Таван орны аялал жуучлалын зөвлөлдөх хурал боллоо

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны урилгаар энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал  жуулчлалын товчоо, ОХУ-ын Өвөр Байгаль хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яам,  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын товчоо, ОХУ –ын Эрхүү мужийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсын Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран гурав дахь удаагийн “Монгол, Орос, Хятад гурван улсын таван орны аялал жуулчлалыг зохицуулах хурал”-ыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга ноён Жин Жиа Нин, ОХУ-ын төлөөлөгчдийг төлөөлж Зайбайкальск районы Аялал жуулчлалын газрын дарга ноён Тутов Антон Витальевич нар үг хэлсэн бөгөөд БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад “Монголын улсын Цайны замын дагуух аялал жуулчлалын  танилцуулга”  сэдэвт илтгэл, “БНХАУ-ын Цайны замын аялал жуулчлалын талаар хэрэгжүүлж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдэвт илтгэлийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга ноён Жин Жиа Нин, Цайны замын аялал жуулчлал ба Улаанбаатар хотын аялал жуулчлал” сэдэвт илтгэлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Иркутскийн цайны замын аялал жуулчлал” илтгэл  “Time of Wanderings” компанийн ерөнхий захирал хатагтай Ерошенко Людмила Владимировна, “Их цайны замын Буриад” илтгэл Буриадын аялал жуулчлалын олон нийтийн зөвлөлийн гишүүн Дмитриев Вячеслав Викторович, “Цайны зам ба Улаан-Үүдийн аялал жуулчлал” илтгэл Улаан-Үүдийн   аялал жуулчлалын олон нийтийн зөвлөлийн гишүүн Жалсараева Баярмаа- Рада нар дээрх сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, харилцан санал солилцсон үр дүнтэй  зөвлөлдөх уулзалтыг  зохион байгууллаа.

Энэхүү хурал нь жил бүр Монгол, Орос, Хятад бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эртний уламжлалт “Цайны зам” соёлыг түгээх, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хоёр хөрштэйгээ хамтран үндэстэн дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх, гурван улсын болон Евро-Азийн аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгон дэлхийн зах зээлд гаргах, хил орчмын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр их хөршийн хооронд “гүүр” болох зорилготой зохион байгуулагдаж байгаа юм.

Хурлаар талууд 2015 оны хурлын протоколын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хамтран ажиллах зорилго болон тодорхой саналыг судалж, асуудлуудыг хэлэлцэж тохиролцсон  бөгөөд Монгол Улс, Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын таван орны аялал жуулчлалын зөвлөлдөх хурлын 2016 оны протоколд гарын үсэг зурлаа.

“Үргээлэг-2”-ын символист хувирал

36Дүр байнгын хувиралд оршдог. Дүр бол хүн. Хором мөч тутамд хүн өөрийг нь өөрчилж, хувиргаж байдаг учрал тохиолдлуудтай нүүр тулж, туулан гардаг. Баяр жаргал, гуниг шаналал, өширхөл хонзогнол, үзэн ядалт, урван тэрслэлт, ер бүхий л хэв шинжээр нөлөөлдөг тэрхүү учрал тохиолдлуудынхаа эрхээр хүмүүс цаг ямагт дараа дараагийн алхмууд руу гишгэлэн гарцгаана. Амьдрал ийм л бүрдэцтэй. Кино эгээ л амьдралын нэгэн адил дүр, дүрслэгдэхүүнийхээ хувиран хөгжих зүй тогтлоор бүтээгддэг.

Зүгээргүй гурван жил

Прайм пикчерс, кино драмын А группын хамтын бүтээл “Үргээлэг-2” уран сайхны кино дэлгэцэнд шилжсэн өдрөөсөө л эсрэг тэсрэг байр суурь, зөв буруу тал бүрийн үнэлэлт дүгнэлтийг дагуулж байна. Хамгийн түрүүнд яригдаж байгаа шүүмж бол өмнө хийгдсэн нэгдүгээр ангиасаа үргэлжлэн хөврөх логик дарааллын асуудал. Тухайн үед Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх байгууллагын ажилтнууд байснаа шинэ ангид гэнэтхэн цагдаагийн офицер болчихсон Хангалын(Г.Эрдэнэбилэг) дүрд хамаатуулж буй энэ шүүмжлэл цаг хугацааны хүчин зүйлээр няцаагдана.

Хятадад болж өнгөрсөн хурц ширүүн адал явдлаас хойш гурвын гурван жил өнгөрсөн нь “Үргээлэг-2”-ийн дүрүүдэд огцом эргэлтийн шинжтэй хувирлууд ноогдуулсныг хүлээн зөвшөөрөх боломж олгож байна. Гэхдээ зүгээр ч нэг гурван жил байсангүй. Гарьд(Б.Амарсайхан) Хятад, Монголын шорон дамжин хоригдсон, Хангал ажил албаныхаа буурийг сэлгэхийн зэрэгцээ хүүхдийнхээ өвчин эмгэгтэй тэмцсэн, харин Тэгшээ(Ж.Баясгалан)ажиллах хүчний наймаагаа алтны бизнесээр сольж, хил дамнасан худалдааны бүтцээ бэхжүүлэхэд бүхий л боломж бололцоогоо дайчилсан жилүүд байсан юм. Хэн хэнийх нь хувьд хүнд сорилт болсон эдгээр жилүүд тэднийг өмнөхөөс нь тэс өөр хүмүүс болгон өөрчилжээ. Амьдралд нухлуулах.. гэж ярьдаг байх аа?

Дүрүүдийн хувирал

Тэд хэрхэн өөрчлөгдөв? Эхний ангид найз Тэгшээгээ хэцүү байдлаас гаргаж авах гэж яваад өөрөө нуман тулгуурт орж, үхэх шахдаг Гарьд хоёрдугаар ангид шоронгоос суллагдлаа. Нарны амьдралыг ойлгох гэж хичээж буй түүнд ганцхан тодорхой зүйл байсан нь өширхөл. Хуулийн байгууллагын ар хударгаар Монголд ороод ирсэн Тогтохыг(С.Болд-Эрдэнэ) олж харснаар түүний сэтгэлийн амгалан эвдэгдэж, цээжин цаанаа зангирсан өшлийг тайлахаар хөдөлнө. Түүнд найруулагч нэг агуулга нэмж өгсөн нь хайр байлаа. Нэгдүгээр ангид огт гараагүй энэ шинэ өгүүлэмж “Үргээлэг-2”-т гайхалтай чамин чимэг болж чадсаныг хэлэх хэрэгтэй. Харин үнэ цэнийг нь ялимгүй дутуу тоглуулсан байж мэднэ.Хулангийн(А.Дэлгэрмаа) хувьд худлаа байсан байж болох ч Гарьдын хувьд энэ хайр чин үнэн байсан юм.

Мөн л найз нарынхаа төлөө амь хайргүй явсан Хангалд энэ удаа уур хилэн, эргэлзээ тээнэгэлзээ л өгөгдсөн байна. Амьдралын хатуурхал доороос хүчлэн өндийж яваа эр хүн. Найз нөхөддөө итгэхийн шалтгаан, итгэхгүй байх учир зэрэг зэрэг тулгарснаар дүрийн ерөнхий тээш нь гүн эргэцүүлэл болон хувирна. Шоронгоос гарч ирмэгцээ Гарьдын түүнд хэлсэн гомдмоор үгс өөр хоорондынх нь ойлголцолд тотгор болон тавигдаж буй нь дараа дараагийн төөрөгдөлт үзэгдлүүдийг хүлээн зөвшөөрөхөд хангалттай хүрэлцжээ.

Харин Тэгшээ бол киноны гол ээдрээ. Эхний ангид ч тэр мөнгө хөрөнгөнд дуртай, хууль бусыг үйлдэх сонирхолтой дүрслэгдсэн тэр л хэвээрээ. Гэхдээ энэ ангид түүний шунал, хор хөнөөлийнх нь далайц үлэмж нэмэгдсэн байна.

Үргээлгийн учир

Найруулагч Г.Эрдэнэбилэгийн гүйцэтгэлээс харагдсан нэг өвөрмөц онцлог бол киноны эхний ангиар өгөгдсөн нөхцлийг ягштал баримтлахыг эрмэлзэлгүй, өөрийн үндсэн санааг хөөж чадсанд байгаа юм. Тодруулбал, Г.Эрдэнэбилэг логик уялдаа, шалтгаант холбоо эрэлхийлсэн үзэгчдийн нэхлээс айж болгоомжлолгүй цоо шинэ туурвилыг урлаж чадсан хэрнээ басхүү хэтэрхий алдаж тарамдуулалгүй дүрүүдийнхээ замналаар үйл явдлын зангилааг эвлэгхэн хэлхсэн нь найруулах ур чадварыг нь илтгэн харуулахуйц чимхлүүр ажиллагаа болж.

Өмнө бүтээсэн дүрээсээ гарч, өөрийг хийх даалгавраар жүжигчид ч цоо шинэ шинэ өгөгдөл, тээш хүлээж авсныг киноноос харж болно. Үндсэндээ тэдний хувь заяа зуун хувь эргэж, нэгдүгээр ангид анд нөхдийг тоглоцгоосон бол энэ удаа урван тэрслэлт, бутрал тэмцлийг дэглэцгээлээ. Продакшны хугацаанд уран бүтээлчид “Үргээлэг бол үргээлэг биш, сэдэл ухаарал юм” хэмээн тайлбарлаж байсан нь ч ийм учиртай байжээ.

Шинж чанараас хэв шинж рүү

Киноныхоо ерөнхий утга санааг найруулагч хэрхэн харж, чухам юуг үйл явдлын дундуур нэвт гаргав гэх асуулт хамгийн түрүүнд орж ирнэ. Түүний анхны бүтээл “Аав”-аас ч мөн анзаарагдсан академик тавилт монгол киноны кадр, сцен бүртээ ил, далд утга санааг зангидан дэлгэцний бүх хэсгээс “юм” уншигдах баялаг өрөлттэйгөөр дэглэхийг эрмэлздэг хуучны арга барилыг үзэгчдэд эрхгүй санагдуулж байлаа. Улаан дугаартай машин, хадганд боодолтой гулдмай, эзгүйрсэн суурин болон бух залгисан залуу, энгэрийн соёмбо тэмдэг гэх мэт тодотгол элемент бүрийг сайтар бодож шигтгэсэн нь киноны үндсэн санааг гайхалтай гүйцэт болгож өгчээ. Эдгээр учир бэлгэдлүүдийн өрөлтөд хэт логик хэлхээ эрэлхийлэх шаардлагагүй. Учир нь энэ бүхэн зүгээр л бодит үнэний дүрсжүүлэлт юм.

Зохиолч Т.Бум-Эрдэнэ киноны ерөнхий өгөгдөхүүнээр алтыг сонгож авсан нь хэв шинжит нийтлэгийг өгүүлэх гэсэн найруулагчийн зорилготой яв цав нийцжээ. Өөрөөр хэлбэл, кинонд гарч байгаа алт бол алт төдий биш, Монгол үндэстний язгуурын, дотоодын үнэт зүйлсийн төлөөлөл юм.Байгалийн баялаг, соёл, түүх, тусгаар тогтнол, ер юу ч гэж уншиж болно. Гол дүрүүд ч мөн эхний ангид шинж чанарт, хувь хүмүүсийн дүр байсан бол хоёрдугаар ангидаа өнөөгийн монголчуудын нийтлэг хандлагыг тус тусын шугамаар илэрхийлсэн хэв шинжит илэрхийллүүд болж тавигдсанаар“Үргээлэг-2” үнэхээр онцлог болжээ.

Чөмөг дундлах ажил

Өнөөдөр монголчууд өөр хоорондоо л тэмцэлдэж байна.“Ямар гээчийн нийгэм бэ…” гэх хурандаагийн(АЖ П.Цэрэндагва) халаглалаар киноны зөн билэг илэрчээ. Андын андгай, хүний мөс жудаг, шударга зарчимч байдал алдагдсаны халаглалыг гол дүрүүд өөрсдөө тоглож, хоорондоо сөргөлдөн тэмцэлдэж, алалдан тулалдана. Гэвч энэ тэмцлийн эрх ашиг өөрсдийн маань, монголчуудынмаань хэнд нь ч байхгүй. Гагцхүү гадныханы, харийнханы эрх ашгийн төлөө монгол хүмүүс, анд нөхөд өөр хоорондоо сөргөлдөн, алж талж байгааг киногоороо уран бүтээлчид дэлгэн тавилаа. Үүнийг эцэс болгохгүй бол эх орон, тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүйг тэд урлагийн хэлээр сануулж байна.

Бүтээлд хэв шинж түлхүү ороод ирэхээр бэлгэдлийн буюу символ өнгө аяс давамгайлна. Уран туурвилын ийм арга ажиллагааг барьж авсан нь кино группынхэнд бодит амьдралыг хийсвэр ухагдахуун руу аваачиж зангидах шаардлага тулгах нь ойлгомжтой. Энэ бол тун амаргүй зүйл. Энгийн сэтгэхүйгээс дээгүүр бодож, зөв дүгнэн, оновчтой илэрхийлэхийг түлхүү шаарддаг. Ийм сэтгэлгээгээр киноны бүхий л өгүүлэгдэхүүнийг нэг бүрчлэн өрөх гэдэг чухам л “чөмөг дундлах” ажил гэдгийг уран бүтээлчид л төсөөлөх байх.

Босго давсан залуус

Өөрчлөлт цоо шинэ өрнөлийг бий болгодог.Харин энэ өөрчлөлтдөө хөтлөгдөөд адал явлын хэмнэл, эвлүүлгийн ритм болон зураг авалт, техникийн шийдлийг Ж.Сэнгэдоржийн найруулгаас дордуулчихгүйг “Үргээлэг-2”-ынхон ихэд эрмэлзэж, басхүү чаджээ. Харин ч зарим газарт экшнлэг шийдлүүд хэтэрчихэж гэхээр дүрслэлүүд бий. Устгалын даалгавартай харь газрын “аллагын машин”-уудын(Оросын болон Хонгконгийн алуурчид) зогсолтгүй довтолгоонд хүч тэнцэхүйц хариу үйлдлийг үзүүлэх нь гарцаагүй ч төгсгөлийн танк эсэргүүцэгчид зөвтгөлийг нь хийж өгөөгүй зэрэг алдаа байсныг хэлэх хэрэгтэй.

Хоёр жилийн өмнө гарсан өмнөх ангийн үзэгчдэд үлдээсэн үнэлгээ “Үргээлэг-2”-ын чанарын босго байсан гэж хэлж болно. Тухайн үед “Үргээлэг” үзэгчдийн тоо, ашиг орлогоороо шинэ түвшнийг тогтоож чадсан нь энэ босгыг бүр ч өндөр болгож байсан гэдэгтэй уншигчид санал нийлэх биз ээ. Хэрвээ хоёрдугаар анги амжитгүй болбол “уналтын” хүч нь бусад ямар ч киноныхоос хавьгүй их байх байв. Уран бүтээлчдийн рейтинг ч огцом буурах байлаа. Харин кино багийнхан үзэгчдийн хүлээлтийг алдсангүй. Уран бүтээлчдийн багийг нэгтгэн зангидаж, ур чадварыг нь дайчилж чадсан Прайм пикчерсийн продюсинг ч үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн нь лавтай. Тэд энэ өндөр босгыг итгэлтэйгээр давж гарлаа. Одоо харин тэдэнд үүнээсээ мууг хийх “бололцоо” байхгүй болсон.

 

 

“Аутизмыг таниулах ДЭЛХИЙН өдөр” болно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тоот тогтоолоор 2008 оноос жил бүрийн 4-р сарын 2-ны өдрийг “Аутизмыг таниулах ДЭЛХИЙН өдөр” болгон тэмдэглэж иржээ.

Монгол Улсад энэ өдрийг 3 жилийн өмнөөс “АУТИЗМ МОНГОЛ-АНД” ТББ-ын санаачилгаар анх тэмдэглэж эхэлсэн. Энэ 2016 оны 4-р сарын 2-ны өдөр АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Аутизм Монгол-АНД” ТББ хамтран “Аутизм гэж юу вэ?”  сэдвийн доор өдөрлөг зохион байгуулж,  анх удаа эрүүл мэндийн салбарын төлөөллүүд аутизмын хүрээний эмгэгийн талаар зөвлөлдөх гэж байна.

Уг өдөрлөгт эрүүл мэндийн салбарынхнаас гадна аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, уг асуудлыг сонирхон судалж буй судлаачид оролцох юм.

Хэрэв та Game of Thrones – ийг үздэг бол… (Заавал уншаарай)

Хэрвээ та Game of Thrones – ийг үздэг бол энэхүү нийтлэл таалагдах нь лавтай. Учир нь нэгэнт амтанд нь орсон л бол хүн бүр үзэх дуртай киноныхоо хэрхэн бүтсэн түүхээс эхлэн таалагдсан жүжигчдийнхээ тухай хүртэл сонирхон судалж, киногоороо амьдардаг.

Миний бие ч гэсэн түүний нэгэн адилаар энэхүү нийтлэлийг хүргэхийн тулд цувралын эдүгээг хүртэлх тавин ангийг шимтэн үзсэн билээ.

Ямартаа ч та нарынхаа нэгэн адилаар ирэх дөрөвдүгээр сарын 24-нд эхлэх зургаадугаар бүлгийг хоног тоолон хүлээдэг болсон шүү.

1. Цувралыг АНУ-ын зохиолч George R. R. Martin – ийн 1991 оноос эхлүүлэн бичиж буй уран зөгнөлт A Song of Ice and Fire романаас сэдэвлэн бүтээсэн билээ. Game of Thrones нь романы эхний ботийн нэр юм.

2. Зохиолч романаа бичих санааг багадаа тэжээдэг байсан яст мэлхийнээсээ олж харсан гэдэг. Ингээд анх DOS үйлдлийн системтэй компьютер дээр WordStar 4.0 програм ашиглан бичиж эхэлсэн түүхтэй.

Номын зургаа болон долоодугаар боть хараахан бичигдэж дуусаагүй ч цуврал найм эсвэл есөн бүлэгтэй гарна.

3. Game of Thrones нь телевизийн цувралын түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр бүтэж буй киноны нэг юм. Тухайлбал 56 мин үргэлжилдэг нэг ангийг л хийхэд хамгийн багадаа $6 сая ам.доллар зарцуулдаг.

4. Зураг авалт хийгдэх газрыг маш нарийн судалж 14 орноор аялсны эцэст Шотланд, Исланд, Испани, Малта, Марокко, Грек, Хорват зэрэг оронд зураг авалтыг хийжээ.

Киноны ердөө 3 сек үргэлжлэх нэг үзэгдлийн зураг авалтыг хийхэд наанадаж 6 долоо хоногийн бэлтгэл шаардагддаг. Тэгвэл эсрэгээрээ өдөржин хийгдсэн зураг авалтаас 3 сек үргэлжлэх хэсгийг ч авах тохиолдол бий.

5. Жүжигчдийнх нь олонх нь зохиолоо бүрэн уншиж танилцаагүй. Ингэснээр жүжиглэлтүүд нь илүү амьд болсон гэж үздэг. Мөн түүнчлэн бараг бүх жүжигчин нь Англи, Ирланд, Шотланд гаралтай хүн байдаг. Гэвч гурван гол дүр нь Америк үндэстэн юм.

Тэдгээр нь Tyrion Lannister – ийн дүрийг бүтээсэн Peter Dinklage, Khal Drogo – ийн дүрд тоглосон Jason Momoa болон Oberyn Martell – ийн дүрийг бүтээсэн Pedro Pascal нар ажээ.

6. Tyrion Lannister – ийн дүрд тоглосон жүжигчин Peter Dinklage 100% цагаан хоолтон хүн юм. Зураг авалтын үеэр идсэн махан хоол нь үнэндээ дүфү байжээ.

Тэрээр телевизийн цувралд тоглосон анхны одой жүжигчин бөгөөд Cersei – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Lena Headey – тэй сайн найз.

7. Хэл шинжээч David Peterson цувралд зориулж Dothraki хэлийг зохиосон билээ. Энэ хэл 3000 үгийн сантай. Мөн тэрээр Valyrian хэлийг ч гэсэн зохиосон.

8. Их Британи болон Америкт шинээр мэндэлсэн охиндоо Khaleesi болон Arya нарын нэрийг өгөх явдал түгээмэл болжээ. Хэрэв та санаж байгаа бол 1-р бүлэгт хөл хүнд Khaleesi адууны түүхий мах идэх хэрэгтэй болдог.

Тэгвэл энэ нь үнэндээ жимсний чанамал, хатаасан паста, хиймэл цус болон элсэн чихэр ашиглаж хийсэн 1.3 кг резинэн чихэр шиг амттан байжээ.

9. Цувралын маш олон дүр бодит амьдрал дээр ч гэсэн өөрийгөө үзэн ядагдахад хүргэсэн байдаг. Тэдгээр нь хатан хаан Cersei мөн Joffrey хаан гэдэгтэй маргах хүн үгүй.

Тэгвэл Joffrey хааны дүрийг бүтээсэн жүжигчин Jack Gleeson анх Christopher Nolan – ийн Batman Begins кинонд тоглож байсан гэнэ.

10. Төмөр сэнтийг хийхэд зэвсгийн дархан Gavin Jones 2 сар зарцуулжээ. Мод ба сэлмээр хийсэн сэнтий 2.4 м өндөр бол өргөхөд дөрвөн хүн хэрэгтэй. Сэнтийн гол хэсэгт Gandalf – ийн Glamdring сэлэмний дуураймал хувилбар бий.

11. Цувралын эхэнд гардагчлан Stark – ийн гэр бүлийнхэн зургаан чонын бэлтрэг тэжээдэг. Тэдгээр чоныг чонотой ижил харагддаг Инуит нохойгоор орлуулсан ба компьютер график ашиглан хэд дахин томруулжээ. Тэгвэл Sansa Stark – ийн дүрд тоглосон жүжигчин Sophie Turner нэгийг нь тэжээхээр шийдэж Zunni гэж нэрлэсэн байна.

Үнэндээ кинонд дүрслэгдсэн Direwolf нь хэдэн зууны өмнө устаж мөхсөн үлэмж биетэй чонын төрөл юм. Энэ нь саарал чононоос даруй 25% том биетэй байсан түүхтэй.

12. Кинонд гардагчлан Валир гангаар давтсан илд нь хамгийн дийлдэшгүй илд байдаг. Зөвхөн энэ илд болон луугийн шилээр White Walker – уудыг хөнөөх боломжтой. Тэгвэл Валир ганг Дамаск гангаар хийжээ.

13. Долоон хаант улсыг хамгаалдаг 213 м өндөр ханыг Britannia арал дээр байдаг Ромын эзэнт гүрний үеийн бэхлэлтээс санаа авчээ.

Hadrian – ийн ханыг нийтийн тооллын 122 онд барьсан ба ЮНЕСКО – гийн өвийн бүртгэлтэй газар юм. Зохиолч энэ бэхлэлт дээр 1981 онд ирсэн байдаг. Ханын өндөр бодитоор бол 3 м – 6 м орчим өндөр ажээ.

14. Саран хаалгыг хүн бүр мэднэ. Чухам хэдэн м орчим өндөр вэ гэдгийг хэлэхэд бэрх ч Sansa Stark – ийн дүрд тоглосон жүжигчин Sophie Turner – ийн хэлснээр ердөө 1 м орчим гүн гэнэ. Тэрээр бодит амьдрал дээр Arya – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Maisie Williams – тай дотно найз ажээ. Мөн түүнчлэн Maisie Williams – ийн анхны томоохон дүр юм.

15. Hodor – ийн дүрд тоглосон Ирландын жүжигчин Kristian Nairn 210 см өндөр биетэй. Тэрээр ижил хүйстэн бас чадварлаг DJ гэнэ.

Тэгвэл Theon Greyjoy – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Alfie Allen нь дуучин Lily Allen – ийн төрсөн дүү ажээ.

16. Цувралыг насанд хүрэгчдэд зориулсан порно киноны салбарт багагүй хөрөнгө оруулсан гэж үздэг. Учир нь эмсийн хүрээлэнгийн биеэ үнэлэгчдийн дүрүүдийг порно жүжигчин хөлсөлж тоглуулсан байдаг.

Тэгвэл Tyrion Lannister – ийн сэтгэл алдарсан биеэ үнэлэгч Shae – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Sibel Kekilli порно киноны жүжигчин байжээ.

17. Чи юу ч мэдэхгүй Jon Snow. Бүсгүй хүн бүр л түүнийг ингэж хэлдэг. Гэвч анхдагч нь зэрлэгүүдийн нэг Ygritte байсан билээ. Jon Snow – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Kit Harington болон Ygritte – ийг дүрд тоглосон жүжигчин Rose Leslie нар болзож байгаа ажээ.

18. Maester Aemon бол Targaryen – ийн удмын сүүлчийн хүмүүсийн нэг. Тэгвэл түүний дүрийг бүтээсэн Английн жүжигчин Peter Vaughan бодит амьдрал дээр ч гэсэн хараагүй ажээ. Өдгөө 92 насыг зооглож буй түүний дүр магад цувралын хамгийн сэтгэл шимшрүүлэм дүрийн нэг юм.

мэдээллийг бэлтэгсэн