Шүдний сойзоо 2-3 сар тутам солих хэрэгтэй

       Шүдний сойзыг 2-3 сар хэрэглээд шинээр солихыг шүдний мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь сойзоо зөв сонгохоос гадна зөв хадгалахгүй бол амны хөндийн гаралтай нянгийн зэрэгцээ тухайн орчны нянг өөртөө шингээж бохирддог болохыг Энэтхэгт хийсэн судалгаагаар баталжээ.

Уг судалгаагаар долоо хоног хэрэглэсэн шүдний сойзонд агуулагдах стрептококк бактерийг халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэхэд 70, харин усаар цэвэрлэхэд ердөө 14 хувь нь устаж байжээ.

Шүдний бохир сойз нь маш олон төрлийн амны хөндийн асуудлуудын шалтгаан болдог бөгөөд түүнээс шалтгаалсан шүдний цоорол, буйлны үрэвсэл, амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчнүүд үүсч болно.

Харин сонголт хийхдээ хэт хатуу биш үстэй, жижиг хэмжээтэйг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь жижиг байх тусмаа шүд хоорондын зайд байгаа хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхээс гадна, шүд болгоны эргэн тойрны пааланд хүрч, түүнд тогтсон өнгөрийг цэвэрлэдэг байна. Ингэснээр шүдэнд чулуу үүсэхээс сэргийлж чадна.

Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.

Гадуур худалдаалдаг сойз нь ихэвчлэн том байдаг тул шүд бүрийг цэвэрлэхэд төдийлөн тохиромжгүй байдаг аж. Харин хүүхдийн шүдний сойзны үс нь зөөлөн эсвэл маш зөөлөн байх хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийн оог сонгохдоо ар талын өнгийг сайтар хараарай. Хар эсвэл улаан өнгийн тэмдэглэгээтэй оогоор өдөр бүр угаадаггүй учир үүнээс татгалзах хэрэгтэй.