АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ХОТЫН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН “ЭРҮҮЛ МЭНД – 6” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

p19oufevgug7l1km1r08h8q16p11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн  Клауд Бодартыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Эрүүл мэнд – 6” төслийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд ноён Клауд Бодарт “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хэрэгжих гэж байгаа шинэ төсөл маань нийслэлийн гэр хороололд 10 орчим өрхийн эмнэлэг барих, нэг дүүргийн  нэгдсэн эмнэлгийг шинээр барих, эсвэл хоёр дүүргийн нэгдсэн эмнэлгийг засварлах, мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа юм. Бид 5 сарын хугацаанд зөвлөх багаа бүрдүүлж, дараа жилийн 5 сар гэхэд төслийн бүх бичиг баримт Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу баталгаажуулж, төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр төлөвлөж байна. Бидний зүгээс нийслэлийн 10 байршилд  шинээр барих гэж байгаа өрхийн эмнэлгүүдийг гэр хорооллын эмзэг бүлгийн иргэдэд чиглүүлж ажиллана” гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран шинэ төсөл боловсруулж, хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн зүгээс олон арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төслийн ажлыг Азийн хөгжлийн банкны бусад хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж ажиллах юм” гэдгийг тодотгон хэллээ.

Уг уулзалтын дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Беларусийн Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородниковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хамтарч ажиллах, автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотод Беларус улсаас угсараа автобус нийлүүлсэнд талархалаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид автобус угсрах хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлж, ажилдаа шуурхай орох хүсэлтэй байна” гэлээ. Харин  Беларусийн Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг дэмжиж байгаа уламжиллаа.

Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас зөвлөх үйлчилгээний зээл авах, тус агентлагийн зээл, зээлийн батлан даалтын талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатар хот гадаадын олон компанитай хамтран төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ авах зэрэг олон талаар хамтран ажилладаг. Аливаа нэг ажилд зөвлөх үйлчилгээ авсанаар тухайн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хийх боломж бүрддэг. Тийм ч учраас бид танай агентлагаас зөвлөх үйлчилгээний зээл авах сонирхолтой байна” гэв. Харин Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөгчид уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, бидний зүгээс судалдгааны ажлаа эхлүүлнэ гэдгээ дурьдлаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.