєл єгєєгvй учраас тухайн тогтоол хvчингvй гэх агуулгыг хэлж байгаа юм. Тэгэхээр тvvний намын гишvvнчлэлийг сэргээж байгаа нь ирэх оны сонгуульд энэ хvн хэрэгтэй гэдгийг “ах” намынхан андахгvй сайн мэдчихээд уучлалт гуйж доошоо орж байхаар урдах “цаасаа” хvчингvй болгож байгаа бололтой. Гэвч Ц.Даваасvрэн гишvvний хувьд “би бие даагч гэсэн статусаа хэрэгжvvлж дуусгах ёстой. Сонгуулийн vр дvнгээр гарч ирсэн учраас олны итгэл сэтгэлийг бодох ёстой. Тэгээд ард иргэдээсээ дэвших эсэхээ асууна. Заавал дэвших ёстой ч биш.” хэмээн тайлбарлаж байгаа. Энэ нь цаад утгаараа єєрийнхєє нэр хvндийн vнэ цэнийг тойрогтоо мэдэрчихсэн хvний vг vйлдэл гэдгийг хэнбугай гадарлахаар байгаа. Тиймээс vнэд хvрэх хvн хэсэг хугацаанд гэдгэр алхах биз ээ.
Эх сурвалж:

Мөрөн хотноо 1000 шатарчдын тэмцээн болж байна

12207338_1093538920670305_1588673047_o“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын санаачилгаар “Оюунлаг Хөвсгөл 1000 шатарчдын тэмцээн” 11 дүгээр сарын 5-нд Мөрөн хотын Спортын ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд таван настай балчираас 70 гарсан буурай хүртэл оролцож байгаа юм.

Тэмцээнийг нээж “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар “Шатар бол ямар ч насны хүний тоглодог спорт. Шатар тоглодоггүй монгол хүн гэж бараг байдаггүй. Тэмээ, морь, тэрэг, хүү, ноён, гээд монгол үгэнд өргөн хэрэглэгддэг энэхүү онц сонирхолтой спорт монголчуудаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дэлхий дээр өдөрт 1,5 сая хүн шатар тоглодог гэсэн мэдээ байдаг. Хөвсгөлчүүд маань их оюунлаг ард түмэн. Энд хуран цугларсан шатарчдаас ирээдүйн дэлхийн аварга төрж гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Мөн тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэхээр Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч М.Очирхуяг нар хүрэлцэн ирсэн юм.

1000 шатарчдын тэмцээнийг Монгол Улсын аварга, Монголын бүх ард түмний VI спартакиадын аварга Б.Мягмарсүрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Спортын мастер, Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн О.Хадбаатар нар шүүн явуулж байна.

Тэмцээний онцлогоос дурдвал хамрах хүрээнийхээ хувьд Монгол улсад шатарчдын дунд зохион байгуулагдаж буй III том тэмцээн бол Хөвсгөл аймагт 1000 шатарчин оролцож буй анхы тэмцээн юм байна. Мөн даваа бүр нь мөнгөн шагналтай анхны шатрын тэмцээн ажээ.

12214331_1093538937336970_1068811829_o

МАН, МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд хамтарч орохыг хүслээ

 МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай МАН, МАХН-ын ахмадуудын төлөөлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд уулзлаа. Тэдний зүгээс УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулж, хамтарч сонгуульд орохыг уриалсан өргөх бичгийг МАН-ын удирдлагуудад гардуулаа. Энэхүү өргөх бичигт “Өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа газар авч төрийн алба төрлийн алба болж Монгол Улсын нэр хүнд бүрэн уналаа. Монголын газар нутгийн бараг 60 гаруй хувь хайгуулын лиценз нэрийн дор гадаадынхны гарт орж, улсын гадаад өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэлийн орлогын 70 хувиас хол давлаа. Төр засгийн буруутай бодлогоос үүдэн 5000 гаруй аж ахуйн нэгж үүд хаалгаа барилаа. Тиймээс үзэл бодол, угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийг бодолцож үл ойлголцлоо зогсоож, аливаа асуудалд ухаан тэвчээр гарган 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг та бүхэнд өргөн барьж байна” гэжээ. Уг өргөх бичигт төр нийгэм, урлаг, спортын салбарт нэр хүнд бүхий МАН, МАХН-ын 44 ахмад гишүүн гарын үсэг зуржээ. МАН-ын дарга М.Энхболд ахмадуудын өргөн барьсан албан бичгийг өнөө, маргаашгүй МАХН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгнө гэдгээ хэлсэн юм.

“Зоос”-ыг “Төр” болгосон татар ажиллагаа

Б.ЭНХЗАЯА

Төрийн банкыг хувьчлах асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Угаас төр өөрийн мэдэлдээ банктай байхыг эдийн засагчид эсэргүүцсээр ирсэн. Тэгвэл удахгүй ажил хэрэг болох Төрийн банкны хувьчлал өөр нэгэн хэргийг “сэдрээх” бололтой.

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Зоос” банкыг Монголбанкны ерөнхийлөгчийн 659 тоот тушаалаар татан буулгаж, Засгийн газрын тогтоолоор Төрийн банкыг байгуулсан түүхтэй. Гэвч энэ ажиллагаа хууль ёсных байсан уу, дампууруулсан хэргийн эзэд ямар хариуцлага хүлээсэн, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах, Төрийн банк байгуулагдахад оруулсан Засгийн газрын 100 орчим тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлт зэрэг асуудал одоог хүртэл нэгмөр болоогүй байна. Эхний асуудал шийдэлд хүрээгүй байхад дараагийн алхам хийж буух эзэн буцах хаяггүй болох вий гэдгийг УИХ-ын төвшинд зарим гишүүн ярьж, сануулж эхэллээ.

“ЗООС” БАНКНЫ ДАМПУУРЛЫН ЭХЛЭЛ ИЙМ

Эдүгээ Төрийн банкны хуучин суурь болсон “Зоос” банкны дампуурал ингэж эхэлжээ. Хятадын хөрөнгө оруулалттай “Huvia Mongolia” компани “Зоос” банкинд таван сая ам.долларыг хадгаламж нээлгээд хадгалуулсан гэдэг. Гэтэл 2009 онд тус банк санхүүгийн хямралд орж Хятадын компани хадгалуулсан мөнгөнөөс хүү авах гэрээ байгуулжээ. Банк эхний үед хадгаламжийн хүүг өгч байснаа сүүлдээ хүүний төлбөрийг нь өгөхөө больсонд “Huvia Mongolia” компани шүүхэд гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр компанийн харилцагч “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, гадаад төлбөр тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг дутуу хүүтэй зээл олгож, “Huvia Mongolia” компанийн хадгалуулсан таван сая ам.долларыг хувьдаа эргэлдүүлсэн гэж буруутгасан ч шүүхийн шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн 2012 онд цагаатгажээ. Уг хэрэгт тухайн үеийн банкны захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн захирал Х.Пүрэвсүрэн нар холбогдон шалгуулж байв. Гэвч Ш.Чуданжийгийн хэргийг тусгаарлаж, бусад нь цагаадсан шүүхийн тогтоолтой ажээ.

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийг банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн болохыг шүүхийн шинжээчид тогтоож, 2012 оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн ял оноож байв. Тухайн үед түүний бага насны хүүхэдтэйг шүүхээс харгалзаж Өршөөлийн хуульд хамруулан ялыг нь хэдэн сараар хойшлуулж, хохирлын 1.6 тэрбум төгрөгийг барагдуулах шийдвэр гаргаж байжээ. Гэвч одоог хүртэл тэрээр ялаа эдэлж, хохирлоо нөхөн төлсөн эсэх нь шүүх, хуулийн байгууллагын шатанд тодорхойгүй байна. Ш.Чуданжий нарын хэрэг “Зоос” банкыг дампууруулах эхлэл болсон гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.

Г.Уянга: ЗАСГИЙН ГАЗАР АЛДАА ГАРГАСАН

Тиймээс ч уг хэрэг мандахтай зэрэгцэн “Зоос” банкыг албадан татан буулгасан байдаг ажээ. Монголбанкны ерөнхийлөгчийн татан буулгах тушаалд “….Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг, тэдгээрийн анхны шаардлагыг гарган өгч чадахгүйд хүрч өөрийн хөрөнгө алдагдаж, төлбөрийн чадваргүй болсон..” гэдгийг үндэс болгожээ. Харин Засгийн газрын тогтоолд иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалахаар “…“Зоос” банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж 95.1 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банкыг байгуулах…” тухай дурдсаныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан саяхан УИХ-ын гишүүн Г.Уянгын асуулгын хариуд онцлов.

УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн банкны хувьчлалтай зэрэгцэн “Зоос” банкны асуудал хөндөгдөх ёстойг мэдэгдэж буй. Тус банкны дампуурлаас хохирч үлдсэн 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигч түүнд хандаад буй. “Анх жижиг хувьцаа эзэмшигчид надад хандсан. Иргэдийн тавьсан хүсэлт, цуглуулсан баримтуудыг үзэхэд “Зоос” банкны асуудлыг эргэж ярих гарцаагүй нөхцөл үүссэн байсан. Юуны түрүүнд “Зоос” банк дампуурч татан буугдсан гэж ойлгож байгаа ч суурин дээр нь Төрийн банк байгуулагдсан гэдэг нь баримтуудаар тодорхой боллоо. Төрийн банкны хувьчлалтай зэрэгцээд “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн асуудал давхар хөндөгдөх ёстой. УИХ-ын тогтоол ч ингэж гарсан байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан” гэж тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

“ЗООС” БАНК УЛСАД 58 ТЭРБУМЫН ӨРТЭЙ

“Зоос” банк дампуурах үеийн нөхцөл байдал ямар байсан тухай Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Жавхлангийн мэдээллээр “Зоос” банкинд банкны эрх хүлээн авагч тогтсоноос хойш 63.6 тэрбум төгрөгийн зээл авлагыг эргэн төлүүлж, “Зоос” банк хувьцаат компаниаас төлбөрийн нэхэмжлэлтэй иргэн хуулийн этгээдийн 54.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулжээ. Үүний дотор Засгийн газрын бондын төлбөрт 37.1 тэрбумыг төлжээ. Өөрөөр хэлбэл, “Зоос” банк улсад 58 тэрбумын өртэй гэсэн үг.

Түүнчлэн өнгөрсөн сарын 30-ны байдлаар 69.7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаагаас 83 хувь буюу 58 тэрбум төгрөг нь “Олон овоот” компанид, үлдэх 16.6 хувь буюу 11.6 тэрбум төгрөг нь 176 зээлдэгчид хамаарч байгаа аж. Тус банкны тайлан тэнцэл 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 873 сая төгрөгийн цэвэр актив хөрөнгөтэй, нийт төлбөрийн дүн нь 68.5 тэрбум төгрөг, үйл ажиллагааны хуримтлагдсан алдагдал 67 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд “Зоос” банк компанийн нийт актив хөрөнгийг Засгийн газрын бондын төлбөрт тэнцүүлэн шилжүүлж, эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгохоор ажиллаж байна гэж Монголбанк мэдээлэв.

ЭХЛЭЭД ЗАСГИЙН ӨР, ДАРАА НЬ…

Анх харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилготой хэмээн “Зоос” банкны бүтцийг өөрчилж, Төрийн банк байгуулахад зориулж 100 орчим тэрбум төгрөгийн бонд гарган санхүүжүүлсэн Засгийн газрын шийдвэрийг эргэж харвал УИХ-ын гишүүн Г.Уянгын асуулга яалт ч үгүй анхаарал татна. Нүглийн нүдийг гурилаар хуурна гээчийн үлгэрээр харилцагчдаа хамгаалах алхам нь 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон явдал болж хоцорчээ. Харин томчууд нь их, бага хэмжээгээр ашгаа хүртсэн гэлцдэг.

Жижиг хувьцаа эзэмшигчид өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тэмцэл, хөдөлгөөн өрнүүлсэн ч одоог хүртэл гомдлоо барагдуулж чадаагүй явна. Гэвч одоо ч тэдний асуудал бүрхэг байгааг Монголбанкны мэдэгдлээс харж болохоор ажээ. Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Зоос” банкны 627 жижиг хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг хувьцааны нэрлэсэн үнээр тооцон ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг хуваарилах саналыг Санхүүгийн зохицуулах хорооноос хэлэлцүүлсэн байдаг аж. Гэвч Банкны тухай хуулийн 64.1-т заасан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр тогтжээ. Түүнчлэн  Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар “Зоос” банкин дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох  актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэх үед дээрх асуудлыг дахин авч хэлэлцэн, хуульд заасан дарааллын дагуу Засгийн газрын бондын өр төлбөрт дүйцүүлэн “Зоос” банк хувьцаат компанийн актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх талаар зөвлөмж гаргажээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Засгийн өрийг нэн тэргүүний асуудал болгожээ. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал тодорхойгүй байна.

ДАМПУУРАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН ҮҮ?

Үүнээс гадна зургаан жилийн өмнөх “Зоос” банкны дампуурсан нөхцөл байдал хийгээд одоогийн Монголбанкны мэдээллээс нэг асуудал урган гарч ирж байна. “Зоос” банк татан буугдах үед 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байс­ныг албаныхан ярьж байна. Гэтэл 87.9 тэр­бум алдагдалтай гэх “Зоос” банкны 86.6 тэрбум хөрөнгө Төрийн бан­кыг байгуулах эх үүсвэр болсныг тухайн үед төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлд ярьж байжээ.

Тэгэхээр Төрийн банкны хувьчлалтай зэрэгцэн бараг алдаг­далтайгаа тэнцэх хөрөнгө­тэй байсан “Зоос” банк дампуурах нөхцөл үүссэн үү, жижиг хувьцаа эзэмшигчид хэзээ хохирлоо барагдуулж болох зэрэг асуудлууд тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Н.Алтанхуягийн төслийг гацууртаар сольжээ

10-29-1_700x700М.ЦЭЦЭГ

УИХ хэлэлцэх асуудлынхаа дарааллыг долоо хоног бүрээр гаргадаг. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гариг бүр хуралдаж дараа долоо хоногт хэлэлцэх асуудлаа төлөвлөж, дарааллыг баталдаг юм. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан төслүүд багтсан байв. Тодруулбал, чуулганы өнөөдрийн  хуралдаанаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд байв. Гэтэл шинэчилсэн хуваарь гаргаж дээрх төслийг хасчээ. Оронд нь Засгийн газраас өргөн бариад удаагүй байгаа Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулж, Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Хоёр төслийг хооронд нь сольсон нь санамсаргүй зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой гэсэн хардлага байна.

УИХ-ын нэгдсэн чуулганд хууль санаачлагч индэр дээрээс илтгэл тавьдаг дэгтэй. Хэрэв Н.Алтанхуягийг индэр дээр гаргавал түүнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш яг нэг жилийн дараа УИХ-ын индэр дээрээс үг хэлэх боломж олдож байгаа гэнэ. Тэр индэрт гарвал юу ч ярьж магадгүй гэсэн болгоомжлол бий ч гэх. Яагаад гэвэл өнгөрсөн зургадугаар сард нэгдсэн чуулганд Гацууртын ордыг оруулахад Н.Алтанхуяг нарын гишүүд эсэргүүцэн төслийг буцааж байсан билээ.

Н.Алтанхуягийн гэх тодотголтой төсөл өнгөрсөн долоо хоногт мөн л хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт байсныг зургадугаарт болгож хойшлуулсан юм билээ. Энэ бүгдийн цаана Ардчилсан нам доторх бүлэг фракцуудын тэмцэл байгааг тус намынхан ч ярьцгаадаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шантааж

527-1446085514527-14140306161sg2dfsdУлс орноороо бид шантаажид амьдарч байгаа ч юм шиг. Ирэх онд шүүх, прокурор, АТГ зэрэгзарим байгууллагын төсвийгбууруулахаар тусгасан нь “хэрүүлийн алим” болоод байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Засаглалын тэнцвэртэй байдал алдагдана. Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал алга болох нь. Сүүлийн хоёр жилд цалин нэмэгдсэнтэй холбоотой шүүгчид олон төрлийн зээл авсан.

2015 оны аравдугаар сарын байдлаар нийт шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкуудад 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Манай шүүгч нар хараат бус шүүгч биш арилжааны банкуудаас шууд хамааралтай, өр зээлд баригдсан хүмүүс гарч ирэх аюул харагдаад байна. Шүүгчийн хариуцлага сулрах магадлалтай. Сая цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүгчдийн эдийн засаг сайжирсан гэдгээс илүү шүүгчийн хариуцлага дээшилсэн.” гэж мэдэгдэв.

Цалин нэмбэл хариуцлага дээшилдэг, хэрэв нэмэхгүй бол хариуцлага суларна ч гэх шиг. Цалин нэмэх бүрт тэдний хэрэглээ улам өснө. Шүүгчдийн цалин нэмэгдэх бүрт зээл нь нэмэгдсэн гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өөрөө хэлсэн.

Дахиад нэмбэл ахиад л шүүгчдийн зээл нэмэгдэнэ. Хязгааргүй шунал, хязгааргүй хэрэглээ хүмүүн төрөлтхний нэг сул тал. Түүнийг өнгө, мөнгөөр бус үүрэг, хариуцлага, хуулиар л хязгаарладаг. Түүнээс бус цалинг нь нэмж хариуцлага дээшлүүлж, зээлийг нь хумина гэж үгүй.

Хүн бүр зовлон, жаргалтай. Харин тэр дундаас шүүгч нар л хамгийн их зовлон, зүдгүүрийг үүрдэг гэж ухуулах хэрэггүй. Хоногийн 24 цагт амрах завгүй 48 цаг ажиллаж, эрдэнэт хүний амь аврах хагалгаа хийж буй эмч, халуунд халж, хүйтэнд хөрч эх орныхоо хил дээр ар гэрээ ч мартан харуулын үүрэг гүйцэтгэж буй хилчид, түмний хүүхдийг сургах гэж өдөр шөнөгүй ажиллаж буй багш нарт талархал илэрхийлье.

Тэд цалингаа нэмэхгүй бол ажпын хариуцлагаа сулруулна, бусдаас хараат, мөнгөтэйд нь үйлчилж мөнгөгүйд нь үйлчлэхгүй, хуулийг шударга бус хэрэгжүүлнэ гэж хэлээгүй. Харин шүүгч нар цалин нэмэхгүй бол шүүх байгууллага шударга бус ажиллана, засаглалын тэнцвэртэй байдал алдагдана хэмээн шантааж хийж байна. Аймшигтай юм. Мөнгө өгвөл шударга, өгөхгүй бол шударга бус ажиллана. Шантааж гэхээс үүнийг өөрөөр нэрлэх боломж байна гэж үү.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Ноотой “НЕОН” гэрэлтэй такситнууд

Намрын налгар өдрүүд цаашилж, өвлийн сэрүүн орсныг өчигдөр байгаль дэлхий зарлав. Хүйтний улирал эхэлж байгааг сануулсан нэгэн дохио өглөө. Дохио гэснээс нэгэн гэрэлний тухай ярих гэсэн юм. Саяхан манай нэгэн танил ихээхэн бухимдалтай орж ирэв. Юу болов яаав гэсэнд. Нэг таксинд мөнгөө өгөхдөө буруу өгөөд буучихлаа. Дотороо “Неон” гэрэл хийчихсэн мөнгө ялгагддаггүй юм байна гэв. Үүнийг нь сонсчихоод байж байтал дараа нь яг ийм такси надтай тааралдах нь тэр, өнөөх явдал санаанд зурс хийн орж ирээд мөнгөө гаргаж өгөхдөө ялгах гэж оролдов. Үнэхээр л ялгагдахгүй байна шүү аргаа барсандаа тоог нь харж байж өглөө. Албаар ч юм шиг энэ гэрэл хийсэн нь нэг л шижиг бүхий байхаар нь жолоочид энэ гэрэлээ солиорой гээд буусан юм.

Орцоор гэрлүүгээ орж явахдаа дотор минь ийм бодол орж ирэв. Магадгүй эд нар шөнөөр согтуу хүнээс мөнгө илүү авах гэж ингэдэг байх гэсэн бодол хамгын түрүүнд толгойд буув. Ер нь тэгээд согтуу ч гэлтгүй эрүүл хүн ч ялгахгүй юм билээ.

Хэрвээ та ийм такситай таарвал мөнгөнийхөө тоог нь сайн харж өгөөд дараа нь шүүмжлэлийн үг хэлээд буухад илүүдэхгүй байх шүү.

Эх сурвалж: Содон.мн

76:30 буюу Бие даагчдын зөвлөлийн туг

Энэ удаагийн “76:?” буландаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар Хөвсгөл аймагт бие даан өрсөлдөж, олонхийн саналыг авч чадсан билээ. Ц.Даваасүрэн нь Төрийн албанд 20 жил зүтгэж, Эрчим хүч, Сангийн яам, БСШУЯ гээд гурван том салбарт ажиллаж, нөр их туршлага хуримтлуулсан нэгэн юм.

– АМЛАЛТ

2012 оны сонгуулиар намууд янз бүрийн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуульд орж байсан. Намд харьяалагдаж сонгуульд оролцсон гишүүд бол хувьдаа мөрийн хөтөлбөр дэвшүүлээгүй. Ердөө л намынхаа мөрийн хөтөлбөрийг бариад дайрсан гэхэд болно. Тэгвэл бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс хувьдаа мөрийн хөтөлбөр боловсруулж, ард түмэнд амлахаа амласан. Ц.Даваасүрэн гишүүн бие даагч учраас мэдээж тодорхой мөрийн хөтөлбөртэй орсон.

Намууд бэлэн мөнгө, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой амлалтууд ихийг өгч байсан бол тэрбээр нэр дэвшсэн тойрог болох Хөвсгөл аймагтаа болоод малчид, хөдөлмөрчдөд хэрэгтэй амлалт өгч байж. Тухайбал, залуу малчдад зориулсан орон сууц  буюу  байрны  хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог бий болгоно гэх мэтээр түүний амлалт үргэлжилнэ. Голдуу л хүмүүсийн аж амьдралд чиглэсэн амлалтууд байгаа.

Мань хүнийг амлалтаа биелүүлсэн гээд тэнгэрт тултал магтах арга алга. Учир нь бие даагч битгий хэл эрх барьж байгаа намынхан ч амлалтаа олигтой биелүүлээгүй байна. Гэхдээ түүний амлалтууд АН-ын дэвшүүлсэн “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөртэй зарим талаараа нийцэж, нийлж байгаа болохоор биелсэн зүйл бий. Өнөөдөр малчид найман хувийн зээлээр  орон сууц авах боломжтой л байгаа. Асуудал шийдэгдсэн. Ер нь Ц.Даваасүрэн гишүүн сонгогчидтойгоо ойрхон ажилладаг гишүүн.

Тойргоо байнга эргэж, ард түмнийхээ тулгамдсан асуудлыг сонсч, болж өгвөл шийдэж өгөх талаас нь ажилладаг юм шиг санагддаг. Байсхийгээд л “Ц.Даваасүрэн гишүүн тойрогтоо ажиллалаа” гэсэн мэдээлэл гарч байдаг. 2014 онд гэхэдЖаргалант сумын дунд сургуулийн сурагчдын дотуур байрны асуудлыг шийдэж өгч, шинэ байртай болгоход дэмжин ажиллаж, нээлтэд нь оролцоод л явж байлаа.  Ер нь жилдээ хэд хэдэн удаа тойргоо эргээд, асуудлуудаа шийдээд явдаг.  Энэ бүхнээс харахад, түүнийг амлалтаа биелүүлээгүй, сонгогдоод мартчихсан нэгэн гэж дүгнэхэд хэцүү.  Ер нь бол бие даагчийн байж болох хамгийн сайн хэмжээнд ажиллаж байгаа гэж л тодорхойлох гээд байна.

– АМЖИЛТ


2012 оны сонгуулийн өмнө Ц.Даваасүрэн тэргүүтэй цөөнгүй гишүүд МАН-аас гарч байлаа. Тухайн үед МАН гишүүдээ хөөсөн ч гэж ярьдаг. Зарим нь нэр бүхий гишүүд МАХН руу урвасан ч гэж дүгнэдэг л юм. Харин Ц.Даваасүрэн гишүүн намаасаа гарсан.Тэгэхдээ өөр нам энэ тэр гэж яваагүй. Хөвсгөл аймагтаа очоод, бие дааж нэр дэвшсэн. Ер нь бол МАН-ынхан илүү мөнгө өгсөн, залуу гишүүддээ нэр дэвших тойрог өгөх зорилгоор нэр бүхий хүмүүсийг шахсан нь тэр үедээ ил болж л байсан. Энэ талаар олон ч хүн хангалттай ярьсан, хэвлэлүүд бичсэн.

Харин Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөлд очоод гарын үсэг цуглуулаад, жаахан судалгаа явуулахад л рейтингээрээ эрс ялгарч байсан юм даг. Энэ бол түүний амжилт. Яагаад амжилт гэж дүгнэж байна гэхээр Ц.Даваасүрэн гэдэг хувь хүн Хөвсгөлд ямархуу нэр хүндтэй вэ, тойрогтоо яаж ажиллаж байсан бэ гэдгийг нь энэ үйл явдал баталсан болохоор тэгж дүгнээд байна. Улмаар 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшээд, олонхийн санал аваад л гараад ирсэн.

Өөрийг нь “жийсэн” намынхаа удирдлагуудын ам руу алгадаж чадсан нь бүр ч том ялалт байсан биз.  Улмаар сонгогдож гарч ирснийхээ дараа Төсвийн байнгын хорооны дарга болсон. Бие даагчдын зөвлөл байгуулсан.  Ер нь л амжилт арвинтай ажиллаж байгаа.  2012 оны сонгуулийн үр дүнд АН олонх болсон. Гэхдээ бие даан Засгийн газар байгуулах хэмжээнд хүртэл олуулаа болж чадаагүй. Тиймдээ ч сүүлийн хэдэн жил “Шударга ёс” эвсэл, МАН, ИЗНН гээд нэгдэж болох нам болгонтой нийлж байгаа. Бусад намууд ч сөрөг хүчний хэмжээнд байж чадаж байгаа юу гэвэл үгүй.

Харин бие даагчдын зөвлөл, тэр дундаа Ц.Даваасүрэн гишүүн сөрөг хүчний үүргийг зөв, гайгүй гүйцэтгээд байна уу гэж харагддаг. Тэрбээр 2012 онд сонгогдсоноосоо хойш  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай гээд олон хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулаад байгаа юм.  Зарим гишүүд хууль санаачлах нь битгий хэл санаачилж байгаа багт нь ч орж ажиллаагүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл тэрбээр төсвийн байнгын хороон даргаар ажиллаж байхдаа төсөв мөнгөтэй холбоотой чухал хуулиудыг санаачилж, санаачлалцаж, өргөн барьж, батлуулж чадсан.  Энэ мэтээр амжилттай ажилласан гэж дүгнэх зүйл түүнд их байна.

– АЛДАА
– ТЭНЭГЛЭЛ

Ц.Даваасүрэн гишүүн зарим нөхдүүд шиг сонгууль дөхөхөөр л ард түмэндээ харагдах гэж янз бүрийн тэнэг үйлдэл хийгээд яваад байдаггүй хүн. Автобусанд сууж, эмнэлэг угааж, цас арилгах энэ тэр гээд явахгүй пиар хийж тэнэглэхгүй. Харин бие даагчдын зөвлөлийн хэдэн нөхдүүд хошуу дүрж болох бүхэнд л оролцоод яваад байгаа нь жаахан тиймхэн санагддаг.

Банкны хугацаа хэтэрсэн зээл л гэнэ, хүүхдийн паркийн газар ярина.  Үл хөдлөх барьцааны тухай хуульд анхаарахыг сануулна. Төсвийн орлого тасарсныг судлах ёстой л гэнэ.  Эрүүгийн хуулийн зарим заалтыг эсэргүүцнэ. Сангийн сайдыг огцруулах гэж үзнэ. Энэ мэтээр тэдэнд хошуу дүрэхгүй асуудал гэж алга. За яах вэ, мэдээж бие даагчдын зөвлөл гэж яваа учраас байр сууриа илэрхийлж, ярих юмаа ярих нь зөв л байх. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ, хязгаар гэж байх ёстой.

Оюутолгой, Тавантолгойтой холбоотой асуудлаар өнөөдрийг хүртэл зүсэн зүйлийн л юм ярьж байна. Тэглээ гээд өнөөдөр сайн сайхан болчихсон юм хаана байгаа юм. Зарим талаараа гай болж байж ч магадгүй. Сүүлийн үед нөхдүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг их ярих боллоо. Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурснаас л энэ асуудал үүссэн. Тэр үед Ц.Даваасүрэн гишүүн  “Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын  зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан байна. Оюу толгой үр ашиггүй байгааг та бид мэднэ.

Тиймээс Оюу толгойн үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдсангүй. Нийт борлуулалтын 4-5 хувь Монголд үлдэж байна. Бидэнд баялгийн мөнгө орж ирэхгүй, дусал шиг 4-5 хувь л орж ирж байгаа. Энэ бол буруу юм. Оюу толгой хөрөнгө оруулалт биш зээл шүү. Бид анхны хөрөнгө оруулалтын зээлээр өдөрт нэг сая ам.долларын зээлийн хүү, төлбөр төлж байгаа. Гаднынхан аймшигтай тархи угаадаг юм байна. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа” гэж ирээд л ярьж байсан. Одоо ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж, гарын үсэг зурж, янз бүр болж л байгаа.  Яах вэ, үнэхээ алдаатай бодлого хэрэгжүүлээд, улс орныг алаад байгаа бол асуудал тавилгүй л яах вэ. Гэхдээ жаахан юман дээр өлгөж аваад л, дайраад байвал бас ч юу билээ.

Уг нь засаг төр нь тогтвортой, бүтээн байгуулалт нь урагштай, явах ёстой зүйлс нь замаараа явж л байвал хэрэгтэй байна. Оюутолгойн асуудал дээр өнөөдөр ямар үр дүн хүрэв. Харин ч олон хүн ажилгүй сууж байгаа. Тэгэхээр бие даагчид хэтэрхий олон асуудалд хошуу дүрж, огцруулна, шалгуулна, тэгэх ч ёстой, ингэх ч хэрэгтэй гэж дайрдгаа больчихвол таарах юм.Мэдээж гол дүрийнх нь нэг Ц.Даваасүрэн гишүүн учраас түүнд ч бас энэ үгийг хамаатуулах гээд байна.

– ИРЭЭДҮЙ

Яг үнэндээ 2016 оны сонгуулиар түүний сонгогдох магадлалыг 50:50 гэж таамаг дэвшүүлэх гээд байна. 2012 онд МАН-аас хэл амтайхан гарч, Хөвсгөлд бие даан өрсөлдөж ялсан. Магадгүй намаасаа гарсан, шулуухан хэлбэл, “жийгдсэн” нь түүний рейтингийг суга өсгөсөн ч байж болох. Гэхдээ түүний нэр хүнд, хийсэн бүтээсэн нь мэдээж илүүтэй нөлөөлж байгаа л даа.  Хувь хүний чадвар, ноён нуруу, төрийн албанд ажилласан туршлага, чадвар гээд олон хүчин зүйл бий. Сонгогчдын саналыг авахад нөлөөлөх зүйлсийг дурьдаад байгаа санаатай.

Тэр утгаар нь аваад үзвэл Ц.Даваасүрэн гишүүн бие дааж өрсөлдөөд л Хөвсгөлөөс нэгээр гараад ирж мэдэх юм. Тэгээд ч ард түмэн намын нэр харж биш хувь хүний чадвар, чансааг харж сонголтоо хийдэг болж байгаа өнөө үед бүр ч магадлал өндөртэй. Ер нь улс төрийн намууд бие даагчдаас багагүй эмээж  байгаа. Тиймдээ ч намаараа нэгдсэн хүмүүсийг сонгох нь зөв гэсэн пиар хийж эхэлсэн.  Тэгвэл нөгөө талаас нь хараад үзье.

Мэдээж нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, амлалт гэдэг эрх барьж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх боломжтой үед л биелэх боломжтой. Мэдээж өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд түүнийг хэрхэн ажилласан, ямар амлалтаа биелүүлсэн гэдгийг хөвсгөлчүүд мэдэж байгаа байх.  Дээрээс нь ирэх сонгуулиар хоёр том намаас хэн Хөвсгөлийг зорих нь вэ гэдгээс ч түүний хувь заяа хамаарч магадгүй юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд

М.Энхболд: Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй

http://www.tumen.mn/upload/2015/10/21/

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр МАН- ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төсөв бол тухайн Засгийн газрын ямар үйл ажиллагаа, бодлого явуулах вэ гэдгийн илэрхийлэл. Нефть бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж байгаа нь жижиглэн худалдаалах үнийг одоогийн төвшинд цаашид үргэлжлүүлж барих гэсэн бодлого байна. Бензин шатахууны жижиглэн худалдаалах үнээ бууруулж, шинээр татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэн эдийн засгаа өөд нь татъя гэсэн бодол Засгийн газарт ерөөсөө алга. Тэгээд асуудал тавингуут та буруу ойлгож байна гэх юм. Би Ерөнхий сайд байхдаа наад татварыг чинь дээш доош нь болгох Засгийн газрын тогтоол гаргаж байсан юм. Ойлгоод тогтоол гаргаж байсан юм шүү. Ер нь ачаа бараа, татлага татах цаг дөхлөө, үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.7 хувийн хүүтэй баахан мөнгө тараасан, үүнийхээ хагас хугасыг буцаагаад улсад төлүүлье, энэ боломжийг нь нефтийн компаниудад олгоё гэдэг байдлаар асуудалд хандаад байна уу даа. С.Баярцогт та сүүлийн үед нефть бүтээгдэхүүний асуудалд илүү анхаарал тавиад байх юм. Энэ бол ЗГХЭГ-ын эрхлэх асуудалд хамааралгүй. Энэ талаар холбогдох сайд нар нь үндэслэлээ ярих ёстой. Ийм байдлаар асуудалд хандаж байгаад харамсч байна. Засгийн газар цалин, тэтгэврийг энэ жил нэмэгдүүлэхэд зориулсан 90 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасах, төрийн албан хаагчдын цалинг 10, 30 хувиар бууруулах санал гаргажээ. Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй. За яахав, УИХ, Засгийн газрын гишүүдийн цалинг бууруулдаг юм байж. Төрийн албан хаагчдын цаана олон мянган өрх айлын амьдрал байгаа шүү дээ. Ингэж цалин хасахын оронд 2015 онд байгуулсан 119 төрийн болон орон нутгийн өмчит компаниа татан буулгаач. Бизнес эрхлэгчдийн ажлыг булааж авдаг тэр компаниудаа татан буулгаж эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал хямралаас гарахад тус дэм болно. Дөнгөж сая Бакей дарга Төрийн албаны тухай хуулийн 38.2-т “Хямралаас гарах зорилгоор төрийн албан хаагчдын цалинг бууруулж болохгүй” гэсэн заалтыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим талаас нь авч үзвэл Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн төсвийн тодотгол өргөн барьсан байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Цогоо та Төрийн албаны тухай хуулийг хамгаалж манаж ажилладаг юм бол энэ танхимд суухын оронд Үндсэн хуулийн Цэцэд хандах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт 800 тэрбумаар тасарсан. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахаас өмнө хоёр зүйлийг Засгийн газар хийж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улс хөрөнгө оруулалтыг шингээх чадамж хэр байна вэ. Бид өмнө нь дандаа үүнийг тооцдог байсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нэгжийн үнэлгээ, үнэ өртөг ямар байна вэ. Гуравхан жилийн өмнө 95 сая төгрөгөөр нэг км автозам тавьж болдог байсан. Одоо 600 сая төгрөг болсон. Үнэ, өртөг өссөн. Гэхдээ зургаа дахин өсөх хэмжээнд хүрээгүй. Тавьсан замын чанар гурван жилийн өмнөхөөс дээрдсэн зүйлгүй. Ганцхан жил болоод хуулж хаяж байгаа зам ч бий. Энэ мэт асуудлаа эргэн харж хөрөнгө оруулалтын асуудалд ултай суурьтай хандмаар байна” гэлээ. Мөн тэрбээр дүйвээнээр аливаа асуудлыг шийдэх гэж улайрдгаа болих хэрэгтэйг ч эрх баригчдад сануулсан юм.

М.Өнөрөө