“60 тэрбум”-ын хэрэгт нэгэн яамны газрын дарга шалгагдаж эхэлжээ

-АТГ-Т Г ГЭГЧ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БУСДААС АВЧ БАЙГАА БИЧЛЭГ ИРСЭН ГЭНЭ-

МАН-ын удирдлагууд төрийн албан хаагчдаас босгохоор төлөвлөсөн “60 тэрбум” төгрөгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Албан тушаалд очихдоо авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийт 3000 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-аас мэдүүлэг авч шалгасан. Тэгвэл саяхан АТГ болон Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Баян ……..” ХХК-ийн захирал Б гэгч өргөдөл өгчээ.

Тэрээр Хорлоо овогтой Д түүний хүү ………..  яаманд газрын дарга ажилтай Г нарт 200 сая төгрөгөө залилан мэхлүүлсэн тул шалгуулахаар гомдол гаргаж байна. 2015 оны  зургаадугаар сарын 16-ны өдөр Хорлоо овогтой Д, түүний хүү нэгэн яаманд газрын дарга ажилтай Г нар нь М…. компанийн нэрийг барьж, манай компанийн тусгай зөвшөөрөл нь их хэмжээний алттай, 200 сая  төгрөг зээлээч, уул уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээр эргүүлээд өгье гэж хэлсэн. Мөн Д нь Монгол Ардын Нам сонгуульд ялахаар манай хүү газрын дарга болоход дээрх мөнгийг зарцуулна, намын дарга нарт өгнө гэж хэлээд 200 сая төгрөг зээлсэн.

Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл нь ямар ч алтны нөөцгүй байсан бөгөөд намайг залилсан гэдгийг сүүлд мэдээд мөнгөө нэхтэл удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хорлоо овогтой Д-ийн хүү нь 2016 оны УИХ-ын  сонгуулийн дараа нэгэн яаманд газрын дарга болсныг саяхан мэдсэн. Надаас залилан авсан 200 сая  төгрөгөөрөө төрий албан тушаал худалдан авсан болох нь тодорхой байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэх утга бүхий өргөдөл өгсөн байна.

Энэ талаар нэгэн эх сурвалж “Нэгэн яамны газрын дарга Г болон түүний ээж нар “Баян ……..” ХХК-ийн захирал Б-гээс 200 сая төгрөгийг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө зээлсэн болох нь хоёр компанийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, бэлэн мөнгөний баримт зэргээс тодорхой харагдаж байгаа. Мөн яамны газрын дарга албан тушаалтай Г нь 200 сая төгрөг өөрийнхөө ажил дээр тоолж, ширээн дээрээ өрж байгаа бичлэг ирсэн.

Одоогоор Г гэх нэгэн яамны газрын дарга бусдаас 200 сая төгрөг зээлэн авч, МАН-ын удирдах албан тушаалтнуудад өгч, төрийн албан тушаалыг  худалдаж авсан эсэхийг шалгаж тогтоох ажил хийгдэж байна. Хэрэг мөрдөн шалгах ажил дөнгөж эхэлж байгаа болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Төрийн албыг наймаалцаж, мөнгө босгох гэж байгаа талаарх “60 тэрбум” төгрөгтэй холбоотой бичлэг олон нийтэд ил гарах үед 200 сая төгрөгөөр газрын даргын албан тушаал худалдаж авах талаар мэдээлэл цацагдаж байсан” гэв.  Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ойр дотны хүн 200 сая төгрөг бусдаас зээлж аваад, МАН-ын удирдлагуудад өгсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл өгч байв.

Эх сурвалж: Б.ЗОРИГТБААТАР