Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

0

Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

 

 

Хөх хотноо есдүгээр сарын 25-30-нд болсон Монгол, Хятад, Орос гурван улсын залуу удирдагчдын чуулганыг сурвалжлах боломж тохиосон юм. Энэхүү чуулган нь Тал нутгийн торгоны замыг эдийн засгийн гол зангилаа бүс болгож, гурван улсын залуус нэгдэж хамтдаа хөгжих гарцыг олоход гол ач холбогдол нь оршиж байлаа. Бүс нутгийн томоохонд тооцогдох уулзалтад Монголын залуучуудын холбоог төлөөлж аймаг орон нутаг, бүх улс төрийн нам, бизнесийн салбарын 33 манлайлагч залуустай нэг баг болж, аян замдаа гарсан юм. Монголын төлөөлөгчид Замын-Үүд хүртэл орон нутгийн галт тэргээр зорчиж, цааш Эрээн хот руу автобусаар явсан бөгөөд тус хотын Залуучуудын холбооны тэргүүлэгч Ван Чин Сун биднийг угтан авч, Хөх хот руу хамтдаа явцгаав. Тав орчим цаг үргэлжилсэн аяллын турш өмнө хөршийн хотууд хэрхэн хөгжиж буйг зах зухаас нь ажиглаж, Замын-Үүд хүртэл галт тэргээр явахдаа харсан дүр зургийг яах аргагүй харьцуулж байв. Өртөөнөөс өртөө хооронд тал нутаг хэдэн толгой малнаас өөр юу ч харагдаагүй билээ. Харин урд хөршид таван цагийн аяллын туршид явахад замд таарсан газар бүр тариа, ногоо, эсвэл зулзаган мод тарьсан байх бөгөөд талбай дээр ургацаа хураах хүмүүс олон таарсан. Зөвхөн энэ дүр зургаас урд хөршийнхөн ямар хөдөлмөрч хүмүүс болох нь маргаангүй харагдах аж.

 

Бид ийн явсаар 17.00 цагийн үед зочид буудалдаа ирцгээв. Есдүгээр сарын 26-нд гурван улсын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга нарын хурал болж, манай залуус дугуй ширээний уулзалтад нэмж тусгах санал болоод өөрийн орны байр сууриа хэлэлцэв. Монголын залуучуудын холбооны Соёлын байнгын хорооны дарга Б.Төрсүлд маш том зорилго тавьж ирснээ дуулгаад, хөрш зэргэлдээ хоёр улстай харилцан тоглолт зохион байгуулах, соёлын чиглэлээр оюутан солилцох зэрэг тодорхой саналуудыг уламжилж өгөхийг МЗХ-ны генсек О.Алтансүхээс хүссэн юм. Түүний хүсэлт ч ёсоор болж, гурван тал энэ салбарт цаашид хамтарч ажиллахаар болсон нь энэ удаагийн гурван талт уулзалтын нэг үр дүн байлаа.

 

Энэ үеэр Хөх хот дахь “Сэцэн танаа” арт галлерейд “Тал нутгийн торгоны замын болзоо” гурван улсын залуу уран бүтээлчдийн уран зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Уг үзэсгэлэнд манай Төрийн шагналт зураач Д.Гунгаа, Ш.Чимэддорж болон Урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Бумандорж нарын ахмад уран бүтээлчид болон 20 гаруй залуу уран бүтээлчдийн 30 орчим бүтээлийг дэлгэжээ. Гурван улсын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой энэхүү үзэсгэлэнд уран зураг, уран баримал, графикийн бүх төрөл болон тосон зургийн бүтээлүүдийг багтаасан байв. “Сэцэн танаа” арт галлерейд Монголын амьдралыг тусгасан гаднын уран бүтээлчдийн зураг олны анхаарлыг татаж байсан юм. БНХАУ-ын зураач Луо Шипин “Би энэ үзэсгэлэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг харуулсан бүтээлээрээ оролцож байна. Надад танай нутгийн тухай зурсан олон бүтээл бий. Гэхдээ гэр хороолол нь монголчуудын тал нутгийн нүүдэлчин амьдралыг илүү санагдуулдаг учраас энэхүү бүтээлээ сонгосон” гэв.

 

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн залуу удирдагчдын чуулганаар тэд асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр суурьтай болсноор харилцан ашигтай хамтран ажиллах олон төслийг үзэглэсэн бөгөөд энэ талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

 

Хурлын дөрөв дэх өдөр бид Хөх хот дахь зарим салбарын үйл ажиллагаатай танилцсан юм. Тухайлбал, боловсролын салбарын удирдагч залуус Өвөрмонголын Багшийн их сургууль, соёлын салбарынхан Соёлын дээд сургуультай нь танилцсан бол хэвлэл мэдээллийнхэн “Одон” телевизийг зорилоо. Харин эдийн засгийн чиглэлээр ажилладаг удирдагч залуус Өвөрмонголын “Yili” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцав. Сэтгүүлч миний хувьд Азид нэг, дэлхийд аравдугаарт эрэмбэлэгддэг шингэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах завшаан тохиосон юм. Хотын төвөөсөө  40 орчим минут яваад хүрдэг “Yili Industrial Group Co., Ltd” нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгч аж. Тус компани 2005 оны долдугаар сард Хөх хот дахь үндсэн үйлдвэр дотроо Ази тивд хамгийн том төдийгүй хамгийн дэвшилтэт технологи бүхий сүү боловсруулах үйлдвэр байгуулсан байна. Үйлдвэрлэлээс тээвэрлэлт хүртэлх бүх үйл ажиллагааг бүрэн автоматжуулжээ. Савлагааны таван робот машинтай бөгөөд нэг робот машин 300 хүний ажил хийдэг юм байна. Нэг сүүний машин цагт 22 мянган сүү савладаг нь үнэхээр гайхмаар үзүүлэлт биш гэж үү.

 

 

Хятад орон даяар таран байрласан “Yili”-гийн олон арван үйлдвэрт сүү, тараг, тос, бяслаг, хуурай сүү зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулдаг бөгөөд манай улс болон Вьетнам зэрэг хөрш зэргэлдээ оронд тодорхой хэмжээгээр экспортолдог байна. “Yili” нь сүү боловсруулах шинэ үйлдвэрүүдийн хамт бүтээгдэхүүн хуваарилах төвийг хамт байгуулжээ. Хуваарилах төв нь 20,024 ширхэг суурь тавцанд ачиж буулгах хүчин чадалтай раам хийц бүхий тусгай системтэй. Үйлдвэр нь 18 тусгай дамжлага шугамаас өдөр тутам 1500 тонн шинэ сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаасан хайрцганд савласан сүүг туузан дамжлага ашиглан хуваарилах төвд тээвэрлэдэг аж. Робот төхөөрөмжүүд савласан сүүг суурь тавцангуудад өрөх бөгөөд үүнийг нь өндөр хурдны “Ангилан дамжуулагч төхөөрөмж”-өөр зөөж, түр хадгалах байранд хадгална. Тэр агуулах нь мөн л Азидаа хамгийн том нь. Бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх цаг болмогц зөөгч төхөөрөмж түр хадгалах байрнаас тавцангуудыг гадагш зөөнө. Өдөрт тээвэрлэх хэмжээ нь бусад үйлдвэрээс ирж буй бүтээгдэхүүнийг оролцуулаад 2000 орчим тонн. Бүрэн автоматжсан ажиллагаатай учраас бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, савлаж, тээвэрлэхэд хүний ажиллагаа огт хэрэггүй аж.

 

Үйлдвэрлэлийнхээ хүрээг тэлэх үүднээс Хөх хотод барьсантай ижил таван үйлдвэрийг Шиньян, Хефэй, Хебэйд шинээр байгуулжээ. “Yili” группийн орлогч захирал Вэй Линцун “Манай үйлдвэр 2005 онд байгуулагдсан. Азид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт, дэлхийд эхний аравт ордог. Өнгөрсөн жил 500 сая юанийн борлуулалт хийсэн. Жилийн нийт дундаж үйлдвэрлэл хоёр сая тонн. Үйлдвэр хэдий бүрэн автомат ч 15 мянган ажилтан, албан хаагчтай” хэмээх мэдээллийг билдэнд өгсөн юм.

 

Хамгийн сүүлчийн өдөр бид Өвөрмонголын музейтэй танилцав. Өвөрмонголын автономит улс байх үед буюу 1957 онд анхны музейг байгуулж байжээ. Харин уг байшин нь өдгөө зөвхөн түүх дурсгалын журмаар л үлдсэн байна. 2007 онд хуучин музейгээс арав дахин том музей байгуулсан нь бидний нүдээр үзэж яйваа газар аж. Дөрвөн давхар уг музейг үзэж дуусгана гэвэл бүтэн өдөр ч багадах тул бид дөрвөн танхимаар нь л орж сонирхсон. Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлүүдээр байгуулсан танхимаа нэлээд бахархан танилцуулж, Эрээн хотыг үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн танилцуулдаг нь манай залуусын ундууцлыг хүргэснийг нуух юун.

 

Ийнхүү тав хоног үргэлжилсэн гурван орны удирдагч залуусын анхны чуулган амжилттай болж өндөрлөлөө. Чуулганы үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж, манай залууст үр өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

 

– See more at: http://www.unen.mn/content/54981.shtml?alias=post#sthash.NePcdu3G.dpuf


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй