Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Сибирийн хүйтэн агаар энэ сарын 15-наас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирж, 16-наас 19-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор -40…-45 хэм, Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35…-40 хэм, тал хээрийн нутгаар -28..-33 хэм, Алтайн өвөр болон өмнөд говиор -19..-24 хэм хүрч чангарах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Энэ сарын 15-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас ахиухан орж, салхи секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

Малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ