Ц.Даваасүрэн: Ирэх жил төсвийнхөө 50 хувийг өрөнд өгнө

0

ganbaatarmedeellУИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх нь чухал байгаа, гэхдээ мэргэжлийн хүмүүсээр яамдыг удирдуулах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн 7 хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байгаа нь харагдсан. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байна. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь 3 их наяд төгрөгийн өр барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг удирдаж байна. Төсвийнхөө талаар өр төлдөг болсон ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаандаа харлаа” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 сайдаа томилох гэж байна. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш, бүгд давхар дээлтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын толгойд өөрөө л байвал хамаагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ хэлье” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монголын уул уурхай өнөөдөр цөөн хэдэн хүн, бүлэглэлийг баян болгохын төлөө ажиллаж байна. Харин бид нийт ард иргэддээ ашигтай байх хувилбарыг дэвшүүлсээр ирсэн. Бид Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тавантолгойн гэрээ маш ноцтой байгаа. Тавантолгойн гэрээг Бээжинд үзэглэх гэж байгааг сэрэмжлүүлсний хүчинд Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулахгүй гэдгээ Ерөнхий сайд амлалаа. Энэ бол чухал. Гэхдээ Ерөнхий сайдын Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн гэрээний асуудлаар бидэнд хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандаж дүгнэлт гаргуулна” гэсэн юм.

Мөн бие даагчид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сангийн сайдын ажлыг давхар хийж байгааг буруушаагаад, “Чоно борооноор гэдэг шиг Дубайн гэрээг баталгаажуулах асуудлыг гүйцээхээр ажиллаж байна. Хэрэв түүнийг огцруулах асуудал орж ирвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Тийм учраас сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Үүний цаагуур хулгай яваад байна” гэсэн юм.

Эх сурвалж: News.mn Г.ДАРЬ


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй