“Торгоны зам” дэлхийг яаж өөрчлөх вэ?

0

Марко Пологийн Хятадад хийсэн аян замын зөгнөлт өгүүллэгт гардаг “Торгоны зам” гэх үг ямагт дэлхийн анхаарал татаж ирсэн. Эдүгээ эртний хотууд болох Самарканд, Баку, Ташкент, Бухара дахиад л дэлхий нийтийн анхаарлын төвд орж ирлээ.

 

Хятад улс түүхийн үргэжлэл болгож “Шинэ торгоны зам” гэх том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэрхүү төсөл нь дэлхийн эдийн засгийн зургийг үндсээр нь өөрчлөхөд чиглэгджээ. Нөгөөтэйгүүр энэ төслийг Өрнө, Дорнын тэмцэл дэх эхний “буу тавилт” гэж үзэх улс орон цөөнгүй.

 

Хятадын энэхүү том амбицтай төлөвлөгөө нь Шанхайгаас Берлин хүртлэх замыг орчин үеийн эдийн засгийн коридор болгоход чиглэгджээ. Шинэ зам нь Хятад, Монгол, Орос, Белорусь, Германаар дамжих бөгөөд 12000 км-ын урттай, дэлхийн хуурай газрын бараг гуравны нэгийг эзэлсэн эдийн засгийн том бүс болох юм.

 

Төсөлд хурдны галт тэрэгний зам барихаас гадна автомашины замын, эрчим хүчний, шилэн утасны сүлжээг байгуулахаар тусгажээ. Тодруулбал, “Торгоны зам” дайран өнгөрөх хотууд, боомтуудыг эрчимтэй эдийн засгийн өсөлт хүлээж байгаа юм.

 

Даяарчлалын энэ төслийн чухал хэсэг нь далай, тэнгисийн торгоны зам бөгөөд тэр нь Хятадыг Ойрхи Дорнод, Газар дундын тэнгис, Төв Ази, Энэтхэгийн далай дээгүүр дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ.

 

Шинэ зам бүтээсний дараа гурван тив Ази, Европ, Африк холбогдсон байх болно. Дэд бүтцийн төслүүдийн сүлжээ нь 4,4 тэрбум хүнийг хамарсан, 21 их наяд долларын үйлдвэрлэлийн хэмжээтэй дэлхийн томоохон эдийн засгийн коридорыг бий болгоно.

 

УЛС ТӨР БА САНХҮҮ

 

Хятадын лидер Си Жиньпин “Шинэ торгоны зам”-ыг сэргээх санаагаа 2013 онд анхлан дуулгасан билээ. Энэ төслийн хэрэгжүүлэх үүднээс Азийн дэд бүтцийн олон улсын банк байгуулснаа хэлэхдээ, Хятад анхны хөрөнгө оруулалтаа 47 тэрбум ам.доллар хэмээн зарласан юм.

 

Төсөлд оролцогч, түншлэгчийн хувиар хувь нэмрээ оруулахыг олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад хүссэн юм.

 

Банкны гишүүд тодорхой хувиа оруулах мөн Дэлхийн банк болон бусад сангуудын нэмэлт тусламж, хувийн болон улсын компаниуд, улс орнуудын засгийн газар хөрөнгө оруулна гэдэгт Хятад тун ч итгэлтэй байгаа аж.

 

Одоогоор “Торгоны зам” барихын тулд дэлхийн 58 орон банкны үүсгэн байгуулагчдын тоонд орохоо мэдэгджээ. Уг засм дайрахаар төлөвлөгдсөн Баруун Европын орнууд энд хувиа оруулах юм.

 

Банкийн үүсгэн байгуулагчдын дунд НАТО-гийн гишүүн 12 орон байна. Тухайлбал,Их Британи, Франц, Нидерланд, Герман, Итали, Люксембург, Дани, Исланди, Испани, Португали, Польш,Норвеги мөн АНУ-ын Азийн гурван том түнш Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеландыг нэрлэж болно.

 

Энэ бүгдийн дараа өөрийнхөө холбоотнуудыг энэ банкинд элсүүлэхгүй гэсэн АНУ-ын оролдлого талаар болсон билээ. Одоо Америкууд энэ төслийг эхнээс нь дэмжиж байгаат гэдгээ илэрхийлэх болсон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “The Wall Street Journal” сонин “ Дэлхий дэд бүтцийн банк босгох Хятадын бодлогын эсрэг АНУ зогсч байсан. G7-гийн утсаар хийсэн хуралдааны үеэр ч үүний эсрэг байсан” гэж бичсэн юм.

 

Бүс нутгийн томоохон гүрнүүд Иран, Турк, Египет, Пакистан Дорно зүг рүү эргэнэ гэж шинжээчид үзэх болжээ. Барууны орнууд Хятадын шинэ “Торгоны зам”-ын ашиг тусыг одоо ч ойлгохгүй л байгаа юм. Харин энэхүү төсөлд Орос шууд оролцохоор болсон билээ.

 

Гэхдээ Азийн бүсийн орнууд Хятадын төсөл ямар чухлыг мэдэж байгаа. Тэд мөн л Азийн дэд бүтцийн банкны байдлыг ажиглаж байна. Харин олон орнууд түүнд нэгдсний дараа уг банкны гишүүнээр элсэцгээсэн юм. Эдгээр орнууд нь энэ нөсөр төслийн хэсэг болох хүсэлтэйг хэлэх нь зөв биз.

 

Үүний зэрэгцээ, уг төсөлд дэмжлэг үзүүлэх гурван банкинд наад зах нь 62 тэрбум доллар оруулахаар Хятад төлөвлөжээ.

 

Хятадын Хөгжлийн банк $32 тэрбумыг, Экспорт-импортынбанкнь $30 тэрбумыг тус тус авч байгаа. Үүний хажуугаар, Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк нэмэлт хөрөнгөөр хангагдах юм.

 

АНУ ТҮНШЛЭХГҮЙ БАЙХ

 

АНУ төсөлд нэгдэх үү? ерөнхийдөө АНУ энэ төсөлд нэгдэхгүй байх гэсэн таамаглалыг дэлхийн хэвлэлүүд гаргаж тавих болсон. Учир нь америкчууд өмнө нь нэг бус удаа энэхүү төслийг эсэргүүцэж байсан юм.

 

Сүр хүч нь улам бүр нэмэгдэж байгаа Хятадыг дэлхийд манлайлагч болгох хүсэл АНУ-д мэдээж байхгүй.

 

Гэхдээ “Шинэ торгоны зам” гэх нүсэр том төсөл нь өндөр технологи, туршлага, хөрөнгө шаардсан ээдрээтэй ажил гэдэг нь ойлгомжтой. Хэрэв АНУ энд оролцвол Япон мэтийн өөрийн холбоотнуудын энэ төсөлд орох улс төрийн саадыг авч хаях юм.

 

АНУ-ын зүггээс дэмжлэг ирвэл энэ төслийн хэрэгжилт амжилттай болох боломжийг нэмнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй