“Хубилай сэцэн хаан ба Юань улс” эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

0

 Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Хубилай сэцэн хаан ба Юань улс” олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлын нээлт өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд боллоо. Тус хуралд гадаадын 20, дотоодын 40 гаруй эрдэмтэн оролцсон юм. Тодруулбал, Хубилай болон Юань улсын талаарх хамгийн том судалгааг хийсэн Япон, Хятадын эрдэмтэн, судлаачид болон Солонгосын судлаачид хуралд оролцохоор ирсэн аж. “Хубилай сэцэн хаан ба Юань улс” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

“Хубилай сэцэн хаан ба Юань улс” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг тавьсан Төрийн шагналт, академич Ш.Бира:

-Монголчууд Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж маш олон арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Манай Монгол үндэстэн цөөхөн ч гэсэн Дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн алдартай хаад, эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн улс билээ. Энэ сайхан түүхээрээ Монголчууд бид тэр дундаа залуу үеийнхэн маань бахархаж, түүхт ойг нь энэ мэтээр цаашид тэмдэглэж байх нь маш зүйтэй юм гэж би бодож байна. Энэ бол үр хойчид минь өгөөж ихтэй, зөв зүйл юм.

-Таны тавьсан илтгэлийн гол агуулга нь юу байсан бэ?

-Би Чингис хаан болон Хубилайн үеийг сонирхож судалдаг. Энэ хуралд Англи, Монгол, Итали хэл дээр хэвлэгдсэн “Хубилай хаан ба дэлхийчлэл нэртэй” өгүүллийнхээ товч агуулгаар илтгэл тавьсан.

-Гаднын эрдэмтдийн тавьсан илтгэлийг сонсов уу. Ямархуу хэмжээнд судалсан гэж бодож байна?

-Үнэнийг хэлэхэд би жаахан хоцорч ирээд бүтэн сонсож чадсангүй. Ер нь бол Чингисийн үе болон Хубилай хааны үеийг бид бага судалсан. Ялангуяа Хубилай хааны үеийг их судлах хэрэгтэй. Учир нь Хубилай хааны түүх бол дэлхийн хааны түүх юм. Тэгэхээр энэ түүхийг судлан гэдэг их амаргүй. Тийм учраас залуу үеийнхэн маань цаашдаа сайн судлаасаа гэж хүсэж байна. Үүнийг судлахад наад зах нь маш олон хэл сурах хэрэгтэй. Хамгийн харамсалтай нь дотооддоо бид тун бага ном гаргасан.

БСШУЯ-ны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр:

-“Хубилай сэцэн хаан ба Юань улс” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ хурал хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд гадаадын 20, дотоодын 40 гаруй эрдэмтэн оролцож байна. Бид их хааныхаа ойд өөрсдийн сэтгэл хөдлөл хувийн өнцгөөс хандахаас  илүүтэй түүхэн бодит баримт дээр тулгуурлан, эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдийг үндэслэж дүгнэлтүүдийг хийх түүнээс үндэслээд төрийн бодлогодоо үр өгөөжийг нь тусгаж явах чиглэлийг барьж байгаа. Тэр ч утгаараа өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь Монголын түүхийг бодит үнэнээр нь сийрүүлэн бичихэд үнэтэй нэмэр оруулна гэж бодож байгаа. Хубилай хаан бол түүхэндээ олон янзаар хэлэгдэж ирсэн хаадуудын нэг. ШУА, Түүх Археологийн хүрээлэнтэй хамтраад Хубилай хаан болон Юань гүрнийг бүх талаас нь судласан салбар хуралдаануудыг өнөөдөр болон маргааш хийх юм.

Японы судлаач, Отани их сургуулийн дэд захирал Такаши Мацукава:

-Би Монголын Юань улс болон Монголын эзэнт гүрний үеийн түүхийг судалдаг.  Хубилай хаан Төвдийн бурхан шашныг Юань гүрэнд нэвтрүүлж, дэлгэрүүлсэн. Пагва ламтай холбоо барьж  дөрвөлжин бичгийг зохиож, улсын бичиг болгосон байдаг. Би Монголын нутагт байгаа дөрвөлжин бичгийн түүх дурсгалуудыг судалж байгаа. Тэр талаараа маргааш илтгэл тавина.  Монголын нутгаас дөрвөлжин бичгийн түүх дурсгалууд дөрвөн газраас олдсон. Хубилай хаан Японруу гурван удаа довтолсон. Тэгэхдээ үлдээсэн ул мөрөөс нь судалгаа хийж байгаа. Гэхдээ олон жил усан дотор байсан учраас судлахад их хэцүү байгаа.

“Хубилай сэцэн хаан ба Юань улс” эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

Т.Болор


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй