Төрийн албан хаагч ч хүн шүү дээ

0

60081578d66c32abff272b118c48b541original3000 хүнийг цомхотгож, 2900 хүний цалинг танасан, сонгуулийн жилийн төсөв энэ намрын чуулганы анхаарлын төвд байна. Хэдийгээр 2016 оны төсөв эцэслэн батлагдаагүй ч болж байгаа процесст УИХ дахь бие даагчийн төлөөлөл хэрхэн дүгнэлт хийж байгааг тодруулж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Улс орны анхаарлын төвд улсын төсвийн асуудал яригдаж байна. Бие даагчдын зөвлөл даваа гаригт мэдээлэл хийхдээ ч төсвийн асуудлыг энэ долоо хоногт анхааралдаа авна гэж мэдэгдсэн. Төсвийн тодотголд хэмнэж болох зардлаа танаж чадсан уу?

-УИХ болон шийдвэр гаргах түвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн зүйл. Тодруулбал, зардлын бүтцийг оновчтой, хэмнэлттэй болгохыг оролдож байгаа нь зөв юм. Харин хир оновчтой сонголт хийж танав гэвэл бас ярих зүйл бий. Жишээлбэл, хямралтай үед хавтгайруулж цалин бууруулах тухай ярих бус хэрэггүй яамдаа оны эхнээс татан буулгаж төсөв хэмнэх тухай ярьсан бол иргэд зөвөөр ойлгоно, нийгэм дэмжиж хүлээж авна. Засгийн газар төрийн албан хаагчдын цалингаа бууруулж 2.5 тэрбум төгрөг хэмнээд Оюутолгойн зөвлөх гадны хоёр хүнд 2.5 тэрбум төгрөгийг нь өгнө гэхээр яаж дэмжих юм бэ?

Яг одоо зардал танаж чадсан эсэх талаар ярих боломжгүй юм. Төсвийн хэлэлцүүлэг дуусаагүй байна. Бие даагчдын зүгээс 80 орчим тэрбум төгрөгийн танаж болох зардлын саналаа гаргаж өгөөд, цалин бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

-Сонгуулийн төсөв болчих вий гэдэг хардлагыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн тодотголыг хархад Орхон аймгийн угтах хаалга, далбаа мандуулах өндөрлөг барих зардал гэх мэт хэмнэж болох зардалыг оруулж ирсэн байх юм. Энэ нь эдийн засагчдын хардлагыг улам нэмэгдүүлж байна?

-Тийм ээ. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг харахад зарим ач холбогдолгүй барилга байгууламж, арга хэмжээ их мөнгө зарахаар харагдаж байна билээ. Тиймээс, УИХ-аас томилогдох ажлын хэсэг энэ чиглэлд анхаарах биз дээ.

Зайлшгүй нэмэгдэх зардал гэж бас бий. Тухайлбал, төрөлт нэмэгдэж хүүхдийн тоо өсөөд, шинэ сургууль, цэцэрлэг шаардагдаж, тэнд ажиллах орон тоо нэмэгдэж байгаа нь буруу зүйл биш. Ер нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зардлыг танаж болохгүй. Эргээд том гарз гардаг. 2009 онд эмнэлгийн зардлыг механикаар 10 хувиар хасач, ариун цэврийн бодисоо хэмнэснээс болж хорвоод мэндэлсэн 12 хүүхэд эндсэн гашуун сургамжийг мартаж болохгүй. Тэр хасах санал гаргасан хүмүүст урьдчилж анхааруулаад ч, хохирол гарсаныг дуулгахад ч ойлгоогүй юм. Тиймээс одоо ч ийм зүйл гарч болох магадлалтай. Өндөр соёлтой нийгэмд бол хэвлэлүүд тэдгээр популистуудыг шүүрч авч шуугуулаад л болгож тавьдаг юм билээ. Манай гурав дахь засаглал ийм зүйл дээр өлгийтэй хүүхэд шиг атлаа муу зүйлд сайн гаршиж байна.

-Төрийн захиргааны албан хаагчдыг цомхотгох тухай хэлэлцэж байна. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-Үгүй. Төрийн албан хаагч ч гэсэн гэр бүлтэй, зээлтэй, амьдарч л яваа улс. Эдийн засгийн хувьд хараат бус байх хэмжээний цалин хөлс өгч байж авилгад өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг нь улс орнуудын нийтлэг жишиг. Зарим нэг дуусашгүй шуналтай нөхдүүдээр бүгдийг нь төлөөлүүлж ойлгож болохгүй.

-Шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулах нь зөв үү?

-Эхнээсээ л өгөх эсэх асуудлаа сайн судалж, ярьж байж шийдэх асуудал л даа. Өгч байснаа буцаагаад болих ч сайн зүйл лав биш. Хуулинд нь хараат бус байх, цалин, нийгмийн асуудлаа өөрсдөө шийдэж байхаар заагаад өгчихсөн юм билээ. Шүүх, прокурорын байгууллагад зарим нэг авлигал, хөрөнгө мөнгө завшсан хэргүүдийг илт алга болгочих зүйл гарах юм. Энэ байдал нь буруу ойлголтыг нийгэмд өгөөд байна шүү дээ. Юу гэж бүгд тийм байх вэ. Цалин, хангамж нь өсөөд ирэхээр төрийнхөө төлөө чин сэтгэлээсээ зүтгэе гэсэн нь олонх л болж таарна. Тэгэж байж л яваандаа цэвэршинэ. “Цалин авдаг юм уу” гэдэг замын цагдаагийн онигоо шиг байдлаар хандаж болохгүй байх аа.

-Цалин, тэтгэврийн хэмжээг бууруулахгүйгээр, төсвийн орлогоо нэмэх ямар гарц байна вэ?

-Тийм боломж бий. Стратегийн ордууд байна. Тухайлбал, Оюутолгой, Тамсагийн нефтийн ордын гэрээгээ харилцан үр ашигтай болгох замаар цалин нэмэх асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Өнгөрсөн жил хямарсан, валютын хомсдолд орлоо гээд л сүржигнээд байсан. Гэтэл экспортын хэмжээ 2013 онд 4269.1 сая ам доллар байсан бол 2014 онд 5774 сая ам доллар болж өссөн байна. Энэ экспортонд ачуулсан баялгийнхаа ердөө 5-24 хувийг л бид буцааж хүртэж. Оюутолгойгоос орж ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогынх нь тавхан хувийг л бид авч үлдсэн байна. 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд төгрөг юм. Гэтэл Оюутолгой ирэх онд 3.9 их наяд төгрөг буюу манай төсвийн 56 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийнэ. Харин 2016 онд Оюутолгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л бүрдүүлэх юм. Ийм байхад бид яаж ч зардлаа хасч, тэвчээд хямралаас гарахгүй. Цалин, тэтгэврээ нэмж бүр ч чадахгүй.

-Төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай гэлээ. Яагаад, харин ч инфляцийг нам төвшинд барьж байгаа гэсэн биз дээ?

-Энэ хүн долларын ханшийг 1300 төгрөгнөөс 2000 хүргэчихээд зөөлөн газардууллаа ухааны юм ярьж, та бид нараар даажигнаад сууж байна. Жишээ нь, нэг ам.долларын үзэг 1300 төгрөг байснаа одоо 1999 төгрөг болж 35 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадварыг 35 хувиар унагасан хэрэг л дээ. Тйимээс ноогдох ялаа үүрч л таарна.

-Тамсагийн ордоос “Өсөн нэмэгдэх роялти”-ийн татварыг авах ёстой. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж байсан. Энэ тооцооллыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Саяхан шинэчлэн баталсан Газрын тосны тухай хуулиар газрын тосноос 5-15 хувийн роялти буюу нөөц ашигласны төлбөр авахаар хуульчилж өгсөн. Тиймээс Тамсагийн ордоос энэ төлбөрөө авах боломжтой.

Т.ДАВААНЯМ


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй