Цахим картын бизнесээ алдсан МОХ-ны удирдлагууд шарлахсаар байна

        МОХ мөнгө угаах, улс төржсөн байгууллага болжээ. Оюунуудын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэдэнд үйлчлэх учиртай МОХ оюутнуудынхаа халаасыг хоосолж, тэдний мөнгөөр гараа угаах боллоо, Монголын оюуны холбоо МАН-ын “утсан хүүхэлдэй” болсноо үйл ажиллагаагаар батлав зэрэг тус байгууллагатай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болсон. Тэгвэл улс төржиж, оюутнуудынхаа эрх ашгийг уландаа гишгэж буй МОХ-той холбоотой дэлгэгдсэн 24 баримтыг хүргэж байна.   

1.    2015.4 сар: МОХ-ны удирдлагууд дур мэдэн 64 мянган оюутнаас 8900 төгрөгийн картын захиалга авсан нь нэг ч оюутанд карт болон мөнгийг нь өгөөгүй гэдгийг их дээд сургуулийн оюутнууд мэдэгдэв.

2.    2015.10.20: МОХ-ны ерөнхийлөгч, хэсэг нөхдийн хамт Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж, хотын даргыг огцрохыг шаардаж оюутнуудын гарын үсгийг цуглуулсан. Тэд оюутнуудаа нийтийн тээврээр хязгааргүй зорчуулахын төлөө хэмээн ийнхүү тэмцсэн ч энэ тэмцэлд нэг ч оюутан нэгдээгүйг эх сурвалжууд тодотгов.

3.     МОХ Чингисийн талбай дээр сууснаас хойш хэдэн оюутан гарын үсэг зурсан талаарх албан ёсны мэдээлэл гаргаагүй аж.

4.    Хотын дарга Э.Бат-Үүл МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр болон удирдах зөвлөлийн гишүүдийг “Хууль бусаар 64 мянган оюутнаас нийтийн тээвэрт хөнгөлөлтэй зорчих картны мөнгийг хууль бусаар хурааж олон мянган оюутныг хохироосон хэмээн мэдэгдсэн.

5.    Оюутны холбоо нийтийн тээврийн цахим картын хувиарлалтаа хийдэг тогтолцоотой байсныг цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж үзэж байгаагаа Н.Батаа дарга онцолсон.

6.    2015.10.23: МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр “Нийслэлийн удирдлага, увайгүй, үеэ өнгөрөөсөн улс төрчдийн зүгээс хууль, тогтоомжийг уландаа гишгэлж, оюутан залуусыг басамжлан доромжилж, оюутны суралцах эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” хэмээн Хотын даргыг шүүхэд өгөхөө мэдэгдэв.

7.    Оюутнуудынхаа эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахгүй, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих цахим картын 8900 төгрөгийг буцаан олгохгүй хохироож байгаа МОХ-ны удирдлагуудын эсэргүүцсэн оюутнууд ээлжит бус чуулган хуралдуулж, шинэ ерөнхийлөгч нарыг сонгов.

8.    МОХ-ны хяналтын хороо нь зарлан хуралдуулсан тус хурлыг МОХ-ны удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй тамга тэмдэгээ өгөхөөс татгалзжээ. 

9.    МОХ оюутнуудаас дур мэдэн 8900 төгрөг хураан авсан асуудал үүсэж, олны анхаарал татаж эхлэвэл МОХ-ны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдсэн. Энэ нь хариуцлагаас мултрах гэсэн арга гэх хардлагыг төрүүлж байгааг оюутнууд нуугаагүй.

10.    2015.10.25: МОХ-ноос “Оюутны эрх” ээлжит бус чуулганыг хийж, Н.Удаанжаргал МОХ-ны тэргүүнээр сонгов.

11.    Н.Удаанжаргал нь МОХ-ны дэд ерөнхийлөгч, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга, СЗХ-ны тамгын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаалийн газрын даргаар тус тус ажиллаж байсан, МАН-ын тодотголтой нэгэн юм байна.

12.    “Оюутны эрх” ээлжит бус чуулган нь хууль бус болжээ. Учир нь тус чуулганы талаарх мэдээллийг их дээд сургуулийн оюутны холбооны удирдлагуудад мэдэгдээгүй бөгөөд МОХ-ны удирдлагууд цөөн сургуулийн өөрсдийн хүрээллийн оюутнуудаар ирц бүрдүүлжээ.

13.    2015.10.28 “Их, дээд сургуулиудын оюутны нэгдэл” МОХ-ны удирдлагууд “МАН-ын утсан хүүхэлдэй” болж, улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгдэв.

14.    АШУҮИС-ийн оюутны зөвлөлийн дарга Н.Цогтсайхан: “Оюутан биш ч, оюутны төлөө тэмцдэг гэх Д.Батбаяр, Н.Удаанжаргал нарын ард нэг ч оюутан байхгүй. Оюутны нэр барьж улс төрждөг, МАН-ын харъяалалтай бүлэг нөхдийн ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг таслан зогсоох цаг нь болсон” гэдгийг онцолсон.

15.    МОХ-ны дарга Д.Батбаяр оюутнуудын мөнгөөр хувьдаа орон сууц, машин авчээ. Их хэмжээний мөнгө хувдаа завшсан гэх энэ хэрэгт МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун ч бас холбогдон АТГ-т шалгуулж буй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав.

16.    МОХ-ын ерөнхийлөгч Д.Батбаяр: Оюутнуудыг улс төрийн үзэл бодлын зэвсэг болгохгүй байх үндсэн зарчмаа баримтлан ажиллах болно” хэмээн мэдээлж байжээ.

17.    МОХ-ны Ерөнхийлөгчөөр “ХАС” банкны үүсгэн байгуулагч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ий захирал, МАХН /МАН/-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг сонгогдож байжээ.

18.    2012.5.15: Монголын оюутны холбоог шинэчлэх хөдөлгөөн гэх 400  гаруй гишүүнтэй хөдөлгөөн байгуулагджээ. Тэд ерөнхийлөгч Ч.Ганхуяг  нь МАН-ын гишүүн, Сангийн дэд сайд болон бусад олон албан тушаалыг давхар хашиж  байгааг шүүмжилж огцрохыг шаардаж байсан аж.

19.    2014.10 сар: МОХ ээлжит 13 дугаар чуулганаа Дархан хотод хийв. Тус хурал хаалттай болсон төдийгүй Угсаа залгамжилж, улс төржсөн чуулган болсон гэдгийг оюутнууд онцоллоо.

20.    Тус хурлыг цагдаа хүчний хамгаалтан дор цоожоо хаалганы цаана хийж, Д.Батбаярыг ерөнхийлөгчөөр сонгожээ. Цагдаа хүчний хамгаалалт авч чадсан МОХ-ны сүрийг оюутнууд мэдрэв.

21.    13 дугаар чуулганаар МОХ-ны Ерөнхийлөгчид танхимийн гаднаас нэр дэвшигч “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн “МОХ бол УИХ-аас дээгүүр, МУ-ын ТББ-уудын тухай хууль тогтоомжийг уландаа гишгэсэн ах дүүсийн байгууллага болж хувирлаа. Энэ шударга бус чуулганыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашдаа тэмцэнэ, 170 мянган оюутаны эрх ашгаар ингэж тоглож болохгүй” хэмээн мэдэгдэж байжээ.

22.    2010 оны эхний хагас жил хүртэл Голомт банкнаас олгодог виза картанд коллаграммын нууцлал бүхий наалт наадаг байсан. Нийт 80 мянган оюутанд олгодог байсан энэ наалтаас сард дунджаар 26-30 сая төгрөгийн ашгийг  МОХ олдог байжээ.

24tsag.mn

“Зоос”-ыг “Төр” болгосон татар ажиллагаа

Б.ЭНХЗАЯА

Төрийн банкыг хувьчлах асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Угаас төр өөрийн мэдэлдээ банктай байхыг эдийн засагчид эсэргүүцсээр ирсэн. Тэгвэл удахгүй ажил хэрэг болох Төрийн банкны хувьчлал өөр нэгэн хэргийг “сэдрээх” бололтой.

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Зоос” банкыг Монголбанкны ерөнхийлөгчийн 659 тоот тушаалаар татан буулгаж, Засгийн газрын тогтоолоор Төрийн банкыг байгуулсан түүхтэй. Гэвч энэ ажиллагаа хууль ёсных байсан уу, дампууруулсан хэргийн эзэд ямар хариуцлага хүлээсэн, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах, Төрийн банк байгуулагдахад оруулсан Засгийн газрын 100 орчим тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлт зэрэг асуудал одоог хүртэл нэгмөр болоогүй байна. Эхний асуудал шийдэлд хүрээгүй байхад дараагийн алхам хийж буух эзэн буцах хаяггүй болох вий гэдгийг УИХ-ын төвшинд зарим гишүүн ярьж, сануулж эхэллээ.

“ЗООС” БАНКНЫ ДАМПУУРЛЫН ЭХЛЭЛ ИЙМ

Эдүгээ Төрийн банкны хуучин суурь болсон “Зоос” банкны дампуурал ингэж эхэлжээ. Хятадын хөрөнгө оруулалттай “Huvia Mongolia” компани “Зоос” банкинд таван сая ам.долларыг хадгаламж нээлгээд хадгалуулсан гэдэг. Гэтэл 2009 онд тус банк санхүүгийн хямралд орж Хятадын компани хадгалуулсан мөнгөнөөс хүү авах гэрээ байгуулжээ. Банк эхний үед хадгаламжийн хүүг өгч байснаа сүүлдээ хүүний төлбөрийг нь өгөхөө больсонд “Huvia Mongolia” компани шүүхэд гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр компанийн харилцагч “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, гадаад төлбөр тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг дутуу хүүтэй зээл олгож, “Huvia Mongolia” компанийн хадгалуулсан таван сая ам.долларыг хувьдаа эргэлдүүлсэн гэж буруутгасан ч шүүхийн шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн 2012 онд цагаатгажээ. Уг хэрэгт тухайн үеийн банкны захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн захирал Х.Пүрэвсүрэн нар холбогдон шалгуулж байв. Гэвч Ш.Чуданжийгийн хэргийг тусгаарлаж, бусад нь цагаадсан шүүхийн тогтоолтой ажээ.

“Зоос” банкны захирал асан Ш.Чуданжийг банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн болохыг шүүхийн шинжээчид тогтоож, 2012 оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн ял оноож байв. Тухайн үед түүний бага насны хүүхэдтэйг шүүхээс харгалзаж Өршөөлийн хуульд хамруулан ялыг нь хэдэн сараар хойшлуулж, хохирлын 1.6 тэрбум төгрөгийг барагдуулах шийдвэр гаргаж байжээ. Гэвч одоог хүртэл тэрээр ялаа эдэлж, хохирлоо нөхөн төлсөн эсэх нь шүүх, хуулийн байгууллагын шатанд тодорхойгүй байна. Ш.Чуданжий нарын хэрэг “Зоос” банкыг дампууруулах эхлэл болсон гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.

Г.Уянга: ЗАСГИЙН ГАЗАР АЛДАА ГАРГАСАН

Тиймээс ч уг хэрэг мандахтай зэрэгцэн “Зоос” банкыг албадан татан буулгасан байдаг ажээ. Монголбанкны ерөнхийлөгчийн татан буулгах тушаалд “….Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг, тэдгээрийн анхны шаардлагыг гарган өгч чадахгүйд хүрч өөрийн хөрөнгө алдагдаж, төлбөрийн чадваргүй болсон..” гэдгийг үндэс болгожээ. Харин Засгийн газрын тогтоолд иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалахаар “…“Зоос” банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж 95.1 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банкыг байгуулах…” тухай дурдсаныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан саяхан УИХ-ын гишүүн Г.Уянгын асуулгын хариуд онцлов.

УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн банкны хувьчлалтай зэрэгцэн “Зоос” банкны асуудал хөндөгдөх ёстойг мэдэгдэж буй. Тус банкны дампуурлаас хохирч үлдсэн 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигч түүнд хандаад буй. “Анх жижиг хувьцаа эзэмшигчид надад хандсан. Иргэдийн тавьсан хүсэлт, цуглуулсан баримтуудыг үзэхэд “Зоос” банкны асуудлыг эргэж ярих гарцаагүй нөхцөл үүссэн байсан. Юуны түрүүнд “Зоос” банк дампуурч татан буугдсан гэж ойлгож байгаа ч суурин дээр нь Төрийн банк байгуулагдсан гэдэг нь баримтуудаар тодорхой боллоо. Төрийн банкны хувьчлалтай зэрэгцээд “Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн асуудал давхар хөндөгдөх ёстой. УИХ-ын тогтоол ч ингэж гарсан байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан” гэж тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

“ЗООС” БАНК УЛСАД 58 ТЭРБУМЫН ӨРТЭЙ

“Зоос” банк дампуурах үеийн нөхцөл байдал ямар байсан тухай Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Жавхлангийн мэдээллээр “Зоос” банкинд банкны эрх хүлээн авагч тогтсоноос хойш 63.6 тэрбум төгрөгийн зээл авлагыг эргэн төлүүлж, “Зоос” банк хувьцаат компаниаас төлбөрийн нэхэмжлэлтэй иргэн хуулийн этгээдийн 54.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулжээ. Үүний дотор Засгийн газрын бондын төлбөрт 37.1 тэрбумыг төлжээ. Өөрөөр хэлбэл, “Зоос” банк улсад 58 тэрбумын өртэй гэсэн үг.

Түүнчлэн өнгөрсөн сарын 30-ны байдлаар 69.7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаагаас 83 хувь буюу 58 тэрбум төгрөг нь “Олон овоот” компанид, үлдэх 16.6 хувь буюу 11.6 тэрбум төгрөг нь 176 зээлдэгчид хамаарч байгаа аж. Тус банкны тайлан тэнцэл 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 873 сая төгрөгийн цэвэр актив хөрөнгөтэй, нийт төлбөрийн дүн нь 68.5 тэрбум төгрөг, үйл ажиллагааны хуримтлагдсан алдагдал 67 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд “Зоос” банк компанийн нийт актив хөрөнгийг Засгийн газрын бондын төлбөрт тэнцүүлэн шилжүүлж, эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгохоор ажиллаж байна гэж Монголбанк мэдээлэв.

ЭХЛЭЭД ЗАСГИЙН ӨР, ДАРАА НЬ…

Анх харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдлээс хамгаалах зорилготой хэмээн “Зоос” банкны бүтцийг өөрчилж, Төрийн банк байгуулахад зориулж 100 орчим тэрбум төгрөгийн бонд гарган санхүүжүүлсэн Засгийн газрын шийдвэрийг эргэж харвал УИХ-ын гишүүн Г.Уянгын асуулга яалт ч үгүй анхаарал татна. Нүглийн нүдийг гурилаар хуурна гээчийн үлгэрээр харилцагчдаа хамгаалах алхам нь 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон явдал болж хоцорчээ. Харин томчууд нь их, бага хэмжээгээр ашгаа хүртсэн гэлцдэг.

Жижиг хувьцаа эзэмшигчид өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тэмцэл, хөдөлгөөн өрнүүлсэн ч одоог хүртэл гомдлоо барагдуулж чадаагүй явна. Гэвч одоо ч тэдний асуудал бүрхэг байгааг Монголбанкны мэдэгдлээс харж болохоор ажээ. Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Зоос” банкны 627 жижиг хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг хувьцааны нэрлэсэн үнээр тооцон ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг хуваарилах саналыг Санхүүгийн зохицуулах хорооноос хэлэлцүүлсэн байдаг аж. Гэвч Банкны тухай хуулийн 64.1-т заасан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр тогтжээ. Түүнчлэн  Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар “Зоос” банкин дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох  актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэх үед дээрх асуудлыг дахин авч хэлэлцэн, хуульд заасан дарааллын дагуу Засгийн газрын бондын өр төлбөрт дүйцүүлэн “Зоос” банк хувьцаат компанийн актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх талаар зөвлөмж гаргажээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Засгийн өрийг нэн тэргүүний асуудал болгожээ. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал тодорхойгүй байна.

ДАМПУУРАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН ҮҮ?

Үүнээс гадна зургаан жилийн өмнөх “Зоос” банкны дампуурсан нөхцөл байдал хийгээд одоогийн Монголбанкны мэдээллээс нэг асуудал урган гарч ирж байна. “Зоос” банк татан буугдах үед 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байс­ныг албаныхан ярьж байна. Гэтэл 87.9 тэр­бум алдагдалтай гэх “Зоос” банкны 86.6 тэрбум хөрөнгө Төрийн бан­кыг байгуулах эх үүсвэр болсныг тухайн үед төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлд ярьж байжээ.

Тэгэхээр Төрийн банкны хувьчлалтай зэрэгцэн бараг алдаг­далтайгаа тэнцэх хөрөнгө­тэй байсан “Зоос” банк дампуурах нөхцөл үүссэн үү, жижиг хувьцаа эзэмшигчид хэзээ хохирлоо барагдуулж болох зэрэг асуудлууд тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шүдний сойзоо 2-3 сар тутам солих хэрэгтэй

       Шүдний сойзыг 2-3 сар хэрэглээд шинээр солихыг шүдний мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь сойзоо зөв сонгохоос гадна зөв хадгалахгүй бол амны хөндийн гаралтай нянгийн зэрэгцээ тухайн орчны нянг өөртөө шингээж бохирддог болохыг Энэтхэгт хийсэн судалгаагаар баталжээ.

Уг судалгаагаар долоо хоног хэрэглэсэн шүдний сойзонд агуулагдах стрептококк бактерийг халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэхэд 70, харин усаар цэвэрлэхэд ердөө 14 хувь нь устаж байжээ.

Шүдний бохир сойз нь маш олон төрлийн амны хөндийн асуудлуудын шалтгаан болдог бөгөөд түүнээс шалтгаалсан шүдний цоорол, буйлны үрэвсэл, амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчнүүд үүсч болно.

Харин сонголт хийхдээ хэт хатуу биш үстэй, жижиг хэмжээтэйг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь жижиг байх тусмаа шүд хоорондын зайд байгаа хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхээс гадна, шүд болгоны эргэн тойрны пааланд хүрч, түүнд тогтсон өнгөрийг цэвэрлэдэг байна. Ингэснээр шүдэнд чулуу үүсэхээс сэргийлж чадна.

Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.

Гадуур худалдаалдаг сойз нь ихэвчлэн том байдаг тул шүд бүрийг цэвэрлэхэд төдийлөн тохиромжгүй байдаг аж. Харин хүүхдийн шүдний сойзны үс нь зөөлөн эсвэл маш зөөлөн байх хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийн оог сонгохдоо ар талын өнгийг сайтар хараарай. Хар эсвэл улаан өнгийн тэмдэглэгээтэй оогоор өдөр бүр угаадаггүй учир үүнээс татгалзах хэрэгтэй.

ХАР МОРЬ ӨДӨР

        Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл хийгээд хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.

Улаанбаатарт 11 хэм дулаан

      2015 оны 11 дугээр сарын 01-ний 20 цагаас 11 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-0 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Ц.Элбэгдорж: Хүний нутагт мал маллаж, насыг барна гэж боддог байсан VIDEO

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж телевизийн эфирт өгсөн ярилцлагынхаа үеэр “Монголчуудын тал нь 100 жилийн өмнө гаднаас орж ирсэн хүмүүс. Ингээд нутагшаад, сайхан Монгол хүн болоод, одоо л нэг Монголынхоо төлөө зүтгэж эхэлж байна” хэмээн ярьснаар хэсэгтээ хэвлэлийн баатар болж, ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Гэвч тэрбээр өнөөг хүртэл өгсөн ярилцлагдаа залруулга хийгээгүй л явна.

Тэгвэл түүний тухай дахин нэг баримт дэлгэгдлээ. Тодруулбал Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө БНСУ-д өөрийн дэмжигчдийн клуб гээчийг байгуулж, чамгүй олон пастер, бизнес эрхлэгчдээс хандив нэрийн дор сонгуулийн мөнгөө цуглуулсан байна.

Ингэхдээ  “Монгол Улс алт эрдэнэс ихтэй. Социализмын үеэс сайтар хадгалж ирсэн. Бид үүнийг хамтран олборлох хэрэгтэй” хэмээгээд “Хүний нутаг дээр мал маллаж энэ насыг барах хувь заяатай төрсөн” гэж өөрийгөө боддог байсан ч эргэлт хийх цаг нь болсон гэдгээ дурдаад амжсан нь камерт бичигдэн үлджээ.

Тэгэхээр доорх бичлэгийг үзээд уншигч та нэгийг тунгаана биз ээ.

Х.Маргад