Таван настай охин дүүдээ бүх хувцасаа давхарлаж өмсгөөд хөлдөж үхсэн байдалтай олджээ

Энэ сарын 23-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус багийн малчин  н.Сансарбаярын тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амь насаа алдсан байна. Болсон явдлын талаар албаны эх сурвалж хэлэхдээ “Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийн бууз чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч улмаар төөрсөн байгаа юм. Ингээд тэр шөнөдөө эрэл хайгуул болсоор маргаашийн 11 цагт гэрээс нь 7 км зайтай байхыг олсон ч харамсалтай нь эгч нь  болох таван настай С.З осгож амиа алдсан байсан. Харин дүү С.Хонгорзул нь хүнд  шатны осголттой гар, хөлөө тайруулахдаа тулаад эмчилгээ хийлгэж байна” гэсэн юм. Талийгаач охин учир мэдэхгүй гурван настай дүүдээ өөрийнхөө бүх хувцасыг  давхарлаж өмсгөөд өөрөө өөд болсон байдалтай олджээ. Иймд ард иргэд та бүхэн бага насны хүүхдээ баяр ёслол гэж анхаарлаа сулруулалгүй  хараа хяналттай байлгаж, хүйтний цагаар хол явахгүй байхыг анхааруулж байна.