Сурталчилгаандаа ихийг цацсан нь сонгуулийн дараа “шархаа нөхдөг”

Олон жил дуншиж ирсэн Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох түүхэн шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаас гаргасан. Одоо 5 хоногийн дараа Налайхчууд сонгох эрхээ эдэлж Налайх хотын анхны захирагчийг сонгоно.

Захирагчийн сонгуульд Ш.Хаан, Б.Баяндэлгэр, Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарын 8 иргэн нэр дэвшиж буй бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа ид хийж буй. Олон жил хот болохыг хүлээж, мөрөөдөж ирсэн Налайхчуудын хувьд энэ удаагийн захирагчийн сонгууль “буруу алхам” хийж үл болох сонголтын дэнсэнд буй билээ. Налайхын захирагчийн сонгуульд нэр дэвшигчид ямар нэг улс төрийн нам, эвслээс нэр дэвшихгүй байгаа. Тийм ч учраас сонгуулийн сурталчилгаанд улс төрийн нам, эвсэл оролцож болохгүй.

Гэвч Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хааны ард Ардчилсан намаар овоглосон тус дүүргийн удирдлагууд “хүчин зүтгэж” буй нь илт байна. Ш.Хааны сурталчилгаанд өдгөө Налайхын Засаг даргаар ажиллаж буй, АТГ-т шалгагдаж байгаа гэсэн “хачир зүүсэн” эрхэм Х.Болдбаатар, дүүргийн Засаг даргын орлогч М.Одонхүү нарын Ардчилсан намын эрхмүүд ил, далдаар гүйж байгааг Налайхын иргэд бэлхнээ харж байна.

Өдгөө төр барихдаа “хэвлэлийн баатар” болж, Налайхыг хөгжилд биш өөрсдийгөө “хөрөнгөжүүлэлтэнд” хөтөлсөн дүүргийн удирдлагууд Шаравхааны Хааны сонгуулийн сурталчилгаанд “гүйж” байгаа нь нэг талдаа энэ удаагийн сонгуулийн дүрэм журмаа баримтлаагүй, нөгөө талдаа ямар “үгсэн хуйвалдаан”-аар ийнхүү хүчин зүтгэж буйг хэлэхэд бэрх. Нөгөө талдаа Ш.Хаан энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд бусад нэр дэвшигчдээс цойлж маш их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь хэний ч нүдэнд харахад илт байна.

Ардаа бүхэл бүтэн PR баг ажиллуулж, “Налайх хот”, “Налайх дүүрэг” зэрэг Фэйсбүүк дэх группуудыг өөрийн сурталчилгааны талбар болгохын зэрэгцээ Налайхын хаа харагдах самбар бүрт Ш.Хааны зураг хөрөг харагдах. Тэр бүү хэл Налайхын гудамжаар спорт машины цуваа явуулж, тус нутгаас төрөн гарсан алдар цуутан, олны танил эрхмүүд, урлаг соёлынхноор “өөрийгөө сурталчилуулж” сурталчилгааг нүсэр хийж чадаж байна. Ингэж Налайх хотын захирагчийн төлөө мөнгө цацаж, одоогийн дүүргийн удирдлага, Ардчилсан намаараа халхавчлан зүтгээд байгаагийн цаад шалтгаан юу вэ?

Ш.Хаанд Налайхчууд итгэл үзүүлж дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагад өөрсдийгөө төлөөлүүлж сонгосон. Гэтэл өмнөх 4 жилд “иргэдээ сонсоогүй, тэднийхээ амьдралыг улам гүнзгий мэдрээгүй байж” Захирагчийн сонгуулийн төлөө “ил гарч” эхэлсэн хэрэг үү?

Хатуухан хэлэхэд сурталчилгаандаа ийм их мөнгө цацаж, улайрсан “эрхмүүд”, сонгуулийн дараа “шархаа нөхөх” гэж зүтгэдэг жишээ олон байна. 06 сарын 14-ны өдөр болох Налайхын захирагчийн сонгуулийн сонголт “таны гарт”.

Эх сурвалж:  www.ontsgoi.mn