Хорт хавдар үүсгэх дараах барилгын материалаас татгалзаарай

Хэрэв та барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсвэл барилгын материал цуглуулах гэж байгаа бол дээрх бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.

Учир нь барилгын материалд ашигладаг энэхүү асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг дэлхийн 55 оронд хориглосон төдийгүй, Монголд тусгай зөвшөөрлөөр орж ирдэг байна.

Гэтэл уушгины хорт хавдар үүсгэдэг уг бодисыг 58 шуудай буюу 2900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, 2 боодол олсон хэлбэрээр “Дөмөли” ХХК, “Мэнгкэцэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нар хууль бусаар оруулж ирэн худалдаалж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ.

Тэд лабораторийн батламжгүй, инженерийн шугам сүлжээний дулаалгын зориулалтаар зарж байсан аж.

Ч.ТӨМӨРСҮХ: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЛ ГААЛЬ, ИМПОРТ, ЭКСПОРТЫН ХЭЛТЭСТ АЖИЛЛАХ ХҮНИЙ ОРОН ТОО БАЙДАГГҮЙ

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ч.Төмөрсүхийн мэдээлснээр “Уг бүтээгдэхүүн хүний биед маш хортой учраас тусгай зөвшөөрлөөр л оруулах эрхийг өгдөг. Гэтэл шалгалтаар хавтан, нунтаг, торон хэлбэртэйгээр Орос, Хятад улсаас хууль бусаар оруулж ирсэн байна” гэсэн юм.

Харин тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой уг бүтээгдэхүүн яагаад хилээр орж ирсэн талаар “Бид эндээс хилийн хяналтаа чангатгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хоёрдугаарт барилгын материалын хяналтын чиглэлээр хил гааль, импорт, экспортын хэлтэст ажиллах орон тоо байдаггүй. Ийм хүний нөөц бүрдүүлж ажиллах шаардлагатай гэсэн санал боловсруулаад холбогдох албан тушаалтанд хүргүүлээд байна” гэсэн хариултыг өглөө.

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛООД ГАЛ УНТРААГЧДЫН ГАЛД ТЭСВЭРТЭЙ ХУВЦАС ХИЙХЭД АШИГЛАДАГ

-Дулааны цахилгаан станц, уурын зуух, халаах төхөөрөмж

-Барилгын үндсэн болон туслах материал

-Төмөр хайлуулах зууханд тусгаарлагч

-Асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага

-Цахилгаан шатны тоормозны бэхэлгээ

-Үрэлтийн жийргэвч

-Гал унтраагчдын галд тэсвэртэй хувцас

-Автомашины тормозны болон хөдөлгөөн дамжуулах дискний жийргэвч зэрэгт ашигладаг байна.

Уг бүтээгдэхүүнийг 2015 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэр л оруулж ирэх тусгай зөвшөөрлийг авчээ.

Ч.БҮЖИНЛХАМ: ЭНЭ БОДИСТОЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ОЛОН ЖИЛИЙН ДАРАА УУШГИНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛДӨГ

Энэ талаар Хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Бүжинлхам мэдээлэхдээ “Энэ нь натри, магни, кальци, төмрөөс тогтсон чулуулаг, нарийн бүтэцтэй эрдэс юм. Дулаан дамжуулдаггүй, галд тэсвэртэй учраас барилгын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Дулаан тэсвэрлэх чанараас нь шалтгаалж дулааны цахилгаан станц, шугам сүлжээний газруудад ашигладаг. Асбест нь хүний үсний бүтцээс мянган дахин ширхэглэг бүтэцтэй учраас агаарт удаан хугацаагаар тогтож байдаг. Тиймээс энэ бодистой харьцаж ажилладаг хүмүүс олон жилийн дараа уушгины хорт хавдраар өвчилдөг бөгөөд 20-30 жилийн дараа илэрдэг” гэсэн юм.

Судалгаагаар асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.

Мөн асбестын гаралтай уушги тоосжих өвчин тусах магадлал өндөр бөгөөд тоосонд өртсөнөөс 10-20 жилийн дараа амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиалгах шинж илэрдэг аж.