Сангийн сайдаар заавал Bank of China-ийн тод төлөөлөгч Д.Зоригтыг сонгосны учир юу вэ

e82371bcd7367595originalМонгол Улсад Сангийн сайд болох хүн олдохгүй байна гэнэ. Тэр тусмаа “Эдийн засагчдын фракци гэгддэг МҮДН фракциас шүү. “Монгол шуудан” банкийг дампууруулж тоглосон, “Номаранг”-ийн луйвардсан”, адаг сүүлд нь Өвөрхангайд сонгуулийн тойрог луйвардсан УИХ-ын Д.Зоригтыг Сангийн сайдад нэр дэвшүүлэх болсон нь цаанаа том шалтгаантай аж.

УИХ-д бөөн хэл ам дагуулсаар, найраа наймаа хийж байж бараг гуйж орж ирсэн Д.Зоригтод эдүгээ шинэчлэлийн Засгийн газарт хуучин аргаараа орж ирэх нь тийм ч хэцүү биш. Дээр нь түүний цаана өмнөд хөршийн “том ах” нар нь тусална. Учир нь тэрбээр Bank of China-г илтэд дэмжсэн, бас бусдыг өөртөө хань татан урвуулах үүргээ тун сайн гүйцэтгэж байгаа.

Банкны салбараас хэзээ ч хол байдаггүй, бас хэзээ ч нэмэр тус болдоггүй түүний өсгөж өндийлгөсөн банкийг тоолсноос “оршуулсан”-ыг нь тоолбол амархан. Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрхийг гартаа авч байсан тэр цаг үед Төрийн өмчийн хороонд газрын дарга байсан тэрбээр ТӨХ-ны дарга болон дэвшиж  өнгөрсөн арав гаруй жилийн дотор өнгө зүс нь хэвээрээ ч бэл бэнчингийн хувьд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн.

Өмнөх парламентын үед гэхэд л “Анод” банкны дампууралтай холбоотой хэрэгт “Гермес центер” компанийнхаа нэр дээр хувьцааны луйвар хийсэн гэгдэж эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан. Үүний дараа хувьцаа эзэмшигчдээсээ асуух нь байтугай Төв банкнаас ч зөвшөөрөл авалгүйгээр “Монгол шуудан” банкийг зарчихаад бөөн дуулиан тарьсан.

Монгол орон даяар 300-гаад салбартай “Монгол шуудан” банкийг “Хадгаламж банк”-тай нэгтгэж, хувьцаагаа зарах гэж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, хуулийн дагуу худалдан авах давуу эрх олгоогүй, Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй байна. Уг нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр заавал мэдэгдэх ёстой гэдгээ “мартсан” түүнд гомдсон хувьцаа эзэмшигчид СЕХ-ны өмнө өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, татвараа нөхөн төлөх шаардлагыг тухайн үеийн ЦЕГ, ТЕГ-аас шаардсаар байсан ч харин төр түүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Гэвч хоёр жил гаруй сунжирсан дээрх асуудлын шийдвэр 2011 онд гарч УИХ-ын гишүүн Д.Зоригт болон түүний хамтрагчид хувьцаагаа зарахдаа хуульд нийцүүлээгүй болох нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр батлагджээ. Эцэст нь Д.Зоригт “Монгол шуудан” банкийг дампууруулаагүй, зүгээр л өөрийн хүсэлтээр зарсан болж Олон овоотын ордын өр тус банкийг худалдан авсан нэртэйгээр Д.Зоригтыг аварч өөрийгөө “алах” шийдвэр гаргасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн нуруун дээр ирсэн юм. Хэдийгээр аюул Д.Зоригтоос холдсон ч 380 салбартай 40 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй гэгддэг байсан тус банкны жижиг хувьцаа эзэмшигчид түүнд баярлаагүй нь лавтай. Яаж ч бодсон нэгж хувьцааных нь үнэлгээ 16 жилийн дараа хэвээрээ байсан гээд бодохоор Д.Зоригт банкирын “ур чадвар” тун гайхалтай байгаа биз.

Эдүгээ түүний мэдэлд 20 гаруй компанийн хувьцаа байдгаас цөөн хэдээс бусад нь хяналтын багц хувьцаа, тэдгээрийн үнэлэмж нь багаар бодоход 30 тэрбум төгрөгт хүрдэг аж. Түүний мэдлийн олон компани дунд  зугаа цэнгээний газраас эхлээд, сүүний ферм, уул уурхайн чиглэл, бүр үйл ажиллагаа нь тодорхойгүй ч компани цөөнгүй. Харин олны мэдэхээс “Гермес центр” барилгын материалын худалдааны төв, “МИГ” даатгал, International school гэгч Монголын биш “дэлхийн хууль” дагадаг пээдгэр сургуулийг дурдахад л хангалттай.

Тэгээд ч “Номаранг”-аас эхлээд энд тэнд мөнгө угаах, даатгалын болон хувьцааны аргаар боловсон луйвар хийх зэрэгт гаршсан тэрбээр улайран байж УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд арайхийн багтсаны цаана асар том эрх ашиг нуугдаж байсан нь Bank of China  байжээ.

Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө “Монгол шуудан” банкныхаа нэрийг барьж сонгогчдод их хэмжээний зээл олгож “Баяжуулна, жаргаана” хэмээн амлаж явсан. Гэтэл “Монгол шуудан” банкаа зарсны дараа тус банкийг худалдаж авсан “Хадгаламж” банк зээлээ эргүүлэн авсан. Энэ бол зарчмын асуудал болохоор “Хадгаламжийн”-хны буруу юу байх вэ. Ингээд “Монгол шуудан” банкаа зарсан Д.Зоригт УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангайд очиход хэдэн малынхаа буянг түүнд итгэж алдсан сонгогчид хэлэх үгээ олж ядан зэвүүцэж байв. Тэр ч байтугай нутгийн нэгэн өвгөн “Хэдэн үеэрээ цадтал идэх байсан хөрөнгөө чамд итгэж хадгалуулаад гуйлгачин болох шахсаныг минь харах гэж ирээ юу” хэмээн нулимс урсган загнах нь дотор сэртэсхиймээр эвгүй дур зургийг үлдээсэн.

Энэ бүхний эцэст Д.Зоригтыг нэгэн намаас нэр дэвшигч Г.Батхүү нь хүртэл тээршааж байсан гэдэг. Учир нь сонгогчид Д.Зоригтын бараанаар чулуу шидэх шахам угтаж байсан болохоор хөөх нь холгүй буцаахаас өөр аргагүй болсон хэрэг.

Ийм үүх түүхтэйгээр УИХ-д орж ирсэн түүнд одоо Монгол төрийн бодлогыг хамгаалах байтугай ядаж АН, Засгийн газрын бодлого ч огт хамаагүй болсон бололтой. Түүнд зөвхөн хувийн эрх ашиг, ганцаараа баяжих хүсэл л үлджээ. Үүнийхээ төлөө “чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн” байдгаараа энэ удаад МАХН-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ханьсах болжээ.

Тэд ямар ч үнэ цэнээр хамаагүй Bank of China-ийн салбарыг байгуулах шийдвэр гаргуулж чадвал хийсэн эрсдэлийнхээ алдагдлыг хэд дахин нугалж олох шан харамж авч дансаа зузаатгах болно. Дээр нь Засгийн газрыг ч атгах том хүчийг түүний атганд шингээх увидас хятад түншүүдэд нь бүр цаагуураа бол Хятадын төрд бий. Энэ нь түүнийг албан тушаалд үүрд “хадах” хүч биш гэж үү. Магадгүй Bank of China-ийн нэгэн салбарыг ч бэлэглэчих юм билүү.

Гэтэл Хятадын төрд “Луунд идэш” дөхүүлж өгөхөөс буцахгүй зүрх сэтгэлтэй хүнд Монголын төр сан хөмрөгөө даатгахаар шийдсэн бол тун харамсалтай. Монголын төр, Ардчилсан нам, МҮДН фракци Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Да.Ганболд, До.Ганболд, Б.Мэдрээ гээд олон гишүүн бий. Гэтэл тус фракцийнхнаас Д.Эрдэнэбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар, “Анод”-ыг дампууруулагчдын нэг Б.Гарамгайбаатарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилж, Р.Амаржаргалын амыг хаах гэж “элдэвлэсээр” эгдүүцлийг хүргэж “дайсан” болгосон. Энэ нь мэдлэг чадвартай, чадалтай эдийн засагч кандидатуудаасаа “нэр цэвэр, гар цэвэр”-ийг нь сонгож, тэднийг зөв үнэлээгүйгээс болж гомдоосоныхоо горыг амсаж байгаа нь энэ. Ингээд одоо УИХ-аар банк дамууруулсаар байгаад Банк санхүүгийн тэргүүний ажилтан болсон, “Номаранг”-ийг луйвардаж, татвараас зугтсаар “Алтан гадас”-аар шагнуулсан алдар гавьяа бүхий Хятадын төрийн банк Bank of China-ийн тод төлөөлөгч Д.Зоригтыг Сангийн сайдаар батлуулахад бэлэн болжээ. Эрхэм гишүүд мэргэн оюунаараа сонголтоо хийсүгэй.

 

Н.Батнягт