“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байхад, ХУВИЙН ӨМЧ булаагаад байна гэж чарлаад байх уу?

Улс орны эрх ашиг гэх нэрээр төр хувийн өмчид халдлаа гэх шүүмжийг Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор хэлэгсэд байна. Тэгэхээр бид асуудлыг уг үндсээр нь харах хэрэгтэй байна. Эрдэнэтийн 49 хувь хэзээнээс ХУВЬ-д шилжсэн бэ гэдгээс харахын бол ТӨР бизнесийн байгууллагын өмчид халдлаа гэж шаагихдаа бас ч гэж учиртай байх болов уу. Асуудлын гол нь төр өөрийн мэдлийн 51 хувь дээрээ нэмээд 49 хувийг авах боломж нөөцийн асуудал яригдах ёстой байсан ч, сонгуулийн өмнө чимээгүйхэн амжуулсных нь балаг одоо гарч буй. Үнэндээ бол Эрдэнэтийн 49 хувь хэзээ ч хувь бизнесийн байгууллагын өмч байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин өнгөрсөн хэдэн сарын хугацаанд талуудын хэлцэл хууль журам зөрчсөн асуудлууд л анхаарал татаж ирлээ. Монгол Улс хуультай бол, стратегийн орд, уурхай гэж байдаг л бол цагаан дээр хараар бичсэн хууль журмын хүрээнд асуудлаа харж чаддаг байх учиртай.

Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт Эрдэнэтэд орох гэж буй гэх мэдээлэл бий. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт хийж буй гэж байна. Гол нь төрийн хууль цаазын хэрэгжилт бодит байдал дээр ямар байгааг эдгээр байгууллагууд тодорхой болгох ёстой юм.

Нэр сүртэй гэгдэх нийтлэлчид хувийн өмчид төр халдаж байна гэх өнцгөөр шил дараалан бичиж буй. Үүнийг нь масс ч эрхбиш анзаарч байгаа байх. Ямартаа л нэгэн сошиал хэрэглэгч өөрийн хуудастаа энэ талаар бичихдээ “Саяхан “де факто” хэмээх Жаргалсайхан нийтлэлчийн news.mn сайтын baabar.mn гэх буланд Эрдэнэтийн 49%-ийн арилжааны тухай нийтлэлийг уншлаа. ХХБанкны захиалгаар бичсэн болтой юм. ХХБ-ыг өмөөрөх гарчигтай боловч нөгөөх ХХБ, “Монголын зэс” компаниа араас нь “хутгалсан” болтой дог шүү. Уг нь “дефакто” Жаргалсайхан ХХБанкыг хамгаалсан нийтлэл бичих зорилготой, чиглэлтэй байсан боловч УИХ-ын Ажлын хэсгийн тогтоолыг тэр чигээр нь хуулж нийтлэлдээ оруулан тохуурхаж. Магадгүй далд санаа нь ч тэр байсан биз. Мань эр чинь бас л зэвүүн шүү дээ. 🙂

Twitter, FB гэх мэт сошиал сүлжээ гарахаас өмнө news.mn сайтын baabar.mn гэх булангийн нийтлэлчид нийгмийн массыг удирдах манипуляц хийх гэж оролдон энэ салбартаа багагүй амжилтад хүрсэн ч байх талтай. Гэхдээ сошиалмедиа сүлжээ хүчийг авснаар baabar.mn -ынханы манипуляц, үзэл суртал хийх явдал үр дүнд хүрэх нь багасаж, үр нөлөө нь газар авахаа больсон байна.

Гэхдээ тэд шантралгүй үлдсэн сонгогчдын электоратад нөлөөлөх гэж, тархийг нь угаах гэж үзэж тарсаар л, ажилласаар л байгаа нь тэдний дайчин, цуцашгүй хөдөлмөрч занг илэрхийлж байгаа малдаа. 🙂

Миний бие гэнэт сониуч зан хөдлөөд, залхууралгүй baabar.mn -нд бичвэр хийдэг хүмүүсийн нийтлэлийн бодлого, байр суурьд мониторинг хийх санаатай сүүлийн нэг долоо хоногийн бичвэрүүдийг уншлаа. Тэгсэн чинь нэг сэдвийн хүрээнд /Эрдэнэтийн 49%/ сонин давхцал харж болохын зэрэгцээ цаанаас хэн нэгний өгсөн чиглэл даалгавар байж болох мэт төсөөлөл төрсөнийг нуух юун. Учир нь тэд байр суурийн зөрчилдөөнгүй, “нэг амаар”, нэгэн зэрэг дугарсан байх юм.

Эцэст хэлэхэд олон ургальч үзэл бодолтой, тархиа угаалгахаас өнгөрсөн, бие даасан үзэл бодол, байр суурьтай иргэдийн талбар болсон Twitter, Facebook мандтугай! гэж хэлмээр санагдлаа” гэжээ.

Энэ хэрэглэгчийн бичсэнд үндэс байгаа харагдана. Гэхдээ Twitter, Facebook ч бас бодлоготой сошиалчдад боломж олгодог талбар гэдгийг үнэнээр нь нэмээд хэлчихэд гэмгүй байх.

УИХ-аар Эрдэнэтийн асуудал хэлэлцэхэд эсрэг кноп дарсан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-аар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэс би байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Хэрвээ тухайн үеийн Засгийн газар үгүй  гээд хэлчихсэн бол өнөөдрийн байдалд орохгүй байсан. Тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайдад хариуцлага тоцох тухай заалт байхгүй. Хоёрдугаарт, нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд их хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. Олон талаас нь харах ёстой байсан. “Эрдэнэт” дээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл 2009 оны долдугаар сарын 7-ний УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал бий. Зургаан жил олон улсын Арбитрын шүүхээр энэ асуудал яваад 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ гаргах ёстой байсан, энэ байр суурь одоо ч хэвээр.” гэж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан процесс нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзсэн. Газрын доорхи стратегийн бүх орд УИХ-ын хамгаалалтад байдаг. Ийм тохиолдолд Засгийн газар худалдан авах эрхээсээ дангаараа татгалзах эрхгүй. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд ийм хэмжээний зохион байгуулалттай, тэр дундаа стратегийн орд руу чиглэсэн үзэгдэл болж байгаагүй учраас гишүүдийн  хувьд олон талаас нь нягтлах ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байсан…

Олон Улсын гэрээ, конвенциос өгсүүлээд дэлхийд мөрдөгдөж буй бүх хууль тогтоомжид аливаа өмчийг авахад гэмт хэргийн шинж агуулагдсан байвал хүчин төгөлдөр бус хэлцэл болгох зохицуулалт орсон байдаг. Энэ бол хууль зүйн сонгодог зарчмуудын нэг. Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д ч тэр, Өмнөд Солонгост ч гэсэн манайхтай ийм ижил асуудал үүссэн бол ингэж л шийдэх байсан. Манай улсаас илүү хурдтайгаар асуудлаа шийднэ. Хууль зөрчсөн ийм байдал цаашаа тогтоод явах эсэх торгон агшин дээр сая Монгол Улсын төр ирлээ. Тэгэхээр хууль зөрчсөн, луйврын шинж чанартай үйлдэл байна гэж үзэн, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцон, УИХ-аас тогтоол баталлаа. УИХ хянан шалгах эрхтэй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ордын асуудал дээр ажлын хэсэг байгуулаад, асуудлыг нягталдаг нь дэлхий нийтийн жишиг юм. Энэ дагуу процесс явлаа.Бид өмнөх ба ирээдүйн 25 жилээ дүгнэж, төсөөлөх хэрэгтэй. Ардчилсан нийгэм үндсэндээ хоёрхон багана дээр оршин тогтнодог. Нэгдүгээрт, бизнесийн чөлөөт өрсөлдөөн. Нэг банк, нэг аж ахуйн нэгж төрийн эрх мэдэлтнүүдийг ашиглаж, давуу байдал үүсгэж буй үйлдлийг олигархи засаглал л гэж нэрлэнэ. Төр, хувийн хэвшил үгссэн бизнес бүлэглэлтэй бусад ААН-үүд өрсөлдөх ямар ч боломжгүй болдог. Үүнээс болж, бизнесийн орчин эвдэрнэ. Үүний бэлээхэн жишээ, Нигер, Грек, Аргентинд тохиолдсон үзэгдлүүд байна. Яг ийм эрсдэл үүсэхээс төр хамгаалах учиртай юм. Нөгөө талаас, Дэлхийд арилжааны банк уул уурхайн салбар луу ордог жишиг байхгүй. Монголд анхны удаа тохиолдсон ч гэж болно. Цаашлаад Төв банк нь арилжааны  банкиндаа зээл өгдөг дэлхий ертөнц гэж байхгүй. Мөн нэг хүн хоёр банкны 90-ээс дээш хувийг эзэмшдэг жишиг ч байхгүй. Энэ бүхэн бизнесийн хууль ёсны орчноо сүйдлэж байна. Тиймээс УИХ үүнийг илэрхийлж ярихаас өөр аргагүй. Тэр бүр иргэд энэ агуулгаар нь харахгүй байна. Хоёрдугаарт, ардчилсан нийгэмд ААН бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл хуулиас гадуур хувийн хэвшлүүд орхигдоод эхлэхээр эрх зүйт төрийн нэг багана хугарчихна. Энэ хоёр багана хоёулаа нурчихвал ардчилсан нийгэм үндсэндээ байхгүй болно. Энэ бол өнгөрсөн 25 жилийн гол алдаа. Монголд эрх баригчдад ойрхон хэсэг бүлэг хүмүүс завшдаг. Ард иргэд нь нийгмийн баялгаас хүртэхгүй явсаар ирлээ. Цаашаа ингээд явах юм бол маш аюултай нөхцөл байдал үүсэхээр байна. Энэ бүхнээс УИХ сэрэмжилж, тогтоолын төслөөр “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдсэн нь зөв юм.  Дэлхий “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлсэн шийдвэрийг маш сайн ойлгоно. Яагаад гэхээр тэд хуультай, журамтай.” хэмээн ярьсан байгаа юм.

Тэгэхээр Эрдэнэтийн асуудалд бид Ч.Хүрэлбаатарын хэлсэн шиг хөөрлөөр хандаж болохгүй нь үнэн. Гэхдээ хөөрлөө дарж байна гээд  49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсаар байтал ХУВИЙН ӨМЧ булаагаад байна гэж чарлаад байх уу?

Эх сурвалж: Шуурхай.мн

“Гарьд манлай” эмнэлгийн захирал З.Цэгмид үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг сэтгэл санааны тавгүй байдалтай холбодог

Ер нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол эрүүл мэнддээ анхаарал тавих нь бага байдаг.  Гэтэл адилхан л хүмүүс учраас эрчүүдэд тулгамдсан олон асуудал байдаг. Тэрчлэн эрэгтэйчүүдийн дагнасан мэргэжлийн эмнэлгийн хэрэгцээ их байдаг ч, үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг цөөн. Уг нь тэгээд цөөн байхын хэрээр үйлчилгээ нь чанартай, сайн байх ёстой. Гэтэл үйлчлүүлэгчдээ хохироосон, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан явдлууд бий. Тухайлбал,  “Гарьд манлай” эмнэлэгтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл бий. Тус   эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн Т.Б-    ЭМЯ болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандаж гомдол  гаргасан байдаг.

Чухам юу болсон талаар нь хүргэхэд,  иргэн  Г.Б-ийн бэлэг эрхтэний толгой орчим улайлт үүсч цэврүү үсэрсэн байсныг 2013.09.10-ний өдөр СБД-ийн 5-р хорооны нутагт 11-р сургуулийн зүүн талд байрлах “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлэгийн салбарт үзүүлэхэд,  “… та хөвч салгах мэс засалд  орвол..таны наад улайлт зүгээр болно…”  гэж зөвлөжээ.  Үүний дагуу тэр өдрийнхөө оройдоо бэлэг эрхтнийг тойрон байрлах сул унжсан илүү арьснаас авхуулах мэс ажилбарийг 10 минут орчим хийлгэжээ.  Уг хагалгааг хийлгэснээс 14 хоногийн дараа иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн хөвчрөхдөө таталдаад байсан тул дахин үзүүлэхэд “… аа одоохон янзлаад өгъе… Нэг алдаа гарсан байна… Амархан…” гээд бэлэг эрхтний доод талын ханыг толгойтой холбосон гол хөвчийг 1 минутын дотор таслан, бөөн илүү арьс сул унжуулан орхисон  байна.  Ингээд нэг сарын дараанаас эхлэн иргэн Т.Б-ийн бэлэг эрхтэн учир нь үл олдох тодорхойгүй шалтгаанаар төмсөг рүүгээ маш хүчтэй өвдөлд өгч, тус эмнэлэгт дахин  хандахад эмч нар тус бүртээ янз бүрийн онош хэлжээ.  Иргэн  Г.Б өөр андорлогийн хувийн эмнэлэгүүд рүү нэг  жил гаруй хугацаанд хандсан ч  өвчнийхөө оношийг олж чадаагүй ажээ.  Харин хувийн эмнэлэгүүд “…Хөвч салгах мэс ажилбарт орох нь энгийн зүйл боловч таны доод гол хөвчийг хэзээ ч салгаж болохгүй байсан. Энийг дахиж залгаж судсуудийг холбох хэрэгтэй.” гэх зөвөлгөө өгцгөөсөн аж.

“Гарьд Манлай” эмнэлэгийн бэлэг эрхтний доод хөвчийг /2 дахь мэс ажилбараар/ тасалсан үйлдлээс болж иргэн Т.Б-ийн  бэлэг эрхтэний хөвчрөх үйл ажиллагаа сулран, эрхтний доод хэсэгт илүү сул унжуулан орхисон арьснаас болж таагүй мэдрэмж үүсэн өөртөө итгэлгүй болох, бэлэг эрхтний хөвчрөлт болон бусдаас өөр байдалтай болсондоо өдөр бүр сэтгэл зовинох болжээ.

Тэрбээр   “Гарьд Манлай” эмнэлэг хариуцлага алдсангэж үзэж байгаа бөгөөд энэ нь   ЭМТХ-ийн 43.1.3.” Өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах”, Эрүүгийн хуулийн 106.2 Өвчтөнд тусламж үзүүлэхгүй , 272.2 “Албан тушаалтан албан  үүрэгтээ хайнга хандах” зэрэг хуулийг тус тус зөрчиж байгаа гэж үзэж байгаа  гэдгээ гомдолдоо бичсэн байдаг.

Харин “Гарьд Манлай” эмнэлгийн захирал З.Цэгмид хэвлэлд тайлбар хийхдээ  “-Хүмүүсийн сэтгэл зүйд зориуд гэмээр буруу мэдээллээр стресс үүсгэж болохгүй. Энэ талаар хуулийн заалт нь ч бий. Хэрвээ эмнэлэг хариуцлагагүйгээс болоод тухайн хүн хагалгааны дараа ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэг, эмч дээрээ ирж үзүүлэх ёстой. Эмнэлэгт хандаад болж өгөхгүй, гомдолтой байгаа бол дүүргийн хяналтын албанд хандах ёстой. Тэнд амжилт олохгүй бол хяналтын бусад дээд байгууллага, шүүхэд хандаж болно. Шүүх хуулийн дагуу хүлээж аваад шууд шийдээд өгнө. Шүүхийн шийдвэр үнэхээр “Гарьдманлай” эмнэлэг буруутай гэж шийдвэр гаргавал мэдээллийн хэрэгсэл, сайтууд бүгд нэгэн дуугаар биднийг буруутган мэдээлж болно. Зарим нь буруу ойлголт, анагаах ухаанаы мэдлэггүйгээсээ болоод өөрт учирч байгаа ямар нэг зовлон бэрхшээлийг бусдад нялзаах гэж байж магадгүй. Ер нь ийм санаа байхгүй ч гэсэн болгоомжгүйгээр буруу ярьж байж болзошгүй. Манай эмнэлэг 10 гаруй жил иргэддээ шударга үйлчилж ирлээ. Хөвч таслуулах эмчилгээг маш олон хүн хийлгэсэн. Хийлгэх хүн ч олон. Тэдгээр хүмүүс буруу ташаа мэдээлэл сонсвол сэтгэл санаа нь тавгүйтнэ. Нийгэмд хор учруулна шүү дээ. Хөвчөө таслуулсан чинь миний эрхтэн хэзээ муудах бол гэж хүмүүс бодож эргэлзэж эхэлнэ. Ийм байж болохгүй. Эрэгтэйчүүүдийн ийм хагалгаа хийлгээд буруу ойлголттой явж байгаа бол иргэд маань эхлээд эмнэлэгт хандах нь зөв юм. Таны яриад байгаа энэ хүн бол сэтгэл санааны тавгүйтлээс болсон байж болох юм. Гэхдээ хамгийн хортой нь нийгэмд буруу мэдээлэл өгөх явдал шүү дээ. Өөрт тохиолдсон эрүүл мэндийн холбогдолтой зүйлээ эхлээд нийгэмд мэдээлэх биш, эмнэлэгт хандах эрэгтэй. Нэг удаагийн иймэрхүү мэдээллээс болоод манай эмнэлэгийн талаар үмүүс буруу ойлголт авах нь ч юу юм, гэхдээ аливаа мэдээлэл үнэн бодитой байх учиртай л даа.” хэмээн хэлсэн байдаг.

Тэгэхээр З.Цэгмид захирлын хэлснээр бол иргэн Т.Б сэтгэл санааны тавгүйтлээс болж энд тэнд гомдол гаргасан байж болох юм гээд байгаа. Гэтэл Т.Б нь  холбогдох газруудад гаргасан гомдолдоо өөрт нь тулгараад байгаа асуудлуудаа бичсэн байдаг.

“УБТЗ” 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байна

2030

Монголын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн компани бол  “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг. 15 мянган хүнтэй энэ том компанийн удирдлагаар сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж байгаа Д.Жигжиднямаа дарга төмөр замын салбарынхаа 2030 он хүртэлх хөгжил дэвшлийн асуудлыг баг хамт олон мэргэжилтнүүдийнхээ хамтаар тодорхойлж байгаа юм. “УБТЗ”-ын мэргэжилтнүүд Ажлын хэсэг байгуулж,  2030 он хүртэлх хөгжлийн  стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад хэлэлцэх шатанд явагдаж буй гэдгийг тэрбээр “Ийгл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Түүнчлэн тэрбээр салбарынхаа нөхцөл байдал хийгээд Орос, Хятад хоёр хөрштэйгөө хэрхэн хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлжээ.

Тодотгоход, 1949 онд байгуулагдсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ жил 68 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Түүнчлэн энэ сарын  17, 18 нд  “УБТЗ”-2030  форум болох аж. Форумын үеэр Монголын төмөр замын салбарын ирээдүйн чиг хандлага, хүрэх цэгийн талаар өргөн хүрээнд хэлэлцэх ажээ.  Манай улсын төмөр замын салбарын хөгжил  хөгжилтэй орнуудын төмөр замтай харьцуулахад техник технологийн хоцрогдолтой асуудал байдаг ч, ойрын хугацаанд төмөр замынхаа техник хөгжлийг  тэдгээр улс орнуудын төмөр замуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүргэх зорилгоор  хамтын ажиллагаануудыг өргөжүүлж байгаа гэдгээ Д.Жигжиднямаа дарга хэлж байна.

Монгол Улсын ачаа эргэлтийн 60 гаруй хувь,  зорчигч эргэлтийн 40 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг УБТЗ нь энэ онд  30 гаруй замд  их засвар хийх,  5 зүтгүүр,  1000 вагон авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мэдээж манай улсын төмөр замын хөгжил хоёр хөрш оронтойгоо хэрхэн хамтрах вэ гэдгээс шалтгаална. Тэрчлэн хоёр хөрш  орны  хөгжил, эдийн засаг, худалдааны байдалтай уялдаж 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа юм байна.

Аливаа улс орны хөгжлийг харахад замтай шууд холбогддог. Америк ч, Орос ч тэр төмөр замаа дагаж хөгжсөн байдаг. Тэгэхээр бид ч тэрхүү жишгийг дагаж төмөр замынхаа салбарыг улам бүр хөгжүүлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр дагуулах ёстой гэдгийг Д.Жигжиднямаа дарга хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Л.Пүрэвбаатарыг буруутгах үндэслэлүүд…

11668088_943966388980456_1012158572_n

“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатар гэж нөхөр нэг хэсэг хэвлэлийн хуудаснаас салахаа болиод байсан. Арга ч үгүй биз. Баахан хэрэгт тарьсан юм чинь. Тэрбээр  ТӨХ-ноос  өөрийг нь буруушаасан албан тоот гараад байхад  жинхэнэ эсэхэд эргэлзэж байна гэж ширэн нүүрлэж байсан. Ямартаа л “Надад албан тоот ирээгүй. Шагнал цалин олгох боломжгүй гэсний улмаас үүдсэн хонзогнол” гэж байв. Гэвчиг тэдгээр албан тоотууд нь үнэн байсан билээ.

Тодруулбал, УБТЗ нийгэмлэгийн захирал Л.Пүрэвбаатар эхлээд ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржид хандан “Зээл авах дэмжлэг хүсэх тухай” албан бичгийг  2015 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн  байдаг. Тэрхүү албан бичгийг Ц.Нанзаддорж дарга уншиж танилцсаныхаа дараа  хариу хүргүүлэхдээ “…улс орон даяар хэмнэлтийн горимд шилжин, бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан бодлого явуулж байхад танай байгууллага нийгэмлэгийн даргадаа 200 сая төгрөгөөр лексус 570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр шинэ байр худалдан авч өгсөн байна. Энэ нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байна” гэж үзээд байр, автомашинаа зах зээлийн ханшаар худалдаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж Л.Пүрэвбаатарт хариу хүргүүлсэн аж. Харин дараа нь УБТЗ-д тулгараад байгаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм гэж дурдсан байна. Гэхдээ Л.Пүрэвбаатар захиралд явуулсан албан бичиг өөрт нь очихоос өмнө задарчээ. Учир нь дээрх албан бичгийг Л.Пүрэвбаатар захирал өөрөө аваагүй гэж байр сууриа илэрхийлсэн.

Үүнээс гадна, албан бичигт “хувийг Зам тээврийн дэд сайд УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны дарга Х.Ержан танаа” гэж байсан юм. (Тэрээр УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны дарга бус орлогч даргын алба хашдаг байв)

111

Хэвлэлийнхэн энэ дагуу Зам тээврийн дэд сайд Х.Ержантай холбогдож Л.Пүрэвбаатар даргын гарын үсэгтэй албан бичгийн хуулбар хувь очсон эсэхийг тодруулахад  “Би өнөөдөр (өчигдөр) ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатартай утсаар ярьсан. ТӨХ энэ яригдаад байгаа албан бичгийг шуудангаар явуулсан гэж байна. Гэхдээ надад өнөөдрийг хүртэл албан ёсны хуулбар хувь нь  ирээгүй. Ирвэл би уншиж, танилцаад тодорхой мэдээлэл өгнө” гэсэн байдаг.

Тэгэхээр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тухайн үеийн  дарга Л.Пүрэвбаатарын үнэн худал нь мэдэгдэхгүй гэж байсан албан тоот нь хуурамч биш гэдэг нь эндээс харагддаг.

Л.Пүрэвбаатар  дарга ТӨХ-ны албан бичиг өөрт нь хүрэхээс өмнө задарсныг “хонзогнол” гэж тайлбарлаж байсныг эхэнд өгүүлсэн.  Тэрбээр төмөр зам даяар дамжуулсан цахилгаан бичигтээ төмөр замын нийт ажилчдад 2015 оны хоёр болон гуравдугаар сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг төлөвлөгөө биелээгүй учраас олгохгүй гэдгийг дурдсан  байдаг. Тиймээс үүнд нь дургүйцсэн үйлдвэрчний эвлэлийнхэн ТӨХ-ны албан тоотыг олон нийтэд тараасан гэж байв.

222

Замын дарга нь нийт төмөр замчдын сарын үр дүнгийн шагналыг нийтэд нь хасах эрх зүйн үндэслэл байхгүй байхад шагнал цалин хасах тухай шийдвэр гаргасан нь түүхэнд тэмдэглэгдэхээр хар шийдвэр гэж үйлдвэрчний эвлэл үзлээ. Мөн сарын үр дүнгийн шагнал олгох үндсэн үзүүлэлт болох УБТЗ-ын нийт ашгийн төлөвлөгөөний биелэлтийг авч үзэлгүйгээр ачаа тээвэр, зорчигч эргэлт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг харгалзах үзүүлэлтүүдийн бууралтыг далимдуулан үндэслэлгүй хассан нь хэт өрөөсгөл шийдвэр болсон гэж Л.Пүрэвбаатарыг буруутгаж байсан юм.

Гол тухайн сарын үйл ажиллагааны тээврийн үндсэн үзүүлэлт, санхүүгийн мэдээ эцэслэн гараагүй байхад Л.Пүрэвбаатар дарга төлөвлөгөө биелэгдээгүй гэж үзээд үр дүнгийн цалинг урьдчилан хассаныг хууль бус гэж үзэж байв. Тиймээс дээрх шийдвэрээ хүчингүй болгохгүй бол МТЗ-ын үйлдвэрчний эвлэл дараа, дараагийн арга хэмжээг авч, үүнээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай тал нь хүлээнэ гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлж байсан юм.

Тэгэхээр Л.Пүрэвбаатар гэж ийм л эргэлзээтэй хүн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг удирдаж байж. Түүнтэй холбоотой шинэ мэдээллүүдийг хүргэх болно.