УГААРТАЖ ХОРДСОН ХҮНИЙ ТОО 51 БОЛЛОО

0

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 51 ажилтан гүйлгэж, бөөлжин, халуурсан гэх нэг шинж тэмдгээр өвдөж, 31-нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 31 хүний гурвынх нь биеийн байдал хүнд байгааг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Үлдсэн 20 хүн нь гэрээр өрхийн эмчийнхээ хяналт дор хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж буй аж.

Өвчтөнүүдээс авсан шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлжээ. Шинжилгээгээр ажилчид угаарын хийн хордлогод орcон нь тогтоогджээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг хайлуулах явцдаа технологийн горим алдаж, хийн зуух болон дахин халаах зуухнаас их хэмжээний утаа гарснаас болсон байна.

Мөн ажилчдын цусанд угаарын хий,  хар тугалгын хордлого хэр байгааг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ. Нэг дор ажилладаг хүмүүс олноороо эмнэлэгт хүргэгдсэн энэ явдлыг шалтгааныг  ажлын газрынхаа хоолноос хордсон байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байсан. Тэгвэл өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр хоол хүнстэй холбоотой халдвар биш нь тогтоогджээ.

Ажилчид нь эмнэлэгт хүргэгдэж эхэлсэн өдрөөс /2017.11.30/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Онцгой байдал, цагдаа хамтарсан ажлын хэсэг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нийслэлээс Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид үйлдвэр дээр ажиллаж байна. Тэд ямар шалтгаанаар, юунаас болоод  технологийн горим алдаж ажилчид нь хордсоныг нарийн тогтоох гэнэ.

Угаартаж, хордон өвдсөн үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэх шалтгаанаар тэтгэмж өгөх ёстой гэж хуульд заасан байдаг аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2017.12.04/ нэмэлтээр Дархан-Уул аймгийг зорив. Тэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын асуудлыг нарийн судалж, дүгнэлт гарах юм.

News.mn


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй