Баячуудыг дахин байржуулсан “Фортуна” Н.Батбаяр

1

acde626b69120d92original

Ичих булчирхайны тухай ойлголт огт байхгүй болов уу гэмээр нөхдүүдийн нэг бол Фортуна гэх тодотголтой Н.Батбаяр гишүүн юм. Монголын эдийн засгийг мөнгө зээлж, өр тавьж л өнөө маргаашаа аргацаадаг ядарсан дүр төрхтэй айл шиг болгож хувиргасан хүмүүсийн тоонд орох учиртай хүн бол тэр. Гэсэн ч тэр өөртөө хир халдаадаггүй. Харин ч та бидэнд хандаад “Ойлго, Монгол Улс нэг ч төгрөгийн өргүй” гэж томоос том дуугарч суугаа. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өр тавих ухаанаар үйл ажиллагаа явуулснаас биш улсын эдийн засагт хэтэд нь хэрэгтэй юу хийсэн хүн билээ. Нэгэнтээ  У.Хүрэлсүх  түүний талаар “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ… Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэж бичиж байсан удаатай шүү.

Харамсалтай нь, Н.Батбаярын тухайд мөнхийн өөдрөг чигээрээ мөнх хөх тэнгэрээ ярьсаар өдийг хүрч байгаа юм. Монгол орны хөгжил дэвшилд тээг саад болж байгаа асуудлуудын талаар ярьж байхад мань эр ямар харин юу гэж ханддаг вэ гэхээр хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурладаг гэдгийг нь одоо Монголчууд бүгд мэддэг болоо байлгүй. Бас л элгийн байгаа юм шүү. АН-ч гэж АН. Иймэрхүү нөхдүүдээр Монгол төрийн бодлогыг тодорхойлуулж л байдаг.

Үгүй яахав, АН-ынхан дотооддоо бол Н.Батбаярын болж бүтэхгүйг мэдэхгүй биш мэддэг шиг байгаа юм. Ямартаа л түүнд  “байгалийн гамшиг” хэмээх хоч өгсөн байдаг шүү. Мань эр ч тэгээд нэг л сайхан  ам  болохоос  хэрэг дээрээ хийж гавьдаггүй нэгэн юм. 2004, 2008 оны сонгуулиудад ялалт байгуулахын тулд Архангайчуудад бөөн бөөн амлалт өгчихөөд, салхинд хийсгэж байсан нэгэн. Тухайн үеийн “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгсөн ч, үнэн хэрэгтээ тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй. Мөн тэрбээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгсөн ч, бас л  хэлснээ газарт буулгадаггүй. Сүүлийн дөрвөн жилд хэдэн километр зам тавьсан гэх алдар цол өөртөө оноогоод байгаа ч, иргэд яс чанарыг нь мэддэг болоо байлгүй.

Ер нь түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй байдаг. Тэдгээрээс заримыг нь хүргэж байна.

Үнэ хөөрөгдсөн хөтөлбөрийн автор…

Фортуна сайдтай холбоотой саар мэдээлэл үүгээр зогсохгүй л дээ. Уг нь тэрбээр 2004 оноос хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн автор нь.  Гэхдээ ипотекийн хууль батлагдаагүй байх үед санаачилсан эл төслийн хүрээнд баригдсан байрууд нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Борлуулалт болон чанарын асуудал дээр ч ихээхэн хэл ам дагуулсан. Ерөөс уг хөтөлбөрийг  бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын төлөө санаачиллаа, метр квадрат нь 280-350 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган ширхэг байранд 40 мянган бага дунд орлоготой өрхийг хамруулна хэмээгээд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд барилгын компаниудын  газрын болоод инженерийн шугам сүлжээний асууудлыг нь шийдвэрлэж, гаалийн татварыг нь тэглэж байсан ч, бага орлоготой иргэд байртай болж чадаагүй юм. Харин баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр болсон гэх шүүмж өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн билээ. Түүнчлэн Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдсөн. Тодруулбал,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсөж эхэлсэн дүр зураг харагддаг. Хэдийгээр Н.Батбаяр эрхэм  монголчуудаа юм юмтай болгохын төлөө энэ хөтөлбөрийг санаачиллаа гэж ярьж байсан удаатай ч, тийм үр дүнд хүрсэн эсэхэд хэн хүнгүй дүн тавьж болохоор байна. Ер нь бол тэр хөтөлбөрийн хэрэгжилт нь 2011 онд 80 хувьтай явж байсан. Бусад 20 хувь нь цаашид байгуулагдах эсэх нь тодорхойгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт шингэчихсэн үү гэдэг асуулт ч урган гарч л байв.

    Алтны салбарыг унагасан автор…

Н.Батбаяр гэхээр 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татварын талаар ярих хэрэг заавал гарна. Энэ хууль манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч нөгөө талаас авч үзвэл чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас  хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөхгүй бараг найман жил явсан. Тус хуулийг батласан 2006 онд манай улсын 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан статистик бий. Гэтэл алт тушаалт 2006 оноос эхлэн багассаар 2010 онд Монголбанк дөнгөж 2 тонн алт худалдаж авсан байгаа юм.Тэрчлэн энэ хууль батлагдах тэр онд алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авч байсан бол зэсийн татварыг ганц  Эрдэнэтээс авч байлаа. Гэтэл энэ хууль хэрэгжсэн таван жилийн хугацаанд манай алт олборлогч компаниуд алга болцгоосон. Балагтай Фортунагийн санаачилсан хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан юм. 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгож байв. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк  алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн  Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв.  Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар  дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, үнэн хэрэгтээ манайх л хохирсон. Хэрэв хуулийг хөрсөн дээр хэрхэн буухыг сайтар тооцсон бол ийм зүйл болохгүй байж болох л байсан гэдгийг хэлэх хүмүүс бий.

Тэгэхээр Н.Батбаяр гишүүнтэй холбоотой мэдээллүүдийг ингээд харахад чамгүй балаг дагуулсан нь ойлгогдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд бол тэр Монголыг өржүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм шиг л байх болсон. Уг нь хөх тэнгэртэй харилцдаг юм гэсэн. Цаад тэнгэр нь тэгж зөвлөнө гэж баймааргүй ш дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

1 сэтгэгдэл

  1. монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн фортуна гавьтай юм хийсэнгүй шүлсээ үсчүүлсээр худлаа ярьсаар дууслаа даа. энэ нөхөд л морилох болов ч тамд л морилох болов уу даа тэгж буугаад байна өөрөө олон түмний хөрөнгийг идэж ууж тэнгэрээ хилэгнүүлжээ ум мааний бадми хум

Сэтгэгдэл үлдээгээрэй