Л.Алтанцэцэг: Монгол Улсад спортын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан тав дахь хүн нь би

altantsetsegМонголдоо анхдагчдын нэг Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, спортын шинжлэх ухааны доктор Лхагвасүрэнгийн Алтанцэцэгтэй Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан уулзаж ярилцлаа. Анх Монголын багш нарын баярыг 1966 оноос жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг байсан ч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2014 оноос эхлэн Дэлхийн багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэдэг болоод буй. Монгол Улсын гавьяат багш, спортын шинжлэх ухааны доктор, профессор нэрт сурган хүмүүжүүлэгч агсан Цогт овогт Гонгорын Лхагвасүрэн агсны үүсгэн байгуулсан ҮБТДС-ийг өнөөдөр ууган охин Л.Алтанцэцэг нь итгэл төгс удирдан чиглүүлж яваа юм.
-Танд болон ҮБТДС-ийн нийт багш, оюутнуудад Дэлхийн багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье?
-Их баярлалаа. Таны мэндчилгээний хариуд “Өглөөний сонин”-ы уншигчид, Монголын бүх багш нартаа Дэлхийн багш нарын баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Налайсан сайхан намар Монголын багш нар хоёр дахь удаагаа мэргэжлийнхээ баярыг тэмдэглэж байгаа нь тун таатай байна.
-Г.Лхагвасүрэн агсны үүсгэн байгуулсан, Монголдоо анхдагчдын нэг ҮБТДС-ийн 25 жилийн ой 2016 оны хавар болох байх аа?
-Бидний хайрт аав Г.Лхагвасүрэн агсны үүсгэн байгуулсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн түүхэн хуудсыг сөхвөл 1991 оны тавдугаар сарын 1-ний өдөр тэр үеийн БНМАУ-ын Ардын Боловсролын Яамны коллегийн хурлын шийдвэрээр байгуулагдсан анхны хувийн дээд сургуулиудын нэг юм. Манай сургууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын дээд боловсролын системийн зарчмын дагуу тасралтгүй, нээлттэй, чанартай сургалтын үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Монголын дээд боловсролын системд өөрийн орон зайгаа баттай эзэлсэн төрөлх сургуулийнхаа 25 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд бид одооноос төлөвлөгөө, графикаа гаргаад л явж байна. Ямар ч гэсэн хойтон намрын дунд сард 25 жилийнхээ ойг ихээхэн ач холбогдол өгч, өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлнэ. ҮБТДС-ийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор, академич Г.Лхагвасүрэн одоогоос 20 жилийн өмнө “Сургуулийнхаа 50 жилийн ойг үзэх юмсан” гэж ярьж байсныг нь бодохоор өөрийн эрхгүй нүдийг минь нулимс бүрхээд ирдэг. 25 жилийн ойгоо угтаж олон ажил төлөвлөж байгаагийн дотор хамгийн гол нь бид төгсөгчдийнхөө холбоог улам сайн ажиллуулахаар зорьж байна. Өнөөдөр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын бүх л дүүрэгт ажиллаж байгаа спортын багш дасгалжуулагчдын бараг тал хувь нь манай сургуулийн төгсөгчид байгаа гэж бодохоор бидний урам зориг сэргэж, улам амжилттай ажиллахын төлөө тэмүүлдэг.
-Аав тань шинжлэх ухааны доктор, та өөрөө бас доктор. Удахгүй таны дүү Л.Гүндэгмаа багш бас спортын эрүүл мэндийн чиглэлээр докторын зэрэг хамгаалах гэж байгаа гэв үү?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад спортын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан тав дахь хүн нь би. Миний докторын ажлын удирдагч маань уржигдархан “ОХУ-ын ВАК-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр таны докторын зэрэг батлагдлаа” гэж баяр хүргэсэн. Харин 2016 оны тавдугаар сард миний дүү Л.Гүндэгмаа М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль дээр спортын эрүүл мэндийн чиглэлээр Монголдоо зургаа дахь шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Ингэснээр ҮБТДС-иас төрсөн шинжлэх ухааны гурав дахь доктор цолтон болох юм. Түрүүнд нь манай сургуулийн төгсөгч Ц.Цэндсүрэн докторын зэрэг хамгаалсан нь хувийн хэвшлийн биеийн тамирын дээд сургуулиудаас анхдагч болсноор нь бид маш их бахархаж явдаг.
-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаагаас эхлээд эх орондоо төдийгүй даян дэлхийд алдар нэрээ мандуулсан олон аварга ҮБТДС-ийг төгссөн байдаг. Энэ талаар?
-Мэдээж манай сургуулийн бахархал бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, түүний дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат ч манай сургуульд магистр хамгаалсан. Монголчуудын бахархал болсон баатрын маань араас олимп, дэлхийн хос хүрэл медальт жүдоч С.Ням-Очир, олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, М.Бундмаа, шатрын их мастер Б.Хатанбаатар, Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат, улсын гарьд, гавьяат тамирчин Б.Гантогтох, Б.Гончигдамба, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, Н.Амгаланбаатар, мото спортын Ази тивийн анхны аварга Э.Халиунболд, чөлөөт бөхийн Ази тивийн болон залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг, хамгийн сүүлд Лас-Вегаст болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат гээд манай сургуулийн бахархал болсон залуучуудыг тоолж гүйцэхгүй. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин “Женко” Х.Баттулга ч манай сургуулиар овоглогддог. ҮБТДС-ын анхны захирал, шинжлэх ухааны доктор, профессор аавын минь хүсч мөрөөдөж, ажилдаа мөрдлөг болгодог байсан гол чиглэл, арга барил нь спортын эрдэм шинжилгээ, спортын эрүүл мэндийн судалгааны ажил юм. Тиймээс ч ҮБТДС-ийн гол зорилго, тэргүүлэх чиглэл бол спортын шинжлэх ухаан, эрүүл мэндийн маш нарийн аргачлал дээр тулгуурласан, ХХI зууны спортын шилдэг мэргэжилтнүүд бэлтгэхэд л оршиж байгаа юм. Энэ ч үүднээс өнөөдөр ҮБТДС-д Сурган хүмүүжүүлэх ухааны болон бусад чиглэлийн 10 гаруй доктор, дэд доктор, дэд эрдэмтэн цолтой багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна.
-Ер нь өнөөдрийн байдлаар ҮБТДС-д нийтдээ хэдэн багш сурган хүмүүжүүлэгч, хэдэн оюутанд эрдэм мэдлэгээ түгээж байгаа вэ?
-Манай сургуулийн 40 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 10 гаруй ажилтан албан хаагчид 800-аад оюутанд эрдэм оюунаа өвлүүлж, Монголын спортын маргаашийн төлөө зүтгэцгээж байна. Манай багш нарын ихэнх нь спортын зэрэг цолтойгоос гадна доктор(Рh.D), профессор Д.Бордух, доктор(Рh.D), профессор Ж.Дэлгэрмаа, Волейболын ОУХМ, дэд профессор Б.Хэрлэн, дэд профессор Л.Алимаа, гимнастикийн спортын мастер, магистр Р.Лхамсүрэн, сагсан бөмбөгийн спортын мастер, магистр Д.Баянжаргал, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай, чөлөөт бөхийн спортын мастер, докторант Ц.Баярсайхан, гандболын спортын мастер, магистр Д.Шүрэнцэцэг, хөнгөн атлетикийн спортын мастер, магистр С.Мөнх-Эрдэнэ, аэробикийн ОУХМ С.Мөнх-Оргил, самбо бөхийн спортын мастер, магистр Д.Дорждагва, Эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч, хүний их эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, докторант Ш.Бат-Эрдэнэ, хүний их эмч, дэд профессор Т.Баатар, докторант Р.Түвшинжаргал, докторант Д.Өлзийжаргал нарын “Боловсролын тэргүүний ажилтан”, ”Биеийн тамирын тэргүүний ажилтан” олон арван жинхэнэ мэргэшсэн, шилдэг багш нар ажиллаж байна. Мөн түүнчлэн Германд төгссөн, сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч Ч.Ижилболд зэрэг маш чадварлаг залуу багш нараар эгнээгээ өргөжүүлсээр байгаа. Товчхондоо ҮБТДС-ийн багшлах боловсон хүчний хувьд хамгийн чадварлаг, жинхэнэ мэргэжлийн хамт олон гэж дүгнэж болно. Үүний хамгийн гол шалгуур нь манай сургууль байгуулагдсан цагаасаа хойш Монголын их, дээд сургуулиудын дунд зохиогддог бүх төрлийн спортын уралдаан тэмцээнүүдийн эхний гурван байраас хэзээ ч хоцорч, сугарч үзээгүй. Хамгийн сүүлд Монголын их дээд сургуулиудын дунд зохиогдсон Универсиад наадамд 30 мянган оюутантай ШУТИС-тай манай 800 оюутан эн тэнцүүхэн өрсөлдөж, үзэлцсээр байгаад л хоёрдугаар байранд орж байх жишээтэй. Ер нь Монголын оюутны Универсиад наадам гурван удаа зохион байгуулагдахад манай сургууль тэргүүн байрыг нь эзэлж байсан.
-2015-2016 оны хичээлийн жилд ихэнх их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэлээн сүрхий нэмсэн байна лээ. Танай сургуулийн төлбөр аль хэр нэмэгдсэн бэ?
-Улс орны эдийн засаг, ард түмний амьдрал хүндхэн байна. Энэ хичээлийн жилд манай сургууль 160 орчим оюутан шинээр элсүүлэх төлөвлөгөөтэй байснаас 100 хүрэхгүй л шинэ оюутан авлаа. Гэхдээ аавын минь найз эрдэмтэн, доктор хүн “Энэ хэцүү цагт энэ зэрэгтэй байгаа нь их юм. Алтанцэцэг ээ, миний дүү сайн ажиллаж байна” гэж магтаж байна лээ. Хамгийн гол нь манай сургууль улс орон, ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед сургалтын төлбөрөө ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Энэ хямралыг бид ард түмэнтэйгээ хамт л даван туулах учиртай. ҮБТДС-ийн төгсөгчид ажлын байран дээр гараад хаана, хэний ч өмнө гологдохооргүй мэргэжилтнүүд төгсөн гарцгааж байгаа нь манай сургууль Монгол Улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ахисан түвшинд хоёр удаа магадлан итгэмжлэгдэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аттестатчлагдсан гэдгээрээ сургалт, заах арга, материаллаг бааз, сургалтын орчны хувьд орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж байгаагийн гол нотолгоо юм.
-Өнөөдөр тохиож байгаа баярын өдөртэй давхцан танай сургуулийн багш нар энгэрээ цоолж, төр засгийн гавьяа шагналаас хүртэж л байгаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ. ҮБТДС-д олон жил ажилласан Т.Баатар, Л.Алимаа багш нар маань Засгийн газрын шагнал болох Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Боловсролын жуух бичгээр хоёр сайхан залуухан багш маань шагнуулж байгаа. Мөн Олимпийн хорооны алтан медалиар хоёр багш шагнуулж байна. Мэдээж төр засаг, сургуулийн зүгээс үзүүлж байгаа эдгээр дэмжлэг, шагнал урамшуулал нь манай залуу багш нарт ихээхэн урам зориг, маргаашдаа итгэх итгэл нэмэх нь дамжиггүй.
-Энэ хичээлийн жилд ҮБТДС үндсэн ямар мэргэжил, чиглэлээр оюутан элсүүлэн авч, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-Өнөөдөр манай сургууль биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч, эмчилгээний биеийн тамирын арга зүйч, спортын менежмент, аялал жуулчлалын менежмент гэсэн таван үндсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Г.Лхагвасүрэн агсан сургуулийнхаа гадаад харилцааны үндэс суурийг маш сайн тавьж өгсөн шиг санагддаг. Тэр талаар сонирхуулахгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Бурхан аав минь үнэхээр алсын хараатай, уул шиг нөмөртэй хүн байж. Амьд ахуйдаа ҮБТДС-ийн бүх л гадаад харилцааны суурь, дэвсгэрийг маш сайн тавьж өгсөн. Өнөөдөр манай сургууль Олон улсын спортын шинжлэх ухаан, бие бялдрын боловсролын зөвлөлийн (ICSSSPE), Олон улсын эрүүл мэнд, бие бялдрын боловсрол, спортын зөвлөл зэрэг (ICHPER-SD) байгууллагуудын гишүүнчлэлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, Украин, Япон улсуудын болон Алма-Ата, Улаан-Үд хотуудын биеийн тамир, спортын сургуулиудтай нягт холбоотой ажилладаг. Мөн ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Антропологийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын Мянганы Сорилтын сантай хамтарч ажиллах судалгааны төслийн гэрээ хэрэгжүүлж байгаа нь аавын минь л буян.
-Ер нь өнгөрсөн хугацаанд ҮБТДС нийтдээ хэд орчим багш, дасгалжуулагч, мэргэжилтэн төгсгөн гаргасан бол?
-За байз жил гаруйн өмнө тооцоолж үзэхэд өдрийн хөтөлбөрөөр 3070, эчнээ хэлбэрээр 105, магистрын сургалтаар 249 нийтдээ 3424 мэргэжилтэн бэлтгэн гаргасан байсан. Өнөөдөр манай сургууль өөрийн гэсэн таван давхар хичээлийн байртай, 13000 ном бүхий номын сантайгаас гадна Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Биеийн тамир, спортын онол арга зүй” сэтгүүл эмхлэн гаргаж байна.
-Цаг зав гарган ярилцан танд гялайлаа?
-Танай сонины хамт олон ажлын өндөр амжилт хүсэн ерөөе, баярлалаа.