Энэ цагийнхны гарт устсан 130 жилийн түүхтэй Эх дагинын дуган

0

Өмнөх дугаартаа бид “Эх дагинын дуган буюу бидний хэлж заншсанаар МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн байрны өнөө цаг хүртэлх үүх түүхийг товчхон тоймлон хүргэсэн билээ. Энэ Циркийн сургуулийн байр шатсанаар зөвхөн Монголын циркчдийн түүхэн замналыг өгүүлсэн архив устаад зогсохгүй, Монгол орон Манжийн дарлалаас ангижирч төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхийн нэгэн гэрч “шатсанд” халаглаж буй юм.

Мөн Ардын хувьсгалын үед зэвсгийн агуулах болж, хэлмэгдүүлэлтийн он жилийг нуруун дээрээ тээж ирсэн байгууламж билээ. Ийм байгууламжийг хадгалж хамгаалж чадаагүйд энэ цагийнхны гол буруу нь оршиж буй юм. Учир нь бид өмнөх үеийнхээ үлдээснийг хойч үедээ үнэ цэнтэйгээр тэр чигээр нь өвлүүлж болох байлаа. Өчигдөрхөн энэ дуган өөрөө түүхийн хосгүй үнэт зүйл байв. Өнөөдөр балгас болон үлдэх үү гэдэгнь энэ цагийнхнаас хамаарч байна. Энэ дуганд гагнуур хийж байсан гагнуурчныг буруутгаад өнгөрөх бус гал гарах хүртэл түүхийн соёлдоо гамгүй хандсан төр засгийнхан ч үүнд буруутай. Тиймийн учир энэ талаар нэхэн сурвалжилж байгаа билээ. Түүхчдийн санал болгосноор түүхтэй холбоотой зарим нэг зүйлийг энд нэмж бичихээр шийдлээ.

ДАШЧОЙЛИНГИЙН ТҮҮХ

Зүүн хүрээ хийдээс үлдсэн эдгээр дөрвөн дуганы нэг болох Богд хааны хатан Дондогдуламд зориулан барьсан дуган болохыг уншигч та мэдэж буй. Бусад нь одоогийн энэ Дашчойлин хийд билээ. Ардчилсан хувьсгал өрнөхөд бурхан шашны төлөө гэсэн чин сэтгэлтэй лам нар нэгдэж гурван дуганаа сэргээж, Зүүн хүрээ Дашчойлин хийдийг үүсгэн байгуулжээ. Өмнө байсан хийдүүд өөр өөрийн гэсэн голлох сахиустай байсан ч, зүүн хүрээнд таван тохой Майдар бурхан залж байсан аж. Монгол дархчууд эрт дээр үеэсээ л бурхан ухаантай байсны бодит илрэлийг Зүүн хүрээ Дашчойлин хийдээс харж болно. Хийдийн дугануудын барилгад ганц ч хадаас ороогүй гэдэг. Бүх хэсгүүдийг хооронд нь оньсоор холбож хийжээ. Саяхан сэргээн засварлахдаа ч мөн одоогийн лам нар аль болох хадаас хэрэглэхгүйгээр зассан гэдэг. Мөн хийдийн дотор талын багануудын будгийг бат бөх байлгах үүднээс модон баганыг цуу ямбуугаар ороож, гадуур нь байтуу буюу үнс, адууны хомоолыг нийлүүлэн шатааж бэлтгэсэн зүйлээрээ шаваад буддаг гэнэ.

ЁНЗОН ХАМБЫГ БАРИВЧИЛЖ, ЦААЗААР АВЧЭЭ

Ёнзон хамба буюу Жавзундамба богдын багш Цэдэн овогтой Лувсанхаймчигийн номын өргөө одоогийн Зүүн хүрээ Дашчойлон хийдийн номын сан байрлаж буй дуган юм байна. Ёнзон хамбыг Түвдийн Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байхад нь Монгол Улсын тавдугаар онд Банчин богд “Халх Монголд очиж Жавзундамба богдод багшлахаар явсугай” хэмээн тушаажээ. Үүний дагуу хүрээнд ирж, VIII богдод ном заасаар найман жил суугаад, нутагтаа Банчин богдын дэргэд очжээ. Гэтэл Богд Жавзундамба хутагтаас “Ёнзон хамба Лувсанхаймчигийн биеийг нааш заавал ирүүлсүгэй” хэмээн хүссэн захидлыг Банчин богдод илгээсэн хүсэлтийг нь ёсоор болгож Ёнзон хамбыг дахинирүүлжээ. Түүнээс хойш удалгүй Ёнзон хамба Лувсанхаймчиг “Хувьсгалын эсэргүү лам нарын Гандангийн төв” хэмээх зохиомол хэрэгт шийтгэгдэн 1937 оны есдүгээр сарын 6-нд одоогийн Зүүн хүрээ Дашчойлин хийд дэх номын өргөөнөөсөө баривчлагдаж, цаазаар авахуулсан аж.

“АСА” ЦИРК ХУВЬЧЛАГДАХАД ХУУЧИН ЦИРКИЙН СУРГУУЛИЙГ ДАГУУЛЖ ӨГӨХӨӨ ШАХАВ

“АСА” цирк хувьчлагдсан учраас циркийнхэн эндээ ирж бэлтгэл сургуулилт хийх болсон. Албан ёсоор хувьчлаагүй атал нэр бүхий эрхэм энэ байрыг циркийн хамтлагуудад түрээслэж мөнгийг нь авч байжээ. Дуганы дэргэдэх орон сууцны оршин суугчид “Газрыг нь сүйтгэнэ гэдэг энд л болж байна. Хэд хэдэн компани, хувь хүмүүс энэ жижигхэн газрыг ухаж сэндийлээд дууслаа. Хог, шороо, цемент, ус шалбааг, ертөнцийн бохир болгоны дунд бид амьдрахчаан болж байна гэж гомдол гаргаж байсан удаатай.

Барилга барих гэж нүх ухаж байгаа, хэдэн давхар байшин буулгаад газартай тэгшилж байгаа компаниудын зарим нь газрын зөвшөөрөлгүй, барилгын иж бүрдэл зураг төсөлгүй, бүр болиод ах дүү хэдэн хүн хөрөнгөө булаалдан муудалцаад орон байраа буулгаад хаячихсан, газраа зарах юм гэнэ лээ гэсэн яриагарч байсан. Гэвч барилга байгууламж аль хэдийн баригдаад дууссан билээ. Тэр үеэс газар доорх шугам сүлжээг дайрсан, таслан, ил гаргаад овоолчихсон байдаг байв. Төв замаас хуучин цирк рүү тавьсан боломжийн засмал зам байсан ч эвдэлж сүйтгээд кран зоочихсон, шавар цемент овоолчихсон байдаг байсан тулхийдийнхэн болон оршин суугчид гомдол гаргаж байсан удаатай. Циркийн энэ байрыг сумогийн их аварга Д.Дагвадоржид шинэ циркийн дайвар болгоод өгчихсөн гэх яриа ч гарч байлаа. Тал талаасаа сэглэгдээд баар цэнгээний газар, дэлгүүр хоршоо болсон. Хожим нь Их аваргахуучин циркийг нурааж сүрлэг байшин барих гэсэн мэдээлэл багагүй хөвөрсөн түүхтэй. Энэ үед Дашчойлин хийдийн удирдлагууд ”Бид олон удаа Эх дагинын дуганыг авахаар асуудлыг холбогдох газруудад тавьж байна. Тодорхой арга хэмжээ авч өгөхгүй байна” Энэ чинь улсын хамгаалалтад байх ёстой, түүх, соёлын ховор дурсгалт газар шүү дээ. Засгийн газрын шийдвэргүйгээр хэн ч эзэмших, худалдах, устгах эрхгүй газар гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьснаар ССАЖЯ-ны Соёлын газрын үл хөдлөх хөрөнгөд шилжиж очжээ.

 

ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ НЬ 1.7 ГА БАЙХААР ТОГТООЖЭЭ

Улсын циркийг 2007 онд хувьчилсан ч Циркийн сургуулийн байр маргаантай байснаар ийнхүү яамны өмч болгосон байна. Энэ хооронд ньойр хавийнх нь газрыг зарах нь зараад сэндийлэх нь сэндийлж амжсан байна. Мөн байранд нь Нийслэлийн Соёлын газрын даргаар сонгогдож байсан хүмүүсийн ах дүү хамаатан садан дэлгүүр, баарны зориулалтаар ашиглаж, зарим газруудыг тоносон түүх байдаг гэнэ.

Уг нь Дондогдулам хатны гэр хэлбэрт модон дуганы уг барилга нь Засгийн газрын 2001 оны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолоор гэр хэлбэрт модон дуганууд буюу Дашчойлин хийдийн хамгаалалтын бүсийг 1.7 га байхаар тогтоож байжээ.

УЧИРТАЙ ШАЛГАЛТ МАРГААНЫ ЭХ ҮҮСВЭР

2012онд Мэргэжлийн хяналтын Барилгын техникийн хяналтын хэлтэс болон Газрын харилцааны хяналтын улсын байцаагч нар Циркийн сургуулийн барилгад шалгалт хийжээ. Тэд “Хуучин цирк”-ийн барилгуудын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний төлөв байдал нь газар хөдлөлтөөс хамгаалах техникийн шийдэлгүй барьжээ. Үндсэн даацын бүтээцүүд нь гажиж, цаашид тогтвортой ажиллах нөхцөл алдагдсан байна. Олон жилийн ашиглалтын явцад моралийн элэгдэлд орсон. Доторх цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээ хэвийн найдвартай ажиллах боломжгүй. Тиймээс цаашид засвар шинэчлэл хийхгүйгээр ашиглах нь Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1-д заасан “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэснийг ноцтой зөрчиж байна” хэмээн дүгнэжээ. Нэг үгээр хэлбэл уг барилгыг сэргээн засварлах боломжгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Циркийн сургуулийнхан байрыг минь авах гэлээ хэмээн Дашчойлин хийдийнхнийг хардаж. Сэргээн засварлахад циркийн тоглолт, сургуулилт хийхэд гэр хэлбэрт дуганы өндөр хүрэлцэхгүй байгааг харгалзан үзэж манежийн хэсгийн шалны түвшинг доош нь зохих хэмжээгээр ухаж болно дүгнэлт гарсан хэмээжээ. Харин Дашчойлин хийдийнхэн “Эх дагинын аймагт багтах гэр дуган. Үүнийг авч Зүүн хүрээнд нэгтгэж түүхийн дурсгалт байдлаар нь Дашчойлин хийд авах ёстой гэдэг асуудлыг тавьсан байна. Сэргээн засварлах ёстой, газрыг доош нь ухаж болно гэх маргаан гарах үед харин салбарын яамныхан түүх соёлын ховор газрыг сэргээн засварлахад 2013, 2014 онд нийтдээ хоёр тэрбум 700 сая төгрөг зарцуулна хэмжээн төсөвтөө суулгажээ.

Эх сурвалж:

Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй