А.Эрдэнэбаатар: Иргэдийн хүсэл сонирхлыг түрүүлж мэдрэх ёстой

Ц.МЯГМАРБАЯР

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Хөвсгөл аймагт  хавар­­жилт, мал төллөлт, тариалалтын ажил хэрхэн өрнөж байна вэ?

-Хөвсгөл аймгийн газар нутгийн 65 орчим хувь нь хуурайшилтай дөнгөж 35 хувь нь чийг­шил­тэй байна. Зүүн урд зүгийн сумдын нутагт хуу­райшилт ихтэй. Шороон болон цасан шуурга үе үе дэгдэж хаваржилт, мал төллөлт хүндрэх төлөв байна. Мөн ой хээрийн түй­мэр гарах магадлал их боллоо. Бид зүүн болон урд зүгийн сумдад анхаар­лаа хандуулж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Байгаль хамгаалах улсын байцаагчид, байгаль хамгаалагч, Хилийн цэрэг, Цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн  аймгийн эргэн тойронд хөдөлгөөнт эргүүлийн багуудыг  гаргасан. Хөдөлгөөнт эргүүлийг жил бүр зохион байгуулснаар өнгөрсөн онд гэхэд манай аймаг  ой хээрийн түймэргүй хаваржсан.  Хоёр удаагийн  ой хээрийн  жижиг түймрийг эс тооцвол  өмнөх жилүүдийнхээс эрс багассан. Ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ жил 12 сая төгрөг зарцуулна. Энэ жил 1.8 сая толгой мал төллөнө. Дөрөвдүгээр сарын эхний мэдээгээр 156 мянга гаруй толгой мал төллөөд байна. Энэ нь төллөх малын 14.6 хувийг эзэлж төлийн хорогдолгүй байна. Манай аймгийн газар нутгийн 40 орчим хувийг газар тариалангийн бүс нутаг эзэлдэг. Гурилынхаа хэрэгцээг 100 хувь орон нутгаасаа хангаж байна. 2014 онд Атрын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ нь газар тариаланчдын урмыг сэргээж, идэвхийг нь сайжруулсан үйл явдал болсон. Цаашдаа гурилын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ ажлын үр дүн хаврын тариалалт, намрын ургац хураалтаар харагдана. Хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж, уринш бэлтгэх ажилдаа ороод байна.

-Энэ жил хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байна?

-Улсын төсвөөс манай аймагт энэ онд  38 тэрбум төгрөг баталсан. Мөрөн суманд 9.8 км авто зам барина. Мөн Сэлэнгэ, Дэлгэрмөрөн гол дээр нэг тэрбум төгрөгөөр гүүр барихаар болсон. Дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээж дуусгана.  Шинээр соёлын хоёр  төв, битүү захын  барилгыг барина. 2015 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил багассан байна. 2014 онд зөвхөн Орон нутгийг хөгжүүлэх санд 12 тэрбум төгрөг баталж байсан бол энэ жил хоёр дахин буурч таван тэрбум төгрөг болсон. Үүний  60 хувь нь болох гурван тэрбум төгрөгийг 23 суманд хуваарилсан . Үлдсэн хоёр тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын  зарим дутуу хийгдсэн ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гүйцээхэд 480 сая төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргах юм.  Энэ онд аялал жуулчлалын  шинэ бүтээгдэхүүн, санал санаачлагад түлхүү анхаарч, гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байгуулахад 30 сая төгрөг төсөвлөсөн. ОНХС-гийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах зорилгоор хөгжлийн таван хөтөлбөрийг санхүүжүүлэхээр боллоо.  “Залуучуудыг дэмжих хөтөлбөрт”  100 сая,  “Баг-88” хөтөлбөрт 88 сая төгрөг тус тус зарцуулна. Энэ нь 42 цэгт буюу 6000 км газарт явуулын  нэг цонхны үйлчилгээг  хөдөөгийн иргэдэд үзүүлэх юм . “ Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөрт эх хүүхдийг эрсдлээс хамгаалахад 30 сая төгрөг батлаад байна.  Мөн “ Цагаан чулуутын овоо” -г  30 сая төгрөгөөр тохижуулахаар ИТХ-аас шийдвэрлэсэн.  Хотгойдын шадар ван Чингүнжавын буудалж байсан түүхийн дурсгалт энэхүү овоог аймгийн тахилгат овоо болгосон.

-Аймгийн төвөөс холгүй байдаг түүхийн дурсгалт “ Буган чулуун хөшөөг” сүйтгэсэн талаар нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллагаас гомдол гаргадаг. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-2013 онд ШУА-ийн зөвшөөрөлтэй, профессор Б.Эрдэнэбаатараар удир­дуулсан Орос, Монголын судлаачид хөшөөний орчимд археологийн малтлага судалгаа хийгээд буцааж дарахдаа хүнд даацын машинаар түрж, малтлагаар гарч ирсэн тахилын байгууламж, чулууг эвдэн хэмхэлж, үүссэн хонхор хотгорыг дүүргэлгүйгээр, газрын гадаргууг эрс өөрчилж, гинжит тракторын мөр үлдээгээд  явахыг оролдсон. Бид үүнийг эсэргүүцэж, цагдаад өгсөн. Аймгийн Засаг дарга комисс гарган шалгуулж, тэд гэм буруугаа хүлээснээр Аймгийн ССАЖГ, “Улаанбаатар” их сургууль, Хөвсгөл далай ээж нийгэмлэгийн хооронд “Уушигийн өврийн буган чулуун хөшөө, хиргисүүрийн цогцолборыг нөхөн сэргээх тухай” гурвалсан гэрээ байгуулсан. БСШУЯ-наас зарласан тендерийн дагуу ШУА-аас “Улаанбаатар” их сургуулийн багш Б.Эрдэнэбаатараар ахлуулсан баг судалгааны ажлыг хийсэн. Уг байгуул­лага  нөхөн сэргээлт, хадгалалт хамгаалалтын ажлыг стандартын дагуу хийгээгүй учраас асуудал үүссэн. Гэрээний дагуу БСШУЯ тухайн газрыг шүүхэд өгсөн. Шүүхээр шийдэгдэнэ.

-Таныг Засаг дарга асан Л.Цэрэнжавын заавар зөвлөгөөгөөр ажилладаг гэж ярьж байна. Энэ үнэн үү?

-Төрийн алба гэдэг тусгайлсан хуультай. Улс төрийн албан тушаалтай орж ирээд хуулийн хүрээнд ажиллах ёстой. Өөрийн үзэл бодлоор юм уу баг бүрдүүлэх гэсэн улс төрийн зарчмаар, эсвэл тодорхой хугацаанд хамтран ажиллаж, ажлын үр дүнг үнэлж дүгнээгүй байж сайн, муу байна гэж төрийн албан хаагчдад улс төрийн албан тушаалтны зүгээс хандах нь сөрөг үр дагавар авчирдаг. Төрийн албыг тогтвортой байлгах гэсэн Монгол төрийн бодлоготой харшилдана. Би улс төрийн намд ажиллаж байхдаа намын харьяаллаар боловсон хүчнийг тодорхойлох, төрийн албан хаагчдад хандах асуудлын эсрэг шүүмжилдэг байсан. Энэ ажлыг аваад төрийн албан хаагчдад тодорхой хугацаанд  үр дүнгийн гэрээ  байгуулж ажиллах  шаардлага тавьсан. Ажиллаж чадахгүй бол цаашаа, чадаж байвал наашаа гэсэн үг. Бүтэн жил ажиллаж байна. 2014 оны үр дүнг үнэлж дүгнэсэн. Боловсролын салбарт эхний шийдвэрийг гаргаж байна. Бүтэн нэг жилийн хугацаанд ажилласан ажлыг нь дүгнээд дөрвөн сургуулийн захирал, хоёр цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн захиргааны удирдах ажилтны ажлын хариуцлагыг дүгнээд тодорхой удирдах ажилтанд шийдвэр гаргах гэж байна. Шийдвэр гараагүй  учраас урьдчилж яримааргүй байна. Би бусдын зөвлөгөөгүйгээр улс төрийн болон төрийн ажилд ч, амьдралд ч бие даасан шийдвэрээ гаргах чадвартай урдаас бэлтгэгдсэн улстөрч. Л.Цэрэнжав дарга бид хоёр 1997 оноос хойш улс төрийн тогоонд чанагдсан. Нэг нь намын дарга хийж байхад би орлогчийг нь хийж байсан. Аймгийн Засаг дарга хийж байхад би агентлагийнх нь дарга хийж байлаа. Сүүлд Засаг даргын зөвлөх хийж байсан. Зарчим бол зарчим.  Л.Цэрэнжав дарга ч ийм ёс суртахуунтай хүн биш. Төрийн албанд орж ирээд заавал халаа сэлгээ хийж халж байвал шинэчлэл  болдог. Хийхгүй бол шинэчлэл биш гэж үнэлж дүгнэх бол учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл хэн чадвартай, ажлын илүү туршлагатай байгааг тодорхой хугацаанд харах нь чухал. Шууд улс төрийн зорилгоор үнэлэлт дүгнэлт өгөх буруу.

-Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг яагаад халах болов?

-Аймгийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Би  эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү анхаарч ажилласан. “ Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилт тавьсан. Энэ салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг түлхүү хийснээс гадна удирдах албан тушаалтан хэрхэн ажиллаж буйд хяналт тавьсан. “Гурван-Эрдэнэ” сургуулийн захирал, Рашаант, Төмөрбулаг сумын сургуулийн захирлууд чөлөөлөгдсөн.  Хатгал тосгоны сургуулийн захирлыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж байна. Мөн Хатгал, Баянзүрх сумын цэцэрлэгийн эрхлэгч нар үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хангалтгүй биелүүлсэн учраас хуулийн дагуу чөлөөлөгдсөн. Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн захирлын тухайд АТГ-аас хоёр удаагийн дүгнэлтээр нэг жилийн хугацаанд  уг албан тушаалд эргэж орох эрхгүйгээр чөлөөл гэсэн бичиг ирсэн. Өмнөх санхүүгийн зөрчлийг давтан гаргасан гэдгээр арга хэмжээ авсан байсан. Рашаант сумын сургуулийн захирал А.Өсөхцэцэг санхүүгийн зөрчил гаргасан.

-Сонгууль дөхөж бай­гаа учир халаа сэлгээгээ одоо хийж эхэлж байна гэж ярьж байна. АН-ын угшилтай хоёр хэлт­сийн даргыг халж бай­гаа гэж сонслоо. Тухайл­бал, Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэлийн албаны даргыг ажлаас нь чөлөөлсөн юм уу?

-Улсын Бүртгэлийн Алба, Хөдөлмөрийн хэлтэс босоо удирдлагатай. Холбогдох яамны сайд томилдог. Хөдөлмөрийн  сайдын тушаал ирсэн. Тушаалд одоо байгаа хөдөлмөрийн хэлтсийн дарга түр томилгоотой байсан. Түр томилгоог гаднаас шууд хийдэггүй. Дотор нь ажиллаж байгаа хамгийн ойр чиг үүргийн хүнийг хуулийн дагуу томилдог. Хуульд нийцүүлж түр орлон гүйцэтгэгчийг томилдог. Тиймээс энэ орон тоон дээр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарласан. Улсын бүртгэлийн газрын даргаар өмнө нь  ажиллаж байсан, төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн удирдлагыг улс төрийн зорилгоор  халсан. Одоо байгаа дарга нь төрийн албан хаагчийн шалгалтад ороогүй хүн байгаа. Үүнийг хууль зөрчиж томилсон гэж үзэж байгаа. Улс төрийн намд олон жил ажиллаж байсан гэдгээр нийгэм, улс төрийн өнцгөөс нь намайг хардаж байсан байх.

-Дээрээ нэгдсэн ч гэсэн танай аймгийн тухайд МАН засгаа барьж байна. УИХ-д аймгаас сонгогдсон АН-ын төлөөлөл алга, ажиллахад хүнд байна уу?

-АН-ын зүгээс шүүмжлээд, анхааруулаад байгаа зүйл одоогоор алга. Түүх түүхээрээ үлдэнэ. Өмнөх удирдлага Л.Цэрэнжав дарга сайн, муугаараа зөндөө хэлүүлж байсан. Ер нь энэ аймгийн ирээдүйн хөгжлийн төлөө үе, үеийн удирдлагууд ингэж хэлүүлсээр ирлээ. Би ч гэсэн энэ замыг туулж байна.

-Хөвсгөлийнхөн Л.Цэрэнжав дарга зөвхөн өөрөө явдаг “Хөвсгөл Хүнс”  гэх мэт газруудынхаа замыг засаад ард түмний явдаг гол зам болох захын замыг засаагүй гэдэг. Засаг дарга юу хийж байгаа нь олны нүдэнд ил байдаг шүү дээ?

-Иргэдийн хүсэл сонирхлыг түрүүлж мэдрэх ёстой гэж боддог. Түүнд нь нийцүүлж ажиллавал эерэг сэтгэгдэл төрүүлэх болов уу. Хувийн зорилгоо урдаа тавиад байвал дороо л баригдах байх. Надад бол хувийн зорилго тавих шаардлага байхгүй. Би өөрөө төрийн хар хүн. Би хувийн ямар нэг аж ахуйн нэгжгүй. Энд тэнд газар хөрөнгө байхгүй.

-Улс төрийн  элдэв дарамт байна уу?

-Эхний жил улс төрийн шахалт хавчлага байсан. Тодорхой зарчим барьсан учраас эрсдэлд ороогүй. Одоо дээрээ цус холилдсон Засгийн газар тогтлоо. Өмнө нь улс төрийн ажил хийж байхад шүүмжлэх зүйл их байсан. Шүүмжилдэг байлаа. Одоо төрийн албыг залгуулж байгаа болохоор хуулиа дээдэлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч  байр сууриас хандаж байна. Улстөрийн сонгуулийн хуульд болон хоёр нам нийлж Засгийн газар байгуулсан зэрэгт санал бодлоо хэлж үнэлэлт дүгнэлт өгмөөр  байдаг. Гэхдээ хэлээ хазсан төрийн  хязгаарлалтад амьдарч байна. Хэлтсийн дарга хийж байсан нь дэндүү эрх чөлөөтэй байжээ.

-Цаашдаа Засаг даргаар ажиллахгүй гэж үү?

-Би нэг газар удаан байхыг хүсдэггүй. Улс төр, төрийн ажлыг хийхдээ 17 жил удирдах ажил хийсэн байна. Улсад 22 жил ажиллаж байна. Нэг ажил дээр дээд тал нь дөрвөн жил, доод тал нь хоёр жил ажиллаж байлаа. Тодорхой цаг хугацаанд л ажиллаж, өөрийнхөө хүчийг шавхаж дүнгээ тавиулах дуртай.

-Таны хөрөнгө орлогыг сонирхож болох уу?

-Би хуучин “Уран-Дөш” кино театрын хойно төв зам дагуу “Ганзага” хэмээх ТҮЦ-тэй байсан. Түүнийгээ дөрвөн жилийн өмнө найман сая төгрөгөөр зарсан. Хувьдаа нэг жи­жиг машинтай байсан. Саяхан долоон сая төгрөгөөр зарсан. Мөнгийг нь хүүхдийнхээ хадгаламжинд хийсэн. Өөр хөрөнгө байхгүй.Долоон хувийн хүүтэй орон сууцны зээлд хам­раг­даж хоёр өрөө байр авсан. Тэгсэн манайхан Эрдэнэбаатар гурван дав­хар байрны хоёр давхрыг тэр чигт нь авсан гэж ярьж байна. Тэнд бусад айл нь ороогүй байгаа. Саяхан хоёр айл орсон.

-Хөвсгөл аймаг авлига нэлээд газар авсан гэдэг үнэн үү ?

-Одоо тендер, худалдан авах ажиллагаа тусдаа албатай болсон. Хуулийн дагуу хяналтаа тавьж байна. Сэжигтэй санагдсан тендерт гарын үсэг зурдаггүй. Цахим тендерийг нээлттэй зохион байгуулж Мөрөн суманд 33 сая төгрөгийн үнэтэй усны машин авсан. Ил тод нээлттэй оролцсон. Цахимаар шууд хяналттай зохион байгуулсан. Саяхан хоёр дахь  цахим тендерийн шалгаруулалтыг аж ахуйн нэгж, иргэдийн дунд нээлттэй явуулсан. Манайх энэ жилээс авлигагүй аймаг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин