АН: Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй

УИХ дахь АН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2018 он төсөв батлах гэж байгаатай холбогдуулж ажлын хэсэг байгуулах тухай, Ерөнхийлөгчийн хориг, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

 

Ирэх оны төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь төсвийн орлого бүрдүүлэлт тал дээр реформ хийсэн байх нь зүйтэй. Өмнөх Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 их наяд төгрөгөөр өр нэмсэн байна. Иймд 2018 онд өр нэмэхгүй байхыг бид шаардаж ажиллана. Хэрэв жил бүр нэг их наяд төгрөгөөр өр нэмсээр байвал энэхүү 4 жилийн хугацаанд 4 их наядаар өр нэмэгдэх нь. Энэ бол байж болохгүй асуудал. Үүн дээр онцгой анхаарах ёстой.

 

2017 оны улсын төсвийг хэлэлцэх үед эрх баригчдад нэг зүйлийг анхааруулж байсан. Уул уурхайн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх нь. Та нарын харж байгаа ханш болон үнийн төсөөлөл бага байна гэдгийг АН-ын зүгээс хэлж байсан. Гэвч бидний үгийг аваагүй. Одоо 2018 оны төсөв дээр орлого тооцохдоо валютын ханш болон түүхий эдийн үнийг бодитоор тооцох хэрэгтэй.

 

Мөн энэ удаагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоог дэмжихгүй гэдэг байр сууриа хэвээр хадгалахаар боллоо. Гуравдугаарт ажлаас хууль бусаар халагдсан 22 мянган төрийн албан хаагчийн асуудлыг авч хэлэлцээд ажилгүйдлийг тэтгэмжийг олгох, цаашлаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэдгийг шүүхээс тогтоосон бол ажил нь буцаан авах нь зүйтэй хэмээн үзлээ. Энэ тухай шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өмнө нь хүргүүлсэн хэмээн мэдээлэв.

Н.Энх

Ашигт малтмал, газрын тосны газар хэний харьяанд очих вэ

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж, анхны хуралдаанаа өнгөр­сөн долоо хоногт хийв. Хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдсэнийг Хэв­лэлийн алба нь мэдээлсэн. Гэхдээ мэдээлээгүй үлдсэн нэг асуудал бий.

 

Тэр нь АМГТГ-ыг аль яам, хэн гэдэг сайд хариуцах вэ гээд талаар сайд нар маргалдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Сангийн яам АМГТГ-ыг хариуцах ёстой” гэсэн санал оруулжээ. Уг нь одоо бол УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд АМГТГ байдаг юм.

 

Гэхдээ Засгийн газар АМГТГ-ыг Сангийн яаманд шилжүүлж магадгүй ажээ. Үүнээс болоод УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар баахан бухимдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай заамдалцах дээрээ тулж, хатуу ширүүн үг хамаагүй шиджээ. “…Энэ яамаа нэртэйгээр нь Геодези, зураг зүйн яам гэчих. Уул уурхайн асуудлаа ч мэддэггүй юм байна” гэсэн байна.

 

Дээрх хурлын өмнөхөн Д.Сумъяабазар сайд АМГТГ-т ажиллаад ашигт малтмалын лиценз олголтыг түр хугацаагаар зогсоогоод байсан юм.

 

Үнэнийг хэлэхэд АМГТГ хэн нэгний эрх ашгийн төлөө ажилладаг гэх хардлагыг нийгэмд нэгэнт төрүүлээд байгаа юм. Д.Сумъяабазарыг сайдаар томилогдоход ч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…Энэ уул уурхайн яамныхан, Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө ажиллахаас биш хэзээ ч тэрний төлөө ажилладаггүй юм биш үү. Тэнд аж ахуйн нэгжтэй, тэнд тээвэрт машин явуулдаг. Би бараг зарим хүмүүсийг нэрээр нь мэднэ. Энд өөрчлөлт хийх шаардлагатай” гэж хэлж байсан юм.

 

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаар олгох ажиллагаа нь дандаа бүтэлгүйтэж байдаг болсон. Тухайлбал, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг 2017 оны наймдугаар сарын 11-ний баасан гаригийн 9:00 цагт цахимаар олгох тушаалыг гаргасан байдаг.Энэ тушаалд ингэж бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг 2017 оны наймдугаар сарын 14-нөөс бүртгүүлсэн дугаарын дагуу хүлээж авна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн баасан гаригийн өглөөний 9:00 цаг гэхэд цахим бүртгэлд нэгэн зэрэг хандаж, аль түрүүлсэн нь хүссэн тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг давуу эрх­тэйгээр өгөх бололцоотой болох байсан юм. Ингээд Б.Баатарцогт даргын тушаалын дагуу 11-ний өглөө өргөдлийн дугаар олгох цахим бүртгэл болжээ. Энэ бүртгэлд 5000 шахам аж ахуйн нэгж оролцсон байгаа юм. Гэвч АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 11-нд дахин тушаал гаргаж, өмнөх тушаалаа хүчингүй болгосон байдаг. Ингэхдээ “…хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан” 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож байна гэсэн байдаг юм. Бүртгэлд оролцсон аж ахуйн нэгжүүд үүнийг эсэргүүцсэн боловч үр дүнд хүрэлгүй өнгөрсөн юм. Хамгийн гол нь ийм явдал энэ газарт хэд хэдэн удаа болж байгаа. Энэ мэдээллийг Д.Сумъяабазар сайд авсан бололтой.

 

АМГТГ-ын түүхийг сөхвөл  УИХ-аас 1997 оны зургадугаар сарын 5-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 1З2 дугаар тогтоолоор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж, тус газрын даргаар Д.Жаргалсайханыг томилжээ.

 

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах” тухай УИХ-ын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2004 оны 249 дүгээр тогтоолоор АМХЭГ-ыг Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг байгуулж, Ерөнхий сайдын 2004 оны 159 дүгээр захирамжаар Лу.Болдыг тус газрын даргаар томилжээ. УИХ-ын 2008 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ (хуучнаар)-ыг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон салгаж,  бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

 

Засгийн газрын 2009 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Батхуягийг томилсон байна.

 

Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилжээ. Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяаг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Улсын их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 27-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан даргаар нь Б.Баатарцогт томилжээ.

 

Ийн Уул уурхайн сайдын харьяанд байсан АМГТГ нь Сангийн сайд руу шилжиж магадгүй болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн  газрын бүтцээ ингэж аажмаар өөрчилж байгаа бололтой.

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.Даваасүрэн: Ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ

Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү өнөөдөр яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав. Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотгов.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989–1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв.

Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ

“Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгож байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт 3 жилийн хугацаанд 1,2 тэрбум ам.долларын өндөр санхүүжилт  олгохоо мэдэгдээд байна….”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.

Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

22523865_780514322136509_1506172230_n

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов.

Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв.

Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.