Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж харцага түрүүллээ

1445820337562d77b1b8812Монголын Малчдын холбооны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан сайхан боллоо. Барилдааныг нээж ММХ-ны тэргүүн, Их засаг их сургуулийн захирал С.Ням-Осор, Малчин телевизийн захирал Жаргал нар үг хэлсэн агаад барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж,  Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан 224 хүчтэн зодоглосон юм.

Бөхийн өргөөний хойморт улсын өсөх идэр начин З.Чинбат, улсын начин А.Нагнайдорж, Ч.Баасанхүү, С.Лхагва, Г.Пүрэвдорж, С.Жамц, Д.Баатаржав, Г.Цэрэнчимэд, Д.Гомбосүрэн, Д.Шижээ, А.Норов, Ц.Ванчигцэрэн, Б.Шоовдор, Б.Батбаяр, Г.Жалаа, Ж.Бүрэнзэвсэг, Б.Онх, Д.Нэгдэл, С.Сосорбарам, Д.Багахүү, М.Мижиддорж, Р.Цоггэрэл, Б.Цэнгэлсүрэн, Д.Бадрах, М.Чимэддорж,  Б.Ганбаатар, Н.Мөнхжаргал, Д.Жавзанжамъян зэрэг ахмад үеийн болон дунд үеийн начин цолтнууд тухалжээ.

Тэр болгон бөхи өргөөгөөр үзэгдээд байдаггүй З.Чинбат, А.Нагнайдорж, Д.Гомбосүрэн, С.Сосорбарам, Ж.Бүрэнзэвсэг, Д.Жавзанжамъян зэрэг начингуудыг хараад үзэгчид залуу насыг нь, барилдааныг нь дурсан хөөрөлдөж байлаа.

Барилдаан нэгийн даваанаас эхлэн сонирхолтой, ёстой л өндөлзүүлэн, шуугиулан байв. Хоёрын даваанд жүдогийн тамирчин, аймгийн начин Цогтгэрэл улсын заан Б.Соронзонболдыг сууж өмсөн давсан нь уран агаад тун чиг даацтай мэх байлаа. Харин заан ямар нэгэн тайлбар хэлж, тахимаа өгөлгүй нэлээд маргасны эцэст хөлийн цэцийн шийдвэрээр Цогтгэрэлийг давсан хэмээн малгайг нь өгч туг тойруулсан юм. Өсөх идэр начин Э.Энхбат Сэлэнгийн аймгийн начин Төрболдод “хоёр” унав. Аймгийн начин Бейбит улсын заан Баасандоржийг даацтай хөмөрсөн боловч аргагүй чац, бяр дутан даруулчихав бололтой. Мөн Өвөрхангайн аймгийн заан М.Даваасүрэн шинэ начин Э.Дашийг хавирч мушгиад тун чиг хөнгөхөн өвдөглүүлчихнэ лээ. Энэ давааны төгсгөлд оноолт таарсан аймгийн цолтнуудын барилдаан ширүүхэн өрнөснөөс Булганы А.Отгонбаатар Завханы Б.Чимэдванданг сугадаж мушгиад, чөлөөтийн Н.Золбоо Баян-Өлгийн М.Еркебуланыг суйлаад, Булганы Б.Бат-Эрдэнэ Өвөрхангайн Б.Батдоржийг тахимдаад, Говь-Сүмбэрийн уран барилдаант хүү Б.Гончигтавхай Сүхбаатарын шинэ арслан М.Баасанбатын хөлийг шагайгаар нь шүүрч элдэн, Ховдын Б.Бат-Өлзий Завханы Ш.Пүрэвгарьдыг бяралхаж  давах нь онцолмоор сайхан барилдаанууд байсан юм.

Ер нь одоо барилдаж буй бөхчүүд дотроо ахмаддаа тооцогдох улсын начин Ш.Уламбаяр, Д.Цогзолдорж, Б.Насандэлгэр нарын начингууд тогтмол сайн барилддагийг зориуд онцолмоор санагдав. Тэд барилдаан алгасалгүй барилдахын зэрэгцээ тэр болгон нэг, хоёр дээр унаад байгаа харагддаггүй. Энэ бол их хөдөлмөрийн бас хичээл зүтгэлийн үр дүн. Залуучуудад үлгэртэй сайхан барилдаж байгаа.

Энэ жилийн шинэ начингуудаас А.Алтанхуяг, Ч.Ганзориг, Д.Энхбаяр, Э.Даш нар цолныхоо хүндэтгэлд зодоглосон юм. Алтанхуяг начин гурвын даваанд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг амалж барилдан ачих мэхэнд нь газардсан бол Энхбаяр начин тавын даваанд харцага Ц.Содномдоржид өвдөг шороодож, начин Ч.Ганзориг мөн тавын даваанд нутгийн начин Р.Пүрэвдагвад амлуулан давхар шуудагнаас шахаж татуулан унана лээ.

Гурвын давааны өмнө болон дараагийн даваануудын үеэр улсын начин цолтнууддаа ах дүү хамаатан садан, найз нөхөд, нутаг ус, пүүс компаний хамт олон нь хүндэтгэл үзүүлсээр байв.

Дөрвийн даваанд бас олон сайхан барилдаан гарсан. Уламбаяр начин Ш.Мөнгөнбаатарын хөлийг авч өргөөд, начин Баасанхүү Бадамсүрэнг шуудагнаас татангуут хавирч, начин Энхбаяр Цогзолдорж начинг тахимдаад, а.а Бат-Өлзий заан Баасандоржийг хөнтөрч дараад, Одгэрэл харцага Эрдэнэхүүг халз хутгаад угсруулж мордон, а.х.а Жаргалбаяр Пүрэвсайхан харцагыг хутгаад, а.а Анар заан Батмөнхийг хөмрөөд давсан зэрэг үзүүштэй барилдаан олон гарсан билээ.

Харин тавын даваанд начин Цогбаяр Өсөх-Ирээдүй харцагыг тэнцвэр алдах мөчид яарч хий дараад өөрөө суучихсан бол а.а Анар арслан Батсуурийг мөн чиг даацтай тохож давна лээ. Анар арслангийн энэ давхар тохох /ачих/ мэх их л халгаатай болж. Бөхчүүд Анараас тийм мэх ирнэ гэдгийг мэдэж л байгаа. Мэдсээр байж унана гэдэг нь тэр мэх хэр даацтай хийгдэж буйг илтгэх биз ээ.  Мэхээ дархална гэж үүнийг хэлэх болов уу. Начин Баасанхүү хэзээний л цацаа цалгиатай барилдаанаа харуулж, Жаргалбаярыг хөлд оронгуут лавшруулан давхар хамаад л хаячихсан.

Зургаагийн даваа эхлэнгүүт Содномдорж а.а Анарыг чөлөө өгөлгүй давхар хамаад давав. Хурдан л барилдах төлөвлөгөөтэй гарч ирсэн болов уу. Одгэрэл харцага Өсөх-Ирээдүйг мөн давхар хамсан. Гэхдээ Өсөх-Ирээдүй харцага энэ удаа ямар ч тэмцэлгүй унана лээ. Тунасан хоёр начны барилдаан багагүй удааширсаны эцэст Пүрэвдагва Баасанхүүг давхар шуудагнаас шахаж татан өргөж давснаар их шөвөгт шалгарлаа. Пүрэвдагва начин энэ даваанд нэлээд ухарч, зугтаж барилдсан. Барилдааны тактик байв уу, аль эсвэл…

Их шөвгийн бөхчүүдийн барилдаан зэрэг өрнөж Бүрэнтөгс Пүрэвдагвыг шуудагнаас түрж хөөн давсан бол Содномдорж Одгэрэлийг мөн шуудагнаас шахаж татан давснаар дахин арслан Бүрэнтөгстэй дахин түрүү булаалдахаар шалгарсан юм. Саяхан болсон Богдхан уулын хишиг барилдаанд энэ хоёр бөх хэрхэн түрүү булаалдсаныг уншигчид маань санаж буй биз ээ. Тэр барилдаан дахин давтагдаж Содномдорж харцага дахин давлаа.

Ийнхүү Монголын Малчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Начин цолонд хүндэтгэл үзүүлэх ээлжит барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарсан юм. Дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.

1445820359562d77c7dfb22

С.БАДАМ

Гурвын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а–Б.Батдорж а.н

2.    Н.Батсуурь у.а–Б.Энх-Очирхуяг а.х

3.    Д.Баасандорж у.з–Х.Цогтгэрэл а.н

4.    Б.Батмөнх у.з–Б.Мижидсүрэн а.х.а

5.    Ц.Содномдорж у.х–М.Даваасүрэн

6.    Т.Өсөх-Ирээдүй у.х–Н.Хүрэлсүх а.х

7.    Б.Пүрэвсайхан у.х–Н.Мустафа а.а

8.    Ө.Даваабаатар у.х –Г.Ганцоож а.а

9.    Б.Одгэрэл у.х–Д.Төрболд а.н

10.Ш.Уламбаяр у.ө.и.н–Г.Ганням а.а

11.Р.Пүрэвдагва у.ө.и.н–П.Эрхэмжаргал а.а

12.Б.Насандэлгэр у.н –Б.Бат-Эрдэнэ а.а

13.Д.Цогзолдорж у.н–Б.Номиндалай а.а

14.Л.Гантулга у.н–Ж.Наранбаатар а.а

15.Ч.Цогбаяр у.н–М.Бадарч а.а

16.Б.Сугаржаргал у.н –О.Хангай а.а

17.Т.Баасанхүү у.н–Б.Баатарцол а.а

18.Б.Бадамсүрэн у.н–А.Хосбаяр а.а

19.Л.Лха-Очир у.н–С.Ерөөлт а.а

20.А.Алтанхуяг у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

21.Ч.Ганзориг у.н–Б.Гончигтавхай а.а

22.Д.Энхбаяр у.н–А.Отгонбаатар а.а

23.Б.Ганхуяг а.х.а–Ч.Эрдэнэсайхан а.з

24.Б.Эрдэнэхүү а.х.а–Х.Гантулга а.а

25.Н.Жаргалбаяр а.х.а–Н.Батсайхан а.а

26.Л.Батзориг ц.а–Н.Золбоо а.а

27.Д.Анар а.а–Ш.Дарханбат а.а

28.Д.Амаржаргал а.а –Б.Бат-Өлзий а.а

            Дөрвийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а–Г.Ганцоож а.а

2.    Н.Батсуурь у.а–Б.Бат-Эрдэнэ а.а

3.    Д.Баасандорж у.з –Б.Бат-Өлзий а.а

4.    Б.Батмөнх у.з –Д.Анар а.а

5.    Ц.Содномдорж у.х–О.Хангай а.а

6.    Т.Өсөх-Ирээдүй у.х–Л.Батзориг ц.а

7.    Б.Пүрэвсайхан у.х –Н.Жаргалбаяр а.х.а

8.    Б.Одгэрэл у.х–Б.Эрдэнэхүү а.х.а

9.    Ш.Уламбаяр у.ө.и.н–Ш.Мөнгөнбаатар а.х.а

10.Р.Пүрэвдагва у.ө.и.н–Б.Ганхуяг а.х.а

11.Д.Цогзолдорж у.н –Д.Энхбаяр у.н

12.Л.Гантулга у.н –Ч.Ганзориг у.н

13.Ч.Цогбаяр у.н–Л.Лха-Очир у.н

14.Т.Баасанхүү у.н–Б.Бадамсүрэн у.н

                              Тавын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а–Ш.Уламбаяр у.ө.и.н

2.    Н.Батсуурь у.а –Д.Анар а.а

3.    Ц.Содномдорж у.х–Д.Энхбаяр у.н

4.    Т.Өсөх-Ирээдүй у.х–Ч.Цогбаяр у.н

5.    Б.Одгэрэл у.х–Б.Бат-Өлзий а.а

6.    Р.Пүрэвдагва у.ө.и.н–Ч.Ганзориг у.н

7.    Т.Баасанхүү у.н–Н.Жаргалбаяр а.х.а

                        Зургаагийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а–гоц мөргөсөн

2.    Ц.Содномдорж у.х–Д.Анар а.а

3.    Т.Өсөх-Ирээдүй у.х –Б.Одгэрэл у.х

4.    Р.Пүрэвдагва у.ө.и.н–Т.Баасанхүү у.н

                        Долоогийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а –Р.Пүрэвдагва у.ө.и.н

2.    Ц.Содномдорж у.х–Б.Одгэрэл у.х

                        Наймын даваа

1.П.Бүрэнтөгс у.а –Ц.Содномдорж у.х

/үзүүрлэсэн/         /түрүүлсэн/