МУГЖ Т.Ариунаа “Анхны тэврэлт” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МУГЖ Т.Ариунаа НҮБ-ийн хүүхдийн сантай харилцаагаа албан ёсны шинэ шатанд гарган үргэлжлүүлэн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Анх 2001 оны 6-р сарын 1-нд хүүхдийн сангийн үндэсний элчээр томилогдож байсан. Тухайн үед НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран Ариун сэтгэл сангийнхаа хүрээнд дэлхий нийтийг хамарсан хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэе уриатай компанит ажлыг өрнүүлж өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд хүүхдийн талаарх олон асуудлаар нөлөөллийн ажлыг хийсээр ирсэн байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролд тэгш хамруулах, урлаг спортын наадмаар дамжуулан гоо зүйн боловсролыг өгөх мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг дархлаажуулах зэрэг олон ажлыг дэмжин ажиллаж байсан билээ.

Үүний нэгэн адилаар 2015 онд МУГЖ Т.Ариунаа хүүхдийн төлөө хийх ажлаа “Анхны тэврэлт” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлж байгаадаа их билэгшээж байна хэмээлээ . ДЭМБ-ийн 2014 оны судалгаагаар нярайн нэн шаардлагатай тусламж болох энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дэлхийд дунджаар 50’000 хүртэлх мөн Монгол дахь 50 гаруй нярайн эндэгдлийг зогсоож чадах ач холбогдолтой юм. “Энэ үйл ажиллагаанд төрөл бүрийн асуудлаар нөлөөллийн ажил хийж үргэлжлүүлэх бөгөөд эх үрийн төрөх үйл явцийг илүү хүнлэг байгалд нь ойртуулж байгаа энэхүү буянтай ажлын гүүр нь болж олон нийтийн зан үйл, хууль тогтоомж бодлого зохицуулалт зэргийг хүүхдэд ээлтэй болгоход төр засаг ард иргэдийг татан оролцуулах, ирээдүйн ээж аав нарт ойлгуулж мэдүүлэн дадал болгон хэвшүүлж үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийн төлөө өөрийн бүхий л боломжийг дайчлан ажиллах болноо. Анхны тэврэлтээр дамжуулан төрсөн нярай бүрт эрүүл амьдралыг бэлэглэе.” гэлээ.

www.ontsgoi.mn