Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм.

Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өвлийн улиралд нэг сая тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа байдаг.

Ерөнхий сайдын эхэлж очсон Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль 10 гаруй жил хөөцөлдсөний эцэст төвлөрсөн дулаанд холбогдсоноор нүүрс хэрэглэхээ больсон байна. Үүний дүнд дулаанд 24-27 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 3-4 сая төгрөг болж бууран зардал хэмнэж байгаа тухай танилцууллаа.

Засгийн газар, холбогдох яам, хотын захиргаа, бусад байгууллага хамтран өмнө нь 45 уурын зуух, одоо 68-ыг төвийн эрчим хүчинд холбож байна. Ингэснээр 113 зуух 60 орчим мянган тонн нүүрс түлж 135 мянган тонн хорт бодис ялгаруулахаа болино. Мөн 20 гаруй мянган айл цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь шөнөдөө 30-50 мянган тонн түүхий нүүрс түлэхгүй байна гэсэн үг юм.

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 200 орчим айл “Дулаалгын аян”-д хамрагдсан байна. Тэдний нэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийнх юм. Эднийх өмнө нь өвөлдөө гурван Портер нүүрс түлдэг байсан бол байшингаа дулаалснаар нэг Портер нүүрс л хэрэглэдэг болсон гэлээ. Өөрөөр хэлбэл өдөртөө 2-3 удаа гал түлдэг байсан бол одоо өдөрт нэг удаа галлаж, шөнөдөө цахилгааны тарифын хөнгөлөлт давхар эдэлж байна.

Орон байраа дулаалж нүүрс авах мөнгөө хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхий сайд талархаад гэр хорооллын иргэд энэ сайн жишээг дор бүрнээ ахуй амьдралдаа нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.

Ерөнхий сайдын очсон Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгийн хувьд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулснаар дотоод орчны бохирдол 3.2 дахин буурсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 91 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид 550 цэцэрлэгийг ийм төхөөрөмжөөр хангах юм. Мөн гэр хорооллын дөрвөн цэцэрлэгийн дулаалж алдагдлыг нь бууруулсан байна.

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын чанарын харуулын 11 цэгийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошуу орчмын агаарын чанарыг хэмждэг харуулын цэгт очлоо. 19.00 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд стандартаас их бохирдолттой байгаа тухай Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан танилцуулав.

 

Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Төр, засгаас агаар, орчны бохирдлын эсрэг боломжтой бүх арга хэмжээг авч байгаагийн адил төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дуу хоолой нэгтэй зүтгэе гэлээ.

Иргэд гэр, байшингаа дулаалбал дулаан алдагдал 50 хувь буурч, нүүрс, түлээнд зарцуулах мөнгөө хэмнэн, агаарын бохирдол ч тэр хэрээр багасна. 220 мянган өрх дулаалгаа сайн хийчихвэл утаа одоогийнхоос 50 хувь буурах боломжтой. Утааны эсрэг тэмцэлд ямар нэгэн улс төржилт байх ёсгүй гэдгийг тэмдэглэв.

Ирэх жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлж, гэр хорооллыг барилгажуулан, найдвартай эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв. Үүний зэрэгцээ иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бохирдлыг 70-90 хувь шүүдэг амны хаалт /маск/ зүүж хэвшихийг уриаллаа. Мөн бүх сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангахаар тооцоо, судалгаа хийж байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байхад, ХУВИЙН ӨМЧ булаагаад байна гэж чарлаад байх уу?

Улс орны эрх ашиг гэх нэрээр төр хувийн өмчид халдлаа гэх шүүмжийг Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор хэлэгсэд байна. Тэгэхээр бид асуудлыг уг үндсээр нь харах хэрэгтэй байна. Эрдэнэтийн 49 хувь хэзээнээс ХУВЬ-д шилжсэн бэ гэдгээс харахын бол ТӨР бизнесийн байгууллагын өмчид халдлаа гэж шаагихдаа бас ч гэж учиртай байх болов уу. Асуудлын гол нь төр өөрийн мэдлийн 51 хувь дээрээ нэмээд 49 хувийг авах боломж нөөцийн асуудал яригдах ёстой байсан ч, сонгуулийн өмнө чимээгүйхэн амжуулсных нь балаг одоо гарч буй. Үнэндээ бол Эрдэнэтийн 49 хувь хэзээ ч хувь бизнесийн байгууллагын өмч байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин өнгөрсөн хэдэн сарын хугацаанд талуудын хэлцэл хууль журам зөрчсөн асуудлууд л анхаарал татаж ирлээ. Монгол Улс хуультай бол, стратегийн орд, уурхай гэж байдаг л бол цагаан дээр хараар бичсэн хууль журмын хүрээнд асуудлаа харж чаддаг байх учиртай.

Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт Эрдэнэтэд орох гэж буй гэх мэдээлэл бий. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт хийж буй гэж байна. Гол нь төрийн хууль цаазын хэрэгжилт бодит байдал дээр ямар байгааг эдгээр байгууллагууд тодорхой болгох ёстой юм.

Нэр сүртэй гэгдэх нийтлэлчид хувийн өмчид төр халдаж байна гэх өнцгөөр шил дараалан бичиж буй. Үүнийг нь масс ч эрхбиш анзаарч байгаа байх. Ямартаа л нэгэн сошиал хэрэглэгч өөрийн хуудастаа энэ талаар бичихдээ “Саяхан “де факто” хэмээх Жаргалсайхан нийтлэлчийн news.mn сайтын baabar.mn гэх буланд Эрдэнэтийн 49%-ийн арилжааны тухай нийтлэлийг уншлаа. ХХБанкны захиалгаар бичсэн болтой юм. ХХБ-ыг өмөөрөх гарчигтай боловч нөгөөх ХХБ, “Монголын зэс” компаниа араас нь “хутгалсан” болтой дог шүү. Уг нь “дефакто” Жаргалсайхан ХХБанкыг хамгаалсан нийтлэл бичих зорилготой, чиглэлтэй байсан боловч УИХ-ын Ажлын хэсгийн тогтоолыг тэр чигээр нь хуулж нийтлэлдээ оруулан тохуурхаж. Магадгүй далд санаа нь ч тэр байсан биз. Мань эр чинь бас л зэвүүн шүү дээ. 🙂

Twitter, FB гэх мэт сошиал сүлжээ гарахаас өмнө news.mn сайтын baabar.mn гэх булангийн нийтлэлчид нийгмийн массыг удирдах манипуляц хийх гэж оролдон энэ салбартаа багагүй амжилтад хүрсэн ч байх талтай. Гэхдээ сошиалмедиа сүлжээ хүчийг авснаар baabar.mn -ынханы манипуляц, үзэл суртал хийх явдал үр дүнд хүрэх нь багасаж, үр нөлөө нь газар авахаа больсон байна.

Гэхдээ тэд шантралгүй үлдсэн сонгогчдын электоратад нөлөөлөх гэж, тархийг нь угаах гэж үзэж тарсаар л, ажилласаар л байгаа нь тэдний дайчин, цуцашгүй хөдөлмөрч занг илэрхийлж байгаа малдаа. 🙂

Миний бие гэнэт сониуч зан хөдлөөд, залхууралгүй baabar.mn -нд бичвэр хийдэг хүмүүсийн нийтлэлийн бодлого, байр суурьд мониторинг хийх санаатай сүүлийн нэг долоо хоногийн бичвэрүүдийг уншлаа. Тэгсэн чинь нэг сэдвийн хүрээнд /Эрдэнэтийн 49%/ сонин давхцал харж болохын зэрэгцээ цаанаас хэн нэгний өгсөн чиглэл даалгавар байж болох мэт төсөөлөл төрсөнийг нуух юун. Учир нь тэд байр суурийн зөрчилдөөнгүй, “нэг амаар”, нэгэн зэрэг дугарсан байх юм.

Эцэст хэлэхэд олон ургальч үзэл бодолтой, тархиа угаалгахаас өнгөрсөн, бие даасан үзэл бодол, байр суурьтай иргэдийн талбар болсон Twitter, Facebook мандтугай! гэж хэлмээр санагдлаа” гэжээ.

Энэ хэрэглэгчийн бичсэнд үндэс байгаа харагдана. Гэхдээ Twitter, Facebook ч бас бодлоготой сошиалчдад боломж олгодог талбар гэдгийг үнэнээр нь нэмээд хэлчихэд гэмгүй байх.

УИХ-аар Эрдэнэтийн асуудал хэлэлцэхэд эсрэг кноп дарсан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-аар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэс би байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Хэрвээ тухайн үеийн Засгийн газар үгүй  гээд хэлчихсэн бол өнөөдрийн байдалд орохгүй байсан. Тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайдад хариуцлага тоцох тухай заалт байхгүй. Хоёрдугаарт, нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд их хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. Олон талаас нь харах ёстой байсан. “Эрдэнэт” дээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл 2009 оны долдугаар сарын 7-ний УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал бий. Зургаан жил олон улсын Арбитрын шүүхээр энэ асуудал яваад 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ гаргах ёстой байсан, энэ байр суурь одоо ч хэвээр.” гэж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан процесс нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзсэн. Газрын доорхи стратегийн бүх орд УИХ-ын хамгаалалтад байдаг. Ийм тохиолдолд Засгийн газар худалдан авах эрхээсээ дангаараа татгалзах эрхгүй. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд ийм хэмжээний зохион байгуулалттай, тэр дундаа стратегийн орд руу чиглэсэн үзэгдэл болж байгаагүй учраас гишүүдийн  хувьд олон талаас нь нягтлах ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байсан…

Олон Улсын гэрээ, конвенциос өгсүүлээд дэлхийд мөрдөгдөж буй бүх хууль тогтоомжид аливаа өмчийг авахад гэмт хэргийн шинж агуулагдсан байвал хүчин төгөлдөр бус хэлцэл болгох зохицуулалт орсон байдаг. Энэ бол хууль зүйн сонгодог зарчмуудын нэг. Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д ч тэр, Өмнөд Солонгост ч гэсэн манайхтай ийм ижил асуудал үүссэн бол ингэж л шийдэх байсан. Манай улсаас илүү хурдтайгаар асуудлаа шийднэ. Хууль зөрчсөн ийм байдал цаашаа тогтоод явах эсэх торгон агшин дээр сая Монгол Улсын төр ирлээ. Тэгэхээр хууль зөрчсөн, луйврын шинж чанартай үйлдэл байна гэж үзэн, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцон, УИХ-аас тогтоол баталлаа. УИХ хянан шалгах эрхтэй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ордын асуудал дээр ажлын хэсэг байгуулаад, асуудлыг нягталдаг нь дэлхий нийтийн жишиг юм. Энэ дагуу процесс явлаа.Бид өмнөх ба ирээдүйн 25 жилээ дүгнэж, төсөөлөх хэрэгтэй. Ардчилсан нийгэм үндсэндээ хоёрхон багана дээр оршин тогтнодог. Нэгдүгээрт, бизнесийн чөлөөт өрсөлдөөн. Нэг банк, нэг аж ахуйн нэгж төрийн эрх мэдэлтнүүдийг ашиглаж, давуу байдал үүсгэж буй үйлдлийг олигархи засаглал л гэж нэрлэнэ. Төр, хувийн хэвшил үгссэн бизнес бүлэглэлтэй бусад ААН-үүд өрсөлдөх ямар ч боломжгүй болдог. Үүнээс болж, бизнесийн орчин эвдэрнэ. Үүний бэлээхэн жишээ, Нигер, Грек, Аргентинд тохиолдсон үзэгдлүүд байна. Яг ийм эрсдэл үүсэхээс төр хамгаалах учиртай юм. Нөгөө талаас, Дэлхийд арилжааны банк уул уурхайн салбар луу ордог жишиг байхгүй. Монголд анхны удаа тохиолдсон ч гэж болно. Цаашлаад Төв банк нь арилжааны  банкиндаа зээл өгдөг дэлхий ертөнц гэж байхгүй. Мөн нэг хүн хоёр банкны 90-ээс дээш хувийг эзэмшдэг жишиг ч байхгүй. Энэ бүхэн бизнесийн хууль ёсны орчноо сүйдлэж байна. Тиймээс УИХ үүнийг илэрхийлж ярихаас өөр аргагүй. Тэр бүр иргэд энэ агуулгаар нь харахгүй байна. Хоёрдугаарт, ардчилсан нийгэмд ААН бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл хуулиас гадуур хувийн хэвшлүүд орхигдоод эхлэхээр эрх зүйт төрийн нэг багана хугарчихна. Энэ хоёр багана хоёулаа нурчихвал ардчилсан нийгэм үндсэндээ байхгүй болно. Энэ бол өнгөрсөн 25 жилийн гол алдаа. Монголд эрх баригчдад ойрхон хэсэг бүлэг хүмүүс завшдаг. Ард иргэд нь нийгмийн баялгаас хүртэхгүй явсаар ирлээ. Цаашаа ингээд явах юм бол маш аюултай нөхцөл байдал үүсэхээр байна. Энэ бүхнээс УИХ сэрэмжилж, тогтоолын төслөөр “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдсэн нь зөв юм.  Дэлхий “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлсэн шийдвэрийг маш сайн ойлгоно. Яагаад гэхээр тэд хуультай, журамтай.” хэмээн ярьсан байгаа юм.

Тэгэхээр Эрдэнэтийн асуудалд бид Ч.Хүрэлбаатарын хэлсэн шиг хөөрлөөр хандаж болохгүй нь үнэн. Гэхдээ хөөрлөө дарж байна гээд  49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсаар байтал ХУВИЙН ӨМЧ булаагаад байна гэж чарлаад байх уу?

Эх сурвалж: Шуурхай.мн

“УБТЗ” 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна

2030

Монголын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн компани бол  “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг. 15 мянган хүнтэй энэ том компанийн удирдлагаар сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж байгаа Д.Жигжиднямаа дарга төмөр замын салбарынхаа 2030 он хүртэлх хөгжил дэвшлийн асуудлыг баг хамт олон мэргэжилтнүүдийнхээ хамтаар тодорхойлж байгаа юм. “УБТЗ”-ын мэргэжилтнүүд Ажлын хэсэг байгуулж,  2030 он хүртэлх хөгжлийн  стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад хэлэлцэх шатанд явагдаж буй гэдгийг тэрбээр “Ийгл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Түүнчлэн тэрбээр салбарынхаа нөхцөл байдал хийгээд Орос, Хятад хоёр хөрштэйгөө хэрхэн хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлжээ.

Тодотгоход, 1949 онд байгуулагдсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ жил 68 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Түүнчлэн энэ сарын  17, 18 нд  “УБТЗ”-2030  форум болох аж. Форумын үеэр Монголын төмөр замын салбарын ирээдүйн чиг хандлага, хүрэх цэгийн талаар өргөн хүрээнд хэлэлцэх ажээ.  Манай улсын төмөр замын салбарын хөгжил  хөгжилтэй орнуудын төмөр замтай харьцуулахад техник технологийн хоцрогдолтой асуудал байдаг ч, ойрын хугацаанд төмөр замынхаа техник хөгжлийг  тэдгээр улс орнуудын төмөр замуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүргэх зорилгоор  хамтын ажиллагаануудыг өргөжүүлж байгаа гэдгээ Д.Жигжиднямаа дарга хэлж байна.

Монгол Улсын ачаа эргэлтийн 60 гаруй хувь,  зорчигч эргэлтийн 40 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг УБТЗ нь энэ онд  30 гаруй замд  их засвар хийх,  5 зүтгүүр,  1000 вагон авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мэдээж манай улсын төмөр замын хөгжил хоёр хөрш оронтойгоо хэрхэн хамтрах вэ гэдгээс шалтгаална. Тэрчлэн хоёр хөрш  орны  хөгжил, эдийн засаг, худалдааны байдалтай уялдаж 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа юм байна.

Аливаа улс орны хөгжлийг харахад замтай шууд холбогддог. Америк ч, Орос ч тэр төмөр замаа дагаж хөгжсөн байдаг. Тэгэхээр бид ч тэрхүү жишгийг дагаж төмөр замынхаа салбарыг улам бүр хөгжүүлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр дагуулах ёстой гэдгийг Д.Жигжиднямаа дарга хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

“Гарьд манлай” эмнэлгийн захирал З.Цэгмид үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг сэтгэл санааны тавгүй байдалтай холбодог

Ер нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол эрүүл мэнддээ анхаарал тавих нь бага байдаг.  Гэтэл адилхан л хүмүүс учраас эрчүүдэд тулгамдсан олон асуудал байдаг. Тэрчлэн эрэгтэйчүүдийн дагнасан мэргэжлийн эмнэлгийн хэрэгцээ их байдаг ч, үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг цөөн. Уг нь тэгээд цөөн байхын хэрээр үйлчилгээ нь чанартай, сайн байх ёстой. Гэтэл үйлчлүүлэгчдээ хохироосон, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан явдлууд бий. Тухайлбал,  “Гарьд манлай” эмнэлэгтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл бий. Тус   эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Т.Б-    ЭМЯ болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандаж гомдол  гаргасан байдаг.

Чухам юу болсон талаар нь хүргэхэд,  иргэн  Г.Б-ийн бэлэг эрхтэний толгой орчим улайлт үүсч цэврүү үсэрсэн байсныг 2013.09.10-ний өдөр СБД-ийн 5-р хорооны нутагт 11-р сургуулийн зүүн талд байрлах “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлэгийн салбарт үзүүлэхэд,  “… та хөвч салгах мэс засалд  орвол..таны наад улайлт зүгээр болно…”  гэж зөвлөжээ.  Үүний дагуу тэр өдрийнхөө оройдоо бэлэг эрхтнийг тойрон байрлах сул унжсан илүү арьснаас авхуулах мэс ажилбарийг 10 минут орчим хийлгэжээ.  Уг хагалгааг хийлгэснээс 14 хоногийн дараа иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн хөвчрөхдөө таталдаад байсан тул дахин үзүүлэхэд “… аа одоохон янзлаад өгъе… Нэг алдаа гарсан байна… Амархан…” гээд бэлэг эрхтний доод талын ханыг толгойтой холбосон гол хөвчийг 1 минутын дотор таслан, бөөн илүү арьс сул унжуулан орхисон  байна.  Ингээд нэг сарын дараанаас эхлэн иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн учир нь үл олдох тодорхойгүй шалтгаанаар төмсөг рүүгээ маш хүчтэй өвдөлд өгч, тус эмнэлэгт дахин  хандахад эмч нар тус бүртээ янз бүрийн онош хэлжээ.  Иргэн  Г.Б өөр андорлогийн хувийн эмнэлэгүүд рүү нэг  жил гаруй хугацаанд хандсан ч  өвчнийхөө оношийг олж чадаагүй ажээ.  Харин хувийн эмнэлэгүүд “…Хөвч салгах мэс ажилбарт орох нь энгийн зүйл боловч таны доод гол хөвчийг хэзээ ч салгаж болохгүй байсан. Энийг дахиж залгаж судсуудийг холбох хэрэгтэй.” гэх зөвөлгөө өгцгөөсөн аж.

“Гарьд Манлай” эмнэлэгийн бэлэг эрхтний доод хөвчийг /2 дахь мэс ажилбараар/ тасалсан үйлдлээс болж иргэн Т.Б-ийн  бэлэг эрхтэний хөвчрөх үйл ажиллагаа сулран, эрхтний доод хэсэгт илүү сул унжуулан орхисон арьснаас болж таагүй мэдрэмж үүсэн өөртөө итгэлгүй болох, бэлэг эрхтний хөвчрөлт болон бусдаас өөр байдалтай болсондоо өдөр бүр сэтгэл зовинох болжээ.

Тэрбээр   “Гарьд Манлай” эмнэлэг хариуцлага алдсангэж үзэж байгаа бөгөөд энэ нь   ЭМТХ-ийн 43.1.3.” Өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах”, Эрүүгийн хуулийн 106.2 Өвчтөнд тусламж үзүүлэхгүй , 272.2 “Албан тушаалтан албан  үүрэгтээ хайнга хандах” зэрэг хуулийг тус тус зөрчиж байгаа гэж үзэж байгаа  гэдгээ гомдолдоо бичсэн байдаг.

Харин “Гарьд Манлай” эмнэлгийн захирал З.Цэгмид хэвлэлд тайлбар хийхдээ  “-Хүмүүсийн сэтгэл зүйд зориуд гэмээр буруу мэдээллээр стресс үүсгэж болохгүй. Энэ талаар хуулийн заалт нь ч бий. Хэрвээ эмнэлэг хариуцлагагүйгээс болоод тухайн хүн хагалгааны дараа ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэг, эмч дээрээ ирж үзүүлэх ёстой. Эмнэлэгт хандаад болж өгөхгүй, гомдолтой байгаа бол дүүргийн хяналтын албанд хандах ёстой. Тэнд амжилт олохгүй бол хяналтын бусад дээд байгууллага, шүүхэд хандаж болно. Шүүх хуулийн дагуу хүлээж аваад шууд шийдээд өгнө. Шүүхийн шийдвэр үнэхээр “Гарьдманлай” эмнэлэг буруутай гэж шийдвэр гаргавал мэдээллийн хэрэгсэл, сайтууд бүгд нэгэн дуугаар биднийг буруутган мэдээлж болно. Зарим нь буруу ойлголт, анагаах ухаанаы мэдлэггүйгээсээ болоод өөрт учирч байгаа ямар нэг зовлон бэрхшээлийг бусдад нялзаах гэж байж магадгүй. Ер нь ийм санаа байхгүй ч гэсэн болгоомжгүйгээр буруу ярьж байж болзошгүй. Манай эмнэлэг 10 гаруй жил иргэддээ шударга үйлчилж ирлээ. Хөвч таслуулах эмчилгээг маш олон хүн хийлгэсэн. Хийлгэх хүн ч олон. Тэдгээр хүмүүс буруу ташаа мэдээлэл сонсвол сэтгэл санаа нь тавгүйтнэ. Нийгэмд хор учруулна шүү дээ. Хөвчөө таслуулсан чинь миний эрхтэн хэзээ муудах бол гэж хүмүүс бодож эргэлзэж эхэлнэ. Ийм байж болохгүй. Эрэгтэйчүүүдийн ийм хагалгаа хийлгээд буруу ойлголттой явж байгаа бол иргэд маань эхлээд эмнэлэгт хандах нь зөв юм. Таны яриад байгаа энэ хүн бол сэтгэл санааны тавгүйтлээс болсон байж болох юм. Гэхдээ хамгийн хортой нь нийгэмд буруу мэдээлэл өгөх явдал шүү дээ. Өөрт тохиолдсон эрүүл мэндийн холбогдолтой зүйлээ эхлээд нийгэмд мэдээлэх биш, эмнэлэгт хандах эрэгтэй. Нэг удаагийн иймэрхүү мэдээллээс болоод манай эмнэлэгийн талаар үмүүс буруу ойлголт авах нь ч юу юм, гэхдээ аливаа мэдээлэл үнэн бодитой байх учиртай л даа.” хэмээн хэлсэн байдаг.

Тэгэхээр З.Цэгмид захирлын хэлснээр бол иргэн Т.Б сэтгэл санааны тавгүйтлээс болж энд тэнд гомдол гаргасан байж болох юм гээд байгаа. Гэтэл Т.Б нь  холбогдох газруудад гаргасан гомдолдоо өөрт нь тулгараад байгаа асуудлуудаа бичсэн байдаг.

Л.Пүрэвбаатарыг буруутгах үндэслэлүүд…

11668088_943966388980456_1012158572_n

“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатар гэж нөхөр нэг хэсэг хэвлэлийн хуудаснаас салахаа болиод байсан. Арга ч үгүй биз. Баахан хэрэгт тарьсан юм чинь. Тэрбээр  ТӨХ-ноос  өөрийг нь буруушаасан албан тоот гараад байхад  жинхэнэ эсэхэд эргэлзэж байна гэж ширэн нүүрлэж байсан. Ямартаа л “Надад албан тоот ирээгүй. Шагнал цалин олгох боломжгүй гэсний улмаас үүдсэн хонзогнол” гэж байв. Гэвчиг тэдгээр албан тоотууд нь үнэн байсан билээ.

Тодруулбал, УБТЗ нийгэмлэгийн захирал Л.Пүрэвбаатар эхлээд ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржид хандан “Зээл авах дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг  2015 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн  байдаг. Тэрхүү албан бичгийг Ц.Нанзаддорж дарга уншиж танилцсаныхаа дараа  хариу хүргүүлэхдээ “…улс орон даяар хэмнэлтийн горимд шилжин, бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан бодлого явуулж байхад танай байгууллага нийгэмлэгийн даргадаа 200 сая төгрөгөөр лексус 570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр шинэ байр худалдан авч өгсөн байна. Энэ нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байна” гэж үзээд байр, автомашинаа зах зээлийн ханшаар худалдаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж Л.Пүрэвбаатарт хариу хүргүүлсэн аж. Харин дараа нь УБТЗ-д тулгараад байгаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм гэж дурдсан байна. Гэхдээ Л.Пүрэвбаатар захиралд явуулсан албан бичиг өөрт нь очихоос өмнө задарчээ. Учир нь дээрх албан бичгийг Л.Пүрэвбаатар захирал өөрөө аваагүй гэж байр сууриа илэрхийлсэн.

Үүнээс гадна, албан бичигт “хувийг Зам тээврийн дэд сайд УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны дарга Х.Ержан танаа” гэж байсан юм. (Тэрээр УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны дарга бус орлогч даргын алба хашдаг байв)

111

Хэвлэлийнхэн энэ дагуу Зам тээврийн дэд сайд Х.Ержантай холбогдож Л.Пүрэвбаатар даргын гарын үсэгтэй албан бичгийн хуулбар хувь очсон эсэхийг тодруулахад  “Би өнөөдөр (өчигдөр) ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатартай утсаар ярьсан. ТӨХ энэ яригдаад байгаа албан бичгийг шуудангаар явуулсан гэж байна. Гэхдээ надад өнөөдрийг хүртэл албан ёсны хуулбар хувь нь  ирээгүй. Ирвэл би уншиж, танилцаад тодорхой мэдээлэл өгнө” гэсэн байдаг.

Тэгэхээр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тухайн үеийн  дарга Л.Пүрэвбаатарын үнэн худал нь мэдэгдэхгүй гэж байсан албан тоот нь хуурамч биш гэдэг нь эндээс харагддаг.

Л.Пүрэвбаатар  дарга ТӨХ-ны албан бичиг өөрт нь хүрэхээс өмнө задарсныг “хонзогнол” гэж тайлбарлаж байсныг эхэнд өгүүлсэн.  Тэрбээр төмөр зам даяар дамжуулсан цахилгаан бичигтээ төмөр замын нийт ажилчдад 2015 оны хоёр болон гуравдугаар сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг төлөвлөгөө биелээгүй учраас олгохгүй гэдгийг дурдсан  байдаг. Тиймээс үүнд нь дургүйцсэн үйлдвэрчний эвлэлийнхэн ТӨХ-ны албан тоотыг олон нийтэд тараасан гэж байв.

222

Замын дарга нь нийт төмөр замчдын сарын үр дүнгийн шагналыг нийтэд нь хасах эрх зүйн үндэслэл байхгүй байхад шагнал цалин хасах тухай шийдвэр гаргасан нь түүхэнд тэмдэглэгдэхээр хар шийдвэр гэж үйлдвэрчний эвлэл үзлээ. Мөн сарын үр дүнгийн шагнал олгох үндсэн үзүүлэлт болох УБТЗ-ын нийт ашгийн төлөвлөгөөний биелэлтийг авч үзэлгүйгээр ачаа тээвэр, зорчигч эргэлт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг харгалзах үзүүлэлтүүдийн бууралтыг далимдуулан үндэслэлгүй хассан нь хэт өрөөсгөл шийдвэр болсон гэж Л.Пүрэвбаатарыг буруутгаж байсан юм.

Гол тухайн сарын үйл ажиллагааны тээврийн үндсэн үзүүлэлт, санхүүгийн мэдээ эцэслэн гараагүй байхад Л.Пүрэвбаатар дарга төлөвлөгөө биелэгдээгүй гэж үзээд үр дүнгийн цалинг урьдчилан хассаныг хууль бус гэж үзэж байв. Тиймээс дээрх шийдвэрээ хүчингүй болгохгүй бол МТЗ-ын үйлдвэрчний эвлэл дараа, дараагийн арга хэмжээг авч, үүнээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай тал нь хүлээнэ гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлж байсан юм.

Тэгэхээр Л.Пүрэвбаатар гэж ийм л эргэлзээтэй хүн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг удирдаж байж. Түүнтэй холбоотой шинэ мэдээллүүдийг хүргэх болно.

Архинд хордож нас барсан хэргийн газарт Жэйм интернэшнл ХХК-ний “Голд Чингис” архины шил байжээ

Энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэр “Ногоон төгөл” хотхны

байранд нэр бүхий таван иргэн согтууруулах ундаанаас хордон нас барсан гэх мэдээлэл байна.

Тус дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 15цагийн үед ирснээр дуудлагын дагуу хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Улсын ахлах байцаагч Д.Саруул, Г,Шинэдаваа, Мөнхцэцэг нар хэргийн газар очиж шалгахад 40-50 орчим насны таван иргэн архи уусан байдалтайгаар олджээ.

Талийгаачдийн уусан архийг одоогоор шинжилгээнд өгөөд байгаа бөгөөд хаанахын ямар үйлдвэрийн бүтээгдэхүүн болохыг нууцалж байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээллэснээр хэргийн газарт  “Мөнхжин Од” ХХК –ы үйлдвэрлэсэн “Найрсаг”, Жэйм интернэшнл ХХК-ний “Голд Чингис” зэрэг нэрийн архины шилнүүд байсныг тогтоожээ. Тэрээр “Мөнхжин Од” ХХК –ы үйлдвэрлэсэн “Найрсаг” нэрийн архи нь үлдэгдэлтэй  байсан гэж байна.

Мөн “Доктор авто сүлжээ” ХХК-ы “Гайхмаараа” шил арчигчийн саванд ус хийж уусан шинжтэйгээр олджээ.

Тэгвэл урьд нь ‘‘Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэж байсан “Мөнхжин” архи олон удаагийн шалгалтаар хуурамч гэдэг нь тогтоогдож байсан. Түүнчлэн тус компани нь урьд олон удаагийн шалгалтанд бүдэрч байжээ.  Тухайлбал онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байсан аж ахуйн нэгжүүдийн тоонд багтаж байсан байна. Гэтэл энэ удаа тус үйлдвэрийн “Найрсаг” гэх архинаас хүмүүс хордсон байж магадгүй байна. Харин Жэйм интернэшнл ХХК-ний “Голд Чингис”архинаас урьд нь ямар нэгэн зөрчил, но илэрч байгаагүй хэдий ч ямартай ч хэргийн газраас дээрх архины шил олдсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

7127

Одоогоор тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хүнсний дэлгүүрүүдээс “Найрсаг” гэх архи худалдаалж буй эсэхийг нягтлан, шалгасан байна. Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газарт шалгалт хийн, 3365 шил архи битүүмжилсэн байна.

Одоогийн байдлаар хэрэг  мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд  ямартай ч дээрх  иргэдийг  нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нөхцөл байдлын талаар Ж.Батбаясгалан дарга товч танилцуулсан.

Fact.mn

Монголын эмгэнэл болох Хонгорт 60 ээж хэвлийдээ үрээ алдсаныг, эрхэм гишүүн Д.Хаянхярваа мэддэг болов уу?

7486

Дархан-Уул аймгийн Хонгор   суманд төрөлхийн гажигтай нярай, мал, амьтны согогтой үр төл гарч, хүмүүс олноороо сэжигтэйгээр өвчилж эхэлснээр химийн аюулт хордлогын тухай түгшүүрт мэдээ Монголчуудад анх дуулдсан билээ.  Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн хэнэггүй эр ашиг хайж Монголд ирсэн гадны иргэдтэй нийлж мөнгөн ус, цианид натри хэмээх онц хортой химийн бодисуудаар алт угааж нутгийн хөрс, ундны ус, агаарыг хордуулснаар “Хонгорчуудын” гэх эмгэнэлт түүх эхэлснийг нэр бүхий эрхэм тодотгон хэлж байсан билээ. Хонгорт хордлого гамшиг нүүрэлснээс хойш олон хүүхэд өнчирч, олон эхнэр, нөхөр бэлэвсэрч, олон хүн цэл залуухнаараа хайртай хүмүүсийнхээ элгийг эмтэлсээр нөгөө ертөнц рүү цаг бусаар одсон байдаг. Гэнэтийн огцом цус харвалт, санаандгүй хурдацтай тархах хорт хавдраар хэдэн арван хүн өвчилж, алтан амиа алджээ. Хордлого гарахаас өмнө 3000 гаруй хүнтэй байсан Хонгор суманд  дөрвөн жилийн дараа  1000 гаруйхан иргэд чадал муутайдаа амьдралын гашуун үнэний өмнө өвдөг сөгдөж, хордлогын голомтод бөртийтлөө үлдсэн байсан юм. 60 гаруй ээж алаг үрсээ хорвоод мэндлэхээс нь өмнө төрүүлж чадалгүй алдсан гашуун түүх бий. Бас 10 шахам, этгээд гаж төрөлт бүртгэгдэж. Энэ бол цөөн хүнтэй бэсрэгхэн суманд байж боломгүй, тэр дундаа эрүүл унаган байгалиа шүтэж амьдарч ирсэн Монголчууд бидний дунд урьд өмнө тохиолдож байгаагүй аймшиг, эмгэнэл, харуусал гэдгийг хэлж байлаа.

Тэгвэл энэ эмгэнэлт явдалтай  Хонгор сумынхан УИХ-ын гишүүн  Д.Хаянхярвааг холбож үздэг юм билээ.  Хонгор хордсон 2007 онд тухайн үеийн Онцгой байдлын сайд С.Отгонбаяр “Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж мэдэгдэж байсан бол Байгаль орчны сайд Л.Гансүх “Хараа голоор дамжин хор тархах аюултай байна. Тиймээс бохирдсон ус цэвэрлэх талаар гадаадын мэргэжилтнүүдээс тусламж авъя” гэсэн саналыг хэлж байсан. Мөн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил “Мөнгөн ус, цианит натри ашиглалтын талаар улсын хэмжээнд үзлэг явуулах тогтоолыг Засгийн газарт хүргүүлье” хэмээн мэдэгдэж, тухайн үед дээр дооргүй бүгд л Хонгор сумыг хордсоныг хүлээн зөвшөөрч байхад Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан  Д.Хаянхярваа л Хонгор хордоогүй хэмээн мэдэгдэж байв. Д.Хаянхярваа болон түүний эрх ашиг нэгт нөхдүүд ” Хонгор хордоогүй гэх атлаа Хонгор сумын малын мах,  хүнсний ногооноос амь тавих нь холгүй зугтдаг гэнэ. Тэр бүү хэл тухайн үед Засаг дарга Д.Хаянхярваа иргэдтэй уулзахаар Хонгорт очоод айлд орохдоо аяганд нь амаа ч хүргэхгүй цэрвэдэг гэдгийг нутгийн иргэд ярьдаг.

Хэвлэлд өгүүлснээр Хонгор сумын  иргэний мэдээлснээр бол тэртээ 2000 оны эхээр  одоогийн УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга байхаасаа л багын найз, Хонгор  сумын уугуул иргэн Батнаран, Батболд хэмээх ах дүү хоёртой хамтран, тэднийг далдаас дэмжиж  Хонгорын сангийн аж ахуйд хууль бусаар спирт үйлдвэрлүүлж байсан гэдэг.  Улмаар тэд хамтын  бизнесээ өргөжүүлж, спирт үйлдвэрлэхээ больж, түүний оронд хууль бусаар газар ухаж, алт олборлож эхэлжээ. Эндээс л Хонгор хордох болсон шалтгаан эхлэсэн гэдэг.  Нутгийн иргэдийн ярьснаар бол  Батнаран, Батболд нарын эцэг нь Хөдөлмөрийн баатар хүн байсан бөгөөд ажилсаг, хөдөлмөрч ах дүүсийг хууль бус үйл ажиллагаанд Д.Хаянхярваа уруу татсан гэх юм билээ. Улмаар Хонгорыг хордуулсан хэрэгт мань ах дүүс холбогдож, аавын хаалга татахад, Д.Хаянхярваа дарга “уснаас хуурай” гарч, ард нь сугарч үлдсэн хэмээн хэвлэлийнхэн бичиж иржээ.

Д.Хаянхярваа  гишүүн  Болорсайхан гэх захиралтай “Уужим Хангай” хэмээх компаниар дамжуулан өөрийн далд бизнесийг явуулдаг гэж Дарханчууд ярьж байна. Болорсайхан захирлын хувьд Д.Хаянхярваатай худ ургийн холбоотой гэхчлэн анхаарал татсан мэдээлэл олон байдаг юм.

Ер нь Д.Хаянхярваа гишүүний хувьд нэр цэвэр нэгэн биш. Хөгжлийн банкны хуудуу бүхийг баримтуудын талаар хэлж ярьж суугаа түүнийг Сангийн сайдын хувиар өөрөө ч оролцоотой гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн. Тэрбээр   “Сангийн сайд байсан Д.Хаянхярваа Хөгжлийн банкны зээл олгох гэрээн дээр гарын үсэг зураад явж байсан юм байна лээ. Үүний нотлох баримт нотолгоо бий.” хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

35.3 тэрбум төгрөгийн өртэй “Саусгоби Сэндс” ХХК Монголын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг аж ахуйн нэгжээр шалгарчээ

818db54049e4b02effb5b7e0e8474bcf05ca0839

Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй  “Саусгоби Сэндс ХХК “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага”-аар шалгарчээ. МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК-нд энэхүү шагналыг олгосон байна  Тус компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 208  тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн хэмээн онцолжээ. Гэвч тус компанийн тухайд Монгол Улсын хууль журам зөрчсөн асуудалд холбогдож ирсэн байдаг.

“Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид,   Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлээд явуулсны ард хариулт нэхэн үлдсэн асуулт  бол Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг хэн яг хэзээ, ямар байдлаар барагдуулах вэ гэдэг асуудал байсан. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.Энэ нь Монгол Улс энэ хэмжээний мөнгөөр хохирсон гэдгийн баталгаа гэсэн үг л дээ. Өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан  нь “Саусгоби сэндс” компани 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авсан явдал юм.  Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байдаг.

Тавантолгойд 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр өмнөх тогтоолын төсөлд  тусгагдаад байсан “Эрдэнэс Тавантолгой”  компанийн уурхайд “Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө  барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэрийн тухайд талуудын байр суурь янз бүр байсан. “Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани, гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд “Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг эрдэс баялгийн эдийн засагч  Л.Наранбаатар  онцолж байсан. Тэр хэлэхдээ “Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу даа хэмээн ярьж байгаа юм. Тэр хэлэхдээ Тавантолгой Хятадуудад очлоо гэж байсан.

Тэгвэл “Саусгоби сэндс” компанийн толгойг илсэн шийдвэр энэ засгийн үед хэвээрээ байх уу, эсвэл салхи орох уу гэдэг асуудал яригдаж эхэлсэн ч, одоогоор тодорхой мэдээлэл алга байгаа юм.

“Саусгоби сэндс” компанийн хууль зөрчсөн асуудлыг эргэн сануулахад, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. “Саусгоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байж. Тус компанийн хайгуул хийсэн зардал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь  цуцлах дүгнэлт гаргасан байж. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэгийг нь авлигад авч, үлдсэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авлигад авсан лицензээ найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл байдаг. “Саусгоби Сэндс”-ээс “Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай,  42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан байдаг. Тэгэхээр Монголын эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн ордоор хахуульдсан гэх асуудалд холбогдож ирсэн  “Саусгоби Сэндс” Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулсан эсэх нь тодорхойгүй ч,  Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжээр шалгарчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын шатааж хөнөөсөн гэх гэр бүлийн 4 хүнийг цахилгааны буруу ашиглалтаас үүдэн амиа алдсан гэсэн дүгнэлт гарч байжээ

5uhvks646v3gu5bs7f865iisa

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд гэж шүүхээс тогтоогоод байгаа нэр бүхий гурван хүн нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн гэх мэдээллийг Ерөнхий прокурор өгсөн. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн  хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Энэ хэргийг илрүүлэхээр Тагнуул, Мөрдөн байцаах газар, Прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа.

Үндсэндээ анх хэрэг үйлдэгдсэнээс хойш 18 жил  энэ хэргийг “Улс төрийн  зорилгоор үйлдэгдсэн” гэдэг ойлголтыг  манай улс төрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр  өнөөдрийг хүрлээ. Хэргийг шалгаж тогтоогоод шийдчихээр “Энэ тийм байх ёсгүй” гээд л  яриад байна. Хүмүүсийн толгойд 18 жил  тогтсон ойлголтыг өөрчлөх хэцүү. Эрүүгийн хуулийн 91дүгээр зүйл ангийн “хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангиар ял оногдуулсан. Эдгээр хүмүүст ял оногдуулсан Шүүхийн шийдвэрт  “2002 оны Эрүүгийн хуулийн арванхоёрдугаар зүйлийн 12.1-г журамлан” гэсэн байгаа. Энэ нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалт. Хэрэг үйлдэгдэх үед 1986 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тэгэхээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг  хэрэглэсэн гэсэн үг. Шүүгдэгч  Ц.Амгаланбаатарт  Эрүүгийн хуулийн 91.2.1 буюу шунахай сэдэлтээр, 91.2.4 буюу  захиалгаар, 91.2.11 буюу урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 91.2.12 буюу онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг алсан гэж ял шийтгэл оноосон. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт  дээрх зүйл ангиуд дээр нэмээд  1986 оны Эрүүгийн хуулийн 241 буюу  насанд хүрээгүй хүнийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах гэх зүйл ангиар ял оногдуулсан. Тодруулбал, Ц.Амгаланбаатар нь тухайн үед насанд хүрээгүй байсан учраас энэ зүйл ангиар ял нэмсэн. Мөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт шүүхээс С.Зоригийг алсан хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийнх нь хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, олон хүнийг, давтан үйлдлээр санаатай шатааж алсан үйлдэлд ял оногдуулсан.” хэмээн ярьжээ.

Тэгвэл medee.mn сайтад анхаарал татсан мэдээлэл гарчээ. Тодруулбал, Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан харамсалтай хэрэг нь, цахилгааны буруу ашиглалтаас болсон гэх галын нотломж гарч байсан тухай мэдээлэл юм. 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр энэхүү галын хэргийн талаар Орхон аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, шадар ахмад Б.Хашчулуун нотломж гаргасан байдаг аж. Нотломжийг гэрч Д.П, Б.Ө болон цагдаагийн мөрдөн байцаагч, дэслэгч Ч.Анхбаяр, хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч Ч.Энхболд нарыг байлцуулан гаргасан байна.Тус нотломжид Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Рашаант багийн … дугаар гудамжны …  тоотод оршин суух иргэн О нь хоёр хүүхдийн хамт 2006 оны 12 дугаар сарын 22:00 цагийн орчимд дэлгүүрээс хиам талх авч ирэн, цахилгаан тогоо ажиллуулан халааж идээд амрахаар унтсан байна. Иргэн О-ийн амьдардаг 71 настай төрсөн эх С нь өмнөх өдөр нь охиныдоо очихоор явсан байжээ. Галын улмаас иргэн О, М болон хоёр хүүхэд нь нас барсаныг илрүүлж, галын голомтоос гаргах ажиллагааг Орхон аймгийн гал унтраах 81-р ангийн гуравдугаар салааны алба хаагчид зохион байгуулсан байна.Хэргийн газрын үзлэг гэрчүүдийн тодорхойлолтоос үзэхэд Рашаант багийн … дугаар гудамжны … тоотод гарсан гал түймэр нь цахилгаан ашиглалтын буруугаас гарсан гэх үндэслэлтэй байна гэжээ. Улмаар Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1-д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах, галд нэрвэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд эд материалын тусламж үзүүлэх санал гаргасан байна” гэхчлэн өгүүлжээ.

Орон нутгийн гэрчүүдийн хэлж буйгаар, хэрэг гардаг өдөр иргэн О-ийн эхнэр М-ийн төрсөн өдөр болсон аж. Оройн 22:00 цагийн орчимд иргэн О нь хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж ирэн, хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай унтсан нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын нотломжид бичсэн байдаг аж. Тухайн үед шатаж нас барсан иргэн О-ийн ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-ийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Тэгэхээр цахилгааны буруу ашиглалтаас үүдсэн гэгдэж байсан энэ хэрэг ямар учраас С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Эрдэнэт хотоос баривчилжээ.  Үүнээс хоёр сарын дараа дээрх  галын хэргийг дахин сөхөж, шатаж нас барсан иргэн О-ийн эгч Хишгээг хуулийн байгууллагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй хамаатуулан хохирогчоор дуудсан талаар өгүүлсэн байгаа юм. Мөн  2016 оны 12-р сарын 27-нд болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх шүүх хуралд хохирогчоор оролцуулсан гэх  мэдээлэл бас бий.

Шатаж амиа алдсан О гэж хүн нь нэр бүхий улстөрчийн бие хамгаалагч байсан гэх мэдээлэл байгаа юм. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар өмнө нь  үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэр бүлийн дөрвөн хүнийг галдан шатаасан гэх тайлбарыг хуулийнхан өгч байна. Гэтэл хэрэг гарсан даруйд мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргахдаа цахилгааны буруу ашиглалтаас болсон гэж дүгнэж байсан байх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

УИХ-ын дөрвөн гишүүн “Голдман Сакс” банкны төлөөлөгчийн газраас зээл авчээ

000108461_480_goldman_sachs_and_the_evolution_of_bitcoin

УИХ-ын гишүүдийн тэн хагас нь хүч хавсран нэгэн хуулийн төсөл дээр ажиллаж, өргөн бариад байгаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл гэх нэртэй тэрхүү төсөл хуульчлан батлагдаж, улмаар  дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой гэж нэр бүхий гишүүд хэлж байгаа юм. Өнгөрсөн жилийн тухайд гадаадын банкийг тэрдундаа төрийн өмчийн оролцоотой банкийг оруулж ирэх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалтай  шууд холбоотой гэдэг байр суурийг илэрхийлэгсэд харьцангуй идэвхжсэн гэхэд болно.Тэгвэл улстөрчид улсын эдийн засагт тустай гэж үзээд ойрын хугацаанд шийдвэрээ гаргаж таарах нь.  Манай улсад  Хятадын “Bank of China”, АНУ-ын “Голдман Сакс”, Германы “Дойче”, Европын хөгжлийн банк гэсэн  таван банк  төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр банкуудын зээлийн багц нэг тэрбум ам.долларт хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.  Бүр тодруулбал, гадны банкууд Монгол Улсын ААН-үүдэд  зээлээ олгоод эхэлчихсэн аж. УИХ-ын дөрвөн гишүүн “Голдман Сакс” банкны төлөөлөгчийн газраас зээл авсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр төлөөлөгчийн газраа нээсэн банкуудын тухайд хэдийнэ мөнгө нийлүүлээд эхэлжээ.

Хуулийн төслийг санаачлагчдын нэг Б.Жавхлан гишүүн хэлэхдээ “Бид зах зээлээ харамлах хэмжээний чадалтай биш байна. Магадгүй эдийн засгийн өсөлт 10-аас дээш байгаа үед гаднын хөрөнгө оруулагч олон байсан байх. Одоо бол уян хатан бодлого баримталж хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Үүний тулд өндөр шалгуур гэхээсээ илүү зах зээлээ таниулах, боломжийг нээж харуулах нь чухал  байгаа юм. Мэдээж, хуулийн төсөлд тодорхой шалгуур заалтууд бий…” гэсэн байна. Мөн тэрбээр Монголд хэчнээн банк салбараа нээх асуудлыг сонирхож байгаа талаар хэлэхдээ  “Надад байгаа мэдээллээр таван банк байсан. Өнгөрсөн есдүгээр сараас хойш гурвынх нь төлөөлтэй уулзлаа. Тэгэхэд “Танай эдийн засагт тодорхойгүй байдал үүсчихлээ. Түр хугацаанд харзнана” гэсэн хариу өгч байна. Бодит байдал ийм л байгаа. Тиймээс бид хуулиа гаргаж, банк санхүүгийн салбараар дамжуулан хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх чухал байна. Бид нэг банкны нэр дурдаж, түүнийгээ улс төржүүлэн бусад боломжоо хаадаг. Bank of China гэхэд л дэлхийн тэргүүлэх 10 банкны жагсаалтад байнга багтдаг. Энэ банкны хувьд цаад хөрөнгө оруулагч Засгийн газар нь учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагдана. Гэхдээ энэ асуудлаас болоод бусад боломжоо хааж болохгүй.”  гэж хэлж байгаа юм.

Үнэн хэрэгтээ бол манай улсын санхүүгийн зах зээл өрөөсөн хөл дээрээ догонцсоор хэдийнэ 20 гаруй жил өнгөрчээ. Уг нь банк, даатгал, хөрөнгийн зах гэсэн гурвал иж бүрдэл маягаар, харьцангуй хувь ойролцоо янзаар хөгжих ёстой ч, манайд тэгж чадсангүй. Хөрөнгийн захаа хөгжлийн хөшүүрэг энэ тэр гэж том гоёор нэрлээд, он жилийг ч тэгж нэрлэж үзэв. Гэвчиг бахь байдгаараа. Лондонгийн биржтэй мастер гэрээ байгуулаад ч тусыг эс олов. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр төрийн зүгээс хөрсөн дээр буулгана гээд байдаг бодлого нь өөрөө биш байнаа гэдгийг л бодитоор харуулаад байгаа хэрэг. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлье энэ тэр гэж ярьж байх зуур банкны салбарынхан дэндүү оодорчээ. Санхүүгийн захын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаагийн хувьд ч тэр эдийн засагт нөлөөлөх томоохон нөлөөллийг атгаж байгаагийнхаа хувьд ч тэр арилжааны банкууд үнэндээ оодорч байгаа гэхэд болно.

Хямралын тухайд хэн хүнгүй ярьж байгаа манай улсад өнгөрсөн жилд хамгийн ашигтай ажилласан салбараар банк л тодорч байна. Зээлийн өндөр хүүгээр дамжуулан иргэдээс хэдэн төгрөгийг нь хүүлэх шиг болдог банкууд эргээд төр лүү бухахдаа дэндүү сайн. Гэхдээ үнэндээ бол төрийн зүгээс хүссэн хүсээгүй арилжааны банкуудыг дэмжсээр ирсэн байдаг. Гаднаас орж ирж байгаа бүх л мөнгүүдийг хэдүүлээ хувааж авч тараах ажил хийдэг банкуудын удирдлагууд улстөр, эрх мэдэлтэй их бага ямар нэг хэмжээгээр сүлбээтэй байдаг нь үнэн. Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн  Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд  “Монголын банкны холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны захирал Орхонтой 3 сард уулзан зээлийн хүү, шимтгэлийг бууруулах талаар ярилцан албан бичгээр асуудлыг тавин үр дүнд хүрэх талаар тохиролцсон ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бултсаар байна. Банкууд хэрэглэгчдийн эрхийг нэгэнт хангаж чадахгүй бол гадны чадвартай банк сонгон шалгаруулалтаар оруулж ирэх цаг болжээ. Монголын банкны холбоог татан буулгая” хэмээсэн байсан.

МХЭАХННХ-ны зүгээс уг нь Монголын банкны холбоонд Монголчуудын эрх ашигтай холбоотой л асуудлыг гаргаж тавьсан ч,  үл тоосон юм билээ. Тэгэхээр банкных нь холбоо нь асуудалд ийн хандаж байхад банкууд хүүгээ бууруулах тал дээр уян хатан байр суурьтай ажиллана гэдэг юу л бол. Монополь байдлаараа Монголчуудад ноёрхож байгаа арилжааны банкуудад үйлчилгээний байгууллага гэдгийг нь сануулсан, уян хатан нөхцөлтэйгөөр ажиллах ёстой шүү гэдгийг нь ойлгуулсан зохицуулалтыг хийж өгөх нь нэг талаас төрийн үүрэг болоод байна.

Гэхдээ гадны банк орж ирлээ гээд банкууд хүүгээ юу юугүй буулгахгүй л дээ. Учир нь гадныхан хөрөнгө оруулалтын чиглэлээр багагүй хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг хийнэ. Харин тэр урсгалыг эдийн засгаа эерэгжүүлэхэд хэрхэн анхаарах вэ гэдэг нь чухал асуудал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн