Дутуу төрөлт хаврын улиралд ихсэх хандлагатай байна

0

АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн багш Д.Гантуяагаар ахлуулсан баг “Агаарын бохирдлын ургийн жин, амьгүй ба дутуу төрөлтөд үзүүлж буй нөлөөлөл”-ийг судалжээ.

Судалгааг 2013-2015 онд хийсэн бөгөөд судалгааны багт НЭМС-ийн багш Д.Гантуяа, Л.Ундрам, О.Чимэдсүрэн, Т.Эрхэмбаатар нар ажилласан байна.

2008-2013 оны хугацаанд Улаанбаатар хотод 1,2,3-р амаржих газар, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон хувийн төрөх эмнэлэгүүдэд нийт 196,934 төрөлт бүртгэгдсэн байна. Үүнээс хэвийн жинтэй төрсөн нярай 178,078 байснаас судалгаанд 6,182 бага жинтэй нярай, 909 амьгүй төрөлтийн мэдээллийг хамруулжээ.

СУДАЛГААНЫ ТОВЧ ҮР ДҮН:

АГААРЫН БОХИРДОЛ УРГИЙН ЖИНГ БУУРУУЛЖ БАЙГААГ ТОГТООЖЭЭ

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлж байгааг тогтоожээ. Тухайлбал, хүхрийн давхар исэл 30.48 грамм, азотын давхар исэл 42.96 грамм, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96 грамм, том ширхэгт тоосонцор 34,88 граммаар тус тус нийт 138.28 граммаар жирэмсний тээлтийн хугацаанд ургийн жинг бууруулж байна.

Баянгол, Чингэлтэй дүүрэгт бага жинтэй төрсөн нярайн түвшин харьцангуй өндөр байна. Бага жинтэй нярай өвлийн улиралд хамгийн их төржээ.

ДУТУУ ТӨРӨЛТ ХАВАР ИХСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Дутуу төрөлтийн түвшинг судлахад Баянгол дүүргийн эхчүүдэд 1,000 амьд төрөлтөнд 15.5 байсан бөгөөд дутуу төрөлт хавар ихсэх хандлагатай байгаа аж.

Хүхрийн давхар исэл ба том ширхэгт тоосонцрын бохирдол нөлөөлснөөр ураг хэвийн хугацаанаас 12.1 долоо хоног ба 8.89 долоо хоногийн өмнө дутуу төрөх магадлалтай байна.

АМЬГҮЙ ТӨРӨЛТИЙН ИХЭНХ НЬ СОНГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХАРЬЯАЛАГДАЖ БАЙГАА

Амьгүй төрөлтийг судлахад эхчүүдийн ихэнх нь Сонгинохайрхан (24.2%), Баянзүрх (23.4%) дүүргийн харьяалалтай байжээ.

Хүхрийн давхар ислийн агууламж тээлтийн эхний, дунд, сүүлийн гурван сард 10 нэгжээр ихсэхэд ураг амьгүй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл тээлтийн эхний гурван сард ихссэнээр амьгүй төрөх эрсдлийг нэг дахин нэмэгдүүлдэг байна. Харин нүүрстөрөгчийн дутуу исэл тээлтийн бүх хугацаанд нөлөөлснөөр амьгүй төрөх эрсдлийг мөн нэг дахин нэмэгдүүлжээ.

ДҮГНЭЛТ:

  1. Жирэмсний тээлтийн дунд болон сүүлийн гурван сард хүхрийн давхар исэл, тээлтийн бүх хугацаанд том ширхэгт тоосонцрын агууламж хүлцэх хэмжээнээс нэмэгдсэнээр нярайн жинг төрөх үеийн жингээс дунджаар 138 граммаар бууруулж байна.
  2. Жирэмсний тээлтийн дунд болон сүүлийн гурван сард хүлцэх хэмжээнээс хоёр дахин ихэссэн том ширхэгт тоосонцор ба хүхрийн давхар ислийн агууламж нь дутуу төрөх эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлж 26-30 долоо хоногтойдоо дутуу төрж байна. Жирэмсний тээлтийн эхний гурван сард том ширхэгт тоосонцрын болон азотын давхар ислийн агууламж хүлцэх хэмжээнээс ихсэхэд ураг амьгүй төрөх эрсдэлтэй байна .

Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй