С.Бямбацогт: Багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарах нь төрийн үүрэг

Ховд хотноо Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” баруун бүсийн улсын зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, багшийн үр дүнд суурилсан цалин хөлсний шинэ тогтолцооны талаар хэлэлцлээ. Мөн сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийн чанар, стандартын асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хүүхдийн хөгжил хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн болон адил тэгш боловсролын үйлчилгээ хэрэгтэй хүүхдийн төлөө чухам юу хийх ёстой талаар санал солилцжээ.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ “…Багш хүн, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн багш нар монгол хүний амьдралын чиг шугмыг заагч, Монгол улсын ирээдүйн хувь заяаг тодорхойлогч чухал ажил албатай хүмүүс. Тэр ч утгаараа ерөнхий боловсролын салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх тодорхой гарц шийдлийг олж хэрэгжүүлэхэд энэхүү зөвлөгөөний гол ач холбогдол оршиж байна. Боловсролын салбарын хөгжлийг ярихгүйгээр, багш нарынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдэхгүйгээр хувь хүний хөгжил, цаашлаад улс орны хөгжлийн тухай ярих нь дэндүү өрөөсгөл…” гэсэн юм. Мөн Монгол улсыг байгалийн баялаг биш харин дэлхийд үнэлэгдэх мэдлэг боловсролтой хүн л хөгжүүлнэ гэдгийг тодотголоо.

Түүнчлэн багш нарыг бэлтгэх сургуулийн босго өндөр, бас элсэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэг илүү байх ёстойг чухалчиллаа. Зөвлөгөөнд оролцогчид багшийн ажлын ачаалал, мэргэжлийн ур чадварт нь таарсан хөдөлмөрийн үнэлэмжтэй байх нь өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцнэ гэдгийг хэлж байсан. Ингэж байж багш өөрийгөө хөгжүүлэх, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах урам зориг нэмэгдэнэ гэдгийг ч онцолж байлаа. Тэд бүсийн нэмэгдэл олгох, татвар зээлийн хөнгөлөлт үзүүлэх замаар төвлөрлийг сааруулж, алслагдсан бүсээ хөгжүүлэх, алслагдсан бүсийн багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр илүү анхаарал хандуулах ёстой гэсэн С.Бямбацогт гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Дашрамд дурдахад өнөөдөр төрөөс төсвийн нийт орлогынхоо 5-ны 1-ийг боловсролд зарцуулж байгаа юм. Гэхдээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт эргэж өгөөжөө өгдөг учраас энэ хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай зарцуулах тал дээр нэг талаас төр, нөгөө талаас сургууль боловсролын байгууллага, багш нар хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр тогтлоо. Энэхүү зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал бүрээр төрөөс холбогдох шийдвэрүүдийг гаргаж хамтран хэрэгжүүлэх юм.

“60 тэрбум”-ын хэрэгт нэгэн яамны газрын дарга шалгагдаж эхэлжээ

-АТГ-Т Г ГЭГЧ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БУСДААС АВЧ БАЙГАА БИЧЛЭГ ИРСЭН ГЭНЭ-

МАН-ын удирдлагууд төрийн албан хаагчдаас босгохоор төлөвлөсөн “60 тэрбум” төгрөгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Албан тушаалд очихдоо авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийт 3000 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-аас мэдүүлэг авч шалгасан. Тэгвэл саяхан АТГ болон Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Баян ……..” ХХК-ийн захирал Б гэгч өргөдөл өгчээ.

Тэрээр Хорлоо овогтой Д түүний хүү ………..  яаманд газрын дарга ажилтай Г нарт 200 сая төгрөгөө залилан мэхлүүлсэн тул шалгуулахаар гомдол гаргаж байна. 2015 оны  зургаадугаар сарын 16-ны өдөр Хорлоо овогтой Д, түүний хүү нэгэн яаманд газрын дарга ажилтай Г нар нь М…. компанийн нэрийг барьж, манай компанийн тусгай зөвшөөрөл нь их хэмжээний алттай, 200 сая  төгрөг зээлээч, уул уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээр эргүүлээд өгье гэж хэлсэн. Мөн Д нь Монгол Ардын Нам сонгуульд ялахаар манай хүү газрын дарга болоход дээрх мөнгийг зарцуулна, намын дарга нарт өгнө гэж хэлээд 200 сая төгрөг зээлсэн.

Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл нь ямар ч алтны нөөцгүй байсан бөгөөд намайг залилсан гэдгийг сүүлд мэдээд мөнгөө нэхтэл удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хорлоо овогтой Д-ийн хүү нь 2016 оны УИХ-ын  сонгуулийн дараа нэгэн яаманд газрын дарга болсныг саяхан мэдсэн. Надаас залилан авсан 200 сая  төгрөгөөрөө төрий албан тушаал худалдан авсан болох нь тодорхой байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэх утга бүхий өргөдөл өгсөн байна.

Энэ талаар нэгэн эх сурвалж “Нэгэн яамны газрын дарга Г болон түүний ээж нар “Баян ……..” ХХК-ийн захирал Б-гээс 200 сая төгрөгийг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө зээлсэн болох нь хоёр компанийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, бэлэн мөнгөний баримт зэргээс тодорхой харагдаж байгаа. Мөн яамны газрын дарга албан тушаалтай Г нь 200 сая төгрөг өөрийнхөө ажил дээр тоолж, ширээн дээрээ өрж байгаа бичлэг ирсэн.

Одоогоор Г гэх нэгэн яамны газрын дарга бусдаас 200 сая төгрөг зээлэн авч, МАН-ын удирдах албан тушаалтнуудад өгч, төрийн албан тушаалыг  худалдаж авсан эсэхийг шалгаж тогтоох ажил хийгдэж байна. Хэрэг мөрдөн шалгах ажил дөнгөж эхэлж байгаа болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Төрийн албыг наймаалцаж, мөнгө босгох гэж байгаа талаарх “60 тэрбум” төгрөгтэй холбоотой бичлэг олон нийтэд ил гарах үед 200 сая төгрөгөөр газрын даргын албан тушаал худалдаж авах талаар мэдээлэл цацагдаж байсан” гэв.  Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ойр дотны хүн 200 сая төгрөг бусдаас зээлж аваад, МАН-ын удирдлагуудад өгсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл өгч байв.

Эх сурвалж: Б.ЗОРИГТБААТАР

НЭРИЙГ БҮТЭН ДУУДАХАД ХУВЬ ЗАЯА ТЭГШИРДЭГ

Надад яагаад ийм нэр өгсөн юм бэ. Бусад хүүхэд Цэцэгээ, Гэрэлээ, Маралаа гээд сайхан нэртэй байхад би нэрээ хэлэхээс ичиж байна гээд хошуугаа унжуулах бяцхан охиныг хараад юм бүхэн учиртай, учир бүхэн тайлалтай гэж бодож билээ. Дуудах нэрийг эцэг эх өгдөг бол дуурсах алдрыг хүн өөрөө олж авдаг. Шинэ хүн мэндлэхэд эцэг эх нь ламаас нэр асууж, хувь заяаг нь тэгшилдэг уламжлал өнөөдөр мартагдахад хүрчээ. Гурван өдрийн дотор нэр хайрлаж, аав нь насан туршдаа дуудуулах тэр эрхэм нэрийг нь хөвгүүн байвал баруун чихэнд нь, охин төрвөл зүүн чихэнд шивнэдэг монгол заншил бий. Энэ нь дээд тэнгэртээ шүтэн залбирдаг монголчуудын эртний ёс заншлын дагуу баруун талыг эрэгтэй хүнээр, зүүн талыг бүсгүй хүнээр төлөөлүүлдэг байсантай холбоотой юм. Бяцхан үрдээ танхил насанд нь дуудах чамин нэрийг биш өтөл насанд нь дуудахад тохиромжтой нэрийг сонгох нь чухал байдаг аж. Мөн өгөх нэрээ бичсэн цаасыг ваартай будаанд хийж шигшдэг нь нэр алдар нь будаа шиг өсөхийг бэлгэддэг юм байна. Хэрэв үүнээс олон хоног нэр өгөхгүй удвал хувь тавилан нь өөрчлөгдөнө гэж цээрлэдэг аж.

Энэ мэт монгол хүн болж төрөөд нэр авахдаа хүртэл олон бэлгэдлийг агуулдаг сайхан монгол уламжлалыг бидний өвөг дээдэс өвлүүлэн үлдээсэн байдаг. Даанч энэ уламжлал өнөөдөр мартагдах дөхжээ. Залуу хосууд хувь заяаг нь тэгшлэх бэлгэдэлтэй нэрнээс татгалзаж, чамин хээнцэр, богино нэрийг эрхэмлэдэг болжээ. Хэдийгээр энэ нь хүний эрхийн асуудал ч үр хүүхдийн тань хувь тавилан, ажил, амьдралтай холбоотой гэж бодохоор санаж явах асуудлын нэг яахын аргагүй мөн билээ.

ХҮНИЙ НЭР АРАНШИНГ НЬ ИЛЭРХИЙЛДЭГ

Заримдаа сонин, содон нэртэй хүмүүс таардаг. Хүнбиш, Бибиш, Энэбиш зэрэг үгүйсгэсэн нэр нь цаанаа нарийн утгатай юм байна. Хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд өөрийн хүүхэд биш хэмээн ийнхүү домнож нэрлэдэг ажээ. Энэ нь аюул даллах далдын хүчийг “хуурах” зорилготой байж. Харин үзмэрчид төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж үздэг. Мөн “Монгол ёс заншил” төвийн тэргүүн Б.Батболдын “Тэнгэр заяат эрэмгий монголчууд” номонд “Хүний нэр тухайн хүний зан араншинг илэрхийлдэг. Тиймээс шинэхэн төрсөн үрдээ аядуу зөөлөн, бэлгэ дэмбэрэлтэй нэр өгвөл хүүхдийн хувь заяа, зан төлөв нь нэрээ дагаад тэгширдэг. Харин төрснийх нь дараа нэрийг нь солих, өөр нэрээр дуудахад хувь заяа нь төөрөлдөж, элдэв аюулд өртөх нь элбэг” хэмээн бичжээ. Энэ бас л бодууштай. Үүнээс гадна хүүхдийн нэрийг хагасалж дуудах нь хувь заяаг нь хагасалдаг гэж тус номонд бичсэн байна. Тэгэхээр монголчуудын нэрний соёл өөрийн гэсэн түүх бэлгэдэлтэй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм.

БОГИНО НАСТАЙ ЦЭЦЭГНИЙ НЭРИЙГ ХҮҮХЭДДЭЭ БҮҮ ӨГ

Аливаа нэрийг хайрлахдаа хувь хишгийг нь бодож, дүүрэн бэлгэдэлтэй нэрийг өгөх нь зүйтэй байдаг аж. Хүн төрөхдөө л өөрийн хүнс, хувь тавилангаа дагуулж ирдэг учир тэдгээр сав нь үргэлж дүүрэн байгаасай гэж “Дүүрэн” гэсэн тодотголтой нэрийг хайрлавал буян заяа нь тэгширдэг юм байна. Харин эцэг эхчүүд мэдлэг, шүтлэг, хайхрамжгүй байдлаасаа болж шинэ хүндээ өөрсдийн нэрийг таллаад өгчихдөг. Энэ нь хамгийн буруу гэж “Буяны цагаан зам” гандантэгчилэн хийдийн хамба лам М.Сайнжаргал онцолсон юм.

Тэрээр “Энэ нь өөрийн зовлон шаналал, өр шир хувь заяаныхаа талыг хүүхэддээ наачихлаа гэсэн үг. Тиймээс өвгөдийн болон өөрсдийн нэрийг хэзээ ч бүү өг. Мөн цэцэг их богино настай учир хүүхэддээ цэцэгний нэр битгий өгөөрэй. Үзэсгэлэнт төрхөө нэг л удаа гайхуулаад удахгүй хагдарах аюултай” гэсэн юм.

Нэр гэдэг бидний хувьд энгийн юм шиг хэрнээ олон далдын хүч бэлгэ дэмбэрлийг агуулдаг ажээ. Тэгвэл зарим судлаач, лам нар хэрхэн нэр хайрлах, ямар бэлгэдлийг өгүүлэх тухай ингэж зөвлөж байна.

Хамбалам Д.Чойжамц: ТӨРСӨН ӨДӨРТЭЙ НЬ УЯЛДУУЛ

 
-Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх гээд бүх зүйл нарийн дэгтэй. Нэр хайрлахдаа эхлээд аавынх нь нэртэй хоршихуйц  дуудлага эвтэйхэн байна уу гэдгийг анхаар. Мөн төрсөн өдөртэй нь уялдуул. Хэрэв хүүхэд тогтдоггүй айл шинэ хүнтэй болбол цээрлэх нэр өгөх хэрэгтэй. Ийм нэртэй хүүхдүүдийг шоолоод хэрэггүй. Харин ч хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Буян заяаг нь дүүрэн байлгах бэлгэдэлтэй нэр хайрласнаар таны хүүхдийн хувь тавилан дардан байх болно. Мөн хүүхдээ зөв хүмүүжүүлснээр бид хүн болж төрснийхөө хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өтлөх насны аз жаргал нь хүүхэд сайн явахад оршино.

Бурхан урлаач Д.Ухаанзаяа: ХҮҮХДЭД БУРХНЫ НЭР ӨГӨХ САЙН

-Хүүхдэд нэр өгөх тусдаа судар онол, тогтолцоо бий. Эхлээд аав ээжийнх нь нэрийг судалдаг. Үсэг бүхэн өөрийн махбодьтой байдаг. Эцэг эхийн нэрэнд усан махбодь давамгайлбал шинэ төрсөн хүүхэд усан махбодьтой өдөр төрчихөж гэсэн үг. Тэгэхээр Сүмбэрбилгүүн гэсэн нэр тохиромжтой. Учир нь битүү далайн усанд доошоогоо найман түмэн бээр, дээшээгээ найман түмэн бээрийн хэмжээнд сүмбэр уул оршиж байна. Мөн хүүхдэд бурхны нэр өгөх сайн. Бидний дунд Намсрайжав. Дэмчиггарав, Гонгоржав, Банзрагч, Сундуйжав, Жамсран, Манал гэсэн бурхны нэртэй хүн элбэг. Жишээ нь Манал бол эмийн хаан, отчийн хаан гээд хөх лагшинтай бурхан юм. Тэгэхээр тухайн хүн жаахан бие муутай байсан байх нь.

Бясалгалч Ц.Саранцэцэг: ХҮНИЙ НЭР ДЭЭР ҮЙЛИЙН ҮР НЬ КОДЛОГДДОГ

-Хүний нэрий хэдэн мянган жилийн тэртээгээс оноочихсон байдаг. Түүнээс аав ээж, лам өгч байна гэж бодож болохгүй. Учир нь тухайн хүүхэд төрөхдөө л нэрээ  авчихсан түүнтэйгээ зохицохуйц зан араншин, хувь заяагаа зурчихсан төрдөг. Хүний нэр дээр эхнээсээ үйлийн үр нь кодлогдчихсон байдаг юм. Тиймээс нэрийг дутуу, хагасалж дуудахыг цээрлэдэг. Бүтэн нэрээр нь дуудах тусам заяа буян нь тэгш байдаг.

Зууны мэдээ
Ч.Гантулга

БНАСАУ-ЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ БА ҮНЭН ХУДЛЫН ДЭНС

БНАСАУ-ын тухай мэдээлэл ба үнэн худлын дэнс

Хойд Солонгосын дэглэм хаалттайн дээр-“дэлхийн дайсан” гэсэн дүр төрхийг өөртөө бүрдүүлчихсэн байдаг болохоор Пхеньянд болж буй гэх ямар ч мэдээлэлд хүмүүс итгэх хандлагатай байдаг билээ.

Саяхан буюу энэ сарын 21-нд Өмнөд Солонгост БНАСАУ-ын төлөөлөгчид албан ёсоор айлчилсан. Хойд Солонгосын “Самчжиён” хөгжмийн нэгдлийн долоон төлөөлөгч тус улсад айлчилж, Өмнөд Солонгост болох Олимпын нээлтийн үеэр хийх тоглолтынхоо тайз, заслыг шалгасан. Харин эдгээр долоон төлөөлөгчөөс дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан хүн бол төлөөлөгчдийг тэргүүлж явсан дуучин Хён Сон Воль билээ.

2013 онд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүд түүнийг Ким Чен Унтай амрагийн харилцаатай байсан, “аймшигтайгаар үхсэн” гэх мэдээлэл цацагдсанаар тэр алдаршсан. Хойд Солонгосын удирдагч түүнийг тоглолтдоо хэтэрхий ил задгай даашинз өмсөж гарч ирсэн хэмээн буудах тушаал өгсөн гэдэг. Тэгвэл өнөөх амиа алдсан эмэгтэй нь гайхалтайгаар дахин амилсан мэт гарч ирж, олны амыг ангайлгажээ.

Энэ түүх нь Хойд Солонгосын дэглэм үнэн, худал нь мэдэгдэхгүй олон хачин мэдээллийн бай болдгийг харуулж байна. Ингээд БНАСАУ-ын тухай аймшигтай хэр нь хөгжилтэй, худал цуу яриа болсон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Танканд даруулж үхсэн нууц амраг

Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонин 2013 оны наймдугаар сард БНАСАУ-д порно тараасан хэргээр 10 хүнийг нийтийн өмнө буудсан гэх мэдээллийг нийтэлсэн билээ. Тэдний дунд Ким Чен Уны нууц амраг асан, Хойд Солонгосын дуучин Хён Сон Воль байв. Түүнийг болон хамт олныг нь хэтэрхий ил задгай бүжиг хийсэн гэж баривчилсан гэнэ. Харин дуучин бүсгүйг порно бичлэгт зураг авхуулж, тараасан гэж буруутгажээ. Ингээд тэднийг бусад хөгжимчид, гэр бүлийн гишүүдийнх нь өмнө цаазалсан гэжээ.

Энэ түүхийг Хойд Солонгосоос дүрвэж ирсэн, цэргийн өндөр албан тушаалтны охин гэж өөрийгөө танилцуулсан Лим Хи Ён нэмж хачирлаж ярьжээ. Тэрбээр энэ цаазын ажиллагааг харсан гэх бөгөөд энэ ажиллагааны дараа тэдний хамаатан садан гээд сургуулийн сурагчид нийлсэн 10 мянган хүнийг цөлсөн гэжээ.

Гэтэл тэрхүү цаазлуулсан гэх бүсгүй өнгөрсөн ням гарагт гэгээн дүрээрээ гарч ирэх нь тэр. Түүнээс цаазлуулсан гэх тухай асуултыг хэн ч асууж чадаагүй байна. Харин Хён Сон Воль бусад асуултад зөвхөн инээмсэглэсэн байдалтайгаар өнгөрөөж, Олимпын цогцолборыг сайн бэлтгэсэн байна, хүндтэйгээр зочилсонд талархлаа л гэжээ.

Хорих лагерьт орсон хөлбөмбөгийн дасгалжуулагч

БНАСАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-д мултарсан билээ. Дэлхийн хамгийн хаалттай орны баг анхандаа хэвлэлийнхний анхааралд маш их өртөж байсан юм. Тэдний багийн дасгалжуулагчийг тэмцээний үеэр хэвлэлийн ntojjM оролцоход зөвхөн улс төртэй л ”Холбоотой асуулт тавьж байлаа. Ингээд амжилтгүй тоглож, Бразилд 1:2-оор, Португалд 0:7, Зааны ясан эрэгт 0:3-аар хожигдож гэртээ харьсан.

БНАСАУ-ын төрийн телевиз ч Португалын шигшээтэй хийсэн тоглолтыг 0:3 харьцаатай байхад нь тасалчхаад дараа нь өөрийнхөө багийг ялсан гэж мэдээлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээ хүргэсэн. Харин дасгалжуулагч Ким Жон Хуныг хорих лагерьт илгээж, хоногийн 14 цаг хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэжээ.

Бодит байдал дээр тус улсын шигшээ баг ялагдал амссаны дараа Ким Жон Хун “11 дүгээр сарын 25” багийн дасгалжуулагч болж, 2011, 2013, 2015 онд улсынхаа аваргаар шалгарчээ.

Нохойд тасчуулсан “саарал кардинал”

Ким Чен Уны нагац ах Чан Сон Тэк нэгэн цагт тус улсын хоёр дахь гол хүнд тооцогдож байлаа. Ким Чен Ирийн үед өндөр албан тушаал хашиж байсан тэрбээр хүү нь төрийн эрхэнд гарахад ч маш их тусалж байв. 2013 онд түүнийг авлига авсан, зугаацаж цэнгэсэн хэргээр саатуулжээ. Шүүхээс түүнийг засгийн эрхийг булаан авах оролдлого хийсэн гэж үзэж, цаазын ял оноосон байна.

Харин цаазын ялыг хэрхэн гүйцэтгэсэн тухай олон цуу яриа дамжсан. “Саарал кардинал”-ыг өлсгөлөн 120 нохойд тасчуулж идүүлсэн ч гэж байлаа. Мөн амьдаар нь шатаасан гэж байв. Тэр ч бүү хэл зенитийн буугаар буудсан гэж байлаа. Өмнөд Солонгосын хэвлэлүүд гэр бүлийн бүх гишүүн, нялх хүүхэдтэй нь хамт хөршийнх нь нүдэн дээр устгасан гэжээ.

Харин Хойд Солонгосоос түүнийг буудаж хороосон гэж албан ёсоор мэдэгджээ.

Газрын зураг дээрх хар толбо

Хойд Солонгосын зургийг сансраас авахад Өмнөд Солонгосын гялалзсан их гэрлэн дунд БНАСАУ хар толбо харагддаг гэдэг. Энэхүү зургийг “Чөлөөт Ази” радио станцаас анх нийтэлсэн бөгөөд NASA-raac авсан зураг гэж мэдэгддэг.

Гэхдээ сайтар ажиглавал энэхүү зурагт зөвхөн БНАСАУ-ыг бус, Владивосток, Хятадын хил хэсгийн зургуудыг ч хамтад нь оруулжээ. Үнэндээ БНАСАУ эрчим хүчээ хэмнэдэг ч байдал тийм ч аймшигтай бус. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн усан цахилгаан станц ашиглалтад оруулж, салхин цахилгаан станц ч байгуулж байгаа. Мужуудад шөнийн цагаар бүүдгэр гэрэлтэй байдаг ч огт гэрэлгүй бол биш гэж шинжээчид мэдэгджээ.

Селфинээс болж цаазалсан нь

2016 оны Рио-де-Жанейрогийн зуны Олимпын нэгэн алдартай зураг бол Өмнөд Солонгос, Хойд Солонгосын гимнастикчин охид Ли Ин Жун, Хон Жон Юн нарын селфи юм. Хоёр охин тэмцээний үеэр танилцаж, дурсгал болгон зургаа авхуулжээ. Энэ зураг дэлхий нийтэд найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болон тархсан юм.

Гэвч зураг нийтлэгдсэний маргааш Британийн “Dailystar’”хэвлэл энэхүү гэрэл зургаас болж Хойд Солонгосын тамирчин охин хатуу шийтгэл амсаж магадгүй, эх орондоо очоод цаазлуулж ч мэднэ гэж бичжээ. “Тус улсын өлсгөлөн иргэд хоол хулгайлсныхаа төлөө, бас Өмнөд Солонгосын кино үзэж. Библи уншсаныхаа төлөө шоронд суудаг” гэж сэтгүүлчид мэдээлжээ.

Гэвч Хон Жон Юн тэрхүү зургаас болж шийтгэл амсаагүй төдийгүй шигшээгийн карьераа өндөрлүүлж, Хойд Солонгосын уран сайхны гимнастикийн холбооны бүрэлдэхүүнд оржээ. Тэрбээр албан ёсны хэд хэдэн арга хэмжээнд гимнастикчийнхаа хувиар оролцсон юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дарь-Эх орчмын айлууд дэд бүтцэд ойр тул дахин төлөвлөлтийг яаравчлуулахыг хүслээ

Гэр хороололд агаарын бохирдлыг бууруулах техник, технологийн дэвшлийг суурилуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон өрхүүдтэй УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ сараас танилцаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ийн гишүүн Л.Болд, Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан, БОАЖЯ, ЭМЯ болон нийслэл, дүүргийн төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэн өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тойрогт ажилласан юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилгаар Дарь-Эхийн 2 дугаар хорооны барилгыг эрчим хүчээр халаах шийдлийг нэвтрүүлж, өрхийн эмнэлгүүдийг ариутган халдваргүйжүүлж, агаарын чийгийг хадгалдаг нано халаалтын төхөөрөмжөөр хангажээ. Д.Оюунхорол гишүүн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулга хийхдээ “Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БЗД-ийн 2, 21, 27-дугаар хорооны өрхийн эмнэлгүүдийн хүүхдийн эмчилгээ болон вакцины өрөөнүүдэд ЭКО-Нано халаалтын төхөөрөмжүүдийг өнгөрсөн онд суурилуулсан. Энэ төхөөрөмж нь өрөөг халаахаас гадна чийгшүүлдэг, 100 хувь ариутган халдваргүйжүүлж байгааг эмнэлгийнхэн маань онцолж байгаа. Өрхийн эмнэлгүүдээс гадна 27-р хорооны хэд хэдэн айл, 102-дугаар сургуулийн нэг ангид туршилтын шугамаар суурилуулсан. Агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд шаардлагатай авах арга хэмжээ бол сайжруулсан түлш гэдгийг бид хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс тойргийнхоо бага орлоготой 600 өрхөд утаа бага ялгаруулдаг үртсэн шахмал түлш олгосон. Энэ түлш утаа багатай, илч сайтай, элдэв үнэргүй байгааг иргэд маань хэлж байгаа. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа эко ариун цэврийн байгууламж барих төслийг манай тойргийн 27 дугаар хорооны айл өрхүүдэд хэрэгжүүлэх судалгааг бүрэн дуусгаад ажил эхлэх шатандаа орж байгаа. Ганц худгын амнаас уруудах 2,8 км үерийн хамгаалалтын далан байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт суулгасан нь хөрсний бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр БЗД-ийн 2-дугаар хороо нь дэд бүтэц ойртуулж, дахин төлөвлөлтөд орууулахад хамгийн тохиромжтой байршилд байгааг анхаарч ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр 2 дугаар хорооны иргэд УИХ-ын гишүүд, БОАЖ-ын сайд, Нийслэлийн удирдлагуудыг угтаж авсан бөгөөд тэд агаарын бохирдлыг бууруулахад эхний ээлжинд авч хэрэгжүүлэх зайлгүй арга хэмжээ нь сайжруулсан түлш гэдэгтэй санал нэг байгаагаа дуулгаж, Д.Оюунхорол гишүүний хэлснээр дэд бүтцэд ойр Дарь-Эхийнхнийг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулж өгөхийг хүсч байлаа.