С.Баярцогтыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

baasanhuubayartsogtӨргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ЗГХЭГ-ын дэд дарга С.Баярцогтыг огцруулах гурван үндэслэлтэй хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх тов гарсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах гэж байгаагаа тайлбарлахдаа, “С.Баярцогтыг огцруулах гурван үндэслэл бий. 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд энэ хүн “Би УИХ-ын дэд даргаас чөлөөгдье” гэсэн өргөдөл өгсөн байдаг. Хуралдаанаар “Би өндөр дээд албан тушаал хаших нь ёсзүйгүй. Би найзтайгаа хамт гадаадын компанид мөнгө хадгалж байсан” гэснээ хэлсэн нь энэ хүн улс төрийн хариуцлага үүрсэн. Гэхдээ дэд даргын суудлаа өгчихвөл болчихно гэсэн асуудал цаашид ямар үр дагавар болоод жишиг тогтох нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс ёсзүйн хариуцлагыг үргэлжлүүлэн үүрүүлэх ёстой.

Харин Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын чиг үүргийг Засгийн газрын тухай хуульд тодорхой заачихсан. Үүнд төрийн албан хаагчдын бодлогын асуудлыг шийдэх ёстой гэж тусгасан байгаа. Гэтэл энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ хариуцлагүй үйлдэл нь түүнийг огцруулах том шалтгаан болж байгаа юм. Энэ нөхрийг зайлуулснаар УИХ асуудлыг шийддэг, шийдэх ёстой юм байна гэдэг гарц болно. Би С.Баярцогтыг үүргээ биелүүлээгүй гэдгийг а, б-гүй хэлнэ. Түүнчлэн маш олон хүнийг ажлаас халсан талаарх гомдол Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Надад гэхэд 60 мянган өргөдөл ирсэн байна. Тиймээс 60 мянган өргөдлийн шийдвэрлэлтийг биелүүлэхийн тулд Засгийн газартай хамтарч ажиллах ёстой. Засгийн газрын нэр бүхий сайдууд, агентлагийн дарга нартай ч хамтарч ажиллах хэрэгтэй. Гэтэл агентлагийн дарга нар нь томроод, дуудахад ирэхгүй байна. Тэр байтугай тодорхой албан тушаалтан Өргөдлийн байнгын хороон дээр ирээд тайлбар өгөх хууль журам бий. Гэтэл ажил хийхгүй, 20 мянган хувьсагч яриад суугаад байна. Ажил хэрэгч, ард түмний төлөө явдаг, асуудлыг шийддэг хүн хэрэгтэй. Тиймээс С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барих болсон” гэж тайлбарлаж байсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн 

Хөрөнгийн биржийн Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

angaragМонголын Хөрөнгийн биржийн удирдлагыг сольжээ. Тодруулбал, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь н.Болорыг тавьсан талаар эх сурвалж мэдээллээ. Чухам ямар шалтгааны улмаас Хөрөнгийн биржийн удирдлыг солих болсон нь одоогоор тодорхой биш байна.

Ямарч  байсан уг томилгоог өчигдөр хийсэн бөгөөд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Ангар нь хэд хоногийн өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан аж. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр н.Болор нь сайд асан, УИХ-ын гишүүн Н.Батбаярын хүргэн бололтой.

Г.Ган

Монгол хүн бүр 7000 ам долларын өртэй байна

Монгол Улсын нийт өр 21,6 тэрбум ам.долларт хүрч, энэ нь манай улсын ДНБ-ий 180 хувьд хүрч, энэ өрийг  нийт хүн амын тоонд нь хуваавал гурван сая хүн амтай Монгол Улсын шинээр төрж байгаа иргэн нь  хүртэл долоон  мянга гаруй долларын өртэй болоод байгаа. 2017 оноос 2023 оны хооронд манай улс гадагшаа 4.4 тэрбум долларыг төлнө.

Хамгийн эхлээд буюу ирэх 2017 оноос “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалт нэрийн дор С.Батболдын Засгийн газрын зээлсэн 5.75 хувийн хүүтэй 580 сая долларын өр, мөн Н.Алтанхуягийн Засгийн газрын авч ирсэн, анхны бөгөөд хамгийн том зээл болох Чингис бондын 4.125 хүүтэй 500 сая долларыг,  мөн Хятадын зах зээлд гаргасан “Дим Сам” бондын 161 сая долларыг төлнө.

Үүний цаана Чингис бондын нэг тэрбум, Самурай бондын 300 сая долларын өр хүлээж байгаа. Гэтэл Ч.Сайханбилэг тавдугаар сард нэг тэрбум долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэрийг гаргажээ. Хэрвээ энэхүү мөнгийг зээлбэл Монгол улс ирэх 20 жил өрнөөс өндийж босч чадахгүй бөгөөд бидэнд ноогдоод байгаа 7000 ам долларын өр энэ хэрээр нэмэгдэх нь.

Shudarga.mn

С.Баяр: Би Оюутолгойн төслөөс мөнгө хусах дайны ухаан сийлсэн хүн юм бол олсон мөнгөө ил, задгай долоон байр болгоод сууж байх мулгуу амьтан мөн үү.

http://www.tumen.mn/upload/2015/09/29/-Ярилцсан: Гомбожав ОТГОНБАЯР

-Та энэ зуныг хаагуур өнгөрөөв, сайхан намаржиж байна уу?

– Сайхан зуслаа. Ерөнхийдөө гэр хавиараа л эргэлдэлдэх шив дээ.

-Өнгөрсөн зун улстөр ерөнхийдөө амарсангүй. Харин хоёр удаа Монгол Улсын Ерөнхий сайд байсан, МАН-ын хүчтэй лидерүүдийн нэг та амарсан бололтой юм. Энэ нь та өнөөдөр ямар нэгэн албан тушаалын холбоосгүй учраас өнгөрсөн зуны улстөрд оролцсонгүй юу. Эсвэл ерөнхийдөө улстөр сонирхдог энгийн иргэн болохоор эргэлт буцалтгүй шийдээ юү?

-За тэгэхээр, хоёулаа ойрд уулзаагүй юм байна, олон таван үггүй ажил хэрэгч яриа хийе. “Хүчтэй лидер” энэ тэр гэж сонины цаас шиг шаржигнасан цацаг үгээ орхиё. Сэтгүүлч та нар хүн хөөргөж байгаад газардуулахдаа гарамгай. Надад малгай зохидоггүй юм. Тэгэх тусмаа цаасан малгай…  /инээв/. Нэгдүгээрт гэвэл энэ. Хоёрт, “эргэлт буцалтгүй гарсан уу” гэж лавлан, тавлан асууж байх шив дээ… Тээр жил чамтай байна уу, хэнтэй байна, ярилцаж байхдаа би энэ тухай хэлсэн санагддаг. Би олон дутагдал, доголдолтой хүн, гэхдээ намайг өдий зэрэгтэй авч яваа тодорхой хэдэн зарчим бий гэдгээ хэлж байсан. Бага залуу байхаас минь бүрдэж, шалгарч үлдсэн хэдэн зарчим. Тун энгийн хэд. Жишээ нь, “орвол орсон шиг ор, гарвал гарсан шиг гар” гэх нэг зарчим байна. Эсвэл “Бүү хуурт, бүү ай, бүү гуй” гэдэг ч юмуу. Би тэр хэдийнхээ хүрээнд л яваа. Одоо эргэж буцаад яах ч билээ…

-Гэхдээ та нар шиг гүнзгий орчихсон хүмүүсийг улс төр нь өөрөө сонирхдог, оролддог байх, тийм үү ?

-Тийм нь ч тийм. “Чи улс төрөөр занимаалдахгүй бол, улс төр чамаар занимаалдана шүү” гэсэн утгатай нэг үг байдаг байх аа. Гэхдээ энэ үгийг шууд л удирдлага болгох нь юу юм. Ядаж л “чамайг оролдоод байгаа нь улс төр үү, эсвэл улс төр хавийн салхи савир нь уу” гэдгээ ялгадаг, ялгаж чаддаг байх хэрэгтэй. Үлээдэг, больдог салхины аясаар дэрвээд байх бол утгагүй.

-Салхи дагаж дэрвэхгүй гэхэд тэр салхийг хэн, яах гэж үлээгээд байгаа талаар та мэдээлэлтэй байгаа байлгүй. Энэ утгаараа таныг мэдээлэлтэй, өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлттэй яваа гэж бодоод, бас олон таван үггүй ярья гэсэн учраас шууд хэдэн асуулт асууя, тэгэх үү?

– Үнэндээ бол би мэдээлэл муутай сууна. Шийдвэр гаргах хүрээний гадна гараад удаж байгаа учраас тэр. Яах вэ, салхи хэн, хаанаас, яах гэж үлээдгийг би гадарлана. Гэхдээ энэ бол мэдээжийн гэмээр бүдүүн тойм. Нарийн мэдээлэл гэдэг бол тодорхой баримт, шийдвэр, судалгаа. Тийм юм надад алга учраас бүдүүн баргийн юм л ярих байх даа.

-Та хамтарч байж л улсаа хөгжүүлнэ гэсэн бодлоо байнга илэрхийлдэг хүн. Гэтэл танай намыг АН-ын шийдвэрээр хамтарсан Засгийн газраас саяхан гаргалаа. Энэ үйл явдлыг та юу гэж харж байна вэ?

-Том ажил хамтын хүчээр л бүтнэ. Энэ бол зүгээр нэг бодол биш. Энэ бол миний итгэл үнэмшил. Амьдрал, практикаар батлагдсан үнэн. Улсынхаа хэмжээ дамжаа, нөөц бололцоо, сул давуу тал, дотоод байдал, гадаад орчин зэргээ бодолцвол үүнээс өөр арга үнэндээ байхгүй. Үүнийг олон хүн ойлгодог, дэмждэг болж. Хамтрахын хамгийн үр дүнтэй, өгөөжтэй байж болох хэлбэр бол хамтарсан Засгийн газар. Гэхдээ засагт заавал хамтардаггүй юмаа гэхэд том том асуудлаа хамтран шийдээд явах өөр олон хувилбар бий. Итгэл, сэтгэл, зүтгэл байхад аль нэг хувилбар сонгох нь жижиг асуудал. Засагт орох, гарах гэдэг бол байдаг л зүйл. МАН-ыг Засгаас гаргасны сайн, мууг аль өнцгөөс харах вэ гэдгээс л хамаарна . Ойрын зай, ойрын сонгуулиа бодвол манай намд ашигтай тусч болохыг үгүйсгэхгүй. Алс хэтээ бодвол энэ бол муу шийдвэр, бүр маш муу шийдвэр гэж хэлмээр байна.

– Яагаад маш муу гэж ?

– Нэгд, хүн ёсны харилцаа талаасаа арай л хуншгүй, жудаггүй юм болж харагдсан. Урьж оруулчихаад, хөөгөөд гаргана гэдэг ямар ч хүн, аль ч ард түмний ёсонд хазгай үйлдэл. Эргээд уулзахгүй нүүр биш, эрлэгт очихгүй сүнс биш гэсэн үг байдаг даа.

Хоёрт, Монгол Улсын сүүлийн 25 жилийн ачааг сайн, муу хэлүүлдэг ч АН, МАН хоёр л үүрсээр ирсэн. Анхны ардчилсан сонгууль, анхны ардчилсан Үндсэн хууль, эдийн засаг, нийгмийн гол гол зангилаа олон асуудлыг хамтын ухаан, хамтын зүтгэл, Монголоо гэсэн сэтгэлээр шийдсээр ирсэн, энэ хоёр нам. Холын аянд явахад юм юм л тохиолдоно. Хүн ч адил, нам ч адил. Сайндана муудна, хэрэлдэнэ эвлэрнэ. Гэхдээ холын аян хамт туулж яваа хүмүүсийн хооронд нэг тийм онцгой нандин харилцаа үүсдэг. Тэр харилцааны суурь нь итгэл, итгэлцэл юм. Монголоо гэсэн сэтгэлээр бие биедээ итгэх тэр итгэлцэл эмтэрч байх шиг.

Гуравт, бид саран дээр амьдраагүй. Бидний орчин, орших, хөгжихийн тулд зайлшгүй харьцах ёстой хөрш зэргэлдээ болон хол, ойрын улс гүрнүүд байна. Тэдэнд бид ямар харагдаа бол оо. Байнга л хэрэлдээд, бужигнаад, бойтоглоод байхаар бид мэттэйгээ бодит ажил хэрэг жинхнээсээ ярих айл олдох болов уу? Бидний үгэнд итгэх үү, бидэнд дахин мөнгө цухуйлгах уу? 2012 оноос хойш гаднаас элдэв бондын нэрээр зээлсэн тэр их мөнгө бол 2008 оны бидний хамтарсан Засгийн газар, түүний итгэл, сэтгэл, зүтгэл нийлсэн хамтын ажиллагааны алсын хаялга юм шүү дээ. Үүнийгээ ухаарч мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Одоо мөнгө босгох гээд үз дээ. Бүтэхгүй. Яагаад гээч ? Энд тэнд эдийн засаг муудсанаас огт биш. Эдийн засаг муудахаар сул задгай мөнгө харин ч элбэгшдэг. Гаднын мөнгө дундарсандаа биш, гаднаас бидэнд итгэх итгэл дутаж  эхэлсэндээ тэр. Нөгөө л итгэл, итгэлцэл…

-Хамтрахаас өөр арга байхгүй гэж та хэллээ. Гэтэл хамтрахаар сөрөг хүчний хяналт үгүй болдог гэж үздэг. Үүнийг үгүйсгэх арга бас байхгүй биз дээ ?

– Амьдрал, практик л бүхнийг нотолно, эсвэл үгүйсгэнэ. Сөрөөд суучихаар хяналт сайжирдаг гэдэг бол домог. Амьдрал практикаар огт батлагдаагүй Монголын сайхан домог. Сөрөг, эерэгээрээ ялгараад л, өөр өөрийн ухаж бэхжүүлсэн окопондоо дайтаж сууснаар хяналт сайжирдаг бол одоо үлэмж сайжирчихсан байх үе, тохиолдол зөндөө л өнгөрлөө. Улс төрийн соёл ч гэж манайдаа нэн ховор нэгэн зүйл бий. Монголчууд бидний сайн, муу ааш, араншин ч улс төрийн үйл явцад сайн, муугаар шууд нөлөөлнө. Евро-америк хавийн улс төрийн онол нэг юм номлоод байдаг, гэтэл Монголын улс төрийн практик огт өөр юм харуулсаар өдий хүрлээ. Сүүлийн 20 жилийн манай улс төрийн практикаас харвал хэн нь ч сөрөг хүчин болсон гэлээ хяналтаа биш, хяхалтаа чангалаад явчихдаг  нь нууц биш. “Би л биш бол хэн ч биш”, “Чиний амжилтыг үзсэнээс нийтийн уналт үзсэн нь дээр” гэж байгаа мэт балай зарчим ноёлоод эхэлдэг. Сонгуулийн дүн ижил тэнцүү, арай олон судалтай нь засаглаж, арай цөөн нь сөрж байгаа нөхцөлд бие биедээ тээг саад тавьсаар, дэгээдсээр, хорлосоор ирсэн түүх бол арвин. Харин парламентын хяналт нь сайжраад, сайн засаглал цэцэглээд ирсэн түүх бол үнэндээ байхгүй. Өнгөрсөн түүх, өнөөдрийн практик ийм л байгаа. Тийм байгаа биз, чи өөрөө бод доо, Отгонбаяр аа? Илт давамгай байхад, эсвэл ил тод хамтраад явахад л улс, үндэстний хэмжээний том ажил үйлс бүтдэгийг монгол загвартай ардчиллын бодит практик харууллаа.

-Тэгэхээр илт давамгай ялах, эсвэл ил тод хамтарч байж л ажил бүтэх хоёрхон хувилбар байх ёстой юу?

-Ерөнхийдөө бол тийм. Гэхдээ энэ хоер том хувилбар дотор дэд хувилбарууд бас бий. Илт давамгай ялсан ч хамтарсан засаг байгуулдаг жишиг байна. Анхны ардчилсан сонгуулиа 1990 онд хийхэд тэр үеийн МАХН илт давамгай ялсан. Тэгсэн хэрнээ хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Тэрний хүчинд улс төр-нийгмийн болон эдийн засаг-эрх зүйн түүхэн том асуудлуудыг богино хугацаанд амжуулан шийдэж чадсан. Энэ тухай зунжин, намаржин гадна дотны зочин урьж байгаад амтай болгон нь сайрхах шиг боллоо. УИХ-ын хүндэтгэлийн чуулган хүртэл чуулж харагдсан. 2008 онд манай нам илт давамгайлаагүй. Хангалттай олонхи болсон. Тэгсэн хэдий ч хамтрахаар шийдсэн. Хамтарсны хүчинд чухал чухал шийдвэрүүд гаргаж, хямарч байсан эдийн засгаа богино хугацаанд сэпхийтэл өөд нь татаж чадсан нь хөдлөшгүй үнэн. Ялсан хэрнээ хамтраад үр дүнд хүрч байгаа юм чинь хэн ч ялаагүй нөхцөлд хамтраад зүтгэх нь цорын ганц зөв хувилбар, гаргалгаа мөн биз дээ. Ахуйн логик, амьдралын шаардлага гээд аль ч талаас нь үзсэн тийм байгаа юм.

-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулах таны шийдвэрийг стандарт бус шийдвэр гэж хэлдэг. Сая бол аль ч нам нь олонхи болоогүй учир хамтрах нь стандарт байсан ч, сайд нарыг огцруулах шийдвэр нь стандарт бус байлаа.

– Улс төрд шийдвэрийн стандарт гэж байхгүй. Ямар төмс ангилж байгаа биш.  Тухайн үеийн нөхцөл, боломж, шаардлага гурваас л улс төрийн шийдвэр ургаж гардаг. Энэ гурав нь байнга өөрчлөгдөж байдаг учраас нэг стандартад орж, хэзээ ч жаазлагдахгүй. Улс төрд стандарт байдаг бол бодлого, зорилтын л стандарт, шалгуур гэж яригдах ёстой байх. Энэ тэр бодлого явуулснаар улс, нийгэм хожих уу, хохирох уу? Өмнөө тавьсан том жижиг зорилтоо хангах уу, эсвэл тэрнээсээ хадуураад явчихуу? Улс төрд ийм л стандарт, шалгуур байвал байх ёстой биз гэж би боддог.

– Энэ хоёр нам засагт хамтрах, бас нэгнийгээ засгаас гаргах нь үнэхээр улс орон, ард түмний төлөө байдаг юм уу, эсвэл фракцууд, хэдэн лидерүүдийнх нь тохиролцоо, эрх ашиг байдаг уу гэдэг нь ялгарахаа байсан. Тухайлбал, саяхан болоод өнгөрсөн үйл явдлыг та юу гэж харж байна вэ. Зарим хүний хэлж буйгаар УИХ-ын төвшинд зарим хуулийг гаргахын тулд л МАН-ын кнопыг ашиглах төдийд засагт оруулаад хэргээ бүтээгээд буцаагаад хөөчихөж байгаа гэх юм.

– Сая миний хэлсэн стандарт, шалгуураар шүүгээд үзэхэд асуудал тодорхой харагдана .Ноднин намар орой АН засгаа байгуулахдаа улс эх орны эрх ашиг гэж учирлан байж, МАН-ыг урьж оруулсан санагдана. Тэр үед аль алин нь том бодлого, зорилтоо бодсон гэж би ойлгодог. Яах вэ, намыг хүмүүс л бүрдүүлдэг хойно хувь хүмүүсийн хүчин зүйл, бага сага сонирхлууд тэр хавьд нь байнга л хуйлран эргэлдэж байдаг. Гэхдээ хамтрахдаа том эрх ашгаа бодож хамтарсан нь тодорхой. Хамтраад дотооддоо овойж оцойтол юм хийж амжаагүй ч, гадаад орчны хандлага арай нааштай болж эхэлсэн нь мэдрэгдсэн. Эдийн засгийн уналт ч саарах шиг болсон. Гэтэл одоо эргээд унаад эхлэв.

Хуулийн тухай асууж байна. Яг ямар хууль гаргах хэрэгтэй болоод МАН-ын кноп ашигласан юм бол оо, надад мэдээлэл алга. Зөв зүйтэй юманд ашиглуулсан бол гомдоод, харамсаад байх юмгүй л дээ.

-Тэгвэл таныхаар хамтарсан засагт орохоос эхлээд, сая гаргах хүртэл танай намынхан ямар нэгэн алдаа гаргасан уу. Засагт орох хүртлээ сөрөг хүчний үүргээ, засагт ороод хамтрагчийн үүргээ хэр сайн биелүүлсэн гэж та бодож байна вэ?

– Би дотор нь байгаагүй учраас энэ бүхнийг нарийн сайн мэдэхгүй. Алдаа гардаггүй ажил, амьдрал гэж байхгүй гэдэг дээ, уг нь. Тиймээс бага сага юман дээр алдсан байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ том юман дээрээ бол алдаагүй. Улс орныхоо эрх ашгийг бодсон. Урьсан, орсон. Хөөсөн, гарсан. Улсаа гэх ухамсар, улс төрийн соёл, уужим сэтгэлээ харуулсан. Гол нь хожим хэлэх юмтайгаа үлдсэн. Гэтэл үүнээс эсрэгээр хөдөлсөн бол яах байж вэ гэдгийг төсөөлөөд үз дээ. Улс орныхоо эрх ашиг яриад, уриад байхад нь “үгүй” гээд тунирхаад байх уу. Хөөгөөд байхад нь тас зууралдаад суугаад байх уу. Үг, үйлдлийн өөр хувилбар МАН-д байгаагүй  гэж бодож байна. Тухайн үеийн нөхцөл, боломж, шаардлага гурваас л улс төрийн шийдвэрээ гаргасан харагддаг.

-Хэдэн жилийн өмнө бол Монголын улстөр намуудын өрсөлдөөн байлаа. Одоо намуудын гэдэг нэрэн дор фракцуудын өрсөлдөөн болсон мэт харагдах юм. Нөгөөтэйгүүр, намуудын нэр хүнд ч унасаар одоо бүр намаас залхах, намыг үзэн ядах талдаа гарч байгаа юм биш үү. Удирдлага, гишүүдээс нь ч болдог биз, бодлогоосоо ч бас болдог байх. Та үүнтэй санал нийлэх үү.Энэ юуных вэ, хэн, хаана нь ямар алдаа хийчихэв ээ. Яаж засаж, залруулах ёстой вэ?

-Наадахь чинь дэндүү том сэдэв. Нэг хэсэг мэргэд, нэг хэсэг ярилцаад ч дундрахгүй сэдэв. Улс төр, эдийн засаг, нийгмийн олон хүрээг хөндсөн цогцолбор асуудал. Түүнийг хэт хялбаршуулж ойлгох гээд байдаг. Намуудын өнөөдрийн зовлон бэрхшээл, алдаа мадгийг “урагшгүй ноёд, ухаангүй албатаас боллоо” гэсэн нүдээр л харж, тэр олон хүрээнээс нь сугалж аваад ярих нь өрөөсгөл. Нөгөөтэйгүүр, “нийгэм ямар байна намууд тийм л байна” гэж хэлдэг. “Чамаас төрсөн би чиний л байж байгаа царайны тусгал” гэж тавласан маягтай. Эсвэл “намд нийгмийн шилдгүүд нь шигшигдэн ордоггүй юмаа гэхэд нийгмийн шаарны цуглуулга арай биш” гэж арьсаа хамгаалж бас ярьдаг. Энэ бүхэн ортой нь ортой. Гэхдээ эцсийн дүндээ нийгмиийн массаа дагадаг биш, дагуулдаг нам л ирээдүйтэй.

-Уг нь бол монголчууд улстөрийн идэвх өндөртэй ард түмэн. Гэтэл сүүлийн үед ирц сонгуулиас сонгуульд буурч байна. Энэ бол таны хэлснээр массаа дагуулдаг нам байхгүй болсны жишээ. Энэ байдлаараа бол маш өндөр зардал гаргаж УИХ юмуу, Ерөнхийлөгчийн сонгууль хийтэл сонгуулийн ирц хуулийн босгодоо хүрэхгүй болохыг үгүйсгэхээргүй байна. Энэ нь ард түмний амьдрал сайжраад улс төрийг тоохоо больчихсонд байна гэж бодохгүй байна. Харин ч намуудад, байдаг л хэдэн улстөрчдөд, үргэлж худлаа хэлдэгт нь олон түмэн үнэхээр итгэл алдарч байгаатай холбоотой байх. Энэ итгэлийг яаж эргэж сэргээх вэ? Улс төрийн намын шинэ соёл, шинэ ойлголт, шинэ бүтэц, устөрчдийн шинэ имиж Монголд хэрэгтэй болсон юм биш үү. Дараагийн 25 жилд Монголыг ямар улс төрийн нам, ямар улстөрчид авч явах ёстой вэ?

– Наадахь чинь наддаа бас л ахадсан сэдэв байна. Би ганц л санаа хэлье. Асуудлыг суурь талаас нь хөндвөл нэг зүйл тодорхой харагддаг. Манайд олон намын тогтолцоо төлөвшиж гүйцээгүй хэвээр. Үүний нэг гол шалтгаан нь намууд төлөвшиж боловсрох эдийн засгийн үндэс суурь бүрэлдээгүй байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гэсэн ойлголт, үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлт аж үйлдвэржсэн оронд 7500 ам.доллар, аж үйлдвэржээгүй оронд 10000 ам.долларт хүрсэн цагт олон намын тогтолцооны эдийн засгийн суурь бүрэлдэх, нийгмийн анги, давхаргуудын улс төр-эдийн засгийн сонирхол ялгаран тодорч, энэ үндсэн дээр намууд тэдгээр анги, давхрагын бодит төлөөлөл болох нөхцөл бүрдэж эхэлдэг гэж судлаачид үздэг.

Монгол Улсад энэ үзүүлэлт хэд билээ, одоо? Дэлхийнбанкны мэдээлснээс үзвэл, 2012 онд огцом дээшилж 4300 ам.доллар хүрснээ эдийн засгийн уналт, ханшны сулралт мэтээс хамааран доошилж одоо 3000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй явна. Өөр нэг баримт. “Сити групп” гэж банк-санхүүгийн том байгууллага байдаг. 2011 онд энэ байгууллагын гаргасан судалгааг би харсан. Монгол Улс улс төрийнхөө тогтвортой байдлаа ханган, эдийн засгийн өсөлтөө 2010 оны хандлагаар үргэлжлүүлж чадвал нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 гэхэд 10000 ам.доллар давна гэсэн байсан. 2015 он маань одоо гялалзаад өнгөрч байна . Бид аль алийг нь хангаж чадсангүй бойтоглосоор л. Үүний улмаас эдийн засаг доройтсоноос гадна улс төрийн намуудын төлөвшилтөнд ч сөргөөр нөлөөлсөн. Энэ мэтээр яриад байвал улс төр, эдийн засаг, эрх зүй, нийгмийн гээд өөр хоорондоо хэрээстэй маш олон асуудал цаана нь бий. Дэндүү том сэдэв гэж би түрүүн хэлсэн шүү дээ.

-Сая ардчиллын, ардчилсан сонгууль болсны 25 жилийг тэмдэглэлээ. Та энэ 25 жилийн хамгийн том ололт, алдааг нэрлэхгүй юу ?

– Монголчууд бидний хамгийн том ололт бол эрх чөлөө. Үүнтэй хэн ч маргахгүй. “Это сладкое слово – свобода” гэсэн нэртэй кино хүртэл байдаг. Үзсэн биз дээ? Бид олон юмаар гачигдсан байж болох ч эрх чөлөө бол хангалттай байна. Бодож сэтгэх, босгоод тавих эрх чөлөөнөөс авахуулаад зүгээр суух, зүггүйтэж нураах эрх чөлөө хүртэл байна. Тэмүүлэлдээ хүрэх эрх чөлөө байхад тэнэгтэж суух эрх чөлөө ч бас байж л байна . Тэнэгтэх тэр эрх чөлөөг бид эдлэхээрээ нэг болж байх шиг. Бидний хамгийн том алдаа юу вэ гэж асууж байна. Тэр бол алдаанаасаа суралцахын оронд түүнийгээ байн байн давтдагт оршино гэмээр юм уу даа. Бидний хамгийн том алдаа бол алдаагаа байнга давтдагт оршино .

-Аливаа хувьсгал шинэчлэлд 20-25 жилийн дараа завсар ордог гэж нэг үг байдаг. Монголын ардчилалд өнөөдөр засвар хэрэгтэй юү, таны бодлоор. Зарим хүн бол бүр капитал засвар хэрэгтэй гэж байна. Хэрвээ хэрэгтэй бол таныхаар хамгийн түрүүнд юуг нь засах вэ. Тэр нь засаглалын хэлбэр мөн үү, Ерөнхийлөгчийн юмуу, парламентын гэж аль нэг талд нь шийдэх ?

-Урсгал засвар бол байнга л хэрэгтэй. Тэр капитал засварын цаг нь болсон гэдэг ч үнэн байх. Үндсэн хуулийнхаа үндсэн суурийг нь авч үлдээд, төрийн хариуцлага, эрх, үүргийн заагийг нь тодотгон тогтоох цаг нь болсон. Энэ тухай сүүлийн үед их ярих болж. Бараг л энэ намартаа л шийдчих ухааны юм яриад байсан. Юу л бол. Нийгмийн зөвшилцөл, намуудын ойлголцол оршин байж гэмээнэ шийдэгдэх асуудал. Засаглалын хэлбэрийн хувьд гэвэл аль алинд нь сайн, муу тал бий. Хэлцэж байгаад аль нэгийг нь сонгоход буруу юу байх вэ. Холимог буюу бантан хувилбар л бидэнд нэмэргүй.

-Одоо эдийн засгийн шинжтэй хэдэн асуулт асууя. Ер нь улстөр нь эдийн засгаа удирдаж чирч явах ёстой юм уу. Улстөр нь эдийн засагтаа чирэгдэж, удирдлагаар хангаж явах ёстой юм уу. Одоо бол манай улстөр нь эдийн засгаа удирдаж чирч, бас унагаж байна. Яаж зөв замдаа орох вэ?

-Би бол засаршгүй материалист хүн шүү дээ. Ахуй нь ухамсраа тодорхойлдог гэдэгт итгэсэн хэвээрээ. Тиймээс эдийн засаг бүхнийг тодорхойлно гэж үздэг. Одоо бол манай улстөр нь эдийн засгаа унагаж байна гэдэгтэй санал нийлнэ. Товчхон хэлэхэд тэрэг нь мориныхоо өмнө гарчихсан энэ гажиг байдлыг зассан цагт л зөв замдаа орох биз .

-Өөр нэг гажиг нь ганц салбараас хэт хамааралтай эдийн засаг. Уул уурхайн салбар манай хөгжлийн ирээдүй мөн үү. Ганц салбараас ингэж хараат явах нь хэр зөв бэ?

-Манайх шиг хөгжиж буй оронд боловсролын салбар л гол салбар юм, уг нь. Гэхдээ үүнийгээ хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгө одоогийн нөхцөлд орж ирвэл уул уурхайн салбараас л орж ирнэ.

-Та Ерөнхий сайд байхдаа Тавантолгойн 96 хувийг төрд авсан. Нэг хэсэг нь Баяр ингэж төрд аваагүй бол өнөөдөр Тавантолгойг төрийн бодлогын хэмжээнд ярих боломжгүй байх байсан юм гэх. Нөгөө хэсэг нь болохоор Баяр л хувийн хэвшилд 4 хувийг нь үлдээсэн нь хамаг балгийн эхлэл боллоо гэх юм. Энэ үйл явдал ер нь хэр зөв бөгөөд ямар бэрхшээл давж байж хүрсэн үр дүн бэ. Энэ шийдвэрийнхээ төлөө бахархал, харамслын аль нь танд илүү байдаг вэ?

-Нэг их бахархаад, эсвэл харамсаад байх юм надад үгүй. Хэрэгцээтэй, бололцоотой юмаа л тухайн цагт, өгөгдсөн нөхцөлд нь хийсэн. Хуулиар бол Тавантолгойн 50 хувийг л төр авах эрхтэй. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон гэсэн утгаараа. Гэтэл бид хэлэлцэж байгаад 96 хувийг нь түүнийг хариуцаж байсан хувийн хэвшлээс авахаар тохирч чадсан. 100 хувь хуу хамсан бол дээрэм болох байсан.  Бид зах зээлийн эдийн засагтай ардчилсан улс, нийгмээ байгуулж байгаа биз дээ. Тэрнийхээ эсрэг юм хийгээгүй гэдгээрээ манай Засгийн газар бахархах юмтай л даа, уг нь. Тэрнээс хойш долоон жил өнгөрөв. Саалийн үнээ болох юмаа хэрүүлийн алим болгож жижигрүүлсэн нь манай Засгийн газарт харин хамаарахгүй. Саалийн үнээгээ бид хэрүүлийн алим болгочихоод байна .

-Тавантолгойн төсөл одоо хөдлөх болов уу ?

-Мэдэхгүй. Хөдлөх хөг нь өнгөрч байгаа юм болов уу л гэж харагдах юм байна ш дээ.

-Тавантолгойнтөсөл нурж байхад, нөгөө талд нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь эхлэх гэж байх шиг байна. Ерөнхий сайд хэвлэлийнхний нэрлээд байгаа “Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурснаар энэ боломж нээгдлээ. Бодвол та үүнтэй танилцсан, мэдээлэл авсан л байх. Энэ зөв шийдэл үү, таны байгуулсан Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж байна, өр нэмж авлаа, Оюутолгойгоо бүр алдлаа гэх зэргээр шүүмжлүүлж байна. Энэ бүхний та бас сонссон байх.

-Сонссон төдий. Тодорхой мэдээлэл бол надад байхгүй. Одоо хэн надад тэрнийг нь үзүүлэх билээ. Оюутолгойн төсөл үргэлжлэх ёстой. 2009 оны гэрээний нөхцөлөө арай дордуулаагүй болов уу л гэж найдаж байна.

-Нэгэнт Оюутолгой гэж ярьсных танд таагүй байж магадгүй ч асуух ёстой хэдэн асуулт байна. Дургүйцэхгүй бол та дэлгэрэнгүй хариулж болох уу

-Ярилцлага эхлэхэд би чамд хэлсэн дээ. Сэтгүүлчид та нар цаасан малгай өмсгөж байгаад л газардуулахдаа гарамгай улс гэж.

-Та өөрөө бас олон таван үггүй шулуухан ярья гэсэн

-Тийм тийм, чи асууя гэснээ л асуу.

-Таныг Оюутолгойн гэрээ батлахдаа авлига авсан байж болзошгүй, тэр нь АНУ-д долоон байшин болсон бололтой гэж УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдсэн. Та түүнд нь “Би авлига аваагүй. Надад АНУ-д байшин байтугай майхан ч байхгүй” гэж товч хариулсан байсан. Одоо дэлгэрүүлж болох уу?

-Асуудал нэгэнт дууссан учраас би ярихад бэлэн. Аль болох дэлгэрэнгүй хариулъя. Шалгуулж байхад бол элдэв юм ярих нь хориотой байлаа. Одоо бол болно. Г.Уянга гишүүний мэдэгдлийн хувьд гэвэл, “болзошгүй, бололтой” гэж чи зөөллөж асууж байна. Тэр нэг гишүүн шууд л “С.Баяр авлига авсан, энэ нь Оюутолгойн гэрээг хүчингүй болгох бүрэн үндэс болно” гэж мэдэгдсэн байсан. Тэр мэдэгдлийг нь сурвалжилсан, нийтэлсэн сонинууд нь ч энэ байна. Минийх гэх тэр олон сайхан байшин барилгын зураг хөрөг нь ч энэ байна. “Бололтой” гээд байх юмгүй. Шууд л “С.Баярын долоон байшин” гэсэн байгаа биз дээ?

– Та ч элдэв баримт материал, сонин хэвлэл арвин цуглуулжээ…

– Адгийн зарга арав хоног гэдэг дээ. Заргын баримт арвидна гэж үгүй. Уг нь нэг их уншаад байдаггүй ч, элдэв сонин, цаас цуглуулах шаардлага гардаг л юм байна. За тэр ч яах вэ. Өнгөрсөн хавар Г.Уянга гишүүний мэдэгдэл гарсны дараа би Авлигатай тэмцэх газарт албан ёсоор өөрөө хандсан. Мэдэгдэлд гарсан гурван асуудлаар өөрийгөө шалгуулах хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө дурдсан. Нэгд, би Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээний далиманд авлига авсан эсэх. Хоёрт, надад АНУ-д үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх. Гуравт, би “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн эсэх. Тэд намайг шалгасан. Би ч өргөдөл гаргасан хүний хувьд өөрийгөө сайн шалгуулъя гэж зорьсон. Олон жил элдвээр хэлүүллээ. Одоо нэг тийш нь болгоё гэж. Шалгуулсан нь ганц би биш. Г.Уянга гишүүний мэдэгдэлд дурдагдсан байсан манай гэрийнхэн болон найз нөхөд ч бас шалгуулсан.

-Одоо шалгах үйл явц дууссан гэсэн үг үү ?

-Дууссан. Шалгалтын мөрөөр сүүлд нь надад прокурорын тогтоол хүргүүлсэн. Тэр нь энэ байна.

-Үзэж болох уу ?

-Үз л дээ. Нэлээд урт баримт байгаа биз. Дүгнэлтийн хэсгийг нь чамд уншаад өгье. Хуулийн байгууллагын баримт учраас чи зөв буулгаж бичээрэй. Энэ тогтоолд, “С.Баяр нь Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад хөрөнгө оруулагч талаас хээл хахууль авсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн С.Баяр нь АНУ-долоон тооны үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эхнэр, хүүхдүүдийн нэр дээр худалдан авсан, борлуулсан нь тогтоогдохгүй байх бөгөөд тус улсад худалдан авсан, борлуулсан эдгээр үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын иргэн Ч.Давааням болон АНУ-ын иргэн Б.Нандин нарын эрхэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой болох нь тогтоогджээ. Шалгасан материалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай” гэсэн байна.

-Энд нэр дурдагдсан Давааням нь таны найз, АНУ-ын иргэн Б.Нандин гэж таны охин гэж ойлгож байгаа, мөн үү ?

– Тийм.

-Таны охин хэзээ АНУ-ын иргэн болчихсон юм бэ?

-Аль 1995 онд. Арван найман нас хүрээд л болсон. Бид тэр үед АНУ-д гэр бүлээрээ байсан. Би Вашингтоны их сургуулийн судалгааны нэг төсөл дээр ажиллаж байсан үе. Хугацаагаа дуусгаад нутаг буцах болоход охин маань тэнд үлдэхээр шийдсэн. Тэрнээс хойш тэндээ ажиллаж, гэр бүлээрээ амьдарч байгаа.

-АНУ-ын иргэн болох нь монголчуудад тийм амархан байдаг юм уу, ялангуяа 1990-ээд оны үед ?

-Тэнд төрсөн учраас амархан. Бид оюутан байхад төрсөн анхны хүүхэд маань. Өвөө, эмээ нь тэр үед НҮБ-д, Нью-Йоркт ажиллаж байсан юм. Тэгээд л тэнд төрүүлэхээр шийдсэн юм.

– Таны охин, таны найзтай хамтраад АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг гэсэн байна. Тэр бизнес нь хэзээ эхэлсэн бэ, та тэр бизнест нь оролцдог уу ?

-Тэдний бизнес эхлээд арав гаруй жил болж байна. Намайг Москвад Элчин сайд байхад бизнесээ эхэлж байсан. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр би тэдний бизнест оролцоод яах билээ.

-Таныг тэр бизнест нь оролцдог байж таарна гэж л асуудал босгоод байгаа юм биш үү ?

-Тийм л байх. Гэхдээ нэг нь мөнгөө, нөгөө нь мэдлэгээ гаргаад эрхэлж байгаа бизнесийн хаана нь би багтах юм . Надад тэр талын мэдлэг, тэрэнд нь оруулах мөнгө байхгүй. Мөнгөө авлигаар босгосон гэж харддаг. Гэтэл Г.Уянга гишүүний дэлгэсэн тэр мэдээлэлд тэр олон байрны худалдан авалт, борлуулалт нь Оюутолгойн гэрээ байгуулагдах бүү хэл, намайг Ерөнхий сайд болохоос өмнө хийгдэж байсан нь тодорхой харагддаг. Үүнийг хар даа. Тийм байгаа биз дээ.

-Тэдний бизнес одоо ч үргэлжилсээр байгаа юу?

– Тийм. Амжилттай үргэлжилж байгаа. АНУ-д бизнес эрхлэхэд хөрөнгийн эх үүсвэр, хуульд нийцсэн үйл ажиллагаа хоёрыг онцгой анхаардаг. Тэр бүхэн нь асуудалгүй учраас бизнес нь үргэлжилж байгаа хэрэг.

-“Долоон байр” гэсэн тоонд нь та бас эгдүүцсэн байсан. Яагаад тэр вэ?

-Мэдэхгүй. Дордохын долоо болж харагдах ёстой юм уу, бүү мэд. “С.Баярын долоон байр” гээд байгаа нь борлуулсан байрны тоо бололтой юм. Гэтэл тэр нь долоо биш, ес гэсэн. Арай л билэгтэй тоо.Тиймээс мэдээлэл дутуу дэлгэгдсэн байна гэлтэй.

-Тэгэхээр хардлага нь худлаа ч, Г.Уянга гишүүний дэлгэсэн тэр мэдээлэл үнэн бодит мэдээлэл мөн үү ?

-АНУ-д бүртгэлийн төгөлдөршил хэдийнэ хийгдсэн учраас хөрөнгийн хөдөлгөөн ил тод байдаг. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албан ёсны сайтаас хуулсан тэр мэдээлэл нь бол үнэн бодит. Тийм мэдээлэл дэлгэсэнд буруу ч юу байх вэ. Нээлттэй нийгэмд байдаг л зүйл. Буруу нь юу гэхээр нууц юм гэнэт олоод, ил болгочихсон юм шиг аягласнаас гадна “Энэ бол С.Баярын байр. С.Баяр авлига авсан” гээд шууд гүтгээд унасанд байгаа юм. Тийм учраас л зарга хийгээд явдаггүй зарчмаа зөрчөөд энэ удаа хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргасан юм.

– Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн эдгээр баримтад таны охин Нандингаас гадна эхнэр, бусад хүүхдийн нэр байна. Бас монгол нэртэй олон компани ч байна. Энэ ямар учиртай юм бэ ?

– Миний хэдэн охид АНУ-д сурч байсан.Ээж нь ч тодорхой хугацаанд тэдэнтэй хамт байсан. Би ч дараа нь шинэ гэр бүлтэйгээ АНУ-д очиж, эмчлүүлж байсан. Тэнд байхдаа Нандингийн бизнест бид туслахыг хичээдэг. Бизнест нь оролцох биш, туслах гэж шүү. Би нарийн сайн мэдэхгүй ч үл хөдлөх хөрөнгийн бизнес олон онцлогтой. Гэхдээ бизнесийн суурь нь ойлгомжтой. Авсан байраа эзний ёсоор эзэмшин засаж сайжруулж байж зах зээлийн үнэлгээг нь дээшлүүлдэг. Хөндлөнгийн хүн хөлсөлвөл өртөг нэмэгдэнэ. Өөрийн хүн ядаж л сэтгэлээсээ хандана. Тиймээс “хүний нохой идэхээс, өөрийн хүн идсэн нь дээр”гэсэн зарчмаар л хандсан хэрэг. Гэхдээ энэ зарчим бизнесийн эхэн үед байсан. Охид маань ч сургуулиа төгсгөөд нутагтаа хэдийнэ ирсэн. Одоо бол Нандингийн бизнес нь тогтворжиж өргөжөөд, ах дүү, хамаатан садны нэрээр биш албан ёсны компанийн нэрээр бүртгэгдээд явдаг.

-Арав гаруй жил үргэлжилж байгаа бизнес яагаад гэнэт өнөөдөр ил болж, асуудал болоод босоод ирэв ээ. Та үүнийг юу гэж харж байгаа вэ, таны түрүүний ярьснаар ямар нэгэн салхи үлээж байгаа юм болов уу?

-Арав гаруй жил энд биш, АНУ-д өрнөж ирсэн бизнес. Нуугдаж биш, ил хийж байгаа ажил. Ил юм гээд түүнийгээ олноо зарлан тунхаглаад, гайхуулж сайрхаад явах хэрэг байх уу, байхгүй. Асуудал яагаад боссон, дуулианы салхи яагаад үлээсэн нь тодорхой. Асуудал миний найз, миний охинд байгаа юм биш . Тэд улс төрөөс хол улс учраас тэднийг Монголын улс төр хавийн салхи тоож үлээхгүй. Харин намайгаа бол тоосоор байна. Асуудал над дээр байгаа юм. Би муухай харагдах ёстой. Найз нь мөнгөтэй. Охин нь гаднын иргэн. Өөрөө бол шуналтай, авлигад идэгдсэн гэх маягаар адгийн амьтан болж харагдах ёстой байсан юм биз дээ.

-Асуудал танай охин, танай найз нарт байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Таныг тэр бизнест нь оролцдог байх гэх хардлага л яваад байлаа. Их хэмжээний авлига авч тийм хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байх гэж. Гэтэл та таг дуугүй яваад байсан нь олон нийтэд бүр ч эргэлзээ, сэжиг төрөөд эхэлсэн байх. Та энэ баримтуудаа дэлгээд, хэн ч ойлготол ярих нь яасан юм бэ?

– Хуулийн байгууллагаар шалгуулж байгаа хүн элдэв юм яриад явдаг хууль, журам байхгүй. Сая би баримт сэлт харуулж байгаад ярьдгаа ярилаа. Дээр нь нэг, хоёр зүйл нэмээд хэлчихье. Аливаад эрүүл ухааны гаргалгаа гэж бас байдаг. Тэр талаас нь бас бодоод үз л дээ.

Нэгд, намайг Оюутолгойн төслөөс мөнгө хуссан гэж гэрээ байгуулсан өдрөөс л харддаг байсан. Сүүлдээ бүр ил задгай ярьдаг, гүтгэдэг болсон. Гэтэл тэр төслөөс мөнгө хусах боломжтой юу? Оюутолгойн гэрээ манай Засгийн газартай байгуулсан дэлхийн тэр том компани бол паблик компани. Сая сая доллар байтугай хэдэн центээ хоргол тоолж байгаа юм шиг бүртгээд олон мянган хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол тайлагнадаг газар. Мань мэтийн жудагт итгэхгүй байлаа гэхэд тэдний журманд эргэлзэх юм байхгүй. Бидэнд тал тохой татаж, ханцуйнд маань юм хум шургуулсан байвал шууд л шүүх, шорон болоод явчихдаг нээлттэй, ардчилсан журамтай улс гүрнүүд тэр компанийн ард нь ярайгаад байж байна.

Хоёрт, хэрэв би энэ журмыг нь яаж ийж аргалаад Оюутолгойн төслөөс мөнгө хусах дайны ухаан сийлсэн хүн юм бол тэр олсон мөнгөө ил, задгай долоон байр болгоод, авгай хүүхдийнхээ нэр дээр улаан цайн бүртгүүлээд сууж байх мулгуу амьтан би мөн үү . Хусах ухаан гаргасан шигээ хураах ухаанаа олох байсан байлгүй дээ , тийм үү.

-Оюутолгойгоос авлига аваагүй гэдгээ итгэтэл хариулж байгаа шигээ 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдалд буруугүй гэдгээ та бас тэгж хариулж чадах уу. Эцэстээ энэ өдрийн үйл явдлын гол захиалагч нь таныг л байсан мэтээр ярих болж. Гэтэл та бас л таг дуугүй , цаг нь болохоор үнэн нь тодорно гээд л явах юм.

-Чадна, чадахгүйг би өөрөө шүүхгүй. Би харин энэ өдрийн үйл явдал дээр ганц л зүйл хэлж чадна. Тэр нь үнэнийг өөрийнхөө мэдэх хэмжээнд ярих. Энэ өдрийн үйл явдлын бүх үнэнийг дэлгэж ярих хэрэгтэй гэж боддог. Хэн нэгнийг буруутгах, зөвтгөх талаас нь биш, дахин ийм явдал гаргахгүй байх талаас нь ярих хэрэгтэй. Гэтэл олон асуудал ҮАБЗ-ийн хуралдааны төвшинд яригдсан байдаг. Тэдгээр нь бүгд нууцын зэрэглэлтэй байгаа. Тэрнийг нь задлаад яриад байх боломжгүй. Тэгэхдээ таг дуугүй яваад байсан гэвэл худлаа. Хэлдгээ бол хэлсээр л ирсэн. Харин хар, цагаан пиар хийгээгүй маань бол үнэн. Би бол пиар хийх ёсгүй сэдэв гэж боддог. Хаана хаанаа бодож явах ёстой том эмгэнэл, том сургамж байгаа юм.

-Тэр баримтуудыг, ҮАБЗ-ийн хуралдааныг улсын нууцаас гаргаж болохгүй юу. Тэгвэл их олон зүйлийн учир тайлагдана даа.

-Сэтгүүлч та нар асуудал болгоод хөөцөлд л дөө. Мань мэт үүнийг яриад явахаар нөгөөх л пиар, сонгуулийн сурталчилгаа, улс төржилт нь болж харагдах гээд байдаг талтай. Юу хэлэв гэж хүлээж авахаасаа хэн хэлэв гэж түлхдэг нь Монголын улс төрийн өнөөгийн онцлог юм даа.

-Монголын улс төр гэснээс дахиад асууя, танаас.Та улс төрд эргэж нэг орохсон, тэрнийг нь ингээд, энийг нь тэгээд шийдчих юмсан гэж огт бодохоо болсон гэвэл хүн итгэхгүй байх. Тийм бодол орж ирдэг биз дээ. Нэг орвол гарч болдоггүй орчин гээ биз дээ энэ улс төрийг ?

-Эхэнд тавьсан пянзаа дахин гаргаад л… Би хэлсэн ш дээ тоотой хэдэн зарчим надад байдаг тухай. Зарчмаа барихаас гадна тийм бодол, хүсэл надад үнэхээр байхгүй. Хүсэл зоригоос гадна хүч тэнхээ хэрэгтэй. Тэр нь ч алга. Улс төр гэдэг бол дурлаад байхаар амттай, амар хялбар ажил огт биш. Жинхнээсээ орвол хүний хамаг байдгийг ховх сорчихдог орчин. Нөгөөтэйгүүр, би эргээд орлоо гэж хийсвэрлэн бодвол сум, дүүргийн депутат болж үзнэ гэж явахгүй нь лавтай. Өмнө нь барилдаж явсан жин энэ тэрээ бодвол би дээд зиндаанд л үзэх болно . Гэтэл тэрний шалгуур нь дэндүү өндөр. Нэгд, баахан хагалуулсан, хүчтэй эмээр тордуулсан учраас миний бие бүтэн биш . Дээд оргил гэдэг бол ямар эмнэлгийн тасаг биш, тэнд эрүүл хүн хүрэх ёстой . Хоёрт, баахан баалуулсан, гүтгүүлсэн учраас миний нэр бүтэн биш . “Долоон байр, долоон сарын нэгэн, таван хүний амь, таван төгөлдөршил…” гээд олон сэдвээр намайг элдэвлэдэг. Тэр болгоныг тайлбарлаж учирлаад л, хэнхэдгээ дэлдээд л, хамаг байдгаа тоочоод, гүйгээд байх хүсэл алга. Цаг хугацаа гэж нэг юм бий. Хэзээ ч юм тэр л бүхнийг шүүнэ, таслан шийдвэрлэнэ биз, Отгонбаяр аа. Гуравт, бид мэтээс одоо шинэ юм гарахгүй. Зөв гэнэ үү, буруу гэнэ үү бид хийдгээ хийсэн. Одоо шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ “Пепси” мэтхэнийг сонгосон, яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш . Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч, нэр нь ч бүтэн тийм л шинэ үеийн цаг нь хэдийнэ болсон  гэж боддог.

-Гэхдээ л таныг сэтгэлдээ нэг л гунигтай, гутруу байгаа юм шиг мэдээллүүд гараад байдаг. “Цаг нь ирсэн” гэснээс түрүүчийн ярилцлагаа би “С.Баярын улстөрийн цаг одоо хэд болж байна вэ” гэсэн асуултаар дуусгах гэтэл та “Дараа хариулна” гэсэн. Та одоо юу гэхсэн бол ?

-Миний хувьд ажил тарсан учир улс төрийн цагаа тайлаад тавьчихсан. Одоо хэдийнэ зогсчихсон байгаа биз. Оронд нь ахуйн цаг зүүж явна. Тэр маань ургах нарныг биш юмаа гэхэд, жаргах нарныг заах арай болоогүй биз гэж найдаж байна. Гуньж гутраад байх юм алга. Амьдрал үргэлжилж байна.

Хил зөрчсөн хятад иргэдийг саатуулжээ

Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр хадлан хадах зорилгоор БНХАУ-ын харъяат найман иргэн орж ирснийг манай хилчид саатуулжээ. Тэднийг баривчлан захиргааны арга хэмжээний дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж,  холбогдох хүмүүст нь хариуцуулан өгсөн байна.

Мөн Дорнод аймгийн Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр иргэн Д-ийн 66 толгой адуу улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлэн, малын эзэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан баталгаа гаргуулж, зүсмийн бүртгэлийн дагуу адууг хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Today.mn

Мөнгөнд шунасан машин ачигч нарт хүн чанар гэж байна уу…

achigchnarhurimiinmashinachivХотын төвийн хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг зогсоолгүй газар байрлуулбал ачдаг үйлчилгээг нэвтрүүлээд нэлээдгүй хугацааг үдэж байна. Хэдий замын хөдөлгөөнд саад учруулан тавьсан хувь хүний буруутай үйлдэл ч эдийн засгийн хүндрэлтэй байгаа иргэдийн хувьд бас л том асуудал. Учир нь манай нийслэлд автомашинаа зогсоох хангалттай зогсоол байхгүй. Ачилтыхан ч мөнгөнд хэт улайран хямарч яваа иргэдээ дээрэмдэж, зодох нь холгүй машиныг нь ачаад явдаг. Тэгвэл амьдралд ганцхан тохиох баярт мөчөө өнгөрүүлж байгаа хосуудын хуримын машиныг ачиж байгаа ачигч нарт хүн чанар гэх зүйл мөнгөнд дийлдсэн бололтой. Хуримаа хийж байгаа хос болгон талбайд очиж Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж зураг хөргөө авахуулдаг уламжлалтай байдаг. Гэвч Чингисийн талбайн ойр хавьд авто машины зогсоол байдаггүй. Хэдхэн минут машинаа байрлуулж баярт үеийнхээ зургийг авахуулах залуу хосуудын баярыг нэг удаа ерөөгөөд өнгөрөөх ухаан ачигч нар байдаггүй нь харамсалтай. Эхлээд автомашиныхаа зогсоолыг шийдчээд ачих, түгжих хэрэгтэй баймаар.

Эх сурвалж: Шуурхай.мн

Л.Гүндалай: Би жижигхэн аймаг байтугаа улсын хэмжээний, төрийн хэмжээний их хурлыг 3-удаа тарааж явсан хүн шүү /Видео/

Бямба гаргаас эхэлж Баян булаг багийн “зээл”-ийн хэсэгт иргэд гэр майхан барьж “газар авна” гэж цуглаад байна. Тэгвэл даваа гарагт буюу өнөөдөр Л.Гүндалай тэргүүтэй хүмүүс ЗДТГ-ын байранд ирж аймгийн удирдлагуудад хандаж тухайн газрыг “иргэдэд олго” гэсэн аман шаардлага тавьсан юм. Энэ үед Засаг дарга С.Дангаасүрэн эзгүй байсан тул түүний орлогч Д.Энхбаттай уулзлаа. Түүнчлэн аймгийн Ардчилсан намын дарга М.Батчимэгтэй утсаар холбогдож “тухайн газрыг иргэдэд өг” гэлээ.
Л.Гүндалайг АЗДТГ-ын байранд ирэх үеэр ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байсан юм. Тэрээр уг хурал дундуур ИТХ-ын тэргүүлэгчдэд хандаж “гэрээ барьчхаад буй иргэдэд газар олго” гэж мэдэгдлээ.
Ирэх жил болох УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан бусаар эхэлжээ. Гэхдээ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд жирийн иргэдийн зовлонгоор “шоу” хийж байгаа нь харамсалтай юм. Ард түмнээ хайрла намын дарга Л.Гүндалайгийн хувьд хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д олон жил ажилласан. Ардчилсан төрт Монгол улсад бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстойг маш сайн мэдэх учиртай. Гэтэл тэрээр иргэдийг турхирч аймаг орон нутгийн хэвийн амьдралыг тэмцэл, үймээн самуунд уриалж байна. Энэ нь цаашид маш олон эрсдэлийг дагуулж болох тул ард иргэд та бүхэн хуулиа дээдэлж аливаа улс төрийн хүчин, улс төрчийн эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн оролдлогын золиос болохгүй байхыг уриалъя. Энэ бүх үйл явдлыг эхлүүлсэн ноён Л.Гүндалай цугласан иргэдэд ямар нэгэн тайлбар хэлэлгүй өдрийн 15 цагийн орчимд Улаанбаатар руу явсан байна.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдэгдэл хүргүүллээ

“УТААГҮЙ НИЙСЛЭЛ- 2015” бүх нийтийн гүйлт болно

12049625_886141721482000_8244955426998055855_nМАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт” Үндэсний Нэгдсэн Оюутны Холбооноос санаачлан  10 сарын 03-ны бямба гарагт  “Утаагүй нийслэл”  уриан дор  олон нийтийг хамарсан марафон гүйлтийг зохион байгуулахаар болжээ. Тус гүйлтийн  арга хэмжээний удирдамжийг та бүхэндээ танилцуулья.

“УТААГҮЙ НИЙСЛЭЛ- 2015”  БҮХ НИЙТИЙН   МАРАФОН

ГҮЙЛТИЙН УДИРДАМЖ

Зорилго:

“УТААГҮЙ  НИЙСЛЭЛ” нэртэйгээр “Цэвэр агаар – Эрүүл амьдрал ” уриан дор нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгож нийгмийн амьдралд  ард иргэдийн оролцоог дээшлүүлэх, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол замбараагүй хот төлөвлөлт нь ард иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг  сурталчилан таниулж иргэдийн санал бодлыг нийслэлийн удирдлагуудад хүргэх  түүнчлэн иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж 2015.10.03-ний 0900 цагт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-д бүх нийтийн “Марафон гүйлт”-ийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

  • МАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт” Үндэсний Нэгдсэн Оюутны Холбоо

Хамтран зохион байгуулагч:

  • Шадар Сайдын Ажлын алба
    • Эрүүл Мэнд, Спортын яам
    • Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам
    • Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
    • Батлан хамгаалах яам
    • Хууль Зүйн яам
    • Барилга Хот Байгуулалтын яам
    • Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
    • “Цэвэр Агаар Сан”
    • Монголын Хөнгөн Атлетикийн холбоо
    • Монголын Пара хөнгөн атлетикийн холбоо
    • Монголын Эмэгтэйчүүдийн холбоо
    • Монголын Залуучуудын холбоо
    • Монголын Оюутны холбоо
    • “Сэр-Од марафон” ТББ
    • Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбоо
    • Ардчилал шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбоо
    • Ардчилал шударга ёс Монголын ахмадын холбоо
    • УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга Ёс эвслийн бүлэг
    • НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга Ёс эвслийн бүлэг

Зайн төрлүүд:  4 км,  10 км, 21 км

Шагнал урамшуулал:

4 км зайд

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 15 эр, 15 эм /

Пара төрөл

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 15 эр, 15 эм /

10 км зайд

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 15 эр, 15 эм/

21 км зайд

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 25 эр, 25 эм /
  • Хамгийн хамгийн ангилалд 8 байр / ахмад, залуу, нэр хүндтэй, холоос ирж оролцсон, хамгийн сүүлд ирсэн/

Насны ангилал тус бүрт эхний эрэгтэй, эмэгтэй  3 байр Алт, мөнгө, хүрэл медаль болон үнэ бүхий зүйл байна.

Ангилал тус бүрд эхний 15 эрэгтэй, эмэгтэй 15 дурсгалын зүйл байна.

 

Хамрагдах төрлүүд:

  • Сонирхогчийн төрөл
  • Мэргэжлийн / цэргийн төрөл

Хэвлэл, мэдээллийн спонсор:

Маршрут:

Уралдах замын чиглэл

А. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы машин зам дээрээс гараанд гарч  уралдана.  300м-ийн дараа зүүн гар тийшээ эргэнэ. Дахин 150м-ийн дараа Баруун гар тийш эргэж Дүнжингаравын урдуур явсан төв замаар гүйнэ. Зай тус бүрийн тавьсан тэмдэгтийг тойрч эргэн бариа руу гүйж орно.

  • 4км нь 1.900м гүйгээд эргэж Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
  • 10км нь 4900м гүйгээд эргэж Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
  • 21км нь 5250м гүйгээд эргэж цэцэрлэгт хүрээлэнгийн хойд машин зам дээрээс эргэж 1 тойрч ирэн Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Хэзээ:  2015.10.03- ны  09:00  цагт

Бүртгэл: 2015 оны 09 сарын 25-ны  1200 цагаас 2015 оны 10 сарын 03-ны 0900 цаг хүртэл Эрүүл мэнд Спортын Яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явагдана.

Мандат, бүртгэлийн хураамж

  • Оюутан, сурагчид 3000 төгрөг (Ус, номер ,номер тогтоогч, толгойн кист)
  • Бусад иргэд 5000 төгрөг (Ус, номер ,номер тогтоогч, толгойн кист)
  • Оролцогчид иргэний үнэмлэхтэй
  • Оюутан сурагчид оюутны үнэмлэх, сурагчийн үнэмлэх, иргэний үнэмлэхтэй ирэх.
  • Оролцогчид номер авах

Тэмцээнийг зохион байгуулах комиссоос сонгогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна.

Холбоо барих утас: 99004931, 95821361, 99677224

Жич:

  • Тэмцээний үеэр тамирчид сахилга бат чанд баримтлах бөгөөд спортын бус алдаа болон зохион байгуулалтын дүрэм журмыг зөрчих, хог хаях асуудлыг хатуу хориглоно.
  • Цаг нарийн баримтална.
  • Цаг агаарт тохируулан дулаан хувцаслах.

Номерыг дараах байдлаар тараана.

  • Гүйж байгаа зайн ангиллаар нь номерын эхний хэсэгт оруулна. /4.10.21-/
  • Хоёр дугаарт хүйсийг харуулсан англи үсэг байрлана. /M-/
  • Гуравдугаарт оролцогчийн бүртгэлийн дугаар байна. /0001./
  • Дөрөвдүгээрт зайн ангиллаар нь өөр өөр өнгөтэй байна.
  • Жишээ: /4-WA0001/-эмэгтэй , /4-MA0002/-эрэгтэй гэх мэт

Казах түмний домог болсон хүүхнүүд

6668a4d98e21c9d8676e068f4df3d309Өмнө нь би бээр Казах түмний дундаас тодорч гарсан баатар зоригт сайн эрчүүдийн тухай “Казахын дуулиант эрчүүд” хэмээх томоохон нийтлэл бичиж, Казах түмнээс өндөр үнэлгээ авч байлаа. Эрт цагийн баатарлаг сайн эрчүүдээрээ бахархдаг өнөө цагийн казах залуучууд, бүсгүйчүүд дээрхи нийтлэлийг олноороо шейрлэн авч, сайхан сэтгэгдэл үерлүүлж байлаа. Энэ удаад “Казах түмний домог болсон хүүхнүүд”-ийн тухай өгүүлсү.

ЭРТНИЙ АМАН ЗОХИОЛД МӨНХӨРСӨН БАЯН СУЛУ

Монголчуудын эртний туульс Жангар лугаа нэгэн туульс Казах түмэнд байдаг юм байна. Тэр нь “Огузын баатарлаг туульс” ажээ. Энэхүү домогт Огуз хаан эхийнхээ хэвлийд нарны туянаас бий болж төрсөн тухай, мөн Огуз хаан хоёр эхнэртэй, нэг нь Тэнгэрийн дагина, нөгөө нь усан дундах газар аралаас ирсэн хүүхэнтэй байсан тухай өгүүлнэ. “Тэнгэрийн дагина” эхнэрээс төрсөн гурван том хүүдээ Огуз хаан Күн (Нар), Ай (Сар), Жулдыз (Од) гэсэн нэг өгсөн бол усан дундах газар аралаас ирсэн хүүхнээс төрсөн гурван бага хүүдээ Көк (Хөх), Тау (Уул), Тениз (Тэнгис) гэсэн нэр хайрлаад, эд бүгдийн нийгэм дэх мөнхийн байрлалыг тодорхойлжээ. Мөн Казах түмэнд мөнхийн сэдэв болох хайр дурлалын тухай “Козы Корпеш-Баян сулу”, “Енлик-Кебек”, “Кыз Жибек”, “Айман-Шолпан”, “Макпал мен Сегиз” гэх мэтийн туульс байдаг юм байна. Эд бүгдээс мянга таван зуун жилийн настай “Козы Көрпеш-Баян сулу” тууль нэн алдартай ажээ. Товч утга нь Козы Көрпеш хайрт хүүхэн Баян сулугаа хайж тэнгэр өөд гарч, газар доор ч орно. Энэхүү туулийг сурвалжилсан хүн бол эдүгээ Казакстанд суугаа Шамахай Сайра хэмээх бүсгүй юм. Казакстаны их сургуульд багшилдаг энэ оюунлаг бүсгүй Казах түмнийхээ эртний домог түүхийг бичиж сурвалжилдаг сүрхий судлаач ажээ. Би бээр Баян сулу хэмээх домогт хүүхний тухай нарийн мэдэж авахын тулд Шамахай Сайратай холбогдож уран бүтээлийн анд бололцсон юм. Алс холын Астана хотоос энэ бүсгүй ийм нэгэн мэдээлэл явуулжээ.
“…Баян Сулу бол Казах ба Турк улсад тархсан “Козы Корпеш-Баян сулу” хэмээх Казах аман зохиолын гайхамшигт хайр дурлалын тухай туульсын гол дүр юм. Баян Сулу нь үзэсгэлэн гоо ба үнэнч хайрын дүр болсон сайхан бүсгүй. Гэхдээ Козы Көрпеш ба Баян сулу хоёрт зориулж баригдсан бунхан бол түүнийг бодит хүн байсан гэдгийг илтгэдэг. “Козы Корпеш-Баян сулу” туулийг 14-р зуунаас эхлээд Сыбанбай, Бекбау, Жанак, Шөже нарын туульчид түгээн дэлгэрүүлсэн. Туулийн товч утга нь Карабай, Сарыбай хоёр дотно найзууд. Тэд нэг өдөр ан агнаж явахдаа хоёр хүүхдээ гэрлүүлэхээр тохиролцоно. Гэвч Сарыбай удалгүй анд яваа үедээ нас барж, эхнэр нь Козы Көрпеш хүүтэйгээ үлддэг. Тиймээс чинээлэг баян Карабай өнчин хүүд охиноо өгөхгүйн тулд алс нутаг руу нүүдэг. Тэгэвч Козы, Баян сулу хоёр бие биедээ дурладаг. Козы Көрпеш том залуу болсон хойноо хэлэлцээ тогтоож амласан тэр бүсгүйгээ авахаар оддог. Энэ үед Баян Сулуг эцэг нь өөр нэг Кодар хэмээх баатарт өгөхөөр болсон байдаг. Эцэст нь Кодар баатар Козы Көрпеш хоёр тэмцэлдээд Көрпеш алагдана. Тиймээс Баян сулу өөрийн амиа хөнөөж нас бардаг. Козы-Көрпеш болон Баян сулугийн бунхан Казахстаны Аягөз гэдэг газарт баригдсан юм. Туульд дурдагдсанаар уг бунханыг барихаар Сарыбайн дүү Тайлак ноён дөчин хүн дайчилж, Кози Керпеш, Баян сулу нарт бунхан босгоод тэдний дүрийг чулуунд зурж үлдээсэн юм. Ялангуяа Баян Сулугийн үзэсгэлэнт сайхан дүрийг маш уран дүрсэлж гаргасан. Тэр барьсан бунхан нь хайрын мөнхийн билэгдэл болсон мэт одоо хүртэл хуучралгүй байж байгаа. Судлаач Г.Н.Потанин Казахын “Козы Көрпеш-Баян сулу” туулийг маш өндрөөр үнэлсэн. 1839 онд Казахын зохиолч Габит Мүсирепов энэ туульсийн дагуу драмм (пьеса) бичиж гаргасан. “Козы Көрпеш–Баян сулу” тууль нь эрт дээр үеийн турк-монгол омгуудын дунд түгээмэл тархсан нэгэн гайхамшигт үйл явдлын сюжет юм…” гэж Шамахай Сайра өгүүлсэн байв. Баян сулу гэдэг нэрний тухайд гэвэл Баян гэдэг нь эр хүний нэр ажээ. Баян сулугийн эцэг Карабай ерэн түмэн малтай маш баян хүн байж. Гурван охинтой. Ингээд бага охиндоо Казахын ёсоор зориуд эр хүний Баян гэдэг нэрийг өгчээ. Дараагийн хүүхэд маань хүү болог гэж бэлэгшээсэн. Туульд Козы Көрпешийг оршуулсны дараа Баян сулу бүсгүй түүний шарил дээр очоод өөртөө канжар (тэр үеийн том хутга) дүрээд хорвоог орхижээ. Ингээд дурлалт хоёр хосыг хамт оршуулаад бунхан босгож, дүр төрхийг нь чулуунд мөнхөлсөн түүхтэй юм байна.

ЭМГЭНЭЛТ ТУУЛЬСЫН ДОМОГТ БААТАР КЫЗ ЖИБЕК

Казахын яруу найрагч Хавааны Байыт надад хандаж “Манай Казак түмний түүхэнд Кыз Жибек, Айман-Шолпан болон Хэрэйт омгийн алдарт Абах зэрэг домог болсон хүүхнүүд бий. Эд нар бол дээр үеийн алдарт туульсуудад гардаг баатар эрсийн хайртай бүсгүйчүүд. Учир начрыг нь олж бичихгүй бол түвэгтэй шүү” гэж захисан юм. Ингээд учир начрыг нь олохоор явлаа, хайлаа, оллоо, бичлээ.
Казахын эмгэнэлт туульсийн домогт баатар болж мөнхөрсөн Кыз Жибек нь 16-р зууны эхэн үед амьдарч асан эх оронч, баатар зоригтой, үзэсгэлэнт бүсгүй ажээ. Кыз Жибекийг оросоор “Девушка Шёлк, Шелковая девушка” гэж орчуулжээ. Монголоор бол “Торгомсог бүсгүй” юмуу даа. 16-р зууны эхэн үеэс Казахын олон омгууд нэгдэж Казахын хаант улсыг байгуулжээ. Чухам энэ үед Кыз Жибек хэмээх үзэсгэлэнт бүсгүй омгуудын хоорондын өрсөлдөөнөөс болж золиослогдсон юм байна. Жагалбайлы омгийн Толеген баатар Шекты омгийн дурлалт бүсгүй Кыз Жибекийг өөртөө авахаар Шекты омгийн баатар Бекежантай тэмцэлдэнэ. Энэ хоёр баатар эрийн тэмцлийн улмаас Кыз Жибекийн халуун хайр дурлал, нөхөрлөл, баатар зориг, эх оронч тэмцэл гээд бүхий л сайхан чанарууд цухалзах бөгөөд эцэст нь Толеген баатар Кыз Жибекийн төлөө тэмцэлдэж яваад өрсөлдөгч Бекежан баатарт харамсалтайгаар алуулжээ. Гэсэн ч Кыз Жибек бүсгүй Бекежан баатрын гарт орсонгүй. Тэрбээр хайрт нөхрөө алагдсанаас хойш хэний ч тэвэрт оролгүйгээр халуун хайр дурлалаа зүрхэндээ хадгалж байсаар есөн жилийн дараа Толеген баатрын төрсөн дүү Сансызбатай гэрлэжээ. Оросын судлаач энэхүү хайр дурлалын түүхийг “Казахская Ромео и Джульетта” гэж онцолсон байх аж. Манайхаар бол “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа хоёртой төстэй. Гэхдээ Юндэн, Нансалмаа хоёр бол уран зохиолын дүр. Толеген баатар, Кыз Жибек хоёрын эмгэнэлт хайрын энэхүү бодит түүхээр олон арван зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч авъяасаа сорьж, ном зохиол туурвихаас гадна дуурь, балет, кино хүртэл бүтээжээ. Кыз Жибекийн тухай анхны ном 1894 онд Казань хотод хэвлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ бүсгүйн тухай янз бүрийн өнцөгөөс харж бичсэн 16 зохиол байдаг юм байна. 1988 онд Кыз Жибек орос хэл дээр хэвлэгдсэн бол 2003 онд Козы Корпеш-Баян сулу, Кыз Жибек хоёрыг хамтатгасан “Евро Азийн ард түмний туульс” нэртэйгээр хэвлэгдэж, 2008 онд ЮНЕСКО-гоос Казахын ардын урлагийн сор бүтээл гэж үзээд Кыз Жибек туульсийн 500 жилийн ойг тэмдэглэсэн юм байна. 1934 онд хөгжмийн зохиолч Е.Г.Брусиловский Кыз Жибекийг дуурь болгож тайзнаа тавьж, улмаар Казахын 50 гаруй дуунаас Киз Жибекийн “Хунгийн дуу” хэмээх ари гоц ялгарч, 1936 онд Москвад зохиогдсон Казахын ард түмний тайлан тоглолтоор маш их амжилт олж, үүнийг дуулсан дуучин Куляш Байсеитова СССР-ийн Ардын жүжигчин цол хүртэж байсан байна. Мөн Кыз Жибекийн намтар түүхээр “Гак-ку” хэмээх бүжгэн жүжиг тайзнаа тавигджээ. 1972 онд “Казахфильм” киностуди Кыз Жибекээр кино хийсэн бөгөөд уг кино 1955-1990 он хүртэл хийгдсэн бүх кинонуудаас 7,8 сая хүн үзсэн үзүүлэлттэйгээр ашиг орлогоороо дээгүүрт жагсаж, мөн Казакстан улсын төрийн дээд шагналыг хүртжээ. Кыз Жибек нь хожмын түүх болоод урлаг, уран зохиолд ингэж алдаршин мөнхрөх азтай бүсгүй байж шүү.

АВЪЯАСЛАГ, УХААЛАГ, ҮЗЭСГЭЛЭНТ АЙМАН-ШОЛПАН

Казахын Тама омгийн Мамана баатар, Шекты омгийн Котибара баатар хоёрыг ид тэмцэлдэж байх үед Айман хэмээх казах бүсгүйн мандан бадрал эхэлжээ. Хоёр омгийн ширүүн тулаан, алаан хядаан, цус нөж, үхэл хагацал, өнчрөл хоосрол дундаас Айман хэмээх бүсгүйн сайхан сэтгэл, хайр дурлал, гоо үзэсгэлэн, зориг чадвар, нэр төр тодрон гарч, тухайн цагийн нүүдэлчин түмний сор болж гялалзсан сайхан түүх байдаг юм байна. Өрсөлдөгч дайснууд нь Айман бүсгүйг ухаанаараа дийлээгүй тул төрсөн дүү бүсгүй Шолпаныг нь олзолж аваад элдвээр тамлах болжээ. Тиймээс зориг төгөлдөр Айман дайсны ар тал руу нэвтрэн орж дүүгээ олзлолтоос аварч байсан гайхам түүхтэй аж. Оросын түүх бичлэгт өгүүлэхдээ “…Айман-красивой, умной, образованной, талантливой и смелой девушки…” гэж бичсэн байх бөгөөд ухаантай, үзэсгэлэнтэй, авъяастай, зоригтой энэ бүсгүй манайхаар бол Галдан бошигт хааны домогт Ану хатантай төстэй юм шиг ээ. Тийм ч учраас хожмын түүхэнд туульс, роман, найраглал, дуурь болж мөнхөрчээ. “Айман-Шолпан” хэмээх туульс 19-р зууны тавиад оны үед зохиогдсон бөгөөд энэхүү туульс бусад туульсаас ялгаатай нь эмгэнэлтэй хэрнээ сайхнаар төгсдөг цорын ганц туульс юмсанж. “Козы-Корпеш-Баян сулу”, “Кыз-Жибек”, “Айман Шолпан” гурав нь Казахын оргил гурван туульс бөгөөд хөгжмийн зохиолч Е.Г.Брусиловский “Айман Шолпан” хэмээх дуурь бичсэн бол Казакстаны олон арван зохиолч ухаалаг, зоригтой Айман бүсгүйг шүлэг найрагтаа мөнхөлсөн байна. Энэ бүсгүй шиг олон түмний дунд ухаан сэтгэл, гоо сайхнаараа үлгэр домог болж үлдсэн олон арван бүсгүй Казах түмний дундаас төрөн гарсан ч тэр бүгдийг энд багтаах арга алга. Дашрамд өгүүлэхэд манайхан Гавъяат жүжигчин Хоролсүрэн гуайн дуулдаг “Актамак” дууны Актамак хэмээх бүсгүйг бодит хүн гэж эндүүрдэг. Гэвч Актамак нь бодит хүн биш бөгөөд казах бүсгүйн гоо сайхныг Актамак хэмээх зохиомол нэрээр илэрхийлжээ. Актамак гэдгийг үгчилж орчуулвал “Цагаан хүзүү” (хоолой) гэсэн утгатай бөгөөд хундан цагаан хүзүүтэй казах бүсгүйг магтан дуулсан нь энэ ажээ.

АМАРСАНАА БААТРЫН ХАТАН БОЛЖ ЯВСАН ГУЛЬНАР

Казах, Монголын түүхийн сурвалж бичгүүдэд Гульнар хэмээх казах хүүхний тухай бичигдсэн байдаг. Учир нь энэ хүүхэн Манжийн эсрэг тэмцэгч Амарсанаа баатрын хоёр дахь хатнаар залагдаж байжээ. Гульнар нь Чингисийн Зүчийн угсааны Аблай хааны охин. Энэ тухай түүхийн сурвалж бичгүүдэд өгүүлэхдээ “Амарсанаа баатар 1751 онд Зүүнгарын хаант улсын Лхамдаржаад ялагдаж Даваачтай хамт Хасагийн дундад ордны зүг зайлан одсон ба Хасагийн Аблай хаан тэднийг баяртай хүлээн авч охин Гульнараа өгч, Амарсанааг хүргэнээ болгоод дэргэдээ өсгөв” гэсэн байх аж. Гульнар нь мөн Монголын уран зохиолд эерэг болон эсрэг дүрээр мөнхөрч үлдсэн бүсгүй. Би бээр “Зүүн гарын мөхөл” тууждаа Аблай хаан, болоод түүний гүнж Гульнар нарыг цухас мөнхлөөд авсан. Түүнчлэн зохиолч Д.Цэмбэлийн “Амарсанаа” романд Гульнар нь эерэг талын баатрын дүрээр мөнхөрсөн байх аж. Жишээ нь “…Амарсанаа Хасаг нутгийн тэр нэгэн намуун тунгалаг өдөр үзэсгэлэнт Гульнар хатнаа дагуулан олон хэлийн шувууд мөчир дамжин жиргэсэн хааны ордны цэцэрлэг дотор зугаалж явлаа. Залуу гэргий нь түүний мөрийг түшин түмэн шувуудын баясгалант хөг аялгуунд зүрх догдлон баясах нь энхжингийн сайхан оронд ирсэн мэт боловч энэ бүхэн ягаад ч юм бэ, нэг л хуурамч, түр зуурын юм шиг санагдан хязгааргүй уйтгарт автжээ…” гэж өгүүлнэ. Мөн Амарсанаа баатар “…Хасагийн дундад ордонд би эрх тааваараа байна. Энэ чинь жаргал биш гэж үү? Аблай хаан үзэсгэлэнт Гульнар охиноо надад гэргий болгон өглөө. Энэ чинь жаргал биш гэж үү? Их Оросын хатан хаан хүртэл надад тал засч, миний зүг элч зарж байна. Энэ чинь жаргал биш гэж үү?” хэмээн аархдаг. Гэвч энэхүү аархал нь яваандаа зовлон болж хувирдаг. Учир нь Амарсанаа хадам эцэг Аблай хаанаасаа цэргийн дэмжлэг авч Зүүн гарын хаант улсыг эрхшээсэн ч Манж нарын хатгаасаар эргээд Аблай хаантай дайсан бололцдог. Эцэст нь Амарсанаа манж нараас дүрвэн зугтаж Аблай хааны ордонд амь тэмцэн ирдэг. Энэ үед Аблай хаан түүнийг манж нарт барьж өгөхөөр нууцаар тохирсон байх бөгөөд харин Гульнар хатан Амарсанаад үнэнч гэдгээ илэрхийлж, түүнийг Оросын нутаг руу оргуулдаг. Энэ тухай зохиолд өгүүлэхдээ
“…Амарсанаа минь, би чамайг эрлэг тамд явуулах гээгүй. Эндээс суллан гаргаж, амийг чинь аврахаар хүрч ирлээ. Хонгор минь, чи намайг жаргааж чадаагүй ч гэлээ би чамайг жаргааж чадахгүй юм гэж үү? Мөн ч олон жил чамайг хүлээлээ. Чи минь зовож зүдрээ байлгүй. Нүүр царайг чинь дахиад нэг харах юмсан. Ямар ч харанхуй юм бэ дээ, Гэгээн цагаан өдөр чамтайгаа жаргах хувьгүй байж” хэмээн гаслан өгүүлэв.
-Байз, танил дуу байх чинь. Гульнар минь, чи хаанаас гараад ирэх нь энэ вэ? Тэнгэр сахиус намайг чамтай ханилах хувь заяа хайрлаагүй билээ. Гульнар минь, тэр надад ямар л хувь оноосон бол түүнийг нь л эдлэхээс дээ…
-Чишш! гэж Гульнар хэлээд айсан нүдээр үүд рүү харсанаа “Амарсанаа минь одоохон явж үз. Манж, Хятадын хоёр арван маргааш үүрээр ирж чамайг аваачиж хороох гэж байна. Эцэг маань чамайг тэдэнд барьж өгөхөөр андгайлсан. Чамайг яаж тамлаж алах бол гэхээс миний айдас хүрч байна. Алт шиг хайран сайхан амиа бодооч! гэснээ түүнийг хүүхэд шиг хүзүүдэн авч хацар, нүүр нүдгүй үнсэн таалав. Амарсанаа тэрхэн агшинд олон жилийн өмнө Хасаг нутгийн тэр нэгэн намуун тунгалаг өдөр Гульнар охины гараас хөтлөн цэцэрлэг дундуур зугаалж явсанаа саналаа…”
Хасагийн дундад ордны Аблай хааны охин Гульнар гүнж Монголын уран зохиолд ийм нэгэн эерэг талын дүрээр мөнхөрчээ.

ДОМБОР ХӨГЖМИЙН ҮҮСЛИЙГ ТАВЬСАН АЛТАЙМАА

Алтайн Урианхай, Казах ардын дуунд товшуур болон домбор хөгжим гол үүрэг гүйцэтгэдэг. Домбор хөгжмийн үүсэл нь Алтаймаа хэмээх бүсгүй болон нэгэн доголон хулангийн домгоос үүдэлтэй аж. Энэ тухай Казахын нэрт түүхч, эрдэмтэн зохиолч Х.Ислам гуайгаас сонсож билээ. Мөн зохиолч, судлаач Ц.Төвөд хэмээх өвгөн бичээч 1988 онд “Доголон хулангийн домог” хэмээх шүлэг дууль тэрлэж, үүндээ Алтаймаа бүсгүйн тухай өгүүлсэн байх аж. Эрт цагт Ак-Сакал хэмээх өвгөн Алтай таван богдоор нутагладаг байж. Түүний Алтайсүмбэр хэмээх ганц хүү нь эрийн цээнд хүрмэгцээ нутгийнхаа Сарвайк хэмээх баян айлын ганц охин Алтаймаа хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй хайр дурлалаараа холбогджээ. Төдөлгүй Алтайсүмбэр хайрт бүсгүйгээ өөрийн болгож аваад Ага-Ига хэмээх анч бүргэдээрээ ан хийж амьдрах болж. Тэр үед хулангийн ганц азарга хураасан ганц гүүтэйгээ Алтай таван богдоос мөнх цаст хайрхан Таван хумст хүртэл идээшилж амьдардаг байсан бөгөөд тус нутгийн урианхай, казахууд энэхүү хоёр хуланг Алтай нутгийн сахиус гэж хайрлан шүтдэг байж гэнэ. Нэг өдөр анч мэргэн залуу Алтайсүмбэр сайхан төрсөн Алтаймаадаа тарган хулангийн махаар гүнцэг барихаар ан авд морджээ. Тэгээд анчин хүрэн бүргэдтэйгээ Алтай таван богдын бэлээр хэрэн хэсч явсаар хоёр хуланг олж хараад азаргыг нь шархдуулан алджээ. Харин хулангийн гүүг агнаж хайрт бүсгүй Алтаймаадаа гүнцэг барьсан байна. Тэгтэл аав Ак-Сакал, хадам аав Сарвайк нар нь уурлаж “Алтай нутгийн сахиусыг хилэгнүүллээ. Хоёр сайхан ховор амьтаныг хагацуулж нүгэл үйлдлээ” гэж загнажээ. Гэвч Алтайсүмбэр зөрүүдлэж “Нэгийг алж болдоггүй юм бол хоёрыг ална. Тэр муу доголон азаргыг амьд үлдээгээд юүхэв” гээд тэр даруйдаа Алтай таван богд руу ухасхийжээ. Ингээд төдөлгүй хулан, хүн хоёрын халз тулаан болсон байна. Ижил ханиа алдсан хулангийн азарга Алтайсүмбэрийн тархи дагзны ясыг хурц цомбон туурайгаараа зад цавчиж унагахад анч хүрэн бүргэд Ага-Ига эзнээ өмөөрөн дайрч доголон хулангийн сээр, нурууг базаж, тархи толгойг нь зогсоо чөлөөгүй тоншиж, улмаар хүн, хулан хоёр нэг хонхорт амь тавьжээ. Үүний улмаас Алтаймаа бүсгүй хайрт нөхрийнхөө хойноос гашуудаж, бас доголон хуланд харуусахдаа өндөр хадан хясаан дээрээс ёроол дахь цүнхээл ус руу үсэрч амиа хорложээ. Сайхан бүсгүй Алтаймаа зүгээр нэг хорвоогоос хальчихсангүй. Түүний үзэсгэлэнт бие долоон өнгийн цацлагатай, дуун мөндөрийн шаагиантай, хонь хурганы шуугиантай, хуур цуурын аялгуутай, дуулж явсан хүн дуугаа зогсоож алмайрмаар, гүйж явсан морь гүйдлээ зогсоож саатмаар, цалин цагаан өнгөтэй цутгуурын мөнгөн хүрхрээ болж үүсэн тогтжээ. Тиймээс Ак-Сакал өвгөн Алтайсүмбэр хүүдээ гашуудаж, мөн хуур цуурын аялгуутай мөнгөн хүрхрээ болж тогтсон Алтаймаа бэрдээ зориулж домбор хөгжим урлаж “Доголон хулангийн домог” хүүрнэх болсон байна. Тэр цагаас хойш Алтайн Урианхай болон Казахуудын дунд товшуур болон домбор хөгжим буй болж доголон хулангийн домог дэлгэрсэн түүхтэй аж. Гэхдээ домбор хөгжим хэрхэн үүссэн тухай өөр бусад хувилбар бас байдаг бололтой.

ХОЁР АЙМГИЙН ШҮТЭЭН БОЛСОН ХОНЫР

“Өтгөн хар хөмсөг, торомгор алаг нүд, дугуй цагаан царай, шулуун хамар, жимс шиг уруул, Ази юм шиг хирнээ Европжуу төрх, нууцлаг гуниг агуулсан сэтгэлд хорогдмоор харц. Азийн орнуудын дунд тэдний гоо үзэсгэлэн их өвөрмөц. Учир нь зуун дамжсан эрлийз, хурлийз цус, өвөг дээдсийнх нь амьдарч байсан байгалийн тааламжтай орчин, зэрлэг догшин түүх нь энэ үндэстний бүсгүйчүүдийн гоо сайхныг илэрхийлдэг биз ээ…” Энэ бол казах бүсгүйчүүлд өгдөг тодотгол. Казахын түүхэнд алдаршсан нэгэн цуутай сайхан хүүхний тухай өгүүлэхийн тулд ийм ишлэл авлаа. 19-р зууны үед Казах түмний дунд Хоныр хэмээх үзэсгэлэнт бүсгүй ихэд алдаршжээ. Хоныр гэдгийг казахууд “Хонгор” гэж дууддаг юм байна. 19-р зууны үед казах түмний дунд Найман, Керей гэх мэт хэд хэдэн овог аймаг байжээ. Тэр үед Керей аймагт Хоныр хэмээх, сайхан бүсгүй хол ойрын хүмүүсийн харааг булаах болж. Тэр бас домборчин, яруу найрагч байж. Тиймээс авъяаслаг сайхан энэ хүүхнийг Найман, Керей хоёр омог булаацалдаж, сүүлдээ түүний амьдрал, хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн байдаг. Казахууд 2010 онд энэ бүсгүйн талаар “Гэрээс” хэмээх уран сайхны кино бүтээжээ. Кино зохиолыг Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Т.Султан гуай бичжээ. Саяхан Султан гуайтай уулзаж тэртээ нэгэн цагийн цуутай сайхан хүүхэн Хонырын тухай яриулсан юм. Тэр өгүүлэхдээ “Тийм нэгэн эмгэнэлт явдал 18-р зууны сүүл, 19-р зууны эхэн үед болжээ. Нутаг орондоо шагшигдсан сайхан хүүхэн Хонырыг Керей, Найман хоёр аймаг булаацалдаад эцэст нь наадам хийж маргаанаа таслахаар шийджээ. Ингээд морь уралдуулахаар болж түрүүлсэн морины бооцоонд Хоныр бүсгүйг тавьжээ. Тэр үед Керей аймагт “Уужим хээр” гэдэг алдартай хурдан хүлэг ид мандаж байсан байна. Тиймээс Найманы тал ялагдах нь тодорхой болсон тул заль хэрэглэж “Уужим хээр”-ийг уралдааны замд явахад нь нум сумаар харваад алчихаж. Ингээд тэдний морь түрүүлж Хоныр бүсгүйг бооцоонд авахаар болжээ. Тэгтэл Хонырын дурлалт залуу арга заль хэрэглэж байгаад хайртай хүүхнээ оргуулаад ууланд гарчихжээ. Гэвч удалгүй Найман аймгийнхан дурлалт хосыг уулнаас барьж авчраад эзгүй талд хүлж суулгаад дээгүүр нь мянган адуу давхиулж адууны хөлөнд гишгүүлж алсан гэдэг. Ингэж нэг сайн эр, сайхан хүүхэн, хурдан хүлэг гурав эмгэнэлтэйгээр төгссөн байдаг. Эдний эмгэнэлт амьдралаар “Гэрээс” кино хийснээс гадна Баян-Өлгий аймгийн театр эмгэнэлт жүжиг тавьж байлаа” хэмээв.

БАРУУН ХЯЗГААРЫН “АЙТЫСЧИН” БҮСГҮЙ АГАБАЛА

19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед Монголын баруун хязгаарт Агабала буюу Цагаанхүү хэмээх үзэсгэлэнт бүсгүй ид хаваа гайхуулж явсан байна. Агабала нь Халх Монголын харъяат Казах түмний дундаас төрж гарсан нэртэй “Айтысчин” байжээ. Айтыс нь хоёр өрсөлдөгчийн уран чадвар, ухаан, үгийн цэцэн цэлмэг байдал, цог хийморийг уудлан шавхдаг казах түмний уламжлалт соёлын нандин өв бөгөөд уран яруу шүлгээр цэц булаалдах харилцаа дууны энэхүү тэмцээнд Агабала бүсгүй ялж, бас ялагдаж явсан байдаг. Жишээ нь тэр 1923 онд Казахын нэрт яруу найрагч Бабын Ахтаантай “Айтыс”-аар тэмцэлдээд ялагдаж явсан байх аж. Зарим эрчүүд наанаа Агабалагийн цэцэн цэлмэг “Айтыс”-ыг сонирхохоор ирдэг байсан ч цаанаа бол түүний сайхан царай зүс, нуруу туруу, ихэмсэг хийгээд эрхэмсэг байдлыг нь тольдон харахаар тэмүүлдэг байжээ. Яруу найрагч Ахтаан гуай түүнтэй тэмцэлдсэн “Айтыс”-ынхаа өмнөтгөлд:
“Агабала арван естэй, баяны анхилхан охин
Араб бичиг номтой, жавхаатай яруу найрагч
Хадам юугаан даган, найр цэнгэл хөөсөөр би
Халз тулсан юм түүнтэй, Жайрт нэг найран дээр
Агабала Жайрыг донсолгосон алдар цуутай бүсгүй
Ард олон нь түүнийг магтан сайшаах нь бахтай
Уралдаан мэтгээн эхэлж ухааны ур илрээгүй байхад
Улсууд түүнд долигонохоор халаг хүрснийг яана
Ааг омог нь сагасан гэнэн гэгэлгэр залуус
Агабала хүүхэнд унан тусан дурлаж
Аялга сайтай үгээр үхэх шахан магтлаа
Ашгүй тэгтэл хүссэн “Айтыс” эхлэх боллоо
Үзэж харахыг мөрөөдсөн үзэсгэлэнт Агабалаг харлаа
Үзэх тусам түүнтэй үзэлцэх сэтгэл төрлөө
Ухаан оюун болоод уран гуалиг хоолойгоор
Ус нутгийн түмэндээ од адил гялалзсан
Эрхэмсэг тэр бүсгүй хивсэн дээр хөл жийн суухдаа
Эвий хөөрхий намайг эр хүн чинээ бодсонгүй
Уран нарийн бэлхүүстэй сайхан хонгор түүний
Усхал хархан нүд нь гялсхийн гэрэлтэх мөртөө
Уурлан тэчъяадсан янзтай дуугаа тэр эхэллээ
Уян наалинхай “махпал”-аа түшиг болгон дагууллаа” гэж шүлэглэсэн байлаа. Дээр өгүүлсэн Жайр гэдэг нь Алтайн торгууд нарын нутаглаж асан Ил тарвагатай хэмээх нутгийн нэгээхэн хэсэг бөгөөд Агабала бүсгүй энэ нутагт төрж өсчээ. “Махпал” гэдэг нь Агабала бүсгүйд туслагч эмэгтэй бөгөөд энэ нь “Айтыс”-т өрсөлдөж байгаа хоёр найрагчаас дутахааргүй хөгжимч, яруу найрагч хүн байх ёстой аж. Ухаандаа “Айтыс”-т ялах, ялагдах эсэх нь энэхүү “Махпал” туслагчаас ихэд шалтгаалдаг байж. Хэдийгээр Агабала нь нэрт яруу найрагч Бабын Ахтаанд “Айтыс”-аар ялагдаж явсан ч налгар сайхан Жайр нутгийнхаа дүрэлзсэн гал нь, найраг сайхан казах дууныхаа даль жигүүр нь байсан байна.

ХАМГИЙН АЛДАРТАЙ “КАЙМ АЙТЫС” УЛБИКЕ

Казахын хамгийн алдартай “Айтысчин” бол 1825-1849 оны хооронд амьдраад 24 насандаа цэл залуугаараа хорвоог орхисон Жанкелдикызы Улбике хэмээх бүсгүй ажээ. “Айтысчин” гэхийг казахууд “Акын” гэж товчилно. Улбике нь нэр алдарт гарсан акын байсан төдийгүй дуучин, доомборчин, өндөр билэг авъяастай, өргөн тэнүүн мэдлэгтэй, маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан тухай Астана дахь судлаач бүсгүй Шамахай Сайра мэдээлсэн юм. Төрсөн нутаг нь Кызылорда аймгийн Теренөзек, омог нь Жалайыр, Ошакты. Эцэг Жанкелди, эх Жаныл нар нь хоёулаа айтысчин байжээ. Улбике 12 наснаасаа эхлээд хэлэх үгээ сайхан шүлэглэж, орчин тойрныхоо хүмүүсийг баясган цэнгүүлэх болж. Ингээд авъяаслаг яруу найрагч болох нь хэн хүнд ойлгогдож цэл залуугаараа алдрын оргилд гарчээ. Манайхаар бол 1990 онд Баярхүүгийн Ичинхорлоо хэмээх хөдөөний жаахан бүсгүй хотод ирээд дал, наяад оны том том найрагчдыг шүлгээрээ “хуйхалж” нэр алдарт гарсантай л төстэй юм болж дээ. Улбике төдөлгүй 18 нас хүрч гоо үзэсгэлэнгээрээ нутаг орондоо тэргүүлэхийн сацуу шүлэг дууллаараа хэнд ч дийлдэхээ байжээ. Тухайн үед Казахын алдарт акын Күдерикожа хэмээгч Улбике бүсгүйтэй айтыстаад ирье гэж өөрийн айтысчин эцэг Еркөшект хэлэхэд эцэг нь “Хэрвээ Улбикетэй айтыстмаар байвал эхлээд гурван жил Бухара хотод очоод мэдлэгтэй болж яруу найргийн гүнд нэвтрээд ир” гэж хэлж байсан гэдэг. Тухайн цагийн Казахын нэр алдартай айтысчид болох Күдери кожа, Майлы кожа, Мөдели кожа, Таспа хожа, Серөли кожа, Жанкент кожа (Кожа гэдэг нь эрхэм гэсэн утгатай алдар цол) нар Улбике бүсгүйтэй айтысаар тэмцэлдээд бүгд ялагдаж байсан түүхтэй аж. Ер нь Улбикегийн хурц сэцэн үгэнд чадаж хариулах айтысчин ердөө ч олдсонгүй. Ингэж тэр 18 наснаасаа Казах даяар нэрд гарчээ. Улбикегийн уран бүтээлийг М.Ж.Көпеев, Ө.Диваев, В.В.Радлов, М.Ауезов, С.Муканов гэх мэт алдартай түүвэрч, зохиолч, эрдэмтэд эрэн сурвалжлаад маш өндрөөр үнэлсэн байдаг юм байна. Мөн эрдэмтэн, зохиолч В.В.Радлов Улбикегийн уран бүтээл, шүлэг дууллыг Санкт-Петербург хотод казахаар хэвлүүлээд, дараа нь орос, герман хэл дээр орчуулж Европ дахинд тараажээ. Казахын айтыст “Кайым айтыс” хэмээх төрөл байдаг бөгөөд энэ нь шүлгээр бол маш богинохон, манайхаар бол “Ертөнцийн гурав” юмуу дөрвөн мөрт шиг, тэгээд өрсөлдөгч хүндээ шууд хариулт болгож өгдөг, тун хурдан бодож сэтгэхийг шаарддаг, түүнийгээ товчхон бөгөөд урнаар хэлэх учиртай юм байна. Айтыс нь тав зургаан бадгаар нэг нэгэндээ хариулт барьдаг бол “Кайым айтыс” нь ганц хоёрхон бадгаар л шүлэглэн хэлэлцдэг юмсанж. Тиймээс түргэн хугацаанд хурц сэтгэдэг, жинхэнэ авъяаслаг найрагч л “Кайым айтыс” хэлэлцэх бөгөөд Казах түмний бүх цаг үеийн жинхэнэ “Кайым айтыс” нь Күдери кожа, Улбике хоёрын айтыс байсаар иржээ. “Эд нараас өмнөх айтысууд зүгээр л уран үг, шүлэг мэт санагдсан” хэмээн эрдэмтэн судлаач М.Ж.Көпеев онцолжээ. Мөн судлаач Шамахай Сайра “Тэнгэрийн дагина шиг үзэсгэлэнт сайхан Улбикегийн заяа тавилан яргуй мэт богино байсан” гэж мэдээлэв.
Яруу найргийн авъяас билэг нь дүүрэн тунгалаг цогцолсон энэ сайхан бүсгүй яагаад чухам цэл залуу хорин дөрөвхөн насандаа таалал төгсөв. Айтысчин бүсгүйг шүлэг дууллаараа ид оргилдоо хүрээд мандан бадарч байх үед түүний авъяас билэг, гоо үзэсгэлэнд шунан дурлагсад олноороо гарч ирж, зарим нь хайр сэтгэлээ илчилж, үүний улмаас ёсолж авсан хардамтгай нөхөр нь байж суухын аргагүй болжээ. Тэгээд л гоо үзэсгэлэнт бүсгүй ид цэцэглэж явсан 24 насандаа хартай нөхрийнхөө гарт харамсалтайгаар амь үрэгдсэн байх аж. Түүнээс хойш Какахын түүхэнд алдар цуутай айтысчин эмэгтэй төрөхгүй байсаар тавиад жилийн дараа Сара Тастанбеккызы (1878-1916) хэмээх бүсгүй тодорчээ.

УЯНГАЛАГ САЙХАН “КҮЙЧИН БҮСГҮЙ” ДИНА

Казах түмэнд уран яруу шүлгээр цэц булаалдан тэмцэлддэг “Айтыс” гэж байхаас гадна Казах үндэстний домбороор тоглодог эгшигт аялгууны төрөл бүхий хөгжмийн зохиол “Күй” гэж байдаг юм байна. Энэхүү “Күй”-гээр бас халз тулалддаг уралдаан тэмцээн байх бөгөөд үүнд өрсөлддөг хүмүүсийг “Күйчин” гэнэ. Ингээд л Казах түмний олон зуун жилийн түүхэнд “Нэрт айтысчин”, “Нэрт күйчин” хүмүүс төрж гарсаар иржээ. Казах түмний хамгийн алдартай күйчин бөгөөд күй хөгжмийн зохиолч бол Нурпейсийн бэр Дина хэмээх эмэгтэй ажээ. Тэрбээр 1861 онд Өрнө Казакстан мужийн Жанакала хошууны “Бекетайн элс” гэх газар төржээ. Харин шарил нь Алма-Ата хотын хөрсөнд нойрсон буй. Казакстаны Ардын жүжигчин цол хүртсэн энэ эмэгтэй 1937 онд Москвад зохиогдсон олон үндэстний ардын хөгжмийн авъяастнуудын анхдугаар уралдаанд 75 настайдаа амжилттай оролцож, дараа нь 1944 онд 83 насандаа Төв Азийн таван үндэстний авъяастнуудыг оролцуулсан Ташкент дахь арван өдрийн тэмцээнд өрсөлдөөд шагналт байр эзэлж байжээ. Энэхүү агуу “Күйчин” эмэгтэйн зарим нэг намтар сэлтийг казах хэл дээр бичигдсэн байхыг олоод Өкшений Нурбек хэмээх залууд хандсан юм. Тэр тун сайхан орчуулж өглөө. Сийрүүлвээс:
“Дина эцэг эхийнхээ гар дээр найгалзан гунхалзан явсан охин насан дээрээ Казахын нэрт күйчид болох Даулеткерей, Мүсирали, Ализей, Түркеш, Узаах, Есжан, Байжумаа, Баламаясан зэрэг зохиолчдын күйг чихэнд хоногштол нь сайхан тоглох болсоноор хаяа залган байгаа хүмүүс нь түүнийг “Күйчин бүсгүй” гэж хүндлэх болжээ. Тиймээс бага балчир охины алдар сууг сонссон нэрт күйчин Хурманказы өөрийн биеэр зорин очиж уулзаад домбор аялгуулан тоглох Динаг бишрэн бахдаж, түүний ирээдүйд том найдвар тавин, ерөөл дэвшүүлж “Бата” өгчээ. (Бата гэдэг нь ерөөл хайрлах) Үүнээс хойш Хурманказы Динаг хараанаасаа гаргалгүй, үргэлж эргэж тойрч, Күйгээр халз тулалдах уралдаан тэмцээн рүү авч явж, домбор тоглох нарийн ур ухаан, арга барилд сургасан байна. Дина 1880 онд 19 настайдаа Бескаска омгоос гаралтай Турманы Канаас гэх залуутай гэр бүл зохиожээ. Канаас, Дина хоёрын дундаас Нурпейс нэртэй хүү гарсан ч харамсалтай нь Канаас ууган хүүгээ өлгийдөж аваад удалгүй тэнгэрт хальсан байна. Төдөлгүй Дина ёс заншилаа даган Канаасын дүү Шапектэй суужээ. Гэвч дахиад л үхэл хагацал. Динагийн анхны нөхрөөс гарсан хүү Нурпейс хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хожим нь иргэдийн дунд явуулсан хүн амын тооллогоор нэрсийн жагсаалт гаргах үед Дина нөхрийнхөө овгийг дуудаж чадалгүй, харин оронд нь нас барсан ууган хүү Нурпейсийнхээ нэрийг хэлж бүртгүүлснээр хожим Динаг “Нурпейсийн бэр” гэх болсон байна. Динагийн чихний чимэг болсон уянгалаг сайхан Күйн зохиолууд эр нөхрийнхөө хайранд умбаж, үр хүүхдийнхээ жаргалаар бялхсан он жилүүдэд төрж гарсан. Нөхөрт гарах үед аавынх нь инж болгож дагалдуулсан нэгэн мориндоо зориулж зохиосон “Буурал духтай морь” гэх күй, мөн өөрийн шүтдэг күйчид болох Даулеткерей, Түркеше хоёрын бүтээлээр өдөөгдөн зохиогдсон “Булбул”, “Жигер”, Байжума” зэрэг күйн зохиолууд Динагийн хосгүй бүтээлийн анхдагчид байлаа. Мөн ухаалаг, намбатай бэргэн эгчдээ зориулсан “Кербез”, удаах хүү Журамбайдаа зориулсан “Арван зургаадугаар он”, дотны найз нартаа зориулсан “Косалка”, хайрт хүү Хонгордоо зориулсан “Энхрий Хонгор” зэрэг күйнүүд бол Динагийн өөрийн онцлогийг харуулсан шилдэг бүтээлүүд билээ…” хэмээн Өкшений Нурбек мэдээлэв.
Дина эдгээр Күйн хөгжмийн бүтээлээрээ Казахын күйн урлагийг олонд таниулж, өндөрт өргөхийн сацуу өөрөө ч их күйчидтэй мөр зэрэгцэж, Зөвлөлтийн цаг үед ч ард түмнийхээ тусын тулд өөрийн хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа зориулж байв. Хэдий нас хэвийсэн ч Казакстаны 20 жилийн ойд зориулж “Тойбастар”, Ардын дайны он жилүүдэд зориулж “Эхийн зарлиг”, “Ялалт” зэрэг күйн эгшигт аялгуу зохиожээ. Гэвч Зөвлөлт гүрний коммунист дэглэм, үзэл суртал Динагийн энэхүү авъяас чадварыг нухчин дарж, түүний гоц бүтээлүүдийг суртал ухуулгын чанартай болгож орхижээ. Жишээ нь түүний хосгүй сайхан Күйн зохиолуудын нэрийг өөрчилж, “Хөдөлмөрийн баатар”, “Сталин”, “Хүнсний ногоо”, “Төлөөлөгч” гэх мэтээр нэрлэж, ухаандаа хуарангийн социализмын албан ёсны сүлд дуулал болгож орхисон байх аж. Гэвч “Жинхэнэ авъяастанд зэв тогтохгүй” гэдэг биз. Уянгалаг сайхан аяыг нь өөрчлөөгүй зөвхөн нэрийг нь өөрчилсөн болохоор эдүгээ мөнөөх “Сталин”, “Төлөөлөгч” гэх мэтийн нэр нь коммунист дэглэмтэйгээ цуг арилан одож, харин Динагийн бадрангуй тансаг Күйн зохиолууд эдүгээ Казах түмний дунд урьдын адил яруу сайхнаар эгшиглэн байнам.

7de15f19eccd6432527e0d98ddf07616ДОМОГТ ХҮҮХНҮҮДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛСАН Б.ОЙДОВ

Эх сурвалж: Ugluu.mn

Монголын шилдэг кикбоксчид Евразийн хэмжээний “Fight night” тулаанд өрсөлдөнө

Монголын тамирчид “Fight nights” шоуд оролцуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээг Монголын талаас “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү санаачлан, зохион байгуулж байгаа юм. Тодруулбал Г.Батхүү  ОХУ-д ажиллаж байхдаа “Fight nights” шоуны санаачлагч Мэргэжлийн Кикбоксын дэлхийн аварга  Бату Хасиковтой уулзаж, “Fight nights” шоунд хамтран ажиллахаар болжээ. Эхний ээлжинд  Монгол улсын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж байгаа   М.Нандин-Эрдэнэ, ОУ-ын хэмжээний мастерууд дэлхийн аваргуудын  оролцох уг тулаанд хүч үзэхээр  гэрээ байгуулсан  аж.

“Fight nights” шоу  ирэх жилээс хийхээр  төлөвлөгдөөд бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Тодруулбал, Евразийн хэмжээнд шилдэг тамирчдын  аварга шалгаруулах томоохон тулааныг  өдөр өдрөөр  улс орнуудад зохион байгуулах бөгөөд  энэхүү  тэмцээн  манай улсад нэг өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм.  30 000- 40 000 ам.долларын тасалбар бүхий  энэхүү   шоуны нэг өдөр нь Монгол улсад зохион байгуулагдвал  Монголчууд  дэлхийн хэмжээний  тэмцээнийг эх орондоо өндөр төвшинд зохион байгуулж чадаж байгааг батлахын зэрэгцээ, олон улсад нэр хүндээ ахиулах боломжтой болно гэдгийг  Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү хэлж байлаа.

Оросын кикбоксер, дэлхийн мэргэжлийн тулааны олон удаагийн аварга, нийгэм улс төрийн зүтгэлтэн Бату Хасиков  “Fight nights” шоуны үүсгэн байгуулагч бөгөөд зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.  Монгол цустай гэдгээрээ бахархаж,  омогшуулж  байгаа нэгэн юм.

Бид энэ талаар  эргэн мэдээлэх болно.