“НОЁН ПИЦЦА” -ны ёс зүйгүй Реклам

Хүмүүс бидэнд дур хүслээрээ сонгож болдоггүй дахин давтагдашгүй зүйлс байдаг. Эцэг эхээ сонгож төрдөггүй шиг бие бялдар төрх байдал, эд эрхтнээ сонгож төрдөггүй шүү дээ.

Хүмүүсийн дунд өөртөө итгэлгүй сэтгэл дундуур байх нэг  шалтгаан нь  аль нэг эд эрхтэн дутуу юмуу, бусдаас ялгаатай байдал нь бөгөөд тэрхүү “асуудал” нь хувь хүний эмзэг сэдэв байсаар ирсэн билээ.

Тухайлбал төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн чиг хандлагаараа ялгаатай, бэлэг эрхтний хэмжээ, хөхний том жижиг, өсөлт хөгжилт  удааширсан, намхан, эсвэл хэт өндөр, таргалалттай, хэт туранхай, арьсны өнгө, биеийн бүтэцдээ сэтгэл дундуур байдаг зэрэг өөрөөс үл шалтгаалах “ӨӨР” байдлаасаа үргэлж санаа зовж, өөртөө итгэлгүй, амьдралын идэвхи багатай, тэр ч бүү хэл  нууцхан зовж шаналж яваа ч хүн бий.

Бусдын зовлонгоор жаргал хийхгүй, энэ асуудалд болгоомжтой хандах, элдэв маргааны үед эмзэг сэдвийг нь хөндөхгүй байх, бусдаас ялгаатай байдлаар нь гутаан доромжлохгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь хүмүүсийн ёс суртахуун, хүнлэг чанарын илэрхийлэл болон хадгалагдсаар ирсэн.

Тэр дундаа ёс заншил, дэг жаяг, сайхан сэтгэл, саруул ухааныг эрхэмлэдэг Монголчуудын хувьд хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй байхыг хэнээр ч ахин  хэлүүлэлтгүй мэдэхийн дээр үеийн үед уламжлан үлдээж ирсэн төдийгүй хууль тогтоомжинд ч тусган заасан байдаг.

Харин өнөө үед бусдыг ил, далд хэлбэрээр гутаан доромжлох, ижил бус байдлаар нь ялгаварлах байдал их болов. Үүний хажуугаар хараа хяналт, хуулийн зохьцуулалт нь ч сул байгаа нь үнэн.

Хэн нэгнийг гутаан доромжилж, доог тохуу хийж, ад шоо үзэж, ялгаварлан гадуурхаж буй байдлыг үзүүлэн түүнийгээ инээдэм наргиа болгож, тэр ч бүү хэл бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахын тулд зориудаар бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж буй нь нийгэмд буруу хандлага түгээх сөрөг нөлөөтэйн дээр нийгмийн хариуцлагагүй, мэргэжлийн ёс зүйгүй, бүдүүлэг байдлыг нь илтгэж байна.

Өнөө үед, ялангуяа азийн орнуудад эмэгтэйчүүд Жижиг хөхтэй байх нь улам олширч байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн хувьд тэр дундаа өсвөр насны охид, залуу бүсгүйчүүдийн хувьд эмзэг сэдэв байсаар ирсэн нь нууц биш юм.

Мөн элдэв гадны нөлөө болон өвчний улмаас хөхний асуудалтай охид эмэгтэйчүүд маш олон байдаг ба хөхний өвчлөл болон хөхнийхөө хэмжээнд  сэтгэл дундуур байдгаас мэс засал хийлгэх, тэр ч бүү хэл амиа хорлох, хорлохыг завдах үйлдлүүд ч ихээр гардаг байна. Үүнтэй холбодуулан дараах жишээг дурьдая.

 

Захиалагч: Ноён пизза брэндийн

Гүйцэтгэгч: Мөрөөдлийн театрын эл сурталчилгаа нь олон нийтийн анхаарлыг татаж, дам нөлөөнд нь өөрийн бараа бүтээгдэхүүний худалдаалалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий нь илт бөгөөд хүмүүст инээд бэлэглэх хошин шог үзүүлбэр мэт боловч “инээд нь ханиад болов” гэгчээр маш олон хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж байна.

Энэхүү сурталчилгаа нь дээр дурьдсанчлан бусдаас өөр байдлаар нь ялгаварлан гадуурхаж байгаа үйлдлийг тод харуулсан бөгөөд жижиг хөхтэй эмэгтэйчүүдийн сэтгэлийг эмзэглүүлэх, өөртөө итгэлгүй болох сэдэл өгч байгаа нэг хэлбэр юм.

Хамгийн гол нь энэхүү хошин сурталчилгаа нь  ПИЗЗА- захиалж идэхтэй ямар ч холбоо хамааралгүй асуудал билээ. Имэрхүү увайгүй байдлаар хэрэглэгчдийг татах, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах оролдлого нь хэтэрхий ёс зүйгүй үйлдэл бөгөөд цаашлаад Монгол Улсын Үндсэн Хуулийн хүний эрх эрх чөлөө, жендрийн тухай болон   “Зар сурталчилгааны тухай” хуулийн заалтуудыг,  мөн эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг юм.

Нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг эд материалын тусламж үзүүлэх мэтээр ойлгож, бусдад үзүүлсэн тусламж дэмжлэгээ өдөр шөнөгүй  Рекламдаж эргээд өөрсдийн ашгийн төлөө хэрэглэгчдийг АШИГЛАДАГ, хууль, ёс суртахуун, хэм хэмжээг уландаа гишгэсэн байгууллага хүмүүс олширсоор байгаа нь харамсалтай.

Мөнгө л олж байвал яасан ч яахав болчихсон нөхдүүд байхад түүнийг нь хөхүүлэн дэмжиж, хамтран ажиллахдаа “Уран бүтээлээр дамжуулан нийгмийг эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстойгоо мартаж”, зохисгүй үйлдлээр илэрхийлэн гаргаж буй уран бүтээлчдийн багийнханд ч муу дүн өгч болохуйц байна.

Манайхан л хээгүй гүндүүхэн тулдаа маасайтлаа инээгээл даган баясаад  үзэж болох ч, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн асуудал хурцаар тавигддаг улс оронд бол их л том асуудал болох бизээ. Гэр бүлийн эрүүл бус харилцаа, эмэгтэйчүүдийн бие эрхтний тэгш бус байдлаар гутаан доромжлохыг хэвийн үзэгдэл мэтээр илэрхийлсэн өнгө аястай сурталчилгаа нь   бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь холбоо хамааралгүйн дээр нийгэмд сөрөг нөлөөтэй гэж үзэх нь энүүхэнд юм.

Зар сурталчилгааны тухай хууль

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зар сурталчилгаа, түүнд тавих ерөнхий шаардлага, хориглох зүйл

6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг хориглоно.

7 дугаар зүйл. Хууль бус зар сурталчилгаа

7.1. Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна.

7.4.5. үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан

7.4.6.хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн.

7.6.Шүүх энэ хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн энэ хуулийн 7 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр зар сурталчилгааг хууль бус гэж тооцож болно.

7.7.Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно.

хэмээсэн байдаг байна.

 

Ц.Оюун

Эх сурвалж: Newsline.mn