Итгэмээргүй сонин хачин явдлууд

881a3694454ca922decf85c6c49dfc77_x3

 

 

 

 

 

 

Хүний амьдралд заримдаа итгэхийн аргагүй, ер бусын зүйл тохиолдох нь бий. Тэдний заримаас нь сонирхуулъя.

–1975 онд Бермудад мопед унасан нэгэн эр такситай мөргөлдөн харамсалтайгаар амиа алдсан явдал болжээ. Гэтэл яг нэг жилийн дараа тэрхүү залуугийн төрсөн ах нь осолд орсон тэрхүү мопедыг унаж яваад дүүгийнхээ осолд орсон яг тэр газарт такситай мөргөлдөн мөн амиа алджээ. Хачирхалтай нь түүнтэй мөргөлдсөн такси дүүтэй нь мөргөлдсөн мөнөөх такси мөн байсан бөгөөд тэр машиныг осол гарах үед жолоодож явсан жолооч барьж явснаас гадна тэр үед тээвэрлэж явсан зорчигч хоёр дахь осол гарах үед мөн л тэр таксинд сууж явсан ажээ.

-Ихэр ах дүүс Жим Левис, Жим Спрингер нар ихэр гэдгээ мэдээгүй явж. Тэднийг төрөх үед ээж нь амиа алдсанаас тэднийг өөр өөр айлд өргүүлсэн аж. Тэднийг өргөж авсан эцэг, эхчүүд нь хоёуланд нь Жим гэдэг нэр өгчээ. Тэд мөн нохойтой байсан бөгөөд нохойнууд нь Той гэдэг нэртэй байж. Хоёулаа Линда гэдэг бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд аль аль нь хүүтэй болж, хүүгээ Жэймс Алан хэмээн нэрлэсэн аж. Бие биеэ мэдэхгүй ихрүүд хоёулаа нэгэн зэрэг эхнэрээсээ салан өөр бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд шинэ эхнэрүүд нь Бетти гэдэг нэртэй байжээ.

-АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон Тусгаар тогтнолын тунхаг бичгийг бичин, түүнд нь түүний өмнөх ерөнхийлөгч Жон Адамс тусалсан байдаг. Нэгдсэн улсын конгресс Тусгаар тогтнолын тунхаг бичгийг 1776 оны 7-р сарын 4-ний өдөр баталсан түүхтэй. Харин энэхүү баримт бичгийг боловсруулан батлуулсан хоёр ерөнхийлөгч Тунхаг бичгийг баталснаас яг 50 жилийн дараа буюу 1826 оны 7-р сарын 4-ний өдөр таалал төгсчээ.

-1914 оны нэгэн өдөр нэгэн герман эмэгтэй шинэхэн төрсөн нялх хүүгийнхээ зургийг хальснаа буулган Страссбург дэх хальс угаан боловсруулах газарт зургаа угаалгахаар өгчээ. Гэтэл тэр үед Дэлхийн I дайн эхлэн тэрхүү хальс үрэгдэн алга болсон гэнэ. Түүнээс хоёр жилийн дараа нөгөө эмэгтэй хуучин байсан газраасаа 100 гаруй милийн зайтай газар болох Франкфуртээс шинэ хальс худалдан авч шинэ төрсөн охиныхоо зургийг авсан байна. Ингээд хальсаа өгөн угаалгатал  охины зураг бус хоёр жилийн өмнө авсан хүүгийнх нь зураг гарч ирэх нь тэр. Учрыг лавлатал түүний анх угаалгахаар өгсөн хальс боловсруулалтад оролгүй хаяг наагдан дахин худалдаанд гарсан байсан аж. Ийнхүү герман эмэгтэй хүүгийнхээ зургийг авсан хальсыг хоёр жилийн дараа олж авчээ.

-XIX зууны алдартай аймшгийн адал явдлын зохиолч Эдгар Аллан “Артур Гордонд тохиолдсон явдал” нэртэй зохиол бичжээ. Тэрхүү зохиолд хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн дөрвөн хүн задгай далайд салаар олон хоног унд хоолгүй хөвсөн тухай өгүүлдэг аж. Олон хоног идэх юмгүй явсан тэдгээр дөрвөн хүн амьд гарахын эрхэнд уг хөлөг онгоцонд ажилладаг байсан залууг алж идэх бөгөөд тэрхүү хүүгийн нэрийг Ричард Паркер гэдэг нэртэй байсан тухай зохиолд өгүүлдэг байна. Гэтэл тэрхүү зохиол гарснаас хойш хэдэн жилийн дараа 1884 онд Мигнонеттэ хэмээх хөлөг онгоц живж зохиолд өгүүлсэн шиг дөрөвхөн хүн амьд гарчээ. Тэдгээр дөрвөн хүн далайн усанд салтай мөн зохиолд өгүүлсэнтэй адил хоног хөвсөн бөгөөд өлссөнөөсөө болоод живсэн хөлөг онгоцон дээр ажилладаг байсан хүүг алж идсэн бөгөөд тэр хүүгийн нэр мөн зохиолд гарсантай адил Ричард Паркер гэдэг байжээ.

-1930 онд Детройт хотын иргэн Жозеф Фиглок нэгэн нялх хүүхдийн амийг аварчээ. Түүнийг хотын гудамжаар алхаж явтал өндөр байшингийн цонхноос нэгэн хүүхэд унаж иржээ. Тэрхүү хүүхэд Фиглокийн толгой дээр унаж ирсэн бөгөөд азаар хүү болоод бас залуу эрийн хэн хэн нь гэмтэлгүй өнгөрчээ. Гэтэл түүнээс яг нэг жилийн дараа Жозефыг тэр гудамжаар явж байтал мөн өнөөх цонхноос нөгөө хүү дахин унаад иржээ. Жилийн өмнө явдал дахин болж хүү, эр хоёр мөн л эсэн мэнд өнгөрчээ.

-1973 онд жүжигчин Энтони Хопкинс Жорж Фейферийн романаас сэдэвлэн бүтээх “The Girl From Petrovka” кинонд тоглохоор болжээ. Лондонд тэрхүү зохиолын хувилсан эхийг ч олоход бэрх байсан тэр үед Энтони Хопкинст нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Хопкинс галт тэрэгний буудлын сандал дээр хэвтсэн нэгэн хавтастай зүйл олсон нь тэрхүү романы зохиолч Жорж Фейферийн гараараа бичсэн жинхэнэ эх нь байсан аж. Фейфер гар бичмэлээ найзынхаа машинд орхитол тэр нь найзынх нь машинаас хулгайд алдагдчихсан байсан аж. Харин тэрхүү зохиолоор хийх кинонд тоглохоор сонгогдсон жүжигчин нь галт тэрэгний буудал дээрээс олсон ажээ.

-Италийн хаан Умберто Монза хотод нэгэн жижиг ресторанд хоол идэхээр өөрийн генерал Эмилио Понзиа-Ваглиа болоод бусад бараа бологчдынхоо хамт оржээ. Хааны захиалсан хоолыг рестораны эзэн өөрийн гараар авчрах үед хаан нэгэн зүйлийг ажигласан байна. Тэрхүү рестораны эзэн өөртэй нь усны дусал мэт адилхан байж. Ингээд хаан тэрхүү эртэй ярилцан тэд бие хаагаараа ч бус бусад олон зүйлээрээ адилхан болохыг олж мэджээ. Рестораны эзэн Умберто хаантай адил 1844 оны 3-р сарын 14-ний өдөр төрсөн байж. Түүний төрсөн хот нь хааныхтай адил, рестораны эзний эхнэрийн нэр хааны гэрлэсэн бүсгүйн нэртэй адил Маргарита гэдэг байжээ. Түүнчлэн тэр эрийн ресторанаа нээсэн өдөр нь Умбертогийн Италийн хаан ширээнд суусан өдөртэй давхцаж байсан аж. Хамгийн сонирхолтой нь Рестораны эзэн 1900 оны 7-р сарын 29-ний өдөр Италийн хаан Умберто анархист үзэлтнүүдэд хороогдсон тэрхүү эмгэнэлт өдөр нууцлагдмал нэгний суманд өртөн амиа алдсан байна.

-Америкийн нэртэй зохиолч Анн Парриш 1920 онд Парист нэгэн хуучны номын дэлгүүрээр оржээ. Тэрбээр өөрийн хүүхэд ахуй цагтаа хамгийн их дуртай байсан Жак Фрост болон түүнд тохиолдсон явдалууд нэртэй номоо худалдан авчээ. Тэгээд гэртээ авчраад нөхөртөө номоо өгөхдөө “Энэ ном яагаад ч юм миний бага насыг санагдуулаад байх юм” хэмээн хэлсэн аж. Нөхөр нь уг номыг нээгээд үзтэл эхний хуудсан дээр нь “Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs.” Гэсэн бичиг байх нь тэр. Тэрхүү хаяг нь Анн Парришийн хүүхэд ахуй цагтаа амьдардаг байсан газрын хаяг аж. Хүүхэд ахуй цагийг нь санагдуулсан номоо худалдан авахдаа алдарт зохиолч өөрийнхөө эзэмшдэг байсан номоо авсанаа гэртээ ирсэн хойноо мэдсэн нь тэр ажээ.

Ноён уулыг хөндөж болохгүйн таван шалтгаан

Арав гаруй жилийн өмнөөс ард олноо сэрэмжлүүлэх үүднээс “Хаадын хараал” http://sonin.mn/news/blog/44294 ,  “Хаан хор” http://www.sonin.mn/news/politics-economy/41407, “Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу”  http://sonin.mn/news/politics-economy/50268  “Ноён уулыг ухаж болохгүйн учир” http://sonin.mn/news/blog/55910  хэмээх цуврал нийтлэл бичиж, sonin.mn сайт, “Зууны мэдээ” сониноор уламжлан  толилуулж байсныг маань уншигч түмэн  маань санаж байгаа болов уу.
Их эзэн Чингис хаан цагтаа “Өмнө зүг Тангуд улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн зарлигдаж байсан шиг Ноён уулыг ухаж хөндвөл нүүрлэх аюулын талаар түмэн олондоо дахин дахин сануулж нурших нь мунхаг миний үүрэг хэмээн ойлгодгийн хувьд энэ асуудлыг нухацтай авч үзэх үе дахин тулж ирж буйг  та бүхэн ойлгоно буйзаа.
    Нэгэн зүйл. Алтны ордыг ашиглах үед хөрс хуулалтын асар том овоолго үүсэн байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. “Сентерра гоулд”  ХХК-ны Бороогийн ордоос 40 гаруй тонн алтыг аль хэдий нь аваад явчихсан,  харин бидэнд энэ хэмжээний их овоолго, онгойсон том хар нүх л үлдлээ. Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах  боломжтой гэж судлаачид үздэг.
Эрдэмтэдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50000мг/кг хүрч байна. Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.
“Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд 2820 мг/л  буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2,2 мг/л хүрэх үеэс хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг байна.  Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг  тунгаар хордуулахад л шууд үхэлд хүргэж байжээ.
Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун “Сентерра Гоулд” компаний гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсан удаатай юм шүү. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурьдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Энэ бол бид мэтийн мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг “мина” биш гэж үү. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ.
  Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдгийг дахин сануулъя. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Бороо Гоулдын уурхайн хаягдлын нуурын лаг  шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно.
ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг  бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ. Өнгөрсөн хавар дээрх нийтлэлүүдэд мэдээлэл гарсны дараа намайг худлаа ярьж, сонгуулийн өмнө шуодаад байна гэж бичдэг байсан хүмүүс одоо  http://link.springer.com/article/10.1007/s12665-013-3029-0 сайт руу ороод сонирхчиход нэг гэмгүй.
  Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн ямар ч эрхтэн дархтанд арай л баймааргүй санагдах юм. Ойрын ганц нэг жишээ дурьдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас  1955 онд Японд 12000 гаруй хүүхэд гэнэт хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв. Мөн хүнцлээр хордлого 1998 онд  Энэтхэгийн Бенгал мужид гарч ундны усанд хүнцэл хэт ихэссэнээс 200.000 хүн хордож, үүний дараа Бангладеш улсад үүнээс том хэмжээний хордлого гарч байлаа. Амьтан ургамлыг үндсээр нь хордуулах хүнцэл гэдэг аймшигт хор Бороо гоулдын ордын хаягдлын санд асар ихээр агуулагдаж байгааг  нэн даруй анхаарч, арга хэмжээ авах ёстой  байтал нэмэр дээр нэрмээс гэгчээр Гацууртын хүнцэл ихтэй орд руу ханцуй шамлан дайрч, ард түмнээ аажмаар хөнөөх ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь ариун явдал мөн үү? Та минь ээ.
  Нэгэн зүйл. Эх орон ард түмнийхээ эрх ашигийг бүхнээс илүүтэйгээр эрхэмлэнэ гэсэн уриатайгаар  өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ “…Байгалийн унаган төрх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээнэ. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтанд хяналт тавина… “ гэсэн амлалт өгч байгаад АН-ынхныг хиаруулж, олонхиороо төр барих үнэмлэхүй мандатын эзэд болж байснаа өнөөгийн эрхмүүд минь арай мартчихаагүй байгаа гэдэгт найдья.
  Нэгэн зүйл. Сентера Гоулдынхан өнөөдөр Гацууртын ордыг ухан алттай хүдрээ “Бороо Гоулдын ашиглаж байсан үйлдвэр рүүгээ зөөн тэнд тээрэмдэж угаахаар бэлтгэлээ базаагаад байгаа. Тэр үед  уурхайн хаягдлын далангийн бохир ус хэд дахин нэмэгдэнэ. Энэ даланг анх 2000-гаад оны үед барихдаа Их Даширын нуруунаас 40 тн алт ялгаж авах хүдрийг угаасан хаягдлаа зайлуулахаар тооцож барьсан. Одоо дахиад үүнээс хоёр дахин их алт авахаар сая сая тонн хүдрийг тээрэмдэн цианид хэмээх химийн хүчтэй хороор угааж, энэ нуур руу асгахад хаягдлын далангийн хаалт далан ачааллаа дийлэх үү? Энэ талаар хийсэн тооцоог би лав хайгаад хайгаад хаанаас ч олж үзсэнгүй. Монгол орон бол газар хөдлөлийн идэвхтэй бүсд багтдагийг хэн хүнгүй мэддэг болсон.
Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 300-400 том жижиг чичирхийлэл бүртгэгдэж байна. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч, нуурын хэдэн сая тонн циан болоод хүнцлээр бохирдсон их шавартай ус алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв?  Өвөг дээдсийн сануулснаар “Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү дүр төрхтэй харагдаад байна. Бид 50 тн алтаа угаалгасныхаа шанд ирэх арван жилд 200 сая долларын ашиг олно гээд алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Үүнээс арав хорь дахин их алтны нөөц Оюутолгойн ордод маань байгаа бөгөөд ийм хэмжээний алтыг тэд өнөөдөр ганц хоёрхон жилд ухаад гаргаж байна.
Мунхаг миний бодлоор Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар уулын мухарт газрын гүнд мөрөөрөө хэвтэж байсан арсенопирит мэтийн асар их хүнцэл агуулсан эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж, хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн Монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн их ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.
Дэлхийн цэвэр усны 20%-ийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлбэл хариуцлагыг нь хэн үүрэхэв?  Ноён уулын онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, 2 тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод их хурлын нэр бүхий 22 гишүүдийг өнгөрсөн хавар ангайтал нь лоббидсон Канадын “Сентерра Гоулд” компани уу? Монгол улсынхаа хуулийг уландаа гишгэн  тэдэнд  Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгосон Улсын их хурал уу? Тэр үед хоёр гараа өргөх шахам “Гаццурт” төслийг дэмжиж байсан одоогийн Байгаль орчны сайд  хатагтай Д.Оюунхорол, ноён С.Бямбацогт, Ц.Дашдорж нараас бүрдсэн Засгийн газар уу? Энэ нутгийн уугуул ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уу? Эсвэл энэ молиго  Ерөнхийлөгч үү? Бүр цаашилбал болж байгаа үйл явдлыг харсаар байж дуугүй толгой дохин сууж байгаа Монгол түмэн бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон байна. Өнөөдрийн талхаа биш үр ач нарынхаа хойч ирээдүйг бодож алсын хараатай байцгаая л даа, Та минь ээ.  Тавин тонн алт эндээс зөөлгөөгүйгээсээ болж бид тартагтаа тулах арай ч болоогүй. “Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс, талаар дүүрэн мал маань бэлчиж байна.
Нэгэн зүйл. 2012 оны 5 сарын 12-нд УИХ-аар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.1.2-д заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, уг үнэлгээндээ мэрэгжлийн байгууллагаар дүн шинжилгээ болон хянан магадлагаа гаргуулаагүй ямар ч аж ахуйн нэгжид ашиглалт олборлолт явуулах эрх олгогдох ёсгүй юм. Мөн “Ашигт малтмалын тухай” хуулийн 39.7-д зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байхаар заасан байдаг.
Гэтэл “Сентерра Гоулд” компани нь “Бороо Гоулд” нэрээр зүсээ хувилгаж, Их Даширын нурууг маань тэсэлж дэлбэлж, байдаг алтыг нь татвар төлбөргүйгээр ухаж авчихаад олборлолтынхоо талбайд онгойсон том хар нүх үлдээж орхичихоод одоо “Ноён уулыг” чинь ийм болгох эрхтэй хэмээн дайрч байгаатай эвлэрдэг номхон ард түмэн бид нараас өөр энэ хорвоод байдаг юм болов уу? Хөрш зэргэлдээ Киргизүүд байгаль орчноо сүйтгүүлэхгүйн төлөө тэмцэлд дөрвөн жилийн өмнө Тяншаны нуруун дахь Сентерра Гоулдын “Кумтора майнз” уурхайг зогсоохын тулд яаж цусаа урсган цагдаа цэргийнхэнтэй тэмцэлдэж байлаа? Кумторын ордын маргаанаас үүдэн Кыргизийн анхны Ерөнхийлөгч Акаев унаж, эх орноосоо дутаасан. Түүний дараа  бас л үүнээс үүдэлтэй  “өнгөт хувьсгал” гарч, Бакиев гэж  дараагийн ерөнхийлөгчөө унагасан. Одоо тэрээр Беларус улсад нилээд айдас хүйдэстэй орогнож байгаа сурагтай.
  Сентерра Гоулдынхан минь, та нар ч гэсэн бас жаахан жаахан совесть-той загнаж үзээрэй. Арван хэдэн жилийн өмнө анх амалж байсан шигээ Их Даширын нурууг маань эргээд босгодоггүй юм аа гэхэд ядаж тэнд тэсэлж дэлбэлээд ухчихсан ангал хар нүхээ бүрэн булж, уурхайн талбайг нийтийн зориулалтаар малын бэлчээрт ч болов  ашиглахад аюулгүй болгоод орхи. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа нэг тийш нь болго. Дараа нь өвөг дээдсийг маань онголсон Ноён уул руу сарвалзацгаа.
Нэгэн зүйл. 2016 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгээс хэвлүүлсэн Монгол орны Цэвдгийн тархалтын шинэхэн зураглалыг авч үзвэл Ноён уул орчмын бүс нутаг нь цэвдгийн “Тасалданги тархалттай” гэсэн ангилалд багтжээ. Энэ нь тэр орчмын уулын ар болоод голын хөндийнүүд тэр чигээрээ цэвдгийн голомттой бөгөөд үүнтэй хамаагүй оролдвол энэ нутгийн ой ургамлын сан хөмрөг дахин нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйрнэ гэсэн үг. Мөн энэ хүрээлэнгээс хийсэн хөрсний судалгаанаас харахад хүнцлийн агууламжийн дундаж хэмжээ дээр дурьдсан Монгол улсын стандартаас хааяагүй өндөр байгаа нь тогтоогдсон байдаг. Байгальд байх хүнцэл ийм өндөр агууламжтай байгаа нь аливаа ашигт малтмалын олборлолт явуулах гэж байгаа бол энэ орчмын гол горхи, гүний болон гар худгуудад хүнцлийн агууламжийг бүр нарийвчлан судлах шаардлагатайг харуулаад байгаа юм.
Ийм нарийвчилсан судалгаа үнэлгээгүйгээр уул уурхайн асар том төсөл хэрэгжүүлнэ гэж муйхарлан зүтгээд суугаа сайд дарга нарт хэлэх хатуухан үг байна.  Эх орон ард түмэн зон олны өмнө хүлээх үүрэг хариуцлага хатуу нэхэлтэй учир та нар өөрсдөө бүү хэл  үр ач нар чинь ч энэ сайхан эх орондоо амар тайван аж төрөх эрхгүй болно шүү, алсдаа. Ноён уулын минь сүлд өршөөг.
sonin.mn

ЗХУ-д хийсэн нойрны эсрэг туршилт

1940-өөд онд Оросын хэсэг судлаачид нэгэн хачирхалтай, гаж гэмээр туршилтыг хийжээ. Энэ туршилтын зорилго нь нэгэн төрлийн хорт хий ашиглан хүнийг сарын турш унтуулахгүй байлгаад үр дүнг нь харах явдал байлаа. Сонгож авсан 5 хүнийг цоожтой өрөөнд хорьж, зузаан шилэн цонхны цаанаас (тэр үед хяналтын камер байгаагүй) үйлдэл бүрийг нь ажиглаж, үг бүрийг нь микрофоноор сонсож байжээ. Дээрх хий агаарт хэт ихээр хуримтлагдвал хүнийг үхүүлэх аюултай учраас өрөөний агаарыг байнга хянаж байв. Өрөөнд унших ном, амарч хэвтэх ор, угаалтуур, жорлон, нэг сар идэж хүрэлцэх хоол хүнс орхижээ. Туршилтанд оролцогсод бүгд улс төрийн хоригдлууд байв. Хэрвээ нэг сар унтахгүй тэсэх юм бол тэдэнд эрх чөлөө олгоно гэж амалсан байна. Энэ нь мэдээж худал амлалт байсныг хэлэх хэрэгтэй.

Эхний 5 хоногт гоц зүйл ажиглагдсангүй, ямар ч гэсэн эрх чөлөө хүссэн хоригдлууд гомдол гаргасангүй. Гэвч хэсэг хугацааны дараа тэд өнгөрсөн үеийн тааламжгүй дурсамжаа хуваалцаж, хар бараан сэдвээр ярилцах нь ихсээд иржээ. 5 өдөр өнгөрсний дараа тэд энд ирэх учир шалтгаан болсон үйл явдлыг хараан зүхэх болж, хүнд хэлбэрийн паранойд өвчний шинж тэмдэг илэрч эхэлжээ. Хоорондоо ярилцахаа ч байж, харин микрофоноор бие биенээ ховлох болов. Хамтрагсдаа илчилснээр судлаачдын итгэлийг олно гэж бодоцгоож байсан нь гайхал төрүүлж байв. Энэ бүхэн хорт хийний нөлөө байх гэж туршилт явуулагчид эхлээд бодож байжээ.

10 дахь өдрөө тэдний нэг орилж эхлэв. Тэрээр өрөөн дундуур гүйж, бараг 3 цаг орилж хашгирсны эцэст хоолой нь гарахаа больжээ. Хамгийн хачирхалтай нь, энэ үед бусад нь юу ч болоогүй юм шиг огт тоохгүй байжээ. Тэд микрофоноор бусдыгаа ховлон шивнэсээр л байв. Гэтэл 2 дахь нь мөн л орилж хашгирч гарчээ. Энэ үед бусад нь номын хуудаснуудыг урж аваад шүлс болон шээсээрээ  норгон цонхон дээр нааж эхэлжээ. Ингэснээр тэднийг гаднаас нь ажиглах боломжгүй болсон байна. Орилж хашгирах, микрофоноор шивнэх нь ч намдав.
Дараагийн 3 өдрийн туршид өрөөнөөс ямар ч чимээ гарсангүй. Судлаачид өрөөн дэх хүчилтөрөгчийн хэмжээг хянаж байсан тул, хүчилтөрөгчийн хэрэглээ маш өндөр, яг л тавуул биеийн тамирын дасгал хийж буй мэт байгааг тогтоожээ.

14 дэх өдрийн өглөө судлаачид тэднийг үхсэн, эсвэл комд орлоо гэж бодоод урьд төлөвлөөгүй алхам хийхэд хүрч өрөөнд байрлуулсан чанга яригчаар:

“Бид орж микрофоныг шалгах гэж байна. Хаалганаас холдож шалан дээр хэвтэцгээ! Зөрчсөн тохиолдолд буудах болно. Үгэнд орвол аль нэгийг тань чөлөөлнө” гэсэн зааврыг өгсөн байна.

Гэтэл өмнөөс нь “Бидэнд одоо эрх чөлөө хэрэггүй болсон” гэх хачирхалтай хариу дуулджээ.

Ингээд туршилт явуулж буй эрдэмтэд, санхүүжүүлэгч цэргийнхэн гэсэн хоёр тал зөвлөлдөөд 15 дахь хоног дээрээ өрөөг нээхээр шийджээ. Өрөөнөөс хорт хийг гадагшлуулан цэвэр агаараар дүүргэсэн байна. Гэтэл бүр хачирхалтай юм болж хорт хийг эргүүлэн шахахыг гуйсан дуу хадаж гарчээ. Яг л амь нас нь үүнээс шалтгаалах мэт… Өрөөг нээж цэргүүдийг оруулан туршилтынхныг гаргаж ирэх тушаал өгөв. Ингэтэл орилон гуйх дуу бүр ч чангарч, дээрээс нь ямар нэгэн аймшигтай зүйл харсан цэргүүдийн дуу алдах ч сонсогджээ.

Туршилтанд орсон 5 хүний 4 нь амьд байлаа. Гэхдээ тэднийг амьд гэж хэлэхэд туйлын бэрх байв. Хоол хүнсэнд 5 дахь өдрөөс эхлэн гар хүрээгүй бололтой харагдаж байж. Амь алдсан 5 дахь хүний биеэс тасалж авсан махаар өрөөний ус зайлуулах нүх сүвийг чигжин тагласан байжээ. Өрөөнд хэдий хэмжээний цус нөж байгааг барагцаалахын ч аргагүй. “Амьд” үлдсэн 4 хүний биеэс бас л их хэмжээний арьс мах, булчин шөрмөс нь үгүй болсон байв. Тэдний гар аймшигтайгаар гэмтэж бараг яс нь ил гарсныг харсан эрдэмтэд тэд шүдээрээ биш харин гараараа энэ бүхнийг хийсэн болохыг ойлгожээ. Мөн тэд өөрөө өөрийгөө сэглэж зулгаасан болохыг дараа дараагийн судалгаа ч нотолжээ. Дөрвүүлэнгийнх нь чээжний хөндийн доорх дотор эрхтнүүд үгүй болсон байв. Уушиг, зүрх, өрц нь байрандаа байсан ч хавирганы арьс мах, булчин шөрмөсөө их хэмжээгээр урж тасдсан тул уушиг нь ил харагдаж байжээ. Сугалж хаясан бүх эрхтэн нь шалан дээр хэвтэж байв. Гэтэл хоол боловсруулах эрхтнүүд нь ажилласаар байжээ. Тэд өөрийгөө идэж байсан нь ойлгомжтой болжээ.

Тийшээ орсон цэргүүдийн олонх нь ихийг үзсэн тусгайгийнхан байсан ч, ихэд айцгааж эргэж орохоос татгалзаж байжээ. Харин “амьд” үлдсэн 4 унтахгүйн тулд хийг буцааж өгөхийг шаардан орилолдож байв… Тэднийг өргөж гаргах үед санаанд оромгүй хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Нэг цэргийн хүзүүг тас хазаж, нөгөө нь “хушгаа” хазуулснаас болж үхлийн шарх авчээ. Бусад 5 цэрэг нь аймшигт цочролын улмаас хямралд орж, хэдэн 7 хоногийн дараа амиа хорлон үхэцгээсэн байна. Энэ “гардан тулаан”-ы үеэр амьд үлдсэн 4-ийн нэг нь дэлүүгээ хүчтэй гэмтээсэн тул цус алдаж дороо үхжээ. Энэ хүн хүмүүн бусын их хүч гарган зодолдсон гэдэг. Эмч нар тайвшруулах тариа шахаж амжсан ч нэмэр болсонгүй. Морфин 10 дозоор хийсэн ч яг л араатан мэтээр ноцолдож эмч нарын нэгний нь гар, хавиргыг хугалжээ.  Ихээхэн цус алдаж, судсаар нь агаар дүүрсний дараа ч зүрх нь 2 минут орчим цохилсон гэнэ.  Зүрх нь зогсчихоод байхад 3 минутын турш орилж, ойртож ирсэн болгоныг цохих гэж тэмүүлсээр байж, аажмаар сулран суларсаар чимээгүй болсон байна.

Үлдсэн 3-ыг чанга хүлж эмнэлгийн хяналтанд оруулсан байна. Хоолой нь гэмтээгүй хоёр нь унтахгүйн тулд хийг буцаан өгөхийг шаардсаар байжээ.

Хамгийн хүнд гэмтэлтэйд нь мэс засал хийж эрхтнүүдийг нь буцаан суулгах болов. Гэтэл тэр бас л тайвшруулах бодисын нөлөөнд автахгүй байлаа. Хүнд том биетэй цэрэг түүнийг тогтоон барьж байсан боловч дийлдэхгүй, хүлээсээ алдууртал ноцолдож байжээ. Гэвч ерийн хэмжээнээс арай их мэдээ алдуулагч түүнийг дарж дөнгөсөн байна. Харин дөнгөж нүдээ анимагц зүрх нь зогсжээ. Задлан шинжилгээгээр түүний цусанд ердийнхөөс 3 дахин их хүчилтөрөгч байгаа нь тогтоогдсон байна. Мөн биед нь үлдсэн булчин шөрмөсүүд ихээр гэмтсэн, ноцолдох үед булчингийн их хүчдэлээс болж 9 ширхэг яс хугарсан гэсэн дүгнэлт гарчээ.

Амьд үлдсэн хоёрын нэг нь анх хашгирч, хоолойгоо гэмтээсэн хүн байлаа. Тэр бас л мэдээ алдуулахаас татгалзаж толгой сэгсэрч байв. Харин мэдээ алдуулах тариагүй мэс засал хийе гэхэд зөвшөөрөн толгой дохиж байжээ. 6 цаг үргэлжилж, эрхтнүүдийг нь буцаан байрлуулж, арьсыг нь нөхөн сэргээх мэс заслын үеэр тэр өвдөлтийг огт мэдрэхгүй байх шиг харагдаж байв. Анагаах ухааны үүднээс энэ хүн ийм байдалд амьд байх ямар ч боломжгүй гэж мэс засалч байн байн үглэж байсан гэдэг. Харц тулгарах үед тэр инээмсэглэж байсан гэж нэг сувилагч чичрэн байж ярьжээ. Мэс засал дуусах үед хоолойгоо хяхтнуулан юм хэлэхийг оролдож эхлэв. Ямар нэгэн чухал зүйл хэлж магад хэмээн найдсан эмч үзэг цаас авчирч өгчээ. Тэр “Хэрчээд бай!” гэж бичсэн байна.

Нөгөө хүнд ч мэс засал хийж эд эрхтнүүдийг нь буцаан байрлуулсан гэнэ. Тэр ургэлж л инээгээд байсан тул хөдөлгөөнгүй болгохоор саажуулагч тарьжээ. Гэвч саажуулах тарианы нөлөө  маш хурдан гарч суллагдахаар ноцолдож эхэлсэн байна.

Энэ хоёр хоёул ярьж чаддаг болмогцоо унтуулдаггүй хийг буцаан өгөхийг гуйж байжээ. Яагаад яагаад эд эрхтнээ сугалж өөрсдийгөө гэмтээсэн, хий тэдэнд ямар хэрэгтэй болохыг нь асуухад хоёулаа “ Бид унтаж болохгүй” хэмээн хариулжээ.

Тэднийг өрөөнд нь буцаан оруулж ортой нь барьж хүлээд дахин зөвлөлдөв. Эрдэмтэд туршилтын хүмүүст эвтанази (үхэж буй хүмүүсийн шаналгааг хөнгөвчлөх зорилгоор үхлийн тун тарих) хийх хүсэлт гаргажээ. Гэвч урьд КГБ-д (манайхаар НАХЯ) ажиллаж байсан цэргийнхний тэргүүн   эрдэмтдийн эсэргүүцлийг үл хайхран туршилтыг үргэлжлүүлэх тушаал өгчээ.

Дараагийн үе шатанд туршилтын хүмүүсийг тархины цахилгаан бичлэгийн аппараттай (ЭЭГ) холбож, хүлээсийг нь сулруулсан байна. Хийг буцааж өгнө гэж хэлмэгц л тэд эсэргүүцэл үзүүлэхээ больжээ. Тэд унтахгүйг байдаг чадлаараа хичээж байгаа нь удалгүй илэрхий болов. Чанга дуугаар хашгирч, хөлөөрөө хүлээсээ үрж, толгойгоо дэрнээс хөндийрүүлж, анхаарлаа аль болох өөр зүйлд хандуулахыг хичээж байжээ. ЭЭГ-д хамгийн түрүүнд холбогдсон хүний тархины бичлэг үе үе хоосон явж байгааг эрдэмтэд анзаарсан байна. Гэнэт тэр хүн нүдээ аньж, дэрэн дээр толгойгоо хүргэх агшинд ЭЭГ нь гүн нойр, дараа нь үхлийг заажээ. Энэ мөчид түүний зүрх зогссон байна.

Үлдсэн ганц хүн хий өгөхийг шаардан хашгирч эхэлжээ. Энэ үед түүний ЭЭГ бас л хоосон зай зааж эхлэв. Энэ үед цэргийнхний тэргүүн туршилт явуулсан 3 эрдэмтнийг өрөөнд оруулж түгжих тушаал өгчээ. Үүнийг сонсож амжсан нэг эрдэмтэн буу гаргаж офицерийг буудаж амжив. Үлдсэн хүмүүс өрөөнөөс зугтан гарсан байна.

“Би эдэнтэй цуг орохгүй. Яасан ч үгүй” гэж эрдэмтэн хашгирчээ. Тэгээд “Чи ер нь юу юм бэ? Би мэдэх хэрэгтэй байна” хэмээхэд нь туршилтын хүн инээмсэглэж:

“Чи ийм амархан мартчихлаа гэж үү? Бид бол та нар. Бид бол та нарын дотор нуугдаад хэзээ л бол хэзээ гарч ирэхэд бэлэн байдаг тэр галзуурал. Та нар шөнө болгон биднээс айж нуугддаг. Ингэснээрээ та нар биднийг номхруулж, үхүүлэхийг хүсдэг” гэж доогтой хариулав.
Эрдэмтэн түр эргэлзсэнээ зүрх рүү нь буудаж орхижээ. Нөгөө хүн “Эрх чөлөөтэй болоход… тун ч ойрхон байлаа” гэж хэлээд үхсэн байна.

Эх сурвалж : yoyo.mn