Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

0

Мод ба Амьдрал

Модон байшин, модон хашаа, модон жорлон, мод түлээ гэх мэтээр монголчууд бидний модны хэрэглээ мондохгүй. Ширээ, сандал, хоолны савх, шүдний чигчлүүр, ном, дэвтрийн цаас, сав баглаа гээд олон зүйлийг модоор хийдэг. Харахад мод биш боловч гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний зүйлсийн заримыг ч модноос гарган авчээ. Модыг байгалийн ээж гэсэн үг байдаг. Хүнээс гадна өчүүхэн өтнөөс эхлээд аварга баавгай хүртэл модон дунд амьдарч байна. Гэвч бидний дунд ойн инженер, ой судлаач, мод үржүүлгийн ажилтнаасаа модны хулгайч, мод түймэрдэгч нь хавьгүй олон санагдана. Тэгэхээр төдөлгүй “модгүй болох муухай зүүд” тарчлаахыг таашгүй.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

 

Мод ба шийдвэр

Лаосын улаан модон ширээн дээр тухлагч 76 маань “Урт нэртэй” хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-аа хэрэгжүүлэх гэж хэрэлдсээр 6 жилийг үдэж байна. Харин энэ хугацаанд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болгох сайшаалт санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигдав. Энэ жилийн зарлигт өдрөөр Ерөнхийлөгчид хамгийн ойр хүмүүс болох түүний Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос суулгалаа. Ийм жишгээр иргэд, байгууллагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд уул, Туул голын сав газар, аймаг, сумын төвүүдэд нялх моддын тоог нэмжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

Мод ба цөлжилт

Аймаг, дүүргүүдийн төлөөлөл болсон 300 орчим залуу, бас ахмадуудаас бүрдсэн эко баг мод тарих өдрийг Дорнын говьд өнгөрүүлэхээр “Приусын цуваа” үүсгэжээ. Ирж буцахын 1000 орчим километрийн урт аяныг туулж, 2000 ширхэг буйлс суулгах тэдний эгнээнд манай Tur.mnсайтын сэтгүүлчид ч нэгдлээ. Сумын төв, төмөр замын өртөө, портероор адуу хариулагч, мотоциклоор үхэр туугчдыг цонхоор харан давхиулсаар оройн хэрд Сайншанд хотын барааг харав. Гэвч биднийг Догшин хутагтын нутаг догшин салхиар алгадаж, бас догшин бороогоор ороолгож угтлаа. Залуус л болсон хойно нимгэн, дэгжин хувцастай нь олон. Азаар “Хамрын хийд”-ийн ойролцоо хоноглох гэрүүд бэлдсэн нь аминд орсон юм. Нүд, чихгүй шамарга маргаашийн ажилд түгшүүр зарлах нь тэр. Машинаас буусан нь гэрээ олох гэж, гэрээс гарсан нь машинаа олох гэж төөрч будилсаар нэлээн оройхон төвхнөж, амарлаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

 

Мод ба залуус

Говийн ааш, хаврын авир үзээгүй хүндээ бэрх билээ. Ийм нөхцөлд зохион байгуулагчид хөтөлбөрийнхөө тал хэсгийг “delete”-ээд эрхэт тэнгэрийн тааллыг харзнав. Өчигдөр ирсэн хар замыг маань элсээр хучсан нь шуурга, цөлжилт хоёрын шөнийн явдал ажээ. Говь нутагт мод тарьж, цөлжилттэй тэмцэхийн шалтгааныг ийнхүү нүдээр үзэж, биеэр мэдэрсэн залуус зорьсон ажилдаа орохоор шулуудав.

Сайншанд хотоос “Хамрын хийд” явах замд 30 га газрыг моджуулахаар орон нутгийн удирдлагууд шийдвэрлэжээ. Биднийг очиход энэ талбайд Дорноговь аймгийнхан 10000 мод суулгасан байв. Элсэн далайд модон дусал нэмж, манай бүрэлдэхүүн 2000 ширхэг буйлс суулгалаа. Залуусдаа урам хайрламаар санагдав. Яагаад гэвэл энэ ажлыг “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын залуус санаачилж, Өвөр Монголын Шилийн гол аймгийн “Тулга” холбооны залуус үрслэгээ бэлэглэж, Дорноговь нутгийн”Эрхэм анд” нэгдлийн залуусын урилгаар “Монголын эко машины холбоо”-ны приустэй залуусын хамт, 247 группийн залуус хүч нэмэн очсон юм билээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

Мод ба арчилгаа

Мод тарих сайн ажил боловч модоо арчлах нь чухал ажил гэдэг. Бид сурагч байхаасаа бишгүй л мод суулгаж байлаа. Даанч ургасан нь ховор. Арчилгаа, усалгаагүйгээс бяцхан моддын олонх нь үхэр, ямаа, хүүхэд, нохойн хөлд үрэгддэг байсныг одоо бодоход харамсам. Харин Дорноговийнхон үүнийг мэдэж, төлөвлөж байгаа нь сайшаалтай. Тус аймгийн ИТХ-ын дарга Ганбаатартай уулзахад: “Бид энд 30 га газрыг хамарсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой ажиллаж байна. Энэ жил 160 сая төгрөгийн төсөв тавиад, хашаажуулаад, худаг ус гаргалаа. Манай нутаг говь, хээрийн бүсэд оршдог учраас ойн анги байдаггүй. Тиймээс ИТХ-аас цэцэрлэгийн усалгаа, арчилгааг хариуцах 2 орон тоог баталлаа” гэсэнд манай залуус баяртай байлаа.

109,5 мянган ам километр нутагтай энэ аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг, гадаргын усны нөөц бараг үгүй ийм нутагт модны арчилгаа гэдэг “инкуваторт байгаа хүүхдийнхтэй ойролцоо” байхаар төсөөлөгдөж билээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

 

Мод ба ирээдүй

Нийгэмд хайрыг түгээгч, нутаг нутгийн залуусын суулгасан “нярай” моддын дэргэд “Дорноговийн Симба” хамтлаг ая дуу өргөж, “Саран хөхөө” театрынхан Д.Равжаа хутагтын “Үлэмжийн чанар”-аар тэнгэр, газраа баясгав. Приусын цуваа бүхий эко аяны үйлсээр МҮОНТВ-ийн “Өглөө” хөтөлбөрийн уран бүтээлчид “Замд гаръя” нэвтрүүлэг бэлдэж, “Сolumn” продакшныхан “Хайрын төгөл” баримтат кино бүтээхээр дөрөө харшуулжээ. Сайн үйлсийг сайн үйлстнүүд ч дэмждэг юм байна. “Талх чихэр” компани “Franch baggete” брендийн талх болон 5 төрлийн “Тачи” жигнэмгээ залуусын өглөөний цайнд хандивласан бол “Ноён уул-Эрдэнэ”, “Алтан жолоо” группүүд гарын бэлэг, бүтээгдэхүүний дээжээрээ ч дэмжжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

Ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарихаар очсон залуусын нэгэн удаагийн хоёр өдрийн ажил өндөрлөв. “Мод тайрдаг биш мод тарьдаг залуус”-ын хүсэл, мөрөөдлийг тээсэн бяцхан суулгац тэнгэрт тэмүүлэх цаг асуй. Хань, хүү, охиныхоо нэрийн өмнөөс суулгасан буйлсын төгөл бороо үнэртсэн Дорнын говьд өнөржин үржих буй заа.

Сэтгүүлч НАЙМАНЗУУ


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй