ЕРӨНХИЙ САЙД ГАДААД БОДЛОГЫН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

0

-Өмнө засгийн газар огцорч эрх баригч хүчин дотроос дараагийн Засгийн газар бүрэлдсэн ч улс төрийн хувьд тогтвортой байдал ажиглагдахгүй байгаа үед шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү гадаад бодлогын талаар мэдээлэл өгч байр сууриа илэрхийлсэн нь цагаа олсон хэрэг байлаа-

УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсдог. Арванхоёрдугаар сарын 1-ний Баасан гаригийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өглөө.

Ямар ч улсын хувьд гол зүйл нь гадаад бодлогын залгамж халаа байдаг. Эрх баригч хүчин өөрчлөгдлөө ч гадаад бодлогоо үргэлжлүүлэн залгамжлах нь дэлхий нийтэд өгч байгаа аюулгүй байдлын дохио байдаг. Харин эсрэгээр өмнөх байр сууриас хазайх, эрс өөрчлөх нь болгоомжлолыг төрүүлж, бусад улс орон хүлээзнэсэн, харзнасан байдалд ордог. Монгол Улсын хувьд өнгөрсөн 2016 онд парламентад шинэ улс төрийн хүчин гарч ирсэн, энэ 2017 онд шинэ Ерөнхийлөгч сонгогдсон, мөн өнгөрсөн жил байгуулагдсан. Өмнө засгийн газар огцорч эрх баригч хүчин дотроос дараагийн Засгийн газар бүрэлдсэн ч улс төрийн хувьд тогтвортой байдал ажиглагдахгүй байгаа үед шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү гадаад бодлогын талаар мэдээлэл өгч байр сууриа илэрхийлсэн нь цагаа олсон хэрэг байлаа.

Ерөнхий сайд мэдээлэлдээ “Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо хөгжил, дэвшлийг урагшлуулах замаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно. Энэ зорилгын хүрээнд бид юун түрүүнд хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, ОХУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Хөрш хоёр оронтойгоо харилцан хүндэтгэлтэй, харилцан тэнцвэртэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарыг хамарсан харилцаа, хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын комисс, тодорхой асуудлаарх хамтарсан Ажлын хэсгүүд болон бусад яриа хэлэлцээний олон механизмыг ашиглан өргөжүүлж ирлээ” хэмээн онцолсон.

Гэсэн ч бүх зүйл сайхан биш шийдэх ёстой асуудлууд ч байгааг хэлж үүний жишээ болгон өмнөд хөрш БНХАУ руу нүүрс тээвэрлэлт асуудал болоод байгааг дурдлаа. “Нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байна. Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг. Гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр хумигдана, авдаг цалин нь багасна” гэлээ.

БНХАУ, ОХУ гэсэн хоёрхон хөрштэй хиллэдэг Монгол Улсын хувьд энэ хоёр оронтой онцгой харилцаатай байдгийг Ерөнхий сайд дурдсан. Монгол, ОХУ 2016 онд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулах, мөн худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Нөгөө хөрш БНХАУ-тай Монгол Улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, бодит ажил хэрэг болгох зорилт тавьж байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талтай хэрэгжүүлэхээр тохиролцсон томоохон төслүүдийн хамтын ажиллагаа, Хятадын талаас олгосон зээл, тусламжийн ашиглалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгамдаад буй бусад асуудлыг зөв зохистой шийдвэрлэх зэрэг олон асуудлаар идэвхтэй ажиллаж байгааг онцоллоо.

2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан нь манай улсын гадаад харилцааны оргил цэг байсан. 2016 оны долдугаар сарын 15-16-нд зохиогдсон энэ арга хэмжээнд Ази, Европын 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Ерөнхий сайд болон Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч төлөөлөгчид, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон. Их эзэн Чингисийн ач Гүегийг хаан ширээнд залрах их ёслолоос хойш Монголын газар нутаг дээр ийм олон үндэстний өндөр дээд хүмүүс цуглаагүй хэмээн хэвлэлүүд онцолж байсан. Харамсалтай нь үүнээс ердөө жил хагасын дараа гэхэд Монголын гадаад харилцааны тэр оргил үеийг мэдрэмж ор мөргүй шахам алга болжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол-ОХУ-БНХАУ-ын тэргүүн нарын гурван талт уулзалтын үр дүн, гурван улсыг дамнасан Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон 30 гаруй төсөл хөтөлбөр ямар шатандаа байгаа, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт гээд олон зүйл саармагжжээ.

Гадаад харилцаа гэдэг бол бичиг цаас шидэлцэхээс илүүтэй нүүр нүүрээ харж суугаад амьд харилцаа үүсгэж байж үр дүн нь гардаг өвөрмөц салбар. УИХ-д хийсэн мэдээлэлдээ Ерөнхий сайд ирэх онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд албан ёсны мэдээлэл байхгүй ч Энэтхэг улсад айлчилж магадгүй гэсэн батлагдаагүй мэдээлэл байна.Монгол улсын шинээр сонгогдсон төрийн тэргүүнүүд анхны айлчлалаа гол төлөв хоёр хөршөөс эхэлдэг уламжлалтай. Тухайлбал, анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д, Н.Багабанди 1998 онд БНХАУ-д, Н.Энхбаяр 2005 онд БНХАУ-д, Ц.Элбэгдорж 2009 онд Энэтхэгт тус тус анхны албан айлчлалаа хийж байжээ.

News.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй